“Амуд Анан” ажиллагаа

Posted on November 16, 2012

0


Бөмбөгдөлтөд өртсөн Газын зурвас

-Израиль улс Газын зурваст байлдааны ажиллагаа эхлүүлжээ-

Энэ сарын 14-нд Израиль улс Газын зурвасыг хяналтдаа байлгаад байсан Палестиний ХАМАС хөдөлгөөний эсрэг байлдааны цуврал ажиллагааг эхлүүллээ. Израилийн эрх баригчдын зүгээс мэдэгдсэнээр, энэхүү ажиллагааг явуулах болсон гол зорилго нь Израилийг удирдлагагүй пуужингуудаар удаа дараа харваж буй явдлыг зогсооход оршиж байгаа ажээ. Гэхдээ энэхүү дайныг эхлүүлэх өөр шалтгаан Израильд бас бий.

Израильчууд “Амуд Анан” (“Гийгүүлэгч манан”. Еврейчүүд (израильчууд) Египетээс хэрхэн нүүдэллэсэн талаарх “Гарал үүсэл” хэмээх эртний сударт Бурхан үдийн мананг шөнө нь гийгүүлэгч манан болон хувиргаж израильчуудын замыг гэрэлтүүлж өгдөг байсан талаар дурдсан байдаг ажээ. Орч) нэртэй байлдааны ажиллагаагаа маш сүржин эхлүүллээ. ХАМАС-ын цэргийн жигүүр буюу “Иззеддин аль-Кассамын зовлон эдлэгчдийн бригадууд” бүлэглэлийн удирдагч Ахмад Жабариг Газын зурваст машинтай явж байхад нь агаараас цохилт үзүүлснээр машиныг нь дэлбэлж орхив. Цаашлаад Израилийн Батлан хамгаалахын армиас (ЦАХАЛ) Жабаригийн “Седан” маркийн машин галд хэрхэн авалцаж буйг харуулсан бичлэгээ “Youtube”-д байршуулсан байв. Уг бичлэгийг төд удалгүй буцаан татсан ч “The Daily Telegraph” сонины сайтаас үзэж болохоор байна (http://www.telegraph.co.uk/news/worldnews/middleeast/palestinianauthority/9677782/Hamas-military-chief-killed-in-Gaza-air-strike.html).

Ингээд машиныг дэлбэлсний дараа араас нь ахин 10 пуужин илгээжээ. Эцсийн дүндээ агаараас, далайгаас болон хуурай газраас үзүүлсэн довтолгоонд Газын зурвас дахь 100 гаруй байгууламж нэрвэгдсэн байна. Үүнд зэвсгийн агуулах, пуужин суурилуулагчид, цагдаагийн хэлтсүүд болон дайчид өртжээ. Энэ маягаар ажиллагаа эхлүүлсний дараах хэдхэн цагийн дотор Палестиний 13 хүн, тэр дундаа энгийн номхон иргэд, хоёр хүүхэд амь үрэгдсэн аж. Хоёр хүүхдийн нэг нь “BBC Arabic” агентлагийн зураглаачийн үр сад байсан байна.

Израилийн Тагнуулын байгууллагаас мэдээлснээр, Иранаас Газын зурваст зөөн байршуулсан “Фажр-5” хэмээх дунд тусгалтай бараг бүх пуужинг агаарын эхний цохилтуудаар устгаж чадсан ажээ. Тэр даруйд Израилийн цэргийн командлал энэхүү ажиллагаагаар Газын зурвасаас Израилийн өмнөд хэсэг рүү тасралтгүй хийж байсан пуужингийн довтолгоонд хариу барьсан хэмээн зарлан тунхаглав. Алан хядагчдын байлдааны хэрэгслийг устгаснаар тэрхүү галыг зогсоох зорилготой ажээ.

Израильчууд ХАМАС-ын дэглэмийг унагах гэж яарахгүй байна. Гэхдээ ЦАХАЛ шаардлага тулгарвал хуурай газрын довтолгоог эхлүүлэн Газын зурвас руу нэвтрэн орно гэдгээ анхааруулсан бол Израилийн Засгийн газраас бэлтгэл офицер, нөөцийн дайчдаа хэдийнэ цуглуулж эхэллээ. Үүнээс гадна ЦАХАЛ-ын удирдлага Газын зурвасын хил орчим цэрэг дайчдаа, байлдааны зэвсэг техникээ байршуулж байгаа нь израильчууд нэлээд ноцтой зорилго өвөрлөж буйг нотлон харуулж байна.

