Төрд чухал ач холбогдолтой зодоон

Posted on November 12, 2012

0


-Гүржийн Засгийн газар баривчилгаа явуулж эхэллээ-

Михаил Саакашвилийн тойрон хүрээлэгчдийн зарим нэг нь цагтаа зөв шийдвэр гаргаж шинэ Засгийн газар элдэв мөрдөлт мөшгөлт явуулна гэдгээс эмээн Гүржийг орхиж гарсандаа баярлаж суугаа байх. Учир нь арваннэгдүгээр сарын 7-нд шилжих шөнө Тбилист Ерөнхийлөгч Михаил Саакашвилийг эртнээс дэмжигч, Батлан хамгаалахын сайд асан Бачо Ахалая болон Гүржийн Зэвсэгт хүчний нэгдсэн штабын өнөөгийн дарга Георгий Каландадзе нарыг баривчилсан байна. Тэднийг цэргийн албан хаагчдыг зодсон хэрэгт буруутгасан ч дээрх хоёр эрхэм үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Саакашвилийн нам энэхүү үйлдлийг улс төрийн зорилгоор явуулж буй мөшгөлт хэмээн мэдэгдээд амжлаа. Харин зарим нэг хүн хэвлэлээр дамжуулан Батлан хамгаалахын сайд асныг “дээр заларч буй эрхмүүд”-ийн эсрэг мэдүүлэг өгч амар тайван амьдрахыг зөвлөх болжээ.

Михаил Саакашвилийг эсэргүүцэгчид төрийн эрхийг гартаа авмагцаа өмнөх удирдлагын төлөөлөгчдийг эсвэл “дэглэм”-ийг төлөөлөн албан тушаалаа эрхэлсээр байгаа хүмүүсийг мөрдөж мөшгиж эхэлнэ гэдэг нь ойлгомжтой байсан. Ерөнхийлөгчийн тойрон хүрээлэгчдийг баривчлах ерөнхий үндэслэлээс (тэднийг улсын хөрөнгө шамшигдуулсан гэдгээс авахуулаад захиалгат аллага гэх зэрэг олон төрлийн гэмт хэрэгт буруутгаж байгаа) гадна өөр шалтгаан ч бас хангалттай байгаа аж.

Өчигдөрхөн сөрөг хүчин хэмээгдэж байсан Гүржийн өнөөгийн Засгийн газар Саакашвилийн дэглэмтэй нэг мөр тооцоо бодох, түүний тушаалаар томилогдоод өдгөө албаас нь буулгаж болохгүй байгаа нөхдүүдэд (тухайлбал, Гүржийн Зэвсэгт хүчний нэгдсэн штабын даргыг зөвхөн Ерөнхийлөгч томилж, эгүүлэн татах хуультай) дарамт учруулах боломжоор хангагджээ. Нөгөө талаар, Ерөнхийлөгчийн тойрон хүрээлэгчдийг шинэ засгийн дүрмээр тоглохоос татгалзвал тэднийг юу хүлээж байгааг яруу тодоор харуулах боломжтой боллоо.

Сонгуульд ялсан “Гүржийн мөрөөдөл” гэх эвсэл энэ эрхээ аль аравдугаар сарын сүүлчээр өөрийн болгосон. Тухайн үед тус эвслийг үүсгэн байгуулсан тэрбумтан Бидзина Иванишвили тэргүүтэй Засгийн газар бүрэлдэн бий болсон билээ. Ингэхдээ хүчний байгууллагуудыг Иванишвилид ойр байсан хүмүүс толгойлох болсон. Тухайлбал, Дотоод хэргийн сайдаар Иванишвилийн буяны сангийн тэргүүн асан болсон бол Гүржийн Ерөнхий прокуророор түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн томилогдсон билээ.

Сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдлаас харахад Ерөнхийлөгчийн нэр нөлөө мэдэгдэхүйц хэмжээгээр багассан харагдана. Тэр бүү хэл, шинээр бүрэлдсэн парламентийн гишүүд Засгийн газар дахь Саакашвилийн бусад гар хөлийг ч “тасдана” гэдгээ мэдэгдээд амжлаа. Тэгэхээр Ерөнхийлөгч маань цаашдаа өөрийн талын хүмүүсээ өмгөөлж хамгаалах боломжгүй болж байгаа нь ойлгомжтой.

