Мьянмарт хийсэн Барак Обамагийн айлчлалын ач холбогдол юунд оршиж байв

Posted on November 22, 2012

0


121119070739-myanmar-obama-visit-suu-kyi-2-horizontal-gallery

Даваа гаригийн өглөө АНУ-ын Ерөнхийлөгчийн онгоц Янгоны нисэх буудалд газардсанаар Барак Обама жижиг бөгөөд дотооддоо эв түнжин муутай Мьянма хэмээх улсад айлчилсан Америкийн анхны Ерөнхийлөгч боллоо. Энэхүү айлчлал нь Мьянма буюу хуучнаар Бирм улсад дарангуйллын чанга дэглэмийн тайван бус эрин үе төгсгөл болж байсантай давхцав. Бирм хэмээн нэрлэгдэж байсан тэр цаг үед тус улсаас хүний эрхийг байнга зөрчиж, энгийн номхон иргэдийг боолчилж байгаагаас өгсүүлээд хомроглон устгаж байгаа талаарх мэдээллүүд тасардаггүй байлаа. Сүүлийн хэдэн жилийн туршид энэ орон аажмаар ардчилал руу шилжиж байгаа ч зам нь байнга шулуун байсангүй. Гэсэн хэдий ч тус улсын хөгжлийн замыг нь зааж өгөх орон нь чухамхүү АНУ байх ёстой гэж Барак Обама үзэж байгаа аж. Тэрбээр айлчлалынхаа үеэр хэлсэн үгэндээ Америк улс өөрийн үнэт зүйлсээ хамгаалахад бэлэн байгаагаар барахгүй тэдгээрийг Ази даяар түгээн дэлгэрүүлэх ажлыг хариуцахад бэлэн буйгаа хоёргүй утгаар илэрхийлсэн юм (wapo.st/SFh6Nq). Чухамхүү ийм л учраас Мьянмад хийсэн Обамагийн зургаан цагийн айлчлал нь өндөр ач холбогдолтой байлаа.

Мэдээж хэрэг, юуны өмнө Мьянмагийн ард түмэнд энэхүү айлчлал ихээхэн ач холбогдолтой байсныг дурдах нь зүйтэй. Сүүлийн 50 жилийн хугацаанд энэ орны ард түмэн тамд унаад эргээд босоод ирсэн гэж хэлж болно. 1962 онд цэргийнхэн төрийн эргэлт хийж засгийн эрхийг гартаа авсан үйл явдлаас авахуулаад 2008 онд шинэ Засгийн газраас эрс шинэчлэл хийн шинэ Үндсэн хуулийг баталсан өдрийг хүртэл тэд юу эсийг үзэв. Цэргийн дэглэм үйлчилж байсан он жилүүдэд цэргийн албан хаагч нар дор бүрнээ бэлгийн боолтой (эмэгтэйчүүд) байсан. Энгийн иргэд нь үг хэлэх эрх чөлөөг мөрөөдөж боолчлол жирийн л үзэгдэлд тооцогддог байлаа. Харин өнөөдөр нөхцөл байдал аажмаар сайжирч байгаа хэдий ч энэ улс нэлээд урт замыг туулах шаардлагатай байна (bit.ly/PNLvMz). Ердөө сүүлийн хоёр долоо хоногийн дотор Өмнөд-Азийн мусульманчууд гэгддэг рохиньячууд Буддын шашинтнуудтай ширүүн тэмцэл өрнүүлсний уршгаар багаар бодоход 89 хүн амь үрэгдэж, 110 мянган хүн орон байраа орхиход хүрчээ.

Тус улсын хүний эрхийг хамгаалагчид Обамагийн айлчлалыг Мьянмаг хүндэлж буйгаа харуулсан үйлдэл байлаа хэмээн талархан хүлээн авсан ч Обама тохиромжтой үеэ олж ирээгүй бололтой. “Бараг хоёр жилийн өмнөөс буюу засаг шинэчлэгдсэн цагаас эхлээд л төрийн эрх баригчид түүний айлчлалыг хүлээсэн. Манай оронд өрнөж буй шинэчлэлийн явцыг АНУ сайшаасан нь улс төрийн чухал зорилтуудын нэг болсон төдийгүй өнөөгийн эрх баригчид засгийн эрхийг авсан цагаасаа эхлэн энэ зорилтоо хэрэгжүүлэх үйлст хүчин зүтгэж байгаа” хэмээн цөллөгт амьдарч буй Мьянмарын олон нийтийн зүтгэлтэн Зо Ней Онг (Zaw Nay Aung) “International Herald Tribune” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа онцолжээ (nyti.ms/Qma58U). Гэхдээ “улс төрийн хэргээр хэдэн зуун хүнийг хорьсон хэвээр байхад түүхэн ач холбогдолтой айлчлал хийсэн нь Америкийн Ерөнхийлөгчийн хувьд үнэхээр шившигтэй явдал боллоо” хэмээн нэмж хэлсэн байх юм.

