Чухал асуудлын тухай шинэ хууль

Posted on November 16, 2012

0


АНУ-ын Конгрессийн танхим

-Жексон-Вэникийн нэмэлт өөрчлөлтийг Магнитскийн тухай хууль орлоно-

Ойрын өдрүүдэд Америкийн Конгрессийн Доод танхим Жексон-Вэникийн нэмэлт өөрчлөлт хэмээх 1970-аад оны үед Зөвлөлтийн еврейчүүдийн цагаачлах эрхийг хамгаалах зорилгоор оруулсан заалтыг хүчингүй болгох бололтой. Чингэхдээ “хүйтэн дайн”-ы үед санаачилж, ашиглахаа болиод олон жилийг үдэж байгаа энэхүү заалтыг Москватай харилцах өнөөгийн харилцаанд нийцэхүйц шинэ хууль журмаар сольж халах гэнэ. Тодруулбал, Конгресс “Магнитскийн тухай хууль”-ийг батлах гэж байгаа ажээ.

Жексон-Вэникийн нэмэлт өөрчлөлтийг (Jackson–Vanik amendment) халж зөрүүлээд хүний эрхийг зөрчиж байсан нь батлагдсан Оросын өндөр албан тушаалын нөхдүүдэд хамаарах хуулийг батлах талаар Америкийн Конгресс дээр эртнээс ярьж эхэлсэн. Тэгвэл өнгөрөгч мягмар гаригт Төлөөлөгчдийн танхим дахь Журам боловсруулах хорооноос дээрх хоёр санаачилгыг нэгтгэж үзэхийг зөвшөөрөв. Ингэснээр пүрэв гаригт Конгресс танхимаараа уг асуудлыг баталж баасан гаригт нэгдсэн хуулийн төслөөр санал хураалгана гэсэн хүлээлт үүслээ.

Хенри Жексон, Чарльз Вэник

Холбооны худалдааны тухай хуульд оруулсан дээрх улигт нэмэлт өөрчлөлтийг коммунизмтэй эрс тэмцэгч, ардчилсан үзэлтэй сенатч Хенри Жексон (Henry Martin (Scoop) Jackson), Конгрессийн гишүүн Чарльз Вэник (Charles Albert Vanik) хэмээх хоёр улстөрчийн нэрээр нэрлэсэн байдаг. Чухамхүү уг хоёр эрхэм 1974 онд иргэдээ хилийн чанадад гарахад нь саад учруулдаг орнуудтай хийх худалдаанд хориг тавих санаачилгыг гаргаж байсан юм. Социалист дэглэмтэй олон оронд хориг тавьсны дотор Хятад улс ч байв. Гэхдээ уг заалтын хамгийн гол бай нь мэдээж хэрэг ЗХУ байлаа.

1970-аад оны эхэн үед Зөвлөлт засаг оршин тогтнох суурь нь болж өгдөг байсан хувьсгалт гэсэн ухагдахуунаа тодорхой хэмжээгээр гээж Брежневийн зогсонги үеийн гацаанд оров. Улаан талбайд баярын өргөн их жагсаалуудыг зохион байгуулаад ч, мөнгө, зэвсгээ империализмтэй хийх гэнэн тэмцэлд зориулаад ч нэмэр болоогүй, тэрхүү агуулгын орон зайг дүүргэж чадаагүй билээ.

Гэтэл тэр хооронд шинээр бүрэлдэн бий болсон Израиль улс гэхэд л хөгжлийн эрчээ аван Ойрхи Дорноддоо л хүчтэй төр болон хувирч арабуудын хүчийг амжилттай эсэргүүцэж чадаж байлаа. Тэр утгаараа Зөвлөлт улсад амьдарч байсан еврейчүүдээс цөөнгүй нь энэхүү диваажингийн орныг зорих хүсэлтэй байсан нь мэдээж. Гэхдээ үнэндээ тэдний олонх нь “төмөр хөшиг”-ний цаанаас эрх чөлөө ханхлуулж, нээлттэй боломжуудын ертөнц лугаа харагдах Баруун Европыг зорихыг хүсдэг байсныг дурдах нь зүйтэй.