Бачо Ахалая

Ингээд эхний золиосоор Ерөнхийлөгчийн эртний анд Бачо Ахалая тодрох нь тэр. Саакашвилийг эрх барьж байгаа хугацаанд энэ хүн хүчний хэд хэдэн байгууллагад ажиллаж амжсан байдаг. Тухайлбал, тэрбээр шийдвэр гүйцэтгэх албыг толгойлж Батлан хамгаалах яамны удирдлагад ч ажиллаж байснаас гадна Дотоод хэргийн яамыг хүртэл удирдаад амжсан нэгэн. Түүнийг ажиллаж байсан үед шоронгуудад хоригдлуудыг, юун түрүүнд эрүүгийн томоохон элементүүдийг элдвээр цээрлүүлэх зуршил тогтсон (зарим эх сурвалжийн баталж буйгаар, Ахалая Хорих байгууллагуудыг удирдах газрыг толгойлж байхдаа тиймэрхүү эрүү шүүлтийг биечлэн явуулж байсан аж) гэх шүүмжлэл яригддаг. 2009 онд түүнийг Батлан хамгаалахын сайдаар томилоход Гүржийн тухайн үеийн омбудсмен Созар Субари “хуулийг нэг бус удаа зөрчиж байсан” этгээд цэргийн байгууллагыг толгойлох боллоо хэмээн мэдэгдэж байлаа.

Сөрөг хүчнийхэн хүчний байгууллагыг толгойлж байсан хүмүүсийн дотроос Ахалаяг илүүтэй үзэн яддаг байв. Тиймээс Гүржид засаг солигдмогц Ахалая өөрт нь зөөлөн хандана гэдэгт итгэлгүй байсан нь ойлгомжтой.

“Гүржийн мөрөөдөл” сонгуульд ялсны дараахан Бачо Ахалая болон түүний дүү Батлан хамгаалахын орлогч сайд асан Дато нар Гүржийг орхин гарсан талаар цуу яриа дэгдэж эхэлсэн. Зарим эх сурвалжаас үзэхэд тэд аравдугаар сарын 6-нд хил давсан байв. Энэ хоёртой зэрэгцэн Батлан хамгаалахын сайд Дмитрий Шашкин, Хууль зүйн сайд Зураб Адеишвили нар Гүржийг орхин гарчээ. Албан ёсны мэдээгээр Адеишвилиг ээлжит амралтаа эдэлж байгаа гэсэн.

Гэвч арваннэгдүгээр сарын эхээр Бачо Ахалая гэнэт Гүржид буцаад ирсэн. Тэрбээр шинэ Засгийн газрын зүгээс түүнд хаяглаж буй элдэв асуултад хариулахад бэлэн буйгаа ч илэрхийлэв. Түүнийг буруутгаж буй хэргүүдийг үндэслэлгүй хэмээгээд сөрөг хүчнийхэн түүний буруутайг нотлож чадна гэдэгт эргэлзэж буйгаа илтгэлээ. “Би хаашаа ч зугтаагүй учраас намайг хаана л дуудна, тийшээ нь би очиж сонирхсон бүх асуултад хариулахад бэлэн” хэмээн сайд асан телевизийн “Рустави-2” сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн юм. Түүнээс гадна Гүржийн улс төрд эргэж орох бодолгүй байгаа ч өнөөгийн Ерөнхийлөгчийг дэмжсэн хэвээр байх болно гэдгээ хэлж байлаа.

Ахалаяг гэнэт эргэж ирсэн талаар албан бус олон таамаг сонсогдож байсан. Тухайлбал, түүнийг Гүржид байхдаа эрүүгийн ертөнцийн алдартай гэмт этгээдүүдтэй идэвхтэй тэмцэл өрнүүлж байсны улмаас хилийн чанад дахь “хууль ёсны хулгайчууд”-ын өшөө авалтаас айн эргээд Гүрж рүү зугтаж орж ирсэн гэцгээж байв. Нөгөө нэг таамаглалаар, Ахалая өнөөгийн Засгийн газарт ажиллаж буй “хуучин бууны хугархайнууд”-ын болон Ерөнхийлөгчийн нэр нөлөө түүнийг хангалттай аварч чадна гэдэгт найдаж байсан гэх.

Энэ сарын 6-ны орой Ахалаяг Прокурорын газар гэрчийн хувиар мэдүүлэг өгүүлэхээр дуудсан юмсанж. Түүнийг хэдэн цагийн турш байцаасны эцэст албан тушаалаа хэтрүүлсэн асуудлаар хавтаст хэрэг нээж улмаар баривчилсан байна. Мөн энэ хэрэгт хамааруулан тэр шөнөдөө Гүржийн Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга Георгий Каландадзе болон Батлан хамгаалах яамны дөрөвдүгээр бригадын дарга Зураб Шаматава нарыг баривчлан хорьжээ.

