Mэтгэлцээний стратеги буюу С.Ганбаатар vs. С.Баярцогт

Posted on November 24, 2012

1


Д.Сайнбаяр

Судлаач Д.Сайнбаярын маш сонирхолтой аналитик нийтлэлийг хүргэж байна

Оюу толгойн гэрээ тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нарын халз мэтгэлцээн “тун сонирхолтой” болж өнгөрлөө. Иймэрхүү олон нийтийн сонирхлыг татсан мэтгэлцээн Монголд зөвхөн ерөнхийлөгчийн сонгуулиудын үеэр П.Очирбат vs. Л.Түдэв, Ц.Элбэгдорж vs С.Баяр нарын хооронд л өрнөж байсан болов уу.

Миний бие энэхүү блог-нийтлэлээр Оюу толгойн гэрээний сайн муу, ашигтай ашиггүй талаарх хувийн байр суурийг илэрхийлэхийг зорихгүй, харин уг xалз мэтгэлцээнийг зохион байгуулж, үндэсний хэмжээнд шууд дамжуулсан МҮОНРТ, оролцогч талууд болох эрхэм С.Ганбаатар, С.Баярцогт нарын мэтгэлцээний үеэр хийсэн алдаа оноог зөвхөн мэтгэлцээний стратеги, хэлбэр талаас нь энгийн үзэгчийн үүднээс дүгнэж, телевизийн сэтгүүлзүйн асуудалд санал бодлоо солилцохыг зорьлоо. Цаашид манай мэргэжлийн сэтгүүлч, судлаач нар иймэрхүү анализ, дүгнэлт ихээр нийтлэж, судалгааны байгууллагууд үзэгчдийн дунд мэргэжлийн түвшинд санал асуулга явуулж (public opinion poll) хэвшээсэй хэмээн хүснэм.

1. Монгол телевизийн хоцрогдол ба модераторын буруу сонголт

Аливаа телевизийн шууд мэтгэлцээний үед оролцогч талуудын байр суурийг гол гол асуудалд гуйвалтгүй хандуулах, тэдний үзэл бодлын ялгааг гаргах, санаагаа илэрхийлэх бололцоог олгох, асуултаас бултах боломжуудыг хаах, бүдэг хариулсан асуултыг нь дахин асууж хариултыг нь үзэгч олонд харуулах, оролцогч талуудад тэгш боломж олгох, цаг баримтлах зэрэгт модераторын үүрэг роль тун чухал байдаг. Гэвч олон жил парламентын сэтгүүлчээр ажилласан сэтгүүлч Ж.Алтангэрэл харамсалтай нь модераторын үүргийг тун хангалтгүй биелүүллээ. Модератор нь асуудлыг өдөөгч, нээлттэй, цаг баримтлагч чухамдаа хөл бөмбөгийн талбайн шүүгчтэй адил мэтгэлцээнд авторитар давуу эрхтэй оролцох ёстой болохоос оролцогч талуудын дүрмээр тоглодоггүй. Энэ алдааг Барак Обама, Митт Ромни нарын эхний мэтгэлцээнд Жим Лэрэр гаргаж, нас хөгширч буйгаа олонд таниулсан. Модераторт маш эмзэг, чухал асуултуудыг тавих, лавшруулан асуух маш том боломж байсан ч үүнийг ноён Ж.Алтангэрэл ашигласангүй өнгөрөөлөө. Нөгөөтэйгүүр үзэгчдийн суудалд сууж байсан судлаач С.Авирмэд, УИХГ Ц.Даваасүрэн нарт ядаж 30 секундын боломж олгож санаа оноог нь асуух ёстой байлаа.

Чухамдаа энэхүү мэтгэлцээнийг ярилцлагын нэвтрүүлэг төрөлд Монголд хамгийн өндөр реитингтэй яваа De Facto нэвтрүүлгийн хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайхан эсвэл түүнтэй дүйцэхүйц эдийн засагч – сэтгүүлчээр хөтлүүлэх ёстой байжээ. Ийм эдийн засагч-сэтгүүлчдийг боловсон хүчний бодлогоор бэлдэх цаг ч иржээ. Ж.Алтангэрэл сэтгүүлчийн оронд Монгол телевизийн Б.Оюунчимэг, Ийгл ТВ-ийн Б.Жаргалмаа нар тун давгүй хөтлөх байсан болов уу. ТV5-ын Э.Дагиймаа, ТV9-ын Б.Отгон нар сайн хөтлөх авьяастай ч өөрсдөө асар их улстөржиж, хэт нэг талыг барьж ажилладаг тул аль нэг талд орох ёсгүй ийм мэтгэлцээний дундыг oлж moderate байж чадах эсэх нь тун эргэлзээтэй.

