Сөрөг хүчний бэлгэдлийн хөшөө

Posted on November 24, 2012

0


Тимошенко

-Юлия Тимошенкогийн улс төрийн замнал нь дуусвар болсон бололтой-

Украины Дээд Радагийн сонгуулийг тойрсон хэл ам арай хийн намжиж, юунд ч бууж өгдөггүй сөрөг хүчнийхэн сонгуульд булхай хийснээ хүлээн зөвшөөрөөд байтал бас нэг чухал асуудал босоод ирлээ. Юу вэ гэвэл, эцсээ хүртэл сөрөг хүчний манлайлагч хэвээр байсан Юлия Тимошенко эргэлт буцалтгүйгээр улс төрөөс шахагдаж эхэллээ. Шалтгаан нь Харьков хотын эмнэлгийн төмөр тортой цонхны цаана хоригдож байгаад бус нам нэгт нөхдөд нь Тимошенкогийн хэрэг байхгүй болсонд оршиж байгаа бололтой. Одоогоор байдал ийм л байна.   

Радагийн сонгууль явсаны маргааш нь “Удар”, “Свобода” намуудын амжилтыг эс тооцвол сөрөг хүчний намууд Парламентад бүлэг байгуулах хэмжээний санал авч чадахгүй ялагдаж буй нь тодорхой болмогц Тимошенко энэ удаагийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ бүгдээс түрүүлж мэдэгдэж байв. “Батькивщина” намын албан ёсны тэргүүн хэвээр байгаа Тимошенко эмнэлгийн орноосоо намын гишүүддээ хандан шинээр бүрэлдсэн Рада хууль бус учир тарааж, мандатаасаа татгалзахыг уриалсан юм.

Бусад сөрөг хүчин ч бас Тимошенкогийн мэдэгдэлтэй санал нийлж маш хурдан хүлээн авах шиг болсон. Тухайлбал, “Батькивщина” намын өнөөгийн бүрэлдэхүүн (уг нам Арсений Яценюкийн тэргүүлж байсан “Өөрчлөлтийн фронт” намтай нэгдсэн) болон Олег Тягнибокийн “Свобода” нам түүний саналыг дэмжин жагсаал цуглаан зохион байгуулав. Гэвч Сонгуулийн Ерөнхий хорооны үүдэнд хийсэн жагсаал удаан үргэлжлэлгүй сарниснаар барахгүй сөрөг хүчнээс Радад сонгогдсон гишүүд ямар ч байсан үүргээ гүйцэтгэлээ гэсэн шиг Парламентад суух бэлтгэлээ базаахаар одоцгоосон юм. Намын нөхдийнхөө эсэргүүцлийн жагсаалд “өнгө нэмэх” зорилгоор Тимошенког өлсгөлөн зарлах тэр үед ч тэд түүнд дэмжлэг үзүүлсэнгүй. Радикал намын тэргүүн Олег Ляшко л дэмжиж өлсгөлөн зарласан. Гэхдээ үнэндээ Олег Ляшко сонгуулиас хойш хоёр долоо хоногийн дараа өлсгөлөнгөө зарласан. Тэр хооронд эмч нар Тимошенког ятгасаар хоолонд оруулж дөнгөсөн учраас Ляшко үндсэндээ хоёрхон хоног л өлссөн.

Үүний дараа Тимошенко туйлын радикал арга хэмжээ явуулах төлөвлөгөөгөө танилцуулмагц Нэгдсэн сөрөг хүчний удирдагчид болох Яценюк, Тимошенкогийн “мөнхийн орлогч” Александр Турчинов нар учиргүй түүнийг эргэж очив. Сүүлд өгсөн ярилцлагадаа тэд Тимошенког ятгаж Софийскийн талбайг дараагийн Майдан (2000-2004 оны хооронд Украины томоохон жагсаал цуглаан болон Улбар шар хувьсгалыг өрнүүлж байсан талбай. Орч) болгох төлөвлөгөөнөөс нь татгалзуулж чадсан гэж мэдэгдэж билээ. Харин хувьсгал өрнүүлэх төлөвлөгөөг нь сөрөг хүчнүүдийн (“Батькивщина”, “Свобода”, “Удар”) хамтран боловсруулсан “Гурван намын мэдэгдэл” гэгчээр орлуулах гэж буйгаа Тимошенкод дуулгасан байна. Уг мэдэгдэлд сонгуулийн дүнг хууль бус гэдгийг дурдсан ч Радад сонгогдсон гишүүд мандатаасаа татгалзахгүйгээр үл барам боломж олдвол Радагийн удирдах байгууллагуудын бүрэлдэхүүнд орж ажиллахаа илэрхийлсэн байлаа.