Георгий Каландадзегийн өмгөөлөгчийн ярьснаар, түүний үйлчлүүлэгчийг шөнө дунд Батлан хамгаалах яаманд нь дуудсан байна. Каландадзег очиход тэр дор нь баривчилсан ажээ. Баривчлах ажиллагааг Гүржийн Хуульзүйн шинэ сайд Тея Цулукиани гардан явуулсан бөгөөд Гүржийн шинэ Ерөнхий прокурор Арчил Кбилашвили байлцсан гэнэ. Хатагтай Тея Цулукиани тэр дор нь гэрт нь нэгжлэг явуулах шийдвэр гаргасан байсан ч шөнө дунд эхнэр, хүүхдүүдийг нь хямраахгүйн тулд нэгжих ажиллагааг өглөө болтол хойшлуулсан гэдгээ мэдэгдсэн юм.

Харин өглөө нь баривчлагдсан гурван эрхмийг цэргийн албан хаагчдыг зодсон хэрэгт буруутгасан талаар албан ёсоор зарлалаа. Ерөнхий прокурорын хэлснээр, тэдний байгууллагад зургаан албан хаагчаас гомдол ирсэн аж. Гомдлыг уншиж үзвэл, 2011 оны аравдугаар сард Ахалая албан өрөөндөө Каландадзе, Шаматава нарын дэргэд “зургаан албан хаагчийг үгээр доромжилж биед нь халдсанаар барахгүй нэг ажилтны толгойн тус газар хутганы ишээр цохьсон” гэж бичсэн байна. Цаашлаад эдгээр албан хаагчийг Вазиани дахь цэргийн бааз руу хүргүүлж жагсаалын талбай дээр дахиад л “үг хэлээр доромжилж биед нь халдсан” ажээ.

Баривчлагдсан эрхмүүд дээрх гомдлыг няцаагаад байна. Ахалая болон Каландадзегийн өмгөөлөгч

Георгий Каландадзе

Давид Деканоидзегийн баталж буйгаар, түүний үйлчлүүлэгчид гомдол гаргасан тэдгээр албан хаагчийг танихгүй гэнэ. Түүгээр ч үл барам штабын дарга Каландадзе хүчний байгууллагуудын хийсэн үйлдлийг доромжлол гэж үзэж байгааг өмгөөлөгч нь дамжууллаа. “Георгий Каландадзе Гүржийн зэвсэгт хүчинд 17 дахь жилээ зүтгэж байгаа генерал хүн. Тэрбээр “Наймдугаар сарын дайн”-д оролцож шархтсан нэгэн. Тиймээс өөрийг нь ямар ч үндэслэлгүйгээр баривчилж нэр төрийг нь гутаасанд гомдолтой байгаа” хэмээн өмгөөлөгч нь мэдэгдэв.

Саакашвилийн тойрон хүрээлэгчид шинэ засгийг “улс төрийн өшөө авалт” авч байна гэж мэдэгдэж буйг тоохгүй байя гэтэл дээрх эрхмүүдийг баривчилсан нөхцөл байдал яах аргагүй зарим нэг эргэлзээ төрүүлэхэд хүргээд байна. Тухайлбал, сөрөг хүчнийхэн Ахалаяг өмнө нь илүү хүнд гэмт хэргүүдэд (бүр аллагад хүртэл) буруутгадаг байлаа. Бас Батлан хамгаалах яамны шинэ удирдлагууд нь яамны төсөвт 100 сая гаруй лари буюу 60 сая орчим ам.доллар сох дутаж байгаа талаар мэдэгдэж байсан (Дашрамд сонирхуулахад, Ахалаягаас Батлан хамгаалахын сайдын албыг залгаж аван энэ оны долоодугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд ажилласан Дмитрий Шашкин яамны төсвийг өнөөгийн хомсдолтой чигээр нь хүлээн авсан гэдгээ мөн баталсан байсан).

