Далай шиг их газрын тос

Posted on November 12, 2012

0


Баккен орд

-ОХУ шатдаг занарын агуу том ордоо эзэмшинэ-

Өмнө нь шатдаг занараас хий олборлох ажлаас холхон явна гэдгээ зарлаж байсан “Газпром” компани гэнэт л шатдаг занараас тос гаргаж авах болсноо зарлалаа. Тодруулбал, “Газпром нефть” хэмээх охин компани нь Баруун Сибирьт орших шатдаг занарын маш их нөөцийг “Shell” компанитай хамтран боловсруулахаар болжээ. Урьдчилсан үнэлгээгээр боловсруулалт явуулах ордын нөөц нь дэлхийд хамгийн томд тооцогдож, өдгөө олборлолт явуулж буй Америкийн ордоос их ч үгүй, бага ч үгүй яг 30 дахин их бололтой.   

2000-аад онд шатдаг занар дэлхийн хийн түлшний зах зээлийг “дэлбэлж” орхисон гэж хэлж болно. Фрекинг болон хөрсийг гидро аргаар сэтлэх технологи өргөн цар хүрээтэй нэвтэрч эхэлсний ачаар америкчууд бага зардлаар занараас хий гаргаж авч эхэлсэн юм. Ингээд хямд өртөгтэй хийн түлш АНУ-ын зах зээлийг шуурга мэт нөмрөн ердөө ганц хоёр жилийн дотор зах зээлийг бүхэлд нь эзэлж чадсан байдаг. Тэр хэрээр америкчууд энэ төрлийн олборлолтоо ихэсгэж импортоо багасгаж эхэлсэн тул дэлхийн түлшний үнэд асар их дарамтыг учруулж эхлэв. Европын гол нийлүүлэгч гэгддэг “Газпром”-ын хувьд газрын тосны өртөгтэй уялдуулан байгалийн хийн үнээ өндөр барьж чадаж байгаа хэдий ч цаг хугацааны эрхээр энэ байдал нь өөрчлөгдөх магадлалтай. Учир нь шатдаг занарын хийн салбарт Хятад улс гэх зэрэг шинэ тоглогчид улам олноороо татагдан орох болсон билээ.

Харин шатдаг занарын тосны тухайд өөр асуудал. Хэдийгээр энэ тосыг боловсруулах ажлыг олон компани сонирхдог ч тун цөөхөн нь л үүнийг идэвхтэй олборлож чадаж байна. Дэлхийн хамгийн том талбайтай орд болох Баккен нь Америкийн Монтана, Умард Дакота, Канадын Альберт, Саскачеван муж гээд хоёр улсыг дамнан оршдог. 2000 оноос эхлэн энэ ордын занарыг их хэмжээгээр олборлож эхэлсэн юм.

Эхний жилүүдэд олборлолтын хэмжээ нь чамлалттай буюу хоногт 50 мянган баррелиэс хэтэрдэггүй байв. Харин дэд бүтцийг нь хөгжүүлж, технологиудыг боловсронгуй болгож эхэлсний хэрээр Баккен өөртөө хөрөнгө оруулалтыг улам ихээр татах болжээ. Удалгүй энэ нь Умард Дакотагийн оршин суугчдын дунд “газрын тосны солиорол” хэмээх үзэгдлийн эхлэлийг тавьж орхисон. Харин энэ оны есдүгээр сарын тайлан мэдээнээс үзвэл, занарын тосны олборлолт хоногт 600 мянган баррелиэр хэмжигдэж АНУ-ын газрын тосны нийт олборлолтын 8 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн байна.

Баккен ордыг нийтдээ 24 тэрбум баррель буюу 3.3 тэрбум тонн занарын нөөцтэй гэж үнэлдэг тул газрын тосны бусад томоохон ордтой эн зэрэгцүүлж үзэх нь зүйн хэрэг. Яагаад гэвэл, жишээ нь, Мексикийн Кантарелль орд анх 5 орчим тэрбум тонн нөөцтэй байсан гэж байгаа. Ойролцоогоор ийм хэмжээний нөөцийг ОХУ-ын Самотлор орд ч бас агуулж байв. Уг орд хэдэн арван жилийн туршид Баруун Сибирьт газрын тосны олборлолтоороо тэргүүлж байсан билээ. Өдгөө эдгээр ордын нөөц шавхагдаж үйлдвэрлэлийн хэмжээ нь ч бас багассаар байна. Харин ийм хэмжээний газрын тосны нөөцтэй шинэ ордын тухай сураг одоогоор алга.

