Ангалын ирмэг дээр…

Posted on November 15, 2012

0


-АНУ бүрэн хэмжээний төсвийн хямралтай нүүр тулах эрсдэлд орлоо-

АНУ-ын өрийн хэмжээг цахимаар харуулдаг дэлгэц

Ирэх оны эхээр АНУ “санхүүгийн ангал”-ын ирмэгт тулах нь. “Санхүүгийн ангал” гэдэг нь татварыг огцом өсгөхийн зэрэгцээ төсвийн зарлагыг бууруулах үзэгдлийг хэлнэ. Энэ хоршоо үзэгдэл хэрэгжвэл Америкийн өнөөгийн эдийн засагт тэсрэх бөмбөг тавьсан лугаа болно. Үүнээс зайлсхийх цорын ганц арга нь Конгресс дахь хоёр намын хамтын ажиллагаа юм. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгууль болон Конгрессийн урьдчилсан сонгууль өндөрлөсөн хэдий ч “улаантан” ба “хөхүүд” хоорондоо эв зүйгээ олохгүй байсаар байна.

“Санхүүгийн ангал”-д тулснаар АНУ-ын эдийн засгийн өсөлт бараг тэр дороо зогсох эрсдэл буйн талаар бүр хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Тэгсэн авч Конгресс нь ч тэр, Ерөнхийлөгч нь ч тэр улс төрийн тэмцэлд автаж ямар ч арга хэмжээ авахгүй байсаар өнөөг хүргэв. Одоо эв зүйгээ олж, нэгдсэн нэг шийдвэр гаргахад тэд нарт сар хагасаас илүүгүй хугацаа л үлдлээ.

Нэгэн цагт Америкийн ээлжит өрийн таазыг өсгөх асуудал мөн л ийм удаан явцтай өрнөж байв. Тухайн үед буюу 2010 оны эхний хагас жилийг Конгресс болон Ерөнхийлөгч Обама уг асуудлаар ширүүхэн мэтгэлцээнийг өрнүүлсээр өнгөрүүлсэн билээ. Конгрессийн гишүүд, нэн ялангуяа бүгд найрамдахчууд өрийн таазыг хязгаарлалтгүй болгох гэсэн Обамагийн засаг захиргааны саналд “үгүй” гэсэн уламжлалт хариултыг эрс шулуун өгсөн юм.

Дашрамд сануулахад, өрийн таазыг өсгөх үйл явц олон жилийн туршид зүгээр л ёс төдий ажил байсныг дурдах нь зүйтэй. Өнгөрсөн он жилүүдэд энэ асуудлаар эсэргүүцэл илэрхийлж томоохон шуугиан дэгдээх хүсэл аль ч улстөрчийн толгойд огт орж байгаагүй. Яагаад гэвэл АНУ-ын өрийн хэмжээ олон жилийн туршид нэг их байгаагүй, их л сайндаа ДНБ-ий нь 2/3-оос илүүгүй байсан бөгөөд эдийн засаг нь ч хурдацтай өсөж байсантай холбон тайлбарлаж болох юм. Тийм учраас өрийн хэмжээг нэмэгдүүлснээр ямар нэгэн эрсдэл учирна гэж хэний ч санаанд ороогүй биз ээ.

Гэтэл 2000-аад оны эцсээр бүх зүйл өөрчлөгдөв. Бага Жорж Бушийн Ерөнхийлөгчийн үүрэгт алба өндөрлөх тэр цагт буюу 2008 онд АНУ-ын төсвийн хомсдол 460 тэрбум долларт хүрсэн нь илрэв. Тэр үед энэ тоонд олон хүн шал худал түгшиж “зээлээр амьдарч болохгүй” хэмээн уриалцгааж байлаа. Тэгтэл дэлхий дахиныг санхүүгийн хямрал нөмөрч олонх нь Америкийн өрийг ёстой юу ч биш юм байна гэдгийг ойлгосон.

Дараагийн жил нь Америкийн төсөв 1.6 их наяд доллараар буюу ДНБ-ий нь 12 хувьтай тэнцэх хэмжээгээр дутаж орхисон. Төсөвт орох орлого огцом унасан. Гэтэл эдийн засгийг тогтворжуулах олон тооны төсөл хөтөлбөрт их хэмжээний мөнгө шаардагдсаар байлаа. Дээрх мөнгөн дүнд Конгресс нэлээд цочирдсон боловч эцсийн дүндээ төсвийг баталсан. Харин олонхийн бүлэглэл гэгдэж сүүлийн үед санхүүгийн таатай байдлыг үргэлж шаардах болсон бүгд найрамдахчууд сүүлчийн удаа энэ асуудлыг дэмжсэнээ илэрхийлж байлаа.

