Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Си Жинпин сонгогдлоо

Posted on November 16, 2012

0


Си Жинпин

Бээжинд болж өндөрлөсөн Коммунист намын бага хурал дээр ирэх арван жилд ажиллах Хятадын шинэ удирдлагыг танилцууллаа. Таамаглаж байсанчлан, Дэд Ерөнхийлөгч Си Жинпин Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жинтаогийн орыг залгалаа. Мөн ажиглагчдын тааварлаж байсанчлан Коммунист намын дээд байгууллагын гишүүдийн тоог ес биш долоо болгон цөөрүүлсэн байна.

Хятадын шинэ дарга нар их хурлын төлөөлөгчдийн өмнө албан тушаалын дарааллаараа гарч ирмэгц Си Жинпинийг Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоныг зарласны дараа тэрбээр үг хэлсэн юм.

Их хурлыг Хятадын төв телевиз болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулан үзүүлсэн. Си Жинпин үг хэлэхдээ “Та бүхний итгэлийг алдалгүй өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд бид боломжтой бүхнээ хийх болно… Нам дотор даруй шийдэх ёстой олон асуудал бий. Юун түрүүнд, авлигын асуудал байна. Энэ үзэгдлийг үндсээр нь таслахын тулд бид бүх хүчээ дайчлах болно. Нам бүхэлдээ байлдааны байнгын бэлэн байдалд ажиллах ёстой” гэлээ.

Дэд сайд Ли Кэцян Хятадын Коммунист намын Байнгын хорооны даргын албан тушаалд томилогдлоо. Си Жинпин, Ли Кэцянаас гадна Улс төрийн товчоонд Чунцин хотын намын хорооны дарга Жан Дэцян, Шанхай хотын намын хорооны дарга Юй Женшен, Төв хорооны үзэл суртлын хэлтсийн дарга Лю Юншань, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд сайд Ван Цишань болон Тянжиний намын хорооны дарга Жан Гаоли нар томилогдсон байна.

Өнөөгийн дарга Ху Жинтао ирэх оны гуравдугаар сард болох Парламентийн чуулган дээр өөрийн үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөх ажээ.

Шинэ дарга нарын өмнө тавигдаж буй асуудлууд

Хятадын Коммунист намын 18 дугаар их хурал уржигдар Бээжин хотноо өндөрлөсөн. Энэхүү үйл ажиллагааны аюулгүй байдлыг маш өндөр хэмжээнд ханган явууллаа. Энэ зорилгод 1.4 сая сайн дурын ажилтанг хамруулсан байв.

БНХАУ-ын даргын суудлаасаа бууж буй Ху Жинтао хэлсэн үгэндээ авлигын асуудал нь “намыг үхэлд хүргэж болзошгүйгээр үл барам нам, төрийг нуран унахад хүргэж болзошгүй” хэмээв.

Төрийн зөвлөлийн дарга Ху Жинтао тэргүүтэй Хятадын өнөөгийн удирдлага 2002 оноос эхлэн төрийг удирдаж 1949 онд коммунистууд төрийн эрхийг авсан цагаас хойшхи “дөрөв дэх үе” гэж нэрлэгддэг байлаа.

Шинжээчдийн үзэж буйгаар, тус улсын шинэ удирдлага эдийн засгийн өсөлт удааширсан, хүн амын давхрагуудын хоорондох орлогын ялгаа эрс нэмэгдэж буйг болон хүн ам нь хөгширч байгаа зэрэг асуудлыг нэн түрүүнд шийдэх ажээ.

Ху Жинтаогийн хэлснээр, Хятад улс дотоодын болон гадаад зах зээл дээрх өөрчлөлтүүдийг харгалзан үзэж эдийн засгийн хөгжлийн шинэ загвараа боловсруулах шаардлагатай болсон байна.

Нэр, агуулгын аль нь солигдсон бол?