Эдийн засгийн болон эрчим хүчний зардлыг нь тооцож үзсэн ч Баккений тогтоогдсон нөөцийг бүрэн хэмжээгээр нь ашиглаж чадах уу гэдгийг дүгнэн хэлэхэд хэцүү. Гэхдээ үйлдвэрлэл нь хөгжиж байгаагаар барахгүй хэдэн сая тонн боловсруулсан газрын тос нь хүмүүсийн хэрэгцээг бүрэн хангаж, олон хөрөнгө оруулагчийн итгэлийг алдалгүй явсаар байгаа. Тиймээс шатдаг занарын тос ирээдүйтэй гэдгийг дээрх жишээ аргагүй л батлаад байна.

ОХУ уг нь шатдаг занарыг боловсруулах салбарт анхдагчдын нэг нь. Тухайлбал, ЗХУ-ын үед Эстонид хайгуул хийн улмаар занарыг олборлож эхэлснээр тогтохгүй боловсруулах комбинат нь өдгөө ч үйл ажиллагаагаа явуулсаар байна. Гэхдээ газрын тосыг шууд ордоос нь бус үйлдвэрт гаргаж авдгаараа технологи нь өөр байсан гэдэг нь ойлгомжтой. Занарыг олборлохоос гадна оросууд шууд түлш болгож ашигладаг байв. Гэлээ гэхдээ энэ салбарт эртхэн шиг ямар нэгэн хөдөлгөөн хийсэн бол оросууд Баккен мэтийн ордоос түрүүлж шатдаг занарын олон ордыг ашиглалтад оруулах боломж бүрдэх л байсан.

Гэвч тэгж чадаагүй. Шалтгаан нь ч ойлгомжтой. Дэлхийн II дайны үеэр дэлхий дахин хямд өртөгтэй, хялбархан аргаар олборлож болох газрын тосонд бялуурч байв. Энэ үзэгдлийг хазаарлах зорилгоор гол төлөв зохиомлоор үнийг нь хөөргөж байлаа. Үүний нэг тод жишээ нь 1970-аад онд Арабын орнуудад газрын тосны нийлүүлэлтэд хориг тавьсан явдал ажгуу. Газрын тос олборлогч орнууд тухайн үед “Зах зээлийг газрын тосоор хэт хангах явдлаас хэрхэн зайлсхийх вэ” гэдэг дээр толгойгоо гашилгаж явсан болохоос биш “Хаанаас шинэ орд олох вэ” гэдэгт санаа тавих шаардлага байгаагүй.

Гэвч дэлхийн эдийн засаг хөгжин дэвжиж өрсөлдөөнд аж үйлдвэрлэгч орнууд хэмээх шинэ тоглогчид нэмэгдэн орох болсноор энэхүү түлшний эрэлт асар богино хугацаанд өссөн юм. Газрын тосыг гэрээгээр нийлүүлэх явдал ч алга болов. Зарим эрдэмтэн дэлхий даяар 2000-аад он гэхэд газрын тосны оргил үе ирнэ гэж таамаглаж байлаа (гэтэл АНУ бүр 1970 онд энэ оргил үедээ хүрчихсэн). Магадгүй тэдний таамаглаж байсан тэр оргил үе нь өдгөө биеллээ олжээ гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэвч энэ нь зөвхөн уламжлалт газрын тосны ордуудын тухайд л биелсэн байж болох юм.

Ямар ч хямралыг үл харгалзан газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллар орчим эргэлдэж байхад түлшний уламжлалт бус эх үүсвэрүүд сонирхлын тэс өөр төвшинг илтгэнэ. Тэдгээрийг боловсруулах явц нь аяндаа амьдралын чухал шаардлагад тооцогдох боллоо. Ялангуяа АНУ энэ түлшнээс бүр их хамааралтай болжээ. Европ, Японыг бодвол АНУ эрчим хүчийг хэмнэх замналыг сонгосонгүй. Харин ч олборлолтын салбарт өндөр технологи нэвтрүүлэн сэтгэл хангалуун явна.