Цагаачилж гарах магадлал өндөртэй еврейчүүдийн дунд ЗХУ хагацаж чадахгүй үнэт кадр олон байлаа. Тиймээс 1972 онд Зөвлөлт засаг үнэт кадруудаа гадагш алдах урсгалыг таслан зогсоохын тулд хилийн чанадын орнуудад байнга оршин суух болсон дээд боловсролтой иргэдээсээ сургалтад нь зарцуулсан хөрөнгийг төрд эргэн төлөхийг шаардах болсон. Зөвлөлт засгийн чухамхүү энэ л шийдвэр сенатч Жексонд дээрх нэмэлт өөрчлөлтийг санаачлах шалтгаан нь болсон ажээ.

Жексон-Вэникийн нэмэлт өөрчлөлтийг тусгаснаар, зах зээлийн бус эдийн засагтай аль ч орон иргэдийнхээ цагаачлах эрхийг боомилох, эсвэл энэ эрхтэй зэрэгцүүлээд тэд нарт шударга бус төрөл бүрийн төлбөр тавих аваас АНУ-тай худалдааны тогтвортой харилцаа явуулах эрхээ алдана. Эртнээс нааш бусад улс орны хэрэгт оролцдоггүй уламжлалыг баримталж ирсэн АНУ-д энэхүү хуулийн төсөл нь тухайн үед маш их маргааныг дагуулсан. Харин Зөвлөлтийн тэрс үзэлтнүүд үүнийг үнэтэй дэмжлэг хэмээн хүлээн авч байлаа. Тэдгээрийн дотроос хүний эрхийн алдарт тэмцэгч Андрей Сахаров ч бас хуульд энэхүү нэмэлт өөрчлөлтийг тусгахыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм.

Жексон-Вэникийн нэмэлт өөрчлөлт ЗХУ-д эдийн засаг талаасаа ямархуу хэмжээний хохирол учруулсныг өнөө үед үнэлэн хэлэхэд хэцүү ч үзэл сурталд асар их нөлөөлсөн байдаг. Зөвлөлт засгаа эсэргүүцэгч бүлэглэлүүд Вашингтон өмөөрч буйд онгод нь хөглөгдөж улмаар нэгдэж чадсан бол бусад үндэстэн, шашны бүлэглэлүүд еврей нарын адилаар эрхийнхээ төлөө чангахан дуугардаг болж эхэлсэн билээ. Тийм учраас Михаил Горбачёвын үед өрнөсөн өөрчлөн байгуулалтын хамгийн эхний тогтоолуудын нэгд иргэддээ цагаачлах эрхийг нь чөлөөтэй болгох тухай шийдвэр тусгасан байсанд гайхах зүйл алга.

1980-аад оны дунд үеэс эхлэн ЗХУ-д хандах харилцаанд дээрх нэмэлт өөрчлөлтийг ашиглах ямар нэгэн шалтгаан үгүй болсоор байсан тул аажмаар хэрэгжүүлэхээ болив. Эхлээд ЗХУ-ын хувьд, улмаар “хүйтэн дайн” дуусмагц Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад ч энэ заалт үйлчлэхээ больсон юм. Мөн эхэндээ уг заалтыг жил бүр хэлэлцэж байж баталдаг байсан бол 1990-ээд оны дунд үеэс шууд л баталдаг болсон байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, Америкийн эрх баригчид зарим нэг орнуудын, тухайлбал Киргизи, Гүрж, Армени, Украин улсуудад өрнөж буй ардчиллын явцыг нь ажиглан геополитикийн олон төрлийн шалтгааныг үндэслэн Жексон-Вэникийн нэмэлт өөрчлөлтийг нэгмөр хүчингүй болгосон юм.