Тэгсэн атал Ерөнхийлөгчийн ойрын хүрээлэлд багтдаг энэ эрхмийг хамаагүй “зөөлөн” хэрэгт буруутган баривчилсан байх юм. Гүржийн шинэ Ерөнхий прокурорын мэдээлснээр, Ахалаяг зөвхөн дээрх гомдолтой холбогдуулан шалгаж байгаа аж. Тэгэхээр хэдэн жилийн турш түүнийг элдэв гэмт хэрэгт буруутгасаар ирсэн сөрөг хүчнийхэнд буюу өнөөгийн Засгийн газарт түүний гэм бурууг нотлох баримт байхгүй болж таарлаа. Үүнээс гадна дээрх цэргүүдийн гомдлыг үндэслэн үтэр түргэн хавтаст хэрэг нээсэн нь ганц ч атугай сэжүүр олдсон дээр нь баривчлах гэсэн ядсан арга гэх сэтгэгдэл төрж байна. Яагаад гэвэл, энэ сарын 6-нд Гүржийн Ерөнхий прокурор түүнийг баривчлах санаагүй байгаагаа мэдэгдэж байсан юм.

Шинэ Засгийн газар Ахалаяд эрүүгийн хариуцлага ногдуулна гэдэг амаргүй байх болно гэдгийг хүний эрхийг хамгаалагч Нана Какабадзе ч бас цагтаа мэдэгдэж байлаа. “Ахалая ямархуу “зүтгэлтэн” байсныг бид бүгд мэддэг ч түүний буруутайг хөдлөшгүй нотлох баримт зайлшгүй шаардлагатай” хэмээн онцолж байсан юм. Харин өмнөх Засгийн газар гэм буруутайг нь нотлох ул мөрийг баллаж амжсан гэдэгт хүний эрхийг хамгаалагч энэ эмэгтэй итгэлтэй байгаа ажээ.

Мэдээж хэрэг, Саакашвилийн сөрөг хүчнийхний хяналтад орсон хүчний байгууллагууд баривчлагдсан этгээдээс хэрэгтэй мэдээллүүдээ олж авах боломжоор хангагдсан байгаа. Гэлээ гэхдээ буруугаа хүлээсэн өчгийг ам алдуулж чадвал хуулийг сахин хамгаалахад бэлэн гэдгээ байнга мэдэгдэж, өмнөх дэглэмээс ялгаатай талуудаа онцлон дурдах дуртай шинэ Засгийн газрын нэр төрд энэ үйлдэл нь сэв суулгах магадлал өндөр.

Гэхдээ өөр нэг хувилбар ч байна. Үүний талаар хүний эрхийг хамгаалагч Лия Мухашаврия саяхан мэдэгдсэн юм. Энэ эмэгтэй Гүржийн шинэ омбудсмений албан тушаалд нэр дэвших боломжит хүнээр тодроод байгаа нэгэн. Тэрбээр “Ахалая Прокурорын газартай хэлэлцээр хийж өөрийгөө аврах боломжтой. Гэхдээ Ахалая зөвхөн “дээр заларч буй эрхмүүд”-ийн эсрэг мэдүүлэг өгөх ёстой” гэж тайлбарлалаа. Түүний дэвшүүлсэн хувилбарыг бодоод үзэхэд, Ахалаяг хамаагүй “зөөлөн” хэрэгт буруутган саатуулсан нь угаасаа тэрхүү хэлэлцээрийн нэг хэсэг нь биш байгаа даа гэж бодогдоно. Магадгүй түүнд “дээр заларч буй эрхмүүд”-ийн нэгнийн нь эсрэг мэдүүлэг өгч, зөвхөн цэргүүдийг зодсон хэргийн төлөө ял сонсох боломжийг олгосон байж болох. Нөгөө талаар, Ахалая өөрөө ч бас энэ хувилбарыг урьдчилан тооцсон учраас баривчлагдахаас айлгүй Гүржид эргэж ирсэн байж болох юм.

Энэ зуур дараагийн хүнээр парламент дахь Саакашвилийн намын гишүүдийн хэн нь ч тодорч болно гэсэн анхааруулгыг өгөөд байгаа юм байна. Парламентийн олонхийн бүлгийн дарга Давид Саганелидзегийн хэлснээр дээрх гишүүдийг ч бас “боловсноор дуудан байцаах” ажээ. Саганелидзе төр барьж байсан өмнөх намын төлөөлөгчдөд хандан “тэр цагт парламентийн гишүүний халдашгүй дархан байдал ч та бүхнийг аварч чадахгүй шүү” хэмээн анхааруулсан байна.

 

 

 

http://www.lenta.ru/articles/2012/11/07/detain/