Ю.Тимошенко Майданы талбай дээр Улбар шар хувьсгалын ялалтыг тэмдэглэж байгаа нь

Тимошенко дээрх мэдэгдлийг эсэргүүцсэн юм. Гэвч Турчинов тэргүүтэй түүний намын нөхөд хэдийнэ өмнөөс нь бүхнийг шийдсэн байлаа. Тэр бүү хэл, Юлия Владимировнагийн байр суурийг нам дотор нь хоёрхон хүн л дэмжиж байгаа нь ил болов. Украины Ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан Анатолий Гриценко, Тимошенкогийн өмгөөлөгч Сергей Власенко нар л түүнийг дэмжлээ. Тиймдээ ч нам дотор санал хураалт явуулахад зөвхөн энэ хоёр хүн л Радаг бойкотлож, гишүүний мандатаа эгүүлэн өгөхийн төлөө саналаа өгсөн байдаг юм.

Ирэх арванхоёрдугаар сарын 17-нд шинээр бүрэлдсэн Рада үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Ямар ч байсан сөрөг хүчний гишүүд “Парламентийн дотор ба гадна тэмцэл өрнүүлэх, Дээд Радаг тараах эрхтэй” хэвээр байгаагаа мэдэгдээд авсан. 2007 онд чухамхүү Тимошенко БЮТ, “Бидний Украин” бүлгүүдийн 150 гаруй гишүүнийг мандатаа эгүүлж өгөхийг ятган Парламентийг тарааж байсан анхны хүн билээ. Өнөөгийн байдлыг дүгнэж үзэцгээе. Сөрөг хүчний нэгдэл Парламентад олонхийн бүлгийг байгуулж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй боллоо гэж бодъё. Ингэсэн тохиолдолд ч таван жилийн өмнөх түүх давтагдах нь эргэлзээтэй. Учир нь Яценюк гэхэд л Виталий Кличкогийн “Удар” намын гишүүдийг, харин Тягнибок “Батькивщина”-ийн гишүүдийг мандатаа эгүүлж өг хэмээн ятгаж дийлнэ гэж үү. Үгүй л болов уу.

Тимошенко цаашдаа ч өргөст торны цаанаас төр засагтаа болон намын нөхөддөө янз бүрийн илгээлт явуулсаар байх биз ээ. Гэвч түүний мэдэгдлүүдэд намын нөхдөөс нь илүү төр засаг л анхаарал хандуулах биз. Нөгөө талаар, сөрөг хүчинд аргагүй л удирдагч хүний орон зай сул хэвээр байгаа нь зарим нэг сонирхолтой этгээдүүдэд өндөрлөгт мацах замыг нь нээж өгсөн гэлтэй. Тимошенкогийн намтай нэгдээгүй бол “Свобода” намынханд сонгуулийн өмнө ч, дараа ч телевизээр ингэж олон гарах боломж олдох байсан гэж үү. Виталий Кличко ч гэсэн улс төрийн хүрээлэлд санамсаргүй орж ирсэн бие хамгаалагч шиг л харагдаж байсан шүү дээ. Хэний хүчинд “Удар”, “Свобода” намын удирдагчид өнөөдөр Парламентад суудал авч, Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл өрсөлдөнө гэж зарлан тунхаглаад байна вэ. Үүнийгээ мартсан бололтой. Төмөр хатагтайг тэд огт тоохгүй байна.