Мьянмарт байдал намжихыг хүлээх боломж Обамад байсан уу гэдгийг тодорхойлох хэцүү. Учир нь, нэгдүгээрт, тус улсын байдал бүрэн намжина гэх эргэлзээ буйгаас гадна ийн хүлээсэн бол Обама Зүүн-Өмнөд Азийн бүс нутгийн гол түншлэгч байх боломжоо алдах байв. Мьянмар руу нисэхээсээ өмнө хэвлэлийнхэнтэй хийсэн уулзалтдаа АНУ-ын Ерөнхийлөгч түүний айлчлалыг “Бирмийн Засгийн газраас явуулж буй үйлдлүүдийг сайшаасан үйлдэл” мэтээр харах хэрэггүй гэдгээ мэдэгдсэн (bit.ly/10wBkhO). “Өнөөдрийн байдлаар тус улсад жил хагасын өмнө хэний ч таамаглаж байгаагүй үйл явц өрнөж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Улс орон нь олон түмний анхаарлын төвд орж, ард иргэд нь өөрсдийн нь дуу хоолой хэн нэгэнд хүрнэ гэдэгт итгэлтэй болсон цагт өөрчлөлт шинэчлэлийн явц нь асар хурдтай явагдах нигууртай. Тэр олон түмний нэг нь бид учраас Бирмийн ард түмэнд тэднийг сонсч буйгаа, хувь заяанд нь сэтгэл зовниж буйгаа харуулах ёстой. Энэ айлчлалын ачаар үүнийг илүү нээлттэй хэлбэрээр илэрхийлэх боломж надад олдож байна” хэмээн Обама хэлсэн юм.

Энэ завсар Хятадыг мартаж болохгүй. Хятад улс урт хугацааны туршид Мьянмагийн холбоотон нь байж олон жилийн турш тусламжийн шугамаар нэлээд их хэмжээний зэр зэвсэг нийлүүлж байгаа билээ (wapo.st/WkOr1L). “Хариуд нь Хятад улс Мьянмарын байгалийн нөөцийг ашиглахыг зорино гэдгээс нутгийн зарим шинжээч эмээж байна. Тийм учраас Мьянмар өсөн өндийж буй эдийн засгийг нь хөгжүүлэхэд туслах чадвартай өөр түншүүдийг эрж хайж байгаа” хэмээн “Associated Press” агентлагийн сэтгүүлч Жули Пейс (Julie Pace) тайлбарлалаа.

Нээрээ Обама Ерөнхийлөгчийн үүрэгт албыг хоёр дахь удаа хаших энэ хугацаандаа АНУ-ын гадаад бодлогын төвийг Ази руу хандуулж Мьянмад тэгтэл анхаарал хандуулсны учир юунд байв. Энэ чинь “Хятад улс (АНУ-ыг) хүчтэй дарамт үзүүлж эхэлснийг мэдрэг” хэмээгээд Зүүн-Өмнөд Ази дахь бусад оронтой найрсаг харилцаа тогтоож буй кампанит ажлаараа сагсуурч явсан нөгөө Обама шүү дээ (nyti.ms/UfZtrA). Түүний захиргааныхан ч бас түүний энэхүү байр суурийг тодотгож өгөх зорилгодоо Мьянмарт хийх айлчлалыг нь ичгүүр сонуургүй ашиглаж орхисон.

Энгийн үгээр хэлэхэд, Обама өнөөдөр АНУ-ын гадаад бодлогыг Ойрх Дорнодоор тогтохгүй Ази руу хүртэл чиглүүлэхийг оролдож байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор, Обамагийн засаг захиргааныхан “дахин тэнцвэржүүлэх” (rebalancing) хэмээх шинэ нэр томьёог ч бий болгосон байна. Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Томас Донилон (Thomas E.Donilon) саяхан тавьсан нэгэн илтгэлдээ “Ерөнхийлөгч ийн аялан айлчилж буй явдал нь манай улсын гадаад бодлогод дахин тэнцвэржүүлэх дараагийн үе эхэлсэн гэдгийг харуулж байгаа хэрэг. Хэрэв Ерөнхийлөгч тухайн бүс нутагт АНУ урт хугацаагаар ач холбогдолтой үүрэг гүйцэтгэх ёстой гэж хэлсэн бол бид тэр үүргийг нь хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна хэмээн ойлгох хэрэгтэй” гэсэн байлаа (nyti.ms/UfZtrA).

 

 

bit.ly/T5TYZp