ЦАХАЛ-ын хуягт техник

Харин ХАМАС болон Палестиний бусад бүлэглэл Израилийг харвах ажиллагаагаа зогсоогоогүйгээр үл барам “жинхэнэ аймшиг” гэж юу болохыг үзүүлнэ гэдгээ амалсан даруйдаа ганцхан шөнийн дотор Ашдод, Ашкелон, Сдерот, Беэр-Шева болон бусад хотыг хэдэн зуун пуужин, минээр шүршиж орхив. Харин Тель-Авив болон Димона дахь цөмийн байгууламжийг чиглэсэн Палестиний пуужингуудыг анх удаа замаас нь барьж авч чадсан байна. Харамсалтай нь, Кирьят-Малахи хотод ноцтой хохирол учирч Израилийн гурван иргэн амь үрэгдэн балчир насны хүүхэд хүнд гэмтэл авчээ.

Тэгвэл Араб-Израилийн байлдааны түүхэнд анх удаа хамгийн ширүүхэн тулаан Твиттерт дэгдэж эхэллээ. ЦАХАЛ болон палестинчууд Твиттер дэх https://twitter.com/IDFSpokesperson, https://twitter.com/AlqassamBrigade хуудсууддаа тухайн өдөр байгуулсан гавьяагаа мэдээлсээр байна. Харин энэ хоёрын хуудсууд цаагуураа тун төстэй загвартай байгаа нь ажиглагдлаа.

Интернет дэх тэмцэл нь үүгээр дууссангүй. Израиль палестинчуудыг Иранаас хэрхэн пуужин хүлээж авч буйг харуулсан бичлэгийг “Youtube”-д (http://www.youtube.com/watch?v=hFp0Efv5lnI&feature=plcp) байршуулж өөрийн сайтдаа “Амуд Анан” ажиллагааны явцыг 24 цагийн турш тасралтгүй мэдээлж байна (http://www.idf.il/1283-17570-en/Dover.aspx). “Иззеддин аль-Кассамын зовлон эдлэгчдийн бригадууд” ч бас олон тооны зурагтай, танин мэдэхүйн маш олон мэдээлэлтэй муугүй нэгэн сайт нээж энэхүү дайны талаар өөрсдийн хувилбараар тайлбарлан бичиж буй (http://www.qassam.ps/index.html).

Хачирхалтай нь, дэлхийн бусад оронд энэ хоёр улсын хооронд болж буй үйл явдлыг нэлээд идэвхгүй хүлээж авлаа. Мэдээж хэрэг, хүчирхийлэл гарч буйг бүгд эсэргүүцэж байгаа ч америкчууд болон англичууд Израилийг дэмжсэн байр суурьтай байгаа бол европчууд дундыг баримталж, харин арабын орнууд Палестинийг өмөөрсөн аястай байна. Гэхдээ энэ сэдвээрх сонирхолтой сэтгэгдэл тун цөөн ажээ.

Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Мурси Тель-Авив дахь Элчин сайдаа эгүүлэн татаж Каир дахь Израилийн Элчин сайдад эрс эсэргүүцлээ илэрхийлсний сацуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг уриаллаа. Ингэснээр Мурси одоо тун хүнд байдалд оров. Ард түмэн болон нам нь Израильтай байгуулсан энхийн гэрээгээ цуцлахыг шаардаад байгаа ч чингэсэн тохиолдолд бүр хүнд асуудлууд босч ирнэ гэдгийг Мурси ойлгож байгаа. Учир ийм аваас ноён Мурси палестинчуудыг Газын зурвасаас зугтахад нь туслах зорилгоор Рафах дахь хилээ нээх төдий л арга хэмжээ авав. ХАМАС Египетээс өөр тусламж одоогоор хүртээгүй байгаа ч гэлээ Израилийн зүгээс үзүүлэх дарамт хүчирхийлэл ихэсвэл байдал өөрчлөгдөх магадлалтай.

Махмуд Аббас болон Мохаммед Мурси

Сүүлийн жилүүдэд Ойрхи Дорнодод өрнөсөн үйл явдлуудыг нэхэн санахад Катарын байр суурь аргагүй анхаарал татна. Дэлхийн улс төрд жинтэй байр суурийг эзэлж чадсан энэ жижигхэн орны Гадаад хэргийн сайд нь “Израилийн хийсэн үйлдлүүдэд шийтгэл хүлээлгэнэ” гэсэн ганцхан өгүүлбэр л хэллээ. Иерусалим түүний энэхүү мэдэгдэлд анхаарлаа хандуулбал зохилтой. Учир нь Доха сүүлийн хоёр жилийн турш зүгээр ч нэг хоосон үг хэлэхгүй байгаа. Занаж хэлсэн үг нь хэр бодитой тусдагийг Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцэгчдэд үзүүлж буй идэвхтэй дэмжлэг нь бэлхнэ нотолж байна.