Хамгийн хачирхмаар зүйлийг дурдахад, Америкийн хүний эрхийн төлөө тэмцэгчид Украины тухайд уг заалтыг хүчингүй болгож буйд ихээхэн шүүмжлэлтэй хандсан. Эсэргүүцэх болсон шалтгаанаа тэд дээрх заалтын анхдагч санаа болох цагаачлах эрхийн асуудалтай ч холбосонгүй, арай өргөн хүрээгээр сэтгэв. Тодруулбал, Америкийн ADL хэмээх нөлөө бүхий хүний эрхийн байгууллагаас Украинд еврейчүүд рүү дайрч давшилдаг, энэ нь ардчилсан төртэй нийгэмд байх ёсгүй үзэгдэл бөгөөд төр засгийн нь зүгээс үндэс угсаагаар ялгаварлах үзлийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна хэмээн мэдэгдэж байлаа.

Ердөө дээрх жишээнээс харахад л, 2000 онд Жексон-Вэникийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхдээ цагаачлагчдын эрхийг хамгаалах хэрэгсэл гэх явцуу утгаар нь бус барууны орнуудын хүний эрх, эрх чөлөөний стандартыг мөрддөггүй улс орнуудад нөлөө үзүүлэх төгс бэлгэ тэмдэг мэт үзэн батлах болсон нь харагдана. Энэ өнцгөөс нь үзвэл, дээрх нэмэлт өөрчлөлт ОХУ-д машид их хамаатай болох нь анзаарагдана. Америкийн шүүмжлэгчид ОХУ-ын эрх баригчдыг ганцаар дарангуйлах дэглэм тогтоож, ардчиллыг хөгжүүлэх байгууллагуудыг үл ойшоон өөрөөр сэтгэдэг хүмүүсийг мөрдөн мөшгөдөг хэмээн буруутгасаар ирсэн билээ.

Учир ийм аваас хуучирж, хэрэглэх шаардлагагүй болсон гэх Жексон-Вэникийн нэмэлт өөрчлөлтөөс ОХУ-ыг чөлөөлөх тухай ярьж эхлэхэд Америкийн шүүмжлэгчид хүний эрхийн тэмцлийг зогсоосон бусармаг явдал мэтээр хүлээн авцгаасан. Иймийн л учир нэгийг нөгөөгөөр солих ардчилсан нийгмийн илүү орчин үеийн арга хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага хурцаар тавигдсан юм. Энэхүү шаардлагад нийцэх төсөл нь “Матросская тишина” хэмээх шоронд нас барсан Оросын хуульч агсан Сергей Магнитскийн нэрээр нэрлэгдээд байгаа.

Талийгаач Магнитский Английн “Firestone Duncan” хэмээх хууль зүйн пүүст санхүүгийн дүн шинжилгээ хийдэг нэгэн байсан бөгөөд тус пүүс нь “Hermitage Capital Management” хөрөнгө оруулалтын сан зэрэг томоохон компаниудад үйлчилгээ үзүүлдэг байлаа. 2007 онд Оросын эрх баригчид энэхүү хөрөнгө оруулалтын санг татвараас зайлсхийсэн гэх шалтгаанаар нутгаасаа бараг хөөж орхисон. Энэ хэргийг Магнитский хувиараа мөрдөсний эцэст “Hermitage Capital” болон ОХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг гадаадын бусад компанийг томоохон хэмжээний авлигын сүлжээнд холбогдсон этгээдүүд дарамт шахалт үзүүлдэг байсныг тогтоосон бөгөөд энэ этгээдүүд гадаадын бизнесменүүдийн хувьцааг булаан авснаар барахгүй ОХУ-ын төсвөөс их хэмжээний мөнгө авч чадсан болохыг илрүүлсэн аж.