Өдгөө Америкийн компаниуд занарын хий олборлож байсан ордуудаасаа занарын тос олборлох ажилд олноороо хошуурах болжээ. Шалтгаан нь их энгийн. “Занарын хувьсгал” гээч үйл явцаас болж АНУ-д байгалийн хийн үнэ эрчимтэй унасан. Харин газрын тосны үнэ асар өндөр хэвээр байна. Боловсруулалтын өртөг нь ч мөн л өндөр хэвээр байгаа. Нэг баррель занарын тос гаргаж авахад хамгийн багадаа 15 долларын зардал орно. Ер нь бол дунджаар 60 орчим долларын зардал гардаг аж.

ОХУ-ын иргэдийн олонх нь “Газпром”-ыг шатдаг занараас хий гаргаж авах салбарт манлайлж чадаагүй, энэ салбарыг орхигдуулсан гэж буруутгадаг. Энэ шүүмжлэлд үнэний хувь бий. Гэхдээ ОХУ уламжлалт байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлсээр байсан, одоо ч тэргүүлсэн хэвээр байгаа гэдгийг мартаж болохгүй. Товчхондоо занараас гадна олборлох юмтай улс. Тэр утгаараа үйлдвэрлэлийн үр ашиг, үнэ тогтоох явцыг нь л шүүмжлэх нь зохистой. Түүнээс бус шатдаг занараас хий гаргаж авсангүй гэж шүүмжлээд хэрэггүй л болов уу. Харин шатдаг занарын тосны хувьд арай өөр дүр зураг харагдаж байна. Хэдийгээр оросууд жилд нэмэх хасах 500 сая тонныг олборлож амжилт тогтоогоод байгаа ч гэлээ энэ хэмжээ нь зарчмын хувьд өсөх нь бүү хэл, шинжээчдийн таамаглалаар зогсонги байдалд орсон аж. Энэ тохиолдолд олборлолтын хэмжээ заавал унаж эхэлдэг гэнэ. Тэгэхээр ОХУ-ын Засгийн газар газрын тос олборлогчдод татварын хөнгөлөлт үзүүлэх тухай бодож эхэлсэн нь дэмий ч нэг зүйл биш бололтой.

Ийм хөнгөлөлтийг Баженийн уурхайд ажиллаж буй компаниуд ч бас эдлэх юм. Энэ орд нь Баруун Сибирьтээ ашигт малтмалаараа баялаг, асар томд тооцогддог. Энд л “Газпром нефть”, “Shell” компаниуд ажиллана. Баженийн уурхай Баккенийг бодвол хэд дахин том, сая орчим хавтгай дөрвөлжин км талбайг эзэлдэг. Бүхэл бүтэн Техас мужаас ч том байна гэсэн үг юм. Хэрэв энэ уурхай Баккен шиг занарын тосоор баялаг бол түүнээс 30 дахин их тос олборлох боломжтой аж. Энэ тохиолдолд ОХУ энэ ордыг олон арван жилийн турш ашиглана.

Үүнээс гадна геологичид Баженийн уурхайд агуулагдаж буй газрын тос нь хөнгөн чанарын гэсэн төрөлд багтаж, найрлагынхаа хувьд Хойд тэнгисээс гаралтай өндөр чанарын “Brent” маркийн газрын тостой дүйцнэ гэж үзэж байгаа аж. Харин нөөцийн хэмжээний тухайд мэргэжилтнүүд хайгуулын ажлыг гүйцэд хийгээгүй гэсэн шалтгаанаар тодорхой тоо хэлэлгүй тун болгоомжтой хандаж байна (хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд 20-100 тэрбум тонн нөөцтэй гэсэн ялгаатай тоонуудыг мэдээлж байгаа).

Орос, Англи компаниудын хамтын ажиллагаа ойрын хэдэн жилд чухамхүү энэ ажлаас эхлэх бололтой. Учир нь “Газпром нефть”, “Shell” хоёр Баруун Сибирийн занарыг хөөцөлдөж буй цорын ганц ангуучид биш ажээ. Оросын “Роснефть”, Америкийн “ExxonMobil” компаниудын хооронд байгуулсан гэрээний нэг заалтад Баженийн уурхайн нөөцийг хамтран судлах ажил багтсан байх юм. Эцсийн дүн нь бид нарт хэдэн жилийн дараа л мэдэгдэнэ. Амьдрал дээр геологийн салбарт бидний догдлон хүлээсэн үр дүн тэр бүр биеллээ олдоггүй билээ. Гэлээ гэхдээ дэвшил гараад эхэлсэн шүү.

 

 

 

http://www.lenta.ru/articles/2012/10/30/shale/