Corruptistan буюу Авлигастан

Posted on November 20, 2012

0


гульнара

Узбекистаны Засгийн газраас энэ оныг Бат бөх гэр бүлийн төлөөх жилээр зарласан юм (bit.ly/PQAoDv). Энэ хөтөлбөрийн хүрээнд тус улсын иргэд орон даяар өрнүүлж буй “Мянган хурим, мянган хөвч таслалт” хэмээх кампанит ажилд оролцох ёстой болжээ. Гэхдээ энэхүү ажиллагааг Узбекийн Ерөнхийлөгч Ислам Каримовын охин Гульнарагийн сангаас зохион байгуулж буйг тооцож үзвэл узбекчүүд үндсэндээ ганцхан гэр бүлд зориулсан баярыг бүх нийтээрээ тэмдэглэж байна гэх тэдний хардлагыг ойлгож болно. Үнэн хэрэгтээ, тус улсын иргэд Каримовынх гэдэг ганц айлын бат бөх байдлыг ирэх 20 жилийн турш баярлан тэмдэглэх болчихоод байна.

Иймэрхүү асуудал гагц Узбекистанд тохиолдоод байгаа юм биш. Ардчиллыг хөгжүүлэх тогтолцоо байхгүйгээс Ерөнхийлөгч нарын гэр бүл төрийн эрхийг гартаа авдаг үзэгдэл Еврази дахь дарангуйллын системтэй олон оронд нийтлэг байна. Өнөөгийн удирдагчид Ким Чен Ир, Каддафи шиг хүүхдээ өөрийн нь орыг эзлэх залгамжлагч мэтээр хүмүүжүүлдэг болов уу, яадаг бол гэсэн асуудал дээр тоймчид толгойгоо гашилгацгаадаг. Гэвч дарангуйлагчдын хүүхдүүд нийгэмд хэдийнэ гол дүр тоглоод эхэлсэн байна. Зарим нь хилийн чанадад Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бол зарим нь Парламентийн дэргэдэх байгууллагуудад байр сууриа олжээ. Тэдний олонх нь эцгийнхээ тогтоосон дэглэмийн эдийн засагт хүчтэй тоглогч нар болж ажил алба болон түүнээс гадагш хальсан хүрээнд эцгийгээ төлөөлөн ажиллаж байна. Ингээд Евразийн тэргүүн баян гэр бүлүүдийн намтрыг сөхөцгөөе.

Узбекистан

Ерөнхийлөгч Ислам Каримов, охин Лола

Викилийкс сайтад илчлэн тавьсан дипломат захидлуудад дурдсанаар, барууны орнууд Гульнара Каримоваг Узбекистаны бизнесийн бараг бүх салбар руу байнга шургалдаг учраас “хулгайч авхай” хэмээн тодорхойлсон байгаа (bit.ly/esIUEo). Хэдийгээр Гульнара өөрийн нь талаар дэгддэг цуу яриаг үгүйсгэсээр ирсэн ч гэлээ түүнийг Швейцарит бүртгэлтэй, өдрөөс өдөрт өргөжин тэлж буй “Zeromax” хэмээх агуу том корпорацид гол үүрэг гүйцэтгэдэг гэсэн мэдээлэл бий (bit.ly/a2QSIZ). Уг нь энэ компанийг хачирхалтай байдлаар 2010 онд хаасан юм билээ. Тэгвэл өнөөдөр энэ компани хөдөө аж ахуй, нэхмэл, барилга, ашигт малтмал олборлолт болон эрчим хүчний салбарт хамгийн том ажил олгогч болж чаджээ.

Үүнээс гадна Гульнара Узбекистан дахь “Кока-Кола”-ийн үйлдвэрийг эзэмшдэг гэсэн таамаглал бий (on.ft.com/SHMvPa). Учир нь энэ үйлдвэр нь Нью-Жерсигээс гаралтай түүний эр нөхрийн хувийн өмч байсан бөгөөд Гульнарагаас салснын нь дараа Узбекистаны шүүгчид түүний хувийг авч үлдэж чадсан байдаг юм. Цаашлаад энэ оны долоодугаар сард Оросын үүрэн утасны “МТС” компанийн албаны хүмүүс мэдээлэл хийж, “МТС”-ийн Узбек дэх салбар болох “Uzdunrobita” компанийг “залгисан” этгээд нь Гульнара Каримова байсан гэдгийг зарлалаа (bit.ly/Tb6ppT). Ер нь бол “Uzdunrobita” компанийг Гульнара 2004 он хүртэл өөрийн эзэмшилд байлгаж байгаад “МТС”-д зарсан юмсанж. Тус компанийн мэдэлд шилжсэнээр өдгөө нэг тэрбум долларын хөрөнгөтэй, Узбекистаны үүрэн утасны зах зээлийн 40 хувийг нь эзэлдэг болтлоо өргөжсөн байв (bit.ly/PjKqbC). Гэтэл Узбекийн дэглэмийн дээдчүүл, ялангуяа Каримова татвар төлөхөөс зайлсхийсэн, лиценз нь зөрчилтэй гэх зэрэг төрийн зүгээс хэрэгжүүлдэг хэвшмэл аргуудыг ашиглан хүчээр булаан авахыг санаархаж байна хэмээн “МТС”-ийн удирдлагууд гомдоллосон. Энэ асуудал ОХУ-ын удирдагчдын бухимдлыг туйлд нь хүргэж хоёр орны Гадаад хэргийн сайд нар наймдугаар сарын турш хоорондоо утсаар холбогдон уг хэргийн талаар л хэлэлцдэг болсон байв (bit.ly/Tb6ppT).

Эдийн засгийн үйл ажиллагаа нь үргэлж хэл ам дагуулдаг Каримова үүгээр зогссонгүй эцгийнхээ дэглэмийг олон улсад сурталчилдаг байсан нь бүр гайхмаар. Гэтэл Узбекийн Засгийн газар жагсагчдыг хороож, хоригдлуудыг бүр буцалж буй усанд толгойг нь дүрэх маягаар тамладаг байсныг дэлхий нийтээрээ сонсоод байхад шүү (bit.ly/TM4K5o). “Узбекистаны соёл урлаг, зан зашлын форум” эсвэл “Форумын сан” гэж нэрлэгддэг байгууллагын сайтад дурдсанаар уг сангийн тэргүүн Гульнара Каримова өөрийн амьдралаа “дипломат болон олон нийтийн байгууллагуудын хүчин чадлыг нэгтгэж олон улсад, үндэсний төрөл бүрийн байгууллагуудын дунд хүмүүнлэгийн өргөн цар хүрээтэй харилцаа холбоог бий болгох үйлсэд” зориулж буй гэжээ (bit.ly/10dGwXY).

Тус сангаас хэрэгжүүлдэг төслүүдэд урлаг, уран сайхны наадмуудыг зохион байгуулах (оролцогчдыг нь Каримова биечлэн сонгодог аж), мөн “1000 хурим” кампанит ажлыг өрнүүлэх (bit.ly/Tb7Q6J), Style.uz сайтын нэрэмжит Урлагийн долоо хоног буюу Нью-Йоркийн Загварын долоо хоногийн узбек хувилбарыг явуулах ажлууд багтдаг аж. Өнөөдөр энэ сан Луврын музей (bit.ly/txDFiL), Британийн Зөвлөл (bit.ly/3ycHcS), Японы Олон улсын хөгжлийн агентлаг (bit.ly/4wQySw), Сьюзен Г.Комений нэрэмжит сан (sgk.mn/33AMq4) болон ЮНЕСКО-той (bit.ly/AAzivq) түншийн харилцаа холбоо тогтоож чадсан байна (bit.ly/K1eMjw).

Дээрхээс гадна Каримова “Guli” хэмээх өөрийн нэрийн загварын өндөр үнэтэй хувцасуудаа брэндийн дэлгүүрүүдээр зарж борлуулан, олон улсын загварын шоунд толилуулж явсан ч хүний эрхийг хамгаалагч нар үүнийг нь бусниулж орхисон (bit.ly/oihSMM). Тэд Узбекийн хөвөнгийн талбайд насанд хүрээгүй хүүхдүүдийг албадан ажиллуулдаг гэсэн үндэслэлээр түүний загваруудыг эсэргүүцэж буйгаа тайлбарлаж байв (bbc.in/AlFPj). Нэгэнт “Guli” загвар амжилт олоогүй тул Каримова поп хөгжимд хүчээ сорьж “Гугуша” нэрээр өөрийнхөө хоёр дахь “би”-г олсон байдаг (bit.ly/Wpj2zV).

Каримовагийн эмэгтэй дүү Лола Каримова-Тилляева нь бизнесийн салбарт маш том байр суурийг эзэлдэг. Эзэмшилд нь байдаг олон үйлдвэрийн нэгд “Abu Sahiy Nur” хэмээх компани ордог бөгөөд энэ компани хятад барааны импортыг хянаж, өдөрт 250 000 долларын орлого олдог юм (bit.ly/pwuGaK). Бизнесийн салбарт ажиллахын сацуу эгч дүүс Каримова нар Швейцарьт олон саяын үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг (bit.ly/rYQPCd). 2011 онд “Bilan” сэтгүүлээс жагсаан гаргасан Швейцарийн хамгийн баян 300 хүний дунд дээрх хоёр хатагтай багтсан байсан нь үүний нэг нотолгоо (bit.ly/tdCj7p). Тэр бүү хэл, тухайн онд тэд бизнестээ 200 сая долларын алдагдал хүлээсэн тухай мэдээлж байсан хэдий ч дээрх сэтгүүл тэдний хөрөнгийг нийлүүлэн үнэлж үзэхэд нэг тэрбум доллар элбэг хүрч байжээ. Гэтэл саяхан явуулсан нэгэн судалгаагаар зөвхөн Гульнарагийн хөрөнгө гэхэд л дангаараа 3 тэрбум доллар хүрнэ гэдгийг илрүүлжээ (bit.ly/QnX0ew). Ер нь эгч дүү хоёрын хөрөнгийн хэмжээг нарийн тогтоох аргагүй. Гэхдээ тэдний баялгийн гол эх үүсвэр нь аавын нь тогтоосон дэглэмийн эрх мэдэл гэдэг нь нэгэнт тодорхой. Тийм ч учраас “Harper” сэтгүүлийн редактор Скотт Томсон Узбекистан улсыг “дэлхийд буй болсон хамгийн том гэр бүлийн компани” гэж тодорхойлж байсан удаатай (bit.ly/QnX0ew).

Азербайжан

Алиевийн гэр бүл: охин Арзу, Ерөнхийлөгч Ильхам Алиев, хүү Гейдар, эхнэр Мехрибан Алиева, охин Лейла

Тус улсын Ерөнхийлөгчийн гэр бүл үндсэн хөрөнгөө Азербайжаны эдийн засгийн хамгийн ашигтай салбар болох газрын тосноос олсон байдаг юм. Азербайжаны Аюулаас хамгаалах хорооны дарга асан, 1993 онд төрийн эрхийг булаан авч Ерөнхийлөгч болж байсан Гейдар Алиевийн үед түүний хүү Ильхам нийтдээ 7 тэрбум баррелиэр үнэлэгддэг газрын тосны бүх ордуудыг мэдэлдээ авсан төрийн өмчит “SOCAR” компанийн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байв (bit.ly/xB9yiw). Гейдарыг нас барсны дараа 2003 онд хатуу хяналт дор явуулсан Ерөнхийлөгчийн сонгуулиар Ильхам аавынхаа орыг залган авч байв. Дээрх компанийг хувьчилж авах зорилгоор Азербайжаны эрх баригчдад авлига өгөхийг оролдож байсан гадаадын хөрөнгө оруулагчдын санаархалыг үл тоон Ильхам “SOCAR”-ыг төрийн өмчит компани хэвээр үлдээсэн юм (bloom.bg/T6QLsB). Азербайжаны газрын тосны салбараас санхүүждэг “Үндэсний чинээлэг амьдралын төлөөх сан”-г нидэр дээрээ тус улсын Ерөнхийлөгч тэргүүлдэг. Харин “SOCAR”-ыг дороо олон охин компанитай болгож орлогын эх үүсвэр нь тодорхойгүй бүлэг хүмүүсээр удирдуулах болов (bit.ly/wQ3js5).

Азербайжаны хуулиар Ерөнхийлөгч тэргүүтэй албаны хүмүүс хувьдаа бизнесийн байгууллагатай байхыг хориглодог. Гэхдээ энэ хууль тэдний гэр бүлийн гишүүдэд нь хамаардаггүй. Саяхан “Эрх чөлөөний радио”-оос явуулсан судалгааны эцэст Ильхам Алиевийн үр хүүхдийн нэр дээр бүртгэлтэй байгаа оффшор компаниуд болон тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдийн урт жагсаалтыг олон нийтэд танилцуулсан юм (bit.ly/byfwU5). Эндээс харахад, тухайлбал 27, 23 настай Лейла, Арза гэх хоёр охин нь алтанд умбаж амьдардаг аж (bit.ly/Qpruhc). Тодруулбал, 2007 онд Алиевийн дэглэмийн үед Байгалийн баялгийн нөөцийг боловсруулах Азербайжаны олон улсын компани (AIMROC) тус улсын баруун хэсэгт орших Човдар тосгон дахь алтны ордын 70 хувийг эзэмших эрх авснаас гадна өөр таван ордын лицензийг өөрийн болгосон байдаг. Төр Човдарын ордны 30 хувийг л эзэмших болсон. Уг ордыг 44 тн алт, 164 тн мөнгөний нөөцтэй гэдэг агаад 2.5 тэрбум доллараар үнэлдэг (bit.ly/JFKemi). “AIMROC”-ийг дөрвөн компани нийлж байгуулсан байдаг. Үүнд Английн “Globex International” хэмээх компани 200 сая доллар буюу нийт хөрөнгийн 11 хувийг нь бүрдүүлсэн бол үлдсэн хувийг нь Панамд бүртгэлтэй, удирдлагын бүрэлдэхүүнд нь Алиевийн хоёр охин багтдаг гурван холдинг хөрөнгө оруулсан аж.

Өөр газруудаас хийсэн судалгаагаар ч бас хоёр охины нь бусад салбарт явуулдаг бизнесийг илрүүлсэн байдаг юм. Панамд бүртгэлтэй гэх “Hughson Management”, “Grinnell Management” болон “Gladwin Management” гэсэн гурван компанид Лейла, Арза Алиева нар Ерөнхий менежер хэмээх албан тушаалтай (bit.ly/KzS9D0). “Hughson Management” нь Азербайжаны хамгийн томд тооцогддог “ATA Holdings” компанийн 51 хувийг эзэмшдэг ба санхүү, даатгал болон барилгын салбарын асуудалд нь гол үүрэг гүйцэтгэдэг байна (bit.ly/SIPs20). Үүнээс гадна дээрх гурван компани гурвуулаа 1.7 сая хэрэглэгчтэй Азербайжаны үүрэн утасны гол компани “Azerfon”-д тус бүр 24 хувийг эзэмшдэг ажээ (bit.ly/mb0c45). Азербайжаны Харилцаа холбооны яамнаас “Azerfon”-ыг Германы “Siemens” компанийн эзэмшил хэмээн удаа дараа мэдэгдэж байсан ч германчууд харин эрс няцаасаар ирсэн (bit.ly/TbCYDd). Мөн  төрийн өмчит “AZAL” хэмээх агаарын тээврийн компанийн хувьчлалын суурин дээр байгуулагдсан “SW Holdings” компанийн багц хувьцааг Арза Алиева эзэмшдэг аж (bit.ly/byfwU5).

2010 онд “Washington Post” сонины нэгэн нийтлэлд Дубай хотноо 75 сая долларын үл хөдлөх хөрөнгүүдийг Азербайжаны Ерөнхийлөгчийн охидуудын адил нэр устай, төдий настай хүмүүс эзэмшиж байгаа талаар дурдсан байв (wapo.st/9Zu9zF). Үл хөдлөх хөрөнгийн хэлтсээс мэдээлснээр, зарим барилгын нь урьдчилгаа төлбөрийг Ерөнхийлөгчийн гэр бүлийн нэг гишүүн төлсөн байжээ. Мөн нийтлэлд 2009 оны эхэн үед хоёрхон долоо хоногийн дотор хэн нэгэн нь Гейдар Алиев гэх нэрээр Дубайн эрэг дээрх Palm Jumeirah хэмээх тансаг дүүрэгт 44 сая долларын үнэтэй есөн харшийг худалдан авсан талаар дурдсан байдаг. Тэрхүү Гейдар нь Ильхам Алиевийн 11 настай хүүгийн нэртэй, төрсөн огноо нь адил байсан нь хачирхалтай биш гэж үү.

Ильхам Алиевийг сөрөг хүчинг хүчээр дарсан, сөрөг хүчний блогчид, сэтгүүлчдийг шоронд хорьсон гэх яриагаар байнга харлуулдаг учраас Лейла Узбекистаны Ерөнхийлөгчийн охин Гульнара Каримовагийн адилаар гэр бүлийнхээ нэр хүндийг буяны байгууллагын үйл ажиллагаагаар өсгөхийг зорьдог. Лейла бас шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, боловсролын салбаруудын хөгжлийн асуудлыг эрхэлдэг Гейдар Алиевийн нэрэмжит сан хэмээх төрийн бус байгууллагын Дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг. Уг санг Лейлагийн ээж, Азербайжаны тэргүүн хатагтай Мехрибан Алиева үүсгэн байгуулжээ. Сангийн албан ёсны сайтад (bit.ly/S5U9WO) дурдсанаар энэ байгууллага “Азербайжаны Боловсролын яамыг бодвол илүү олон сургууль, Эрүүл мэндийн яамыг бодвол илүү олон эмнэлэг байгуулахаас гадна Соёл урлагийн яамыг бодвол соёл урлагийн илүү олон үйл ажиллагааг зохион байгуулах” ажээ. Өөрөөр хэлбэл, азербайжанчуудын амьдралд өдөр тутам шаардагдаж байдаг үйлчилгээг төр бус Алиевийн гэр бүл л үзүүлж чадна гэдгийг байнга дурдсан байдаг. Уг нь дээрх үйлчилгээнүүдийг төр төсвийн мөнгөөр хэрэгжүүлэх ёстой байтал азербайжанчууд Алиевийн гэр бүлээс бэлэг мэт хүлээн авах болох нь.

Мөн Лейла саяхан урлаг, загварын сэдэвтэй “Baku” хэмээх сэтгүүлийг үүсгэн байгуулж Москвад хэвлүүлдэг болжээ (bit.ly/9jdeAm). Түүний нөхөр, поп хөгжмийн од Эмин Агаларов Азербайжаны нийслэлд болж өнгөрсөн “Евровидение-2012” олон улсын дууны тэмцээнд улсаа төлөөлөн оролцох хүндтэй эрхийг эдэлсэн билээ (bit.ly/JJh7Bw).

Дээрхээс гадна Арза Алиева хэдэн жилийн өмнө Азербайжаны аялал жуулчлалын салбарын нүүр царай болж гадаадын жуулчдыг татах, эх орныхоо нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор сурталчилгааны видеод тоглосныг нь CNN зэрэг телевизийн тэргүүлэгч сувгуудаар үзүүлж байв. 46 секунд үргэлжилдэг тэрхүү видео дээр шаргал үст Арзагийн ард тансаг зэрэглэлийн машин, орд харшууд харагддаг юм (bit.ly/U8Lceb).

Казахстан

Нурсултан Назарбаев, охин Алия

Тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ЗХУ задарсны дараах үеэс эхлэн Казахстаныг удирдаж буй. Түүний гурван охин нь бас л тодорхой хэмжээгээр улс төр, эдийн засгийн салбарт манлайлж байна. Назарбаев азгүй, гурван охинтой учраас ёс заншлаа дагаад ядаж л өөрийн нь эрх барьж буй үед гэр бүлийн нь чинээлэг амьдралыг үргэлжлүүлэн бүтээх ажлыг хүргэдүүддээ даатгахаас аргагүйд хүрсэн.

Ерөнхийлөгчийн ууган охин Дарига нь Парламентын гишүүн байв. Тэрээр өөрийн үүсгэн буй болгосон намаа Парламентад төлөөлөн сууж байсан юм. Гэвч 2006 онд эцгийн нь толгойлдог “Nur Otan” нам түүний намыг аажмаар өөртөө нэгтгэж орхисон. Чингэтэл бизнесмен, төрийн албан хаагч, сүүлд газрын тосны магнат, тэрбумтан Рашид Сарсеновтэй түншилж байсан түүний эр нөхөр Рахат Алиев Казахстанаас зугтан гарсны дараа Даригагийн сураг хэдэн жилээр алдарсан. Казахстаны эрх баригчдын зүгээс нөхрийг нь төрийн эргэлт хийхийг санаархсан үйлдэлд буруутгадаг ч Рахат үүнийг нь няцаадаг. Улмаар Дарига, Алиев хоёр гэр бүлээ цуцлуулсан тул Рахат тэдний бизнест оролцох эрхгүй болсон юм. Юутай ч, Дарига саятан хэвээр үлдсэн. 2010 он хүртэл Дарига, хүү Нуралигийн хамтаар мөнгөн хөрөнгөөрөө Казахстандаа 9-т эрэмбэлэгддэг “Nurbank”-ны хяналтын багцыг эзэмшиж байлаа (on.ft.com/hbInxc). 2012 онд “Форбс” сэтгүүлээс зохион байгуулсан Казахстаны тэргүүн баяны жагсаалтад Дарига 585 сая долларын хөрөнгөөрөө 13 дугаарт бичигдсэн байгаа (bit.ly/IWkr76). Харин хүү Нурали нь тэрхүү жагсаалтад хамгийн залуу баянаар тодорч 190 сая долларын хөрөнгөөрөө 25 дугаарт бичигджээ. Үүнээс гадна Дарига эцгийгээ уучилсан гэдгээ харуулж эргээд улс төрд орж ирэн Парламентад “Нур Отан” намын бүлгийг нь толгойлох болсон билээ.

Назарбаевийн дунд охин Динара нь тэрбумтнуудын жагсаалтад нэг бус удаа багтаж байв. Тухайлбал, 2011 онд “Форбс” түүнийг 1.3 тэрбум долларын хөрөнгөтэй хэмээн тэрбумтнуудын жагсаалтдаа багтаасан байдаг (onforb.es/KNUJAZ). Ингэснээр Динара нөхөр Тимур Кулибаевийн хамтаар Казахстаны хамгийн баян гурав дахь хүмүүс нь болой. “Форбс”-ын мэдээлснээр, энэ гэр бүл гол орлогоо банкны үйл ажиллагаануудаас олдог бөгөөд (bit.ly/o1wKc4) Казахстандаа 2-т жагсдаг “Halyk” банкны хяналтын багцыг эзэмшдэг гэдгийг нь албан ёсны мэдээлэл илтгэдэг ажээ (bloom.bg/pWcdGN). Хань Кулибаев нь Казахстаны бизнесийн салбарт нэлээд нэр нөлөөтэй бөгөөд Үндэсний чинээлэг амьдралын төлөөх бие даасан сан болон газрын тос, байгалийн хий, төмөр зам зэрэг салбаруудын томоохон компаниудад удирдах албан тушаал эрхэлдэг хэмээж байв (on.ft.com/TTA8RN). “Чөлөөт цагаараа” Кулибаев Оросын төрийн өмчит “Газпром” хэмээх эрчим хүчний асар том компанийн Захирлуудын зөвлөлд багтан ажилладаг юм (bit.ly/S9DWOM).

“Викилийкс” сайтын илчилсэн дипломат захидлуудад Динарагийн нөхрийг Казахстаны эдийн засгийн “90 хувийг гартаа атгадаг гол хүн нь” хэмээн тодорхойлсон байв (bit.ly/UCItYt). Гэвч 2011 оны эцсээр газрын тосны ажилтнуудын зохион байгуулсан жагсаал цуглаан, эмх замбараагүй байдлын улмаас түүнийг бие даасан сангийн тэргүүнээс огцруулсан. Тиймээс тэрбээр Казахстаны эдийн засагт давуу эрх эдэлдэг гэдэг нь Даригагийн нөхөрт тохиолдсон үйл явдлын адилаар эргэлзээтэй л асуудал.