Магнитскийн мөрдөлтөөр Москвагийн Татварын албаны 28 дугаар хэлтсийн дарга Ольга Степанова хэмээх эмэгтэй тодорчээ. Түүний нотолсноор, энэ эмэгтэй өөрийн хань, компанийн захирал Владлен Степановын хамтаар татвар зувчуулан дундаас нь маш их хэмжээний мөнгө олж баяжиж чадсан байв. Энэ хэргийг нийтэд ил болгосны дараа дээрх авлигын сүлжээнд хамаагүй өндөр албан тушаалтай эрхмүүд, тэр дундаа саяхан огцорсон Батлан хамгаалахын сайд асан Анатолий Сердюков ч бас холбоотой гэх таамаглалууд яригдаж байсан.

Магнитский хэр олон “том” авлигачийг илрүүлснийг баттай мэдээлсэн нь үгүй. Гэсэн ч 2008 оны арваннэгдүгээр сард түүнийг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган баривчилсан. Мөрдөн байцаах явцад Магнитскийг “Hermitage Capital” компанийн хууль бус ажилд тусалдаг байсан нь нотлогдсон гэж мэдээлж байв. Ийн хоригдох хугацаанд түүний эрүүл мэнд доройтсон. Суухын аргагүй нөхцөлд хорьж, шаардлагатай эмнэлгийн тусламж ч үзүүлэхгүй байгаа талаар тэрээр гомдоллож байсан ч тусыг эс олов. Улмаар 2009 оны арваннэгдүгээр сарын 16-нд шоронгийн эмнэлэгт нас нөгчсөн билээ. Үхлийн шалтгаан нь ч тодорхойгүй. Нэг бол нойр булчирхайн хурц үрэвслийн улмаас, үгүй бол зүрхний дутагдлаас нас барсан гэдэг.

Магнитскийн хэрэгт шүүхийн шударга бус шийдвэр гаргасанд ганцаараа эсэргүүцлийн жагсаал хийж буй нь

Магнитскийн найз нөхөд, хамт ажиллагсад нь түүнд тохиолдсон эмгэнэлт явдлын талаар барууны ертөнцөд дуулгахын төлөө боломжтой бүхнээ хийсэн. Өдгөө “Hermitage Capital” сангийн тэргүүн Билл Браудер Оросын авлигын сүлжээг илчлэгч гол хүнээр тодрон үе үе телевизээр гарч байгаа. Тэрбээр өмнө нь Владимир Путинд тун их талтай байсан бол өдгөө Оросын авлигыг Путинтэй зүйрлэдэг болсон байна. Үүнээс гадна Магнитскийг мөрдөх, эрүүдэх болон нас барахад нь нөлөөлсөн байж болзошгүй гэх хүмүүсийн нэрсийн жагсаалт бий болсон. Эдгээр хүний дотор өнөөх Степанова, мөн Дотоод хэргийн яам, Холбооны аюулаас хамгаалах алба, Прокурорын газар зэрэг төрийн байгууллагад ажилладаг зарим шүүгч, ажилтнууд багтжээ.

Харин хүний эрхийг зөрчсөн гээд байгаа дээрх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг Ардчилсан намаас сонгогдсон сенатч Бенжамин Кардин 2010 онд Америкийн улс төрд хэрэгжүүлэх саналыг гаргасан юм. Хэдийгээр энэхүү “хар данс” нь шүүхийн ямар нэгэн шийдвэрээр баталгаажаагүй байгаа ч гэлээ АНУ-ын эрх баригчид нэр дурдсан тэдгээр албан тушаалтанд визийн хориг тавихдаа ашигласаар ирсэн. Харин Жексон-Вэникийн нэмэлт өөрчлөлтийг халах асуудал босч ирмэгц тэрхүү орон зайг нь “Магнитскийн жагсаалт”-аар нөхөх тухай яриа хууль тогтоогчдын дунд идэвхтэй гарч эхэлсэн билээ. Хувийн хэвшлийнхэнд уг хууль их ашигтай. Ийм хууль батлахгүй бол Америкийн корпорациуд ОХУ-тай “худалдааны байнгын тогтвортой харилцааг” явуулж чадахгүй, ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад элссэний бүх сайн талыг нь хүртэж чадахгүй гэж үзэж байгаа ажээ.