Ажиглагчдын үзэж буйгаар, Си Жинпин Хятадыг удирдах арга барилыг өөрчлөх бололтой. Тэрбээр Ху Жинтаог бодвол насаар бага, барууны ертөнцийг сайн мэднэ. Мөн намын өндөрлөгт ажиллаж байсан хүний хүү гэсэндээ эрх ямбатай өссөн хэдий ч өөртөө итгэлтэй амьдардаг нэгэн.

Намын их хурлын өмнөхөн Хятадын блогуудад Си Жинпин алдартай шинэчлэгчидтэй уулзсан талаар яриа дэгдсэн. Гэхдээ үүнийг батлах албан ёсны баримт алга байна.

Харин Ли Кэцян нь энгийн нэг ажилчнаас мужийн намын хороо, улмаар бүр дэд сайдын албан тушаалд хүрч чадсан нэгэн юм. Түүнийг ядууст санаа тавьдаг гэж ярьцгаадаг. Олон хүн түүний энэ үйлдлийг хүмүүжилтэй нь холбон үздэг юм билээ.

Ли Кэцян БНХАУ-ын дарга Ху Жинтаотой дотно харилцаатай. Эрхмүүд нэгэн цагт намын залуучуудын байгууллагад хамт ажиллацгааж байжээ. Ли Кэцян нь Вэн Зябаогийн албан тушаалыг хүлээн авна.

Бо Силайтай холбоотой томоохон шуугиан дэгдэсний эцэст Чунциний намын хорооны даргаар Жан Дэцян томилогдлоо. Түүнийг ямар ч хүнд байдлаас гарах гарцыг олж чаддаг найдвартай хүн гэж хүндэлдэг байна. Ер нь бол Жан Дэцян Хятадын эртний холбоотон болох Хойд Солонгосыг судалдаг хүн. Тэндэхийн эдийн засгийг судлах ажлаар Пёньянд хоёр ч жилийг өнгөрүүлжээ.

Юй Женшен бол Хятадын хамгийн том хот Шанхайн намын хорооны дарга билээ. Бас л намын өндөрлөгт ажиллаж байсан нэгний хүү. Тэрбээр Зян Зэминь, Ху Жинтао нартай мөн л дотно харилцаатай. Эдгээрээс гадна Дэн Сяопиний гэр бүлтэй холбоотой ажээ.

1980-аад онд түүний ах (дүү) нь АНУ руу дүрвэн гарсан явдал улс төрд ажиллахад нь нөлөөлж чадаагүй. Магадгүй, Дэн Сяопиний тахир татуу хүү нь түүнд дэмжлэг үзүүлсэн биз ээ.

55 настай Лю Юншань Коммунист намын үзэл суртлын хэлтсийг удирдах боллоо. Энэ байгууллага Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг болон интернетийг хянадаг юм. Лю Юншань цагтаа төрийн мэдээллийн “Синьхуа” агентлагийн сурвалжлагчаар ажиллаж байв.

Ван Цишанийг барууны орныхон сайн мэднэ. Тэрбээр дэлхийн эдийн засаг болон БНХАУ, АНУ-ын хоорондох эдийн засгийн харилцааны талаарх хэлэлцээрүүдэд гол төлөөлөгчөөр оролцож явсан. Ван Цишань харьцангуй орой буюу 35 насандаа Хятадын Коммунист намд элссэн байна. 2004 онд Бээжин хотын даргаар томилогдохоосоо өмнө банкны захирлаар ажиллаж байсан юм.

Жан Гаоли нь Тяньжиний намын хорооны дарга боллоо. Статистик, эдийн засгийн судлаач. Газрын тосны салбарт ажиллаж байсан. Үүний дараа Хятадын өмнөд муж болох Гаундоны удирдлагад алба хашиж явжээ.

Жан Дэцян

Ли Кэцян

Юй Женшен

 

 

 

 

 

 

 

 

 

Ван Цишань

Жан Гаоли

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лю Юншань

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

http://www.bbc.co.uk/russian/international/2012/11/121114_china_changes.shtml