Назарбаевийн отгон охин Алия нь 1998 онд 18 настайдаа Киргизстаны Ерөнхийлөгч Аскар Акаевийн хүү Айдартай гэрлэж байв. Тухайн үед үүнийг гэр бүлийн хэлхээ холбоогоороо дамжуулан улс төрийн харилцаагаа бэхжүүлэх уламжлалыг илтгэн харуулсан Дундад Азийн анхны гэрлэлт хэмээн өргөмжлөн тэмдэглэж байв (bbc.in/UP6pIx). Гэвч хосууд тун удалгүй хоёр тийш болсон төдийгүй Алия 2002 онд Данияр Хассенов гэгч бизнесментэй гэрлэсэн. Энэ эрхэм нэг их ил гараад байдаггүй. Египетэд аялсны дараа Алия 20 настайдаа Алматы хотноо “Luxor” хэмээх тансаг зэрэглэлийн сувиллын салон нээж байлаа. 2005 онд уг салоны гэр бүлээрээ үйлчлүүлэх эрхийн бичиг 7950 долларын үнэтэй байсан нь тухайн үеийн хүн амын дундаж орлогоос даруй хоёр ч илүү дахин өндөр мөнгөн дүн байв (nyti.ms/TbGehR). Өдгөө 32 настай Алия Узбекийн Ерөнхийлөгчийн охин Гульнарагийн адилаар саяхан өөрийн нэрийн гоёл чимэглэлийн иж бүрдлүүдийг Италийн “Damiani” пүүсээр зохион бүтээлгэжээ. Нэг иж бүрдэл нь дотроо 20 гоёог багтаадаг ба 25000-100000 долларт хэлбэлзэж байна (bit.ly/dSGTmF).

Киргизстан

Максим Бакиев

Зарим тохиолдолд дарангуйлан удирдагчид төрийн эрхээ хэдийнэ өгчихөөд байхад үр хүүхэд нь улсынхаа эдийн засгийг гартаа атгасан хэвээр байдаг нь цөөнгүй. Киргизстанд яг ийм л байна. Дарангуйлан захирч байсан Ерөнхийлөгч Курманбек Бакиевийг 2010 онд огцруулсан хэдий ч шинээр бүрэлдсэн Засгийн газар нь Киргизстаны хамгийн том “AsiaUniversalBank” (bit.ly/TTACra) (AUB)-аар дамждаг улсын орлогыг бүрэн бүтнээр нь олж авахыг мэрийсээр байна. Энэхүү банкийг Бакиевийн үед сэжиг бүхий шилжүүлгүүдээр орж ирсэн мөнгийг угаадаг байсан гэх хэрэгт буруутгадаг (bit.ly/TTACra). Банкны хуучин удирдлага нь тэрхүү гэм бурууг эрс няцаан банктай холбож гаргасан дээрх мэдэгдлүүдийг улс төрийн агуулга өвөрлөн хийсэн байсан гэж мэдэгддэг.

Киргизийн шинэ удирдагчид Ерөнхийлөгч асны хүү Максимийг дээрх гэмт хэрэгт хамаатай гэж буруутгаж байна. “Global Witness” хэмээх өмгөөллийн компани Максимийг “AUB” банкны захиралтай найз нөхдийн дотно харилцаатай байсан төдийгүй тус банкинд хувийн далд ашиг сонирхолтой байсан гэж мэдээлсэн нь бий (bit.ly/TTACra). Үүнээс гадна 2009 онд Ерөнхийлөгч асан Бакиев хүү Максимаа Үндэсний хөгжил, шинэтгэл, хөрөнгө оруулалтын төв агентлагийн тэргүүнээр томилсноор төрийн сангуудад нэвтрэх түүний замыг чөлөөтэй болгож өгсөн байдаг юм (bit.ly/XVMyO7). Өдгөө Максим Англид амьдарч, тус улсаас улс төрийн орогнол хүссэн байна.

 

 

 

http://www.foreignpolicy.com/articles/2012/09/04/corruptistan?page=0,0