Чингэтэл 2011 онд “улаан” намынханд (дүрст хүснэгтүүдэд бүгд найрамдахчуудыг улаанаар, Ардчилсан намынхныг гол төлөв хөх өнгөөр тэмдэглэсэн байдаг) амлалтаа хэрэгжүүлэх таатай боломж гарч ирэв. Тус оны наймдугаар сард Америкийн өрийн хэмжээ өмнө нь тогтоосон таазны ээлжит хэмжээнээс хэтэрнэ гэдэг нь ойлгомжтой болсон. Энэ нь ч аргагүй байв. Учир нь хямралтай өнгөрүүлсэн жил бүрийн эцэст төсвийн хомсдол их наяд доллараас нэлээд хэтэрсэн үзүүлэлттэй гарч байсан юм. Ингэх бүрт бүгд найрамдахчууд Обамагийн засаг захиргааны зүгээс харилцан ашигтай буулт хийхгүй бол ийм алдагдалтай төсвийг батлах хүсэлгүй байгаагаа онцолсоор байлаа.

АНУ-ын өрийн таазыг хэрхэн өөрчлөн тогтоож байсныг илтгэх хүснэгт

Конгресс дахь энэхүү мэтгэлцээн шийдвэр гаргах сүүлчийн хугацаа болох наймдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ өдөр харилцан зөвшилцөлд хүрээгүй бол АНУ техникийн уналтад орох байсан. Азаар эцсийн мөчид хоорондоо зөвшилцөж чадсан юм. Сөрөг хүчин өрийн таазыг 2.5 их наяд доллараар өсгөж харин Обама ойрын 10 жилийн дотор төсвийн зарлагын хэмжээг 2 их наяд гаруй доллараар хорогдуулахаа амлаж билээ.

Бүгд найрамдахчуудын өшөө авалт

Төсвийн зарлагыг багасгах аргуудыг 2013 оноос эхлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Холбооны төсвөөс санхүүждэг мянга гаруй төсөл хөтөлбөрийн болон цэрэг-дайны ба нийгмийн чанартай зарлагуудыг танах бодлого баримтлах ажээ. Ерөөс эдгээр алхамыг хэрэгжүүлэхэд л эдийн засагт эрсдэл учирна. Гэхдээ эдгээрээс гадна эрсдэл учруулах өөр нөхцөлүүд байна.

Тодруулбал, 2013 оны эхэнд татварын хөнгөлөлт үзүүлэх талаарх багц хөтөлбөрүүд дуусах хугацаа давхцаж байгаа юм. Энэ дундаа юун түрүүнд 2000-аад оны үед Жорж Бушийн засаг захиргааны үед анх нэвтрүүлж 2010 онд Барак Обама сунгасан тэр л хөнгөлөлтүүд өртөх нь. Эдгээр хөнгөлөлтийг жилд 250 мянга болон үүнээс дээш орлоготой иргэд эдэлдэг байв. Гэтэл үүнтэй зэрэгцээд эрүүл мэндийн салбарын шинэчлэлтийн хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийдэг тул татварын ачаалалд тодорхой хэмжээгээр дарамт учруулдаг нь ойлгомжтой.

Дээрх арга хэмжээнүүдэд Америкийн эдийн засгаас хэдэн зуун тэрбум доллар зарлагаддаг. Аливаа намд харьяалалгүй Конгрессийн Төсвийн товчоо (CBO)-ны тооцоолсноор, энэ байдлыг хэвээр нь үргэлжлүүлбэл эцсийн дүндээ эдийн засгийн өсөлт нь 4 хувийн пунктээр удаашрах аж. Өдгөө хоёрхон хувийн өсөлтийг дөнгөн данган үзүүлж буйг оролцуулж үзвэл АНУ-ын эдийн засаг эргээд л удааширч эхэлнэ. Тэр байтугай энэ удаад еврогийн бүсийн орнуудтай харьцуулахад илүү гүн ангал руу унах эрсдэлтэй.

Учир ийм аваас Конгресс нь ч, Ерөнхийлөгч нь ч тун хэцүү байдалд ороод байна. Энэ байдлаас гарахад тэд нарт гуравхан л гарц бий. Нэгдүгээрт, төлөвлөөд буй зарлагуудаа тэр чигт нь баталж эдийн засгаа “санхүүгийн ангал” руу унагах. Эсвэл ямар ч арга хэмжээ авалгүй улсын өрийг сансрын хурдаар нэмэгдүүлэх боломжийг олгох. Эцэст нь дээрх хоёр аргын алтан дунджийг олж зарлагаа багасгах, гэхдээ татварын хөнгөлөлтөө хэвээр нь үлдээх боломжийг бүрдүүлэх.