Олег Тягнибок, Арсений Яценюк, Виталий Кличко нар “Батькивщина” намын туган дор

“Батькивщина” нам дотор өрнөж буй явцыг ажиглахад Английн шог зохиолч Жером К.Жеромын “Three man in a Boat” зохиолын гол баатрууд ирланд аргаар мах шарсан түүхийг санагдуулна. Хоолны орц нь чухал биш, хамгийн гол нь амттай байх ёстой гэдэг шиг л. “Удар” намынхан ч бас ийм зарчмаар ажиллаж байна. Яваандаа “Батькивщина” намын фракц задарч хүмүүс нь өөрсдийн үзэл бодолдоо хөтлөгдөн олон жижиг бүлэг болж хуваагдах байх. Ийн хуваагдах тусмаа бүлгүүд улам цөөн тооны гишүүдээс бүрдэх агаад олонхийн бүлэг ч тэднийг амархан залгих боломжтой болно. Одоогийн байдлаар Гриценко, Власенко хоёр гэхэд л хоёулахнаа нэг бүлэг болж ажиллах боллоо.

Ийм эрсдэл байгаа ч Арсений Яценюк, Виталий Кличко, Олег Тягнибок нарт сөрөг хүчнээс Ерөнхийлөгчид нэр дэвших санаархалыг нь тасалдуулж чадах шалтгаан болохгүй байна. Тэгвэл 2015 онд украинчууд төрийн тэргүүнээ сонгох тэр цагт эдний хэнд нь Тимошенкогийн дэмжлэг хэрэг болох бол?

Тимошенкогийн асуудлыг анхаарлын төвөөсөө салгахгүй байгаа Европын холбооны улстөрчид ч бас Украины улс төрийн хоригдлуудын тухай сэдвийг хөндөхөөс залхсан бололтой. Тэгээд ч тэдний шүүмжлэлийн хариуд тус улсаас “Европын ардчиллын үнэт зүйлсэд үргэлж хүндэтгэлтэй хандаж явдгаа илэрхийлье” гэсэн улигт хариултуудыг илгээдэг болохоор ч тэр биз. АНУ-ын тухайд гэвэл, Ерөнхийлөгчийн сонгуулиа дөнгөж өнгөрөөгөөд байгаагаас гадна тус улсад болсон ширүүн шуурга зэрэг үйл явдлуудад дарагдсаны улмаас Украины сонгуулийн маргаанд санаа зовниж буйгаа илэрхийлсэн жижүүрийн мэдэгдлээр аргацаалаа. Украины Ерөнхийлөгч Виктор Янукович болон түүний тойрон хүрээлэгчдэд хэрэгжүүлэх хориг арга хэмжээ энэ тэрийн талаар дурссан ч үгүй. Барууны улстөрчдийн зүгээс сүүлийн үед хийсэн элдэв мэдэгдлүүд нь ч сонгуулийн санал хураах явц, тооллогыг нь л шүүмжилсэн аястай байв. Ардчиллыг түгээн дэлгэрүүлэгч тэдгээр хүнээс нэг нь ч Тимошенког дурссангүй. Түүний талаар дуугүй өнгөрөхийг илүүд үзлээ.

Сөрөг хүчний намууд Тимошенког ердөө л нэг бэлгэдлийн хөшөө шиг хүлээн авах болсон гэдгийг өгүүлэх зуураа “Батькивщина”, “Свобода”, “Удар” намуудыг тооцооноос бүрмөсөн авч хаях хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Магадгүй Парламентад ажиллаж эхэлмэгцээ тэд өөрсдийн намаа оршин тогтнох эрхтэй гэдгээ батлахыг хичээх байх. Тэр бүү хэл, Парламентийн индрийг эзлэн авч, утаат бөмбөг тавьж уран гоё “үйл үгсээр” сонгогчдын зүрх сэтгэлийг эзэмдэхийг хэн байг гэх вэ. Тэгээд үр дүнд хүрэхийг хэн ч үгүйсгэхгүй. Хамгийн гол нь тэдний үйлдлүүд амжилт дагуулах тусам Тимошенкогийн улс төрийн замнал улам бүр бүрхэг болно.

Гэтэл Юлия Владимировна хаа байсан 2018 онд эрх чөлөөтэй болох юм шүү дээ…

 

http://lenta.ru/articles/2012/11/21/julie/