Модераторын зохимжгүй сонголтоос гадна мөн л бахь байдгаараа тайз засал, дэлгэцийн гоо зүй тал дээр тун ядмаг байлаа. МҮОНРТ-ын оронд шинэ Монгол ТV-HD, эсвэл EagleTV -үүдийн студиэс шууд дамжуулсан бол тайз засал, гэрэлтүүлэг, график, зураг авалт тал дээр хавьгүй орчин үеийн түвшинд гүйцэтгэх байлаа.

Сонирхолтой нь бүх өрхөөс татвар авч, төрөөс хэдэн тэрбумаар санхүүждэг, хамгийн баян төсөвтэй Үндэсний телевиз маань хувийн хэвшлийнхний ард хоцрогдсоор байна. Мэтгэлцээнд зориулсан фэйсбүүк, жиргээний хаягийг титр болгож тавьсан нь овоо доо гэмээр ч түүнийгээ бичсэн хэв маяг нь үнэхээр болхи, бас хаягаа алдаатай шивсэн нь ичгэвэртэй. Тус телевизийн менежерүүд үнэхээр мэдлэг, сэтгэл дутмаг болохоо “гайхуулж”, телевиз, хэвлэл мэдээллийн салбарынхан үзэгч, уншигчидаа ер нь байнга доромжилж ирсэн уламжлалыг маш сайхан үргэлжлүүлэв.

Жиргээгээр явагдаж буй жиргээчдийн сэтгэгдлийг ядаж сая шинээр цацагдаж эхэлсэн ШонхорТВ шиг титрээр харуулж, мэтгэлцээнийг илүү сонирхолтой, амьд, иргэдийн оролцоог харуулсан (inclusive participation) байдлаар шийдэх бололцоо, технологи уг нь бий дээ. Дахиад л хожуу үеийнхний аливаа ажилд сэтгэлээ бүрэн дайчилдаггүй, ямар ч зүйлийг төгс бүтээхийн төлөө бус ажилладаг хөдөлмөрийн соёл, хандлага үнэртэж байна.

2. Бэлтгэл хангаагүй довтлогч С.Ганбаатар байгаа оносонгүй

Фэнгшүй Ганбаатар. Гудамжны тэмцэгч асан Ганбаатар. Үйлдвэрчний эвлэлийн Ганбаатар. Дарханд бие даан нэр дэвшиж УИX-д бор зүрхээрээ сонгогдож чадсан С.Ганбаатар. Тэрээр Оюу толгойн гэрээний асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг анх санаачилж, С.Баярцогтыг өөрийн нь хэлснээр “duel”-д дуудсан нь Монголын улстөрийн соёлд өөрөө их шинэлэг, сонирхолтой алхам байлаа. Харин тэрээр өнөөдөр “duel”-д дуудсан шигээ зоримог, чадварлаг, стратегитэй оролцогч байж чадсангүй. Мэтгэлцээнд чухал хэдэн үзүүлэлтээр оролцогч талуудыг дүгнэхийг оролдсу.

Мэтгэлцэгч С.Ганбаатар мэтгэлцээнээ нээж хэлсэн эхний өгүүлбэрээсээ эхлээд Монгол хэлний дүрэмгүй, алдаатай өгүүлбэр урсгаж эхэлсэн нь бага зэрэг тэвдсэн юм болов уу гэх сэтгэгдлийг төрүүлсэн ч дараахь өгүүлбэрүүдээрээ өмнөх алдаагаа зассан. Гэхдээ олон нийтэд санаагаа илтгэх, үзэгчдийг байлдан дагуулах тал дээр томоохон алдаанууд хийснийг дурдвал:

1. А.Ганбаатар бэлтгэл маш муу байлаа гэдэг дээр дийлэнхи жиргээчид санал нэгджээ. (https://twitter.com/search?q=%23OTdebate&src=hash). Хамгийн наад зах нь өөрийн дэвшүүлж буй асуудлуудаа слайд маягаар бэлдэж ирээд, студид бэлээхэн бэлдчихсэн байсан том дэлгэцэнд өрсөлдөгч С.Баярцогтын адил цахим танилцуулгаа танилцуулсан бол түүний дэвшүүлэх бүх санаа үзэгчдэд илүү ойлгомжтой, системтэй, тодорхой болж өөрт нь мэтгэлцээний явцад дэвшүүлсэн санаагаа хүчитгэх хэрэглүүр болох байв. Нэг ёсондоо шүүмжлээд буй гэрээний заалтуудаа цаас харж уншаад суух биш танилцуулгандаа жагсаагаад, олон нийтэд ойлгомжтой график, баримтжуулалт, жишээ татсан байдлаар илэрхийлэх ёстой байсан ч энэ бололцоог огт ашигласангүй. Англи хэл дээр олдсон гэх материалаа ядаж Монгол руу хөрвүүлэх бололцоо байгаагүй гэж үү? Ийм том гэрээг олон жил шүүмжилж буй хүнд санаагаа тайлбарласан, аргумент дэвшүүлсэн PowerPoint ч байсангүй. Нэг ёсондоо тэр бэлтгэлээ базаасангүй. Дуэлд дуудагч маань том оноо алдлаа.

2. Голцуу Иран, Ирак, Вэнэсуэлийн удирдагч нар зангиа зүүдэггүй. Түүнтэй адил С.Ганбаатар хэзээ ч зангиа зүүдэггүй нь түүний ардын баатар, тэмцэгч имижийг тодотгодог. Тэр энэ удаа зангиа зүүгээгүй нь бас ч санаандгүй зүйл биш болов уу. Харамсалтай нь хувцаслалтандаа анхаарсан ч биеийн хөдөлгөөндөө анхаарсангүй. Тэрбээр мэтгэлцээний турш индэрийн ард ихэнхи цагийг өнгөрөөв. Энэ нь биеийн хэл (body language), рэторикийн хувьд асар том алдаа байсныг өөрөө ч дараа нь хүлээн зөвшөөрөх болов уу. Индэрийн ард байнга зогсох нь өөртөө итгэлгүй, нээлттэй бус, мэтгэлцээнд бэлэн бус байдлыг илэрхийлж улмаар олон нийтэд биеийн хэлээрээ “хүрч” чадахгүйд хүргэдэг. Биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал буюу биеийн хэл нь тухайн харилцааны 93%-ыг бүрдүүлдэг гэж онол бий. С.Ганбаатар довтлох байр суурьтайгаар энэхүү мэтгэлцээнд орсон ч харин биеийн хөдөлгөөн нь довтолгоо бус, харин индэрийн ард нуугдсан, хамгаалагчийн дүрд түүнийг оруулж байлаа.

3. Үзэгчдэд “xүчтэй-сэтгэгдэл-төрүүлэх-ёстой-байсан” зарим асуудлуудыг тэрээр дэвшүүлсэн болов ч үүнийгээ дээрх хоёр алдаанаас үүдэж хүмүүст хангалттай хэмжээнд “хүргэж чадсангүй”. Дэвшүүлсэн асуудал бүр нь өрсөлдөгч талын хүчтэй сөрөг аргумент, баримт сэлтээр даруулж байсан нь түүний ялагдлын оноог нэмсээр байв. Товчхон дүгнэвэл тэрээр туршлагатай улстөрч, мэтгэлцэгч нарын адил аргументаа бэлдээгүй, мэтгэлцээний тактик, стратегийн хувьд ямар ч бэлтгэлгүй байлаа.

3. Хамгаалагч С.Баярцогтын сөрөг довтолгооны тактик

Монголын түүхэнд хамгийн залуугаараа УИХ гишүүн болж, Герман, Орос (Москвагийн Улсын ИС), Монгол (МУИС), Америкийн (Колумбын ИС) шилдэг их сургуулиудад боловсрол эзэмшсэн Баярцогт. Өнөөдрийн Монголын их улстөрийн хамгийн том хэрүүлийн алим болсон Оюу толгойн түүхэн гэрээг үзэглэж, Сангийн сайдаар ажилласан Баярцогт. Хийсэн ажлаа хамгаалах ёстой Баярцогтод гэхээсээ уг нь түүн рүү довтолж буй Ганбаатарт давуу тал байлаа. Угаасаа мэтгэлцээн дандаа л ийм байдаг. Хамгаалагч талд сул тал, довтлогч талд давуу тал олгогддог. Барак Обама, Митт Ромни нарын анхны мэтгэлцээн ч яг ийм уур амьсгалд өнгөрсөн.
Мэдээллийг хүргэх тал дээр (delivery) түүний гаргасан алдаа онооноос дурдвал:

1. Мэтгэлцээний эхэнд өрсөлдөгч С.Ганбаатарт “мэтгэлцээн хийх боломж олгосонд талархсан” нь зөв эхлэл байлаа. Найрсаг байдлын илэрхийлэл мэт боловч яг үнэндээ өөртөө итгэлтэй, бас энэхүү мэтгэлцээнд бэлэн байгаагаа илэрхийлсэн чухал алхам байв. Юу гэвэл уг мэтгэлцээн удаа дараа хойшлогдсонд С.Баярцогт ямар нэгэн байдлаар буруутай, асуудлаас зугтаж байгаа мэт сэтгэгдэл олон нийтэд төрж эхлээд байсанд эсрэг цохилт болов. Харин дараахь өгүүлбэрээсээ л тэр довтлох тактикт шилжсэн нь хамгаалагч бус довтлогчийн дүрд орсон стратегийн оновчтой сонголт байлаа.

2. Ганбаатараас ялгаатай нь Баярцогт энэ мэтгэлцээнд маш сайн бэлдэж, чамбай гэгчийн цахим танилцуулга – слайд бэлдэж ирсэн нь өөрт нь маш том давуу тал авчирав. Хэрэв тоон баримт, хуулийн заалт, график багтаасан слайдууд байгаагүй бол энэ мэтгэлцээнд тэрбээр үзэгчдийг байлдан дагуулж чадах байсан эсэх нь эргэлзээтэй юм. Хэрэв тэгсэн бол энэ мэтгэлцээний үеэр ард нийт ямар ч мэдээлэл авч чадалгүй, хоёр уйтгартай улстөрч чуулган дээр маргаж байгаатай адил харагдах байлаа.

3. Мэтгэлцээний эхнээс л тэрээр индэрийн араас гарч тайзан дээр чөлөөтэй алхаж байсан нь маш зөв шийдэл (body language) байлаа. Ийнхүү биеэ чөлөөтэй авч явах нь өөртөө итгэлтэй, үзэгчдэд илүү нээлттэй байгааг илэрхийлдэг бөгөөд улмаар үзэгчдэд илүү гүн итгэл үнэмшил төрүүлдэг. Хувцасны сонголтыг ч тэр зөв хийсэн байлаа. Тансаг хээтэй торгон зангиа зүүсэнгүй, Монголчуудын дуртай хөх өнгийн, хээ хуаргүй, шулуун шударга зангиа. зүүж, мөн цулгай бараан хослол өмсчээ. Хувцаслалт чухал биш бус, харин маш чухал юм. Харин үе үе халаасандаа гараа хийж “бардамнах”, үгээр байтугай үйл хөдлөл, нүүрний хувирлаар өрсөлдөгч талаа үл тоосон, дорд үзсэн хандлага харагдаж байсан нь олны дургүйцлийг төрүүлсэн цэвэр алдаа байсан болох ч зориудын тактик байсан болохыг мөн үгүйсгэх аргагүй.

4. С.Ганбаатарын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагуудын дунд хэлсэн тоо баримтын зөрүүтэй байдлыг сиймхий ашиглан дэлгэцэнд харуулсан нь түүнд олз болж, өрсөлдөгч талд үзэгч олон үл-итгэх-сэтгэгдлийг түгээсэн маш айхтар, эртнээс төлөвлөсөн тактик байлаа.

5. Харин мэтгэлцээний дунд маш том гэмээр “алдаа” хийсэн нь С.Ганбаатарыг маш олон удаа “мэдлэггүй, бэлтгэлгүй” гэж үгээр малтаж, доромжилсонд оршино. Энэ үгээ маш олон удаа хэлсэн нь бараг дийлэнхи үзэгчийн ундууцлыг төрүүлсэн биз. Монголчууд бид дээрэнгүй, онгиргон занд таатай ханддаггүй уламжлалт сэтгэлгээтэй. Тэрээр өөрийн санаагаа С.Ганбаатарыг “бэлтгэлгүй, мэдээлэлгүй байна” гэж даруухнаар, эелдэг үг сонгож хэлж болох байсан бол харин түүнийг бизнес, хөрөнгө оруулалтын гэрээ, эсвэл эдийн засгийн загварчлалын “мэдлэггүй, туршлагагүй” гэж бүр маш олон удаа хэлсэн нь олон нийтэд таатай сонсогдсонгүй. Гэхдээ энэ бол эргээд С.Баярцогтын мэтгэлцээнд ялах стратеги байсан байхыг үгүйсгэхгүй. Юу гэвэл С.