Нэгдүгээр аргыг өнөөгийн засаг захиргааныхан улс төрийн шалтгаанаар огт хүлээж авахгүй байх. Учир нь Обамагийн Засгийн газар дэлхийг хамарсан хямралын үед бага ч атугай эдийн засгийн өсөлт гаргаж дөнгөснөөрөө үргэлж бахархан ярьдаг билээ. Тэр утгаараа ажилгүйдлийн төвшин нэмэгдэж 9-10 хувьд хүрч орхивол иргэдэд Ардчилсан нам маш их юм амалдаг ч биелүүлдэггүй гэсэн бодлыг төрүүлэхэд хүргэнэ. Иргэдийн олонх нь төсвийн нарийн асуудалд оролцохыг хүсэхгүй.

Нөгөө талаар, зарлагыг нэмэгдүүлэх аргыг бүгд найрамдахчууд одоо хүлээж авахгүй байх. Цайны нам (Tea Party movement)-ын радикал үзлийг баримтлагч жигүүр нь ч тэднийг ийн шахаж байгаа. Үүнээс гадна өнөөдөр еврогийн бүсийн эдийн засагт тохиогоод байгаа эмгэнэл Америк даяар түгшүүр төрүүлж байна. Өрийн өсөлтийг хазаарлалгүй явсаар өнөөгийн Испани, Грек улсууд шиг болъё гэвэл ердөө цаг хугацааны л асуудал. Америкийн улс төрийн хүрээний тодорхой хувь нь үүнийг ойлгож байгаа.

Эцэст нь зөвшилцөх арга бий. Өнөөгийн нөхцөлд хамгийн тохиромжтой хувилбар нь энэ болой. Хоёр тал хоёулаа сэтгэл ханамжтай үлдье гэвэл зарлагыг багасгахдаа татварын хөнгөлөлтөө хэвээр нь үлдээх хэрэгтэй болов уу. Энэ хувилбар ялангуяа бүгд найрамдахчуудын сэтгэлд онцгой нийцнэ. Тэд татварыг өсгөхийн эсрэг үргэлж дуу хоолойгоо өргөсөөр ирсэн хүмүүс. Хэрэв татварын хөнгөлөлтийг хэвээр нь үлдээж чадвал “улаантнууд” сонгуулийн дараах энэ үед сонгогчдын өмнө анхныхаа ялалтыг байгуулна гэсэн үг.

Чингэхдээ татварын хөнгөлөлтүүдийг бүхэлд нь үлдээх хэцүү. Тиймээс шинэ жилийн баярын дараа чухам аль хөнгөлөлтүүд иргэдэд үйлчилж эхлэх вэ гэдэг нь асуулт хэвээр үлдлээ. Обамагийн засаг захиргааныхан хагас сая доллараас дээш орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн тохиолдолд л дээрх зөвшилцөлд буулт хийхэд бэлэн байгаа аж. Учир нь Бушийн үед эдгээр хөнгөлөлтийг дундаж давхрагын иргэдэд учирдаг татварын дарамтыг багасгах зорилгоор анх нэвтрүүлж байсан. Тэгвэл ардчилагчид жилд хагас сая ба түүнээс дээш орлого олдог иргэдийг энэхүү ангилалд багтаахыг хүсэхгүй байгаа юм. Харин Төлөөлөгчдийн танхим дахь олонхийн буюу бүгд найрамдахчуудын бүлгийн дарга Жон Бейнер жилд 500 мянгаас дээш орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлэх нь зүйтэй гэж мэдэгдлээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд ийм төрлийн хөнгөлөлт тун нэмэртэй гэж үзэж байгаа аж.

Шинэ он гарахад ялихгүй хугацаа үлдлээ. Гэхдээ цаана нь маш халуухан тэмцэл өрнөнө. Хэрэв наана нь хоёр нам зөвшилцөн нэгдсэн шийдвэрт хүрч чадалгүй 2011 онд татварын болон төсвийн тухай хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлбэл үр дагавар нь аяндаа мэдрэгдэж эхэлнэ гэдгийг хэлэх нь зүйтэй. Иймээс өнгөрөгч оных шиг нөхцөл байдалд орохоос зайлсхийе гэвэл Конгресс ирэх оны туршид энэ сэдэвт дахин анхаарлаа хандуулж багаар бодоход “ангал”-д зөөлөн унах боломжийг бүрдүүлж чадах билээ.

 

http://lenta.ru/articles/2012/11/12/cliff/