Когрессийн хоёр танхимийн байнгын хороодын хуралдаанууд дээр “Магнитскийн тухай хууль”-ийн (хуулийн албан ёсны нэршил нь “Sergei Magnitsky Rule of Law Accountability Act”) хэд хэдэн хувилбарыг дэвшүүлээд байгаа ажээ. Гэхдээ аль ч хувилбараар нь Магнитскийн үхэлд холбоотой гэх Оросын нэр бүхий албан тушаалтнуудыг АНУ-д зорчих, Америк данстай бол түүнийг нь хаах зэрэг арга хэмжээг тусгажээ. Үүгээр тогтохгүй, ОХУ-ын нутаг дэвсгэр дээр хүний эрхийг хаан боогдуулсан хэрэгт холбоотой нь нотлогдсон хэнбугайг ч дээрх хуульд зааснаар ийн шийтгэх гэнэ. Үүнээс гадна хууль тогтоогчдын санаачилгаар “хар данс”-ыг зузаатгаж байх аж. Харин хууль хэрэгжүүлэгч байгуулагууд нь үндэсний аюулгүй байдлын үүднээс тэдгээрийг нууцлах эрхээр хангагдах юм байна.

Төлөөлөгчдийн танхим дахь Журам боловсруулах хорооноос батлан гаргасан хуулийн төслийн сүүлчийн хувилбарт ОХУ-аас бусад оронд хамаарахгүй байхаар тусгасан байгаа ажээ. Харин “Магнитскийн хууль”-ийг санаачлагчид арай өргөн хүрээтэй хэрэгжүүлэхийг хүсч байгаа бололтой. “Бидний зүгээс хүчингүй болгохыг зөвшөөрч буй тэрхүү Жексон-Вэникийн хориг нь хэдийнэ үеэ өнгөрөөсөн эд. Гэвч Москвад ч бай, Харэр, Тегеранд ч бай дураараа дургигчдад, дангаар ноёрхогчдод болон дарангуйлагчдад дуу хоолойгоо боомилуулж байгаа хүмүүсийг хамгаалахад туслах зорилгоор нэмэлт арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх хурц шаардлага тавигдсаар байна” хэмээн сенатч Кардин, Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч Жон Кайл нар хамтран бичсэн нийтлэлдээ дурджээ.

Тэр л арга хэрэгслүүдийг боловсруулж байх үед нь ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас тэдгээрийг “үр ашиггүй” зүйлс хэмээгээд Вашингтоныг энэ асуудалд “эрүүл ухаанаар” хандахыг уриалсан юм. Харин Оросын сөрөг хүчнүүд эгээтэй л Брежневийн үед шиг Америкийн хууль тогтоогчдын санаачилгыг баяртайгаар хүлээн авлаа. Тэр битгий хэл, сөрөг хүчний удирдагчид “хар данс”-нд зарим нэг хүнийг, тодруулбал ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Владимир Чуров, Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин нарыг нэмж оруулахыг зөвлөсөн билээ. Тэгвэл хүний эрхийн төлөө тэмцэгчдийн ахмад төлөөллийн нэг Людмила Алексеева Арилжааны бус байгууллагуудын тухай хуулийг санаачилсан хүмүүсийг мөн л тэр “хар данс”-нд оруулахыг зөвлөв. Энэхүү хуулиар арилжааны бус зарим нэг байгууллага гадаадын тагнуул гэсэн сэтрийг зүүгээд байгаа юм.

http://lenta.ru/articles/2012/11/14/magnitsky/