Араб-Израилийн мөргөлдөөн ширүүсч байгаа энэ үед Газыг бөмбөгдөж буй явдлыг Дамаскийн зүгээс “алан хядах бүдүүлэг үйлдэл” хэмээн нэрлэлээ. Харин арабын орнууд энэхүү мэдэгдлийг нь гайхашран хүлээн авав. Учир нь энэхүү мэдэгдлийг Сирийн Засгийн газрын агаарын хүчин, артиллерийн ангийнхан Рас аль-Айн хот болон түүний оршин суугчдыг довтолж байх тэр өдөр давхцуулан гаргасан юм.

Чингэтэл алан хядах ажиллагаатай тэмцэх асуудал дээр Сирийн удирдагчийг идэвхтэй дэмжиж ирсэн ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Газын зурваст болж буй үйл явдлуудын талаар байр сууриа илэрхийлэхдээ энхийн хэлэлцээр хийх зайлшгүй шаардлагатай хэмээгээд Израиль улс хүч тэнцвэргүй тулаан хийж байна гэсэн уламжлалт хариултуудыг өглөө. Яамнаас гаргасан энэхүү мэдэгдэл ямар ч үр дүн өгсөнгүй. Харин ч Израиль мэдэгдэл хийн ойрын үед палестинчуудтай эв зүйгээ олох бодолгүй байгаагаа албан ёсоор мэдээллээ.

Энэ мэтээр “Амуд Анан” ажиллагаа харин ч бүр цааш үргэлжлэн тэлнэ гэдэг нь бүх зүйлээс тодорхой харагдаад байна. Израиль цэрэг, зэвсгийн хүчээ зузаатгаж Газын зурвасыг идэвхтэй бөмбөгдөж байгаагаас гадна ЦАХАЛ-ын удирдагчдын мэдэгдэл улам бүр зангарагтай сонстох боллоо.

Тэрчлэн энэ удаагийн довтолгоонд 2008 онд Газын зурваст явуулсан “Цутгасан тугалга” хэмээх байлдааны ажиллагааны үеийн зарим үйл явдал давтагдаж байгаа нь харагдана. Нэгдүгээрт, ХАМАС-ын эсрэг явуулсан аль аль довтолгоо нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эхэлснээрээ ижил. Хоёрдугаарт, “Цутгасан тугалга” ч, “Амуд Анан” ч Израилийн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр өрнөснөөрөө адил байна. Гуравдугаарт, 2008 онд ч, 2012 онд ч Израилийн эрх баригчид Палестиний автономит улсын тэргүүн Махмуд Аббастай “хүйтэн дайн” зарлаад байсан.

Гэхдээ 2008 оны эцсээр үйл явдал ингэж өрнөсөн юм. (ХАМАС-ын дайчид Израилийн нутаг дэвсгэрт удаа дараа халдсаны улмаас) Израиль улс Газын зурвасыг бүтэн долоо хоног идэвхтэй бөмбөгдсөний эцэст хуурай газрын цэргүүдээ Газ руу оруулж байв. Ингэхдээ цэргүүд хот суурин руу довтлолгүй гаднаас нь “цэвэрлээд” орхисон юм. Эцсийн дүндээ Палестиний 1300 орчим, Израилийн 13 иргэний амийг золионд гаргаснаар энхийн шинэ хэлэлцээрийг байгуулж байлаа. Тухайн үед хүчний бүрэлдэхүүнд стратегийн чанартай ноцтой өөрчлөлт ороогүй хэдий ч хоёр тал аль аль нь тэрхүү дайнд өөрсдийгөө ялсан хэмээн зарлан тунхаглаж байв.

Газын зурвас, 2009 оны нэгдүгээр сар

Тухайн үед Израилийг удирдаж байсан “Кадима” намд “Цутгасан тугалга” ажиллагаанаас өмнө сонгуульд ялах магадлал тун бага байсан бол уг ажиллагааны дараа бусад намаасаа их, хамгийн олон хүний саналыг авч чадсан хэдий ч Кнессет (Израилийн Парламент)-д олонхийн бүлгийг байгуулж чадалгүй сөрөг хүчинд шилжсэн түүхтэй. Ялалт байгуулсан “Ликуд”, “Бидний гэр-Израиль” намуудын удирдагчид Биньямин Нетаниягу болон Авигдор Либерман нар өнөөдөр Израилийн Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдаар тус тус ажиллаж байна.

Израилийн улстөрчид “Кадима” нам 2009 онд ялагдсан гэдгийг үл харгалзан ХАМАС-ын эсрэг дайн өдүүлбэл төрийн эрхийг барьж буй нам ялах магадлал өсдөг болохыг анзаарсан. Мэдээж хэрэг дайны үеэр Израилийн иргэд хамгийн бага өртөх, дайны явцыг телевизээр маш сайн харуулах гэсэн хоёр нөхцлийг заавал тооцоолсон байх ёстой. Эхний болзлыг хангахад пуужин эсэргүүцэх “Төмөр бөмбөлөг” хэмээх шинэ систем тус болно. Харин хоёр дахь болзлыг нь биелүүлэх зорилгоор Газын зурвас болон Израильд аль болох олон телевизийн операторуудыг цуглуулах хэрэгтэй. Гэтэл Нетаниягу анхнаасаа л зарим нэг бэрхшээлтэй тулгарч эхэлснийг дурдах нь зүйтэй. Телевизийн хувьд бүх юм асуудалгүй явж байгаа ч дайны эхний өдөр л гурван иргэнээ алдана гэдэг хэтэрхий ноцтой асуудал. Өнөөх “Төмөр бөмбөлөг” нь бага зэрэг цоорхой байжээ.

Гэсэн хэдий ч одоогийн байдлаар Израилийн дийлэнх иргэн Засгийн газрынхаа үйлдлийг дэмжиж байна. Хэрэв Израиль улс цаашид иргэдийнхээ аминд хүрэлгүй ялж чадвал Нетаниягу Ерөнхий сайдын суудалдаа эргэж сонгогдох нөхцлийг хангалаа л гэсэн үг.

Тэгэвч энд бас нэг ноцтой асуудал бий. 2008-2009 онд явуулсан “Цутгасан тугалга” ажиллагаа Палестиний автономит улсын тэргүүн Махмуд Аббасын улс төрийн нэр хүндэд хүчтэй нөлөөлж чадсан байдаг. Израилийн эсрэг ямар ч ажиллагаа явуулах чадваргүй гэж шүүмжлүүлж нэр хүнд нь шалдаа унасан. Тэр утгаараа палестинчууд ХАМАС бүлэглэлийг эгээтэй л ард түмнийг хамгаалагч жинхэнэ баатар мэт хүлээн авах болсон билээ.

Үүнтэй холбоотойгоор Газын зурваст ээлжит ажиллагааг эхлүүлэхийн өмнөх өдөр хийсэн Либерманы мэдэгдлүүдийг анзааралгүй өнгөрөөж болохгүй нь. Израилийн Гадаад хэргийн сайд энэ эрхэм арванхоёрдугаар сард Палестинийг НҮБ-ын албан ёсны гишүүн болгох гэсэн Махмуд Аббасын эрмэлзэлд дургүйцэж буйгаа илэрхийлсэн юм. Хэрэв НҮБ Палестинийг хүлээн зөвшөөрвөл Иордан голын баруун эрэгт оршиж буй еврейчүүдийн тосгодыг Израилийнх гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө болон Иерусалимийн зүүн хэсгийг алдахгүйн төлөө явуулсан Израилийн бүхий л хүчин чармайлт талаар болно. Өөрөөр хэлбэл, Палестин олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн хилийн зурвастай болж дээрх маргаантай газрууд түүний нутаг дэвсгэрт багтах юм.

Тийм учраас Либерман Палестиний удирдагч Аббасыг огцруулахыг уриалсны сацуу палестинчууд НҮБ-д илэрхийлсэн байр сууриндаа баттай зогсоод байвал автономит эрхийг нь цуцлана хэмээн сүрдүүллээ. Энэхүү сүрдүүлгийг албан ёсны байр сууриас илэрхийлсэн. Тодруулбал, Израилийн Гадаад хэргийн яам Палестиний Засгийн газарт холбогдох зөвлөмжийг илгээсэн байна. Хэрэв энэхүү сүрдүүлэг биеллээ олвол Иорданы баруун эрэгт удирдлагын хоосон орон зай бий болно. Харин энэ орон зайг хамгийн зохион байгуулалттай, хамгийн алдартай хүчин гэгддэг ХАМАС бүлэглэл буюу Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн хэмээх байгууллага зайлшгүй эзлэн сууна.

Өнөөгийн үйл явдлын өрнөлөөс харахад “Амуд Анан” ажиллагаа Израильд ашигтай байж мэдэхээр байна. Хэдийгээр еврейчүүдийн тосгодын асуудал дээр баримталж буй тус улсын бодлогыг дэлхий даяараа байнга шүүмжилж, Палестиний нутаг дэвсгэрт халдан газар нутгаа өргөжүүлж буйг нь АНУ-д хүртэл зэмлэн буруушааж байгаа ч гэлээ Иорданы баруун эрэг Палестиний автономит засагт бус ХАМАС-ын мэдэлд орвол Израильд бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх аятайхан шалтаг болох биз ээ.

http://lenta.ru/articles/2012/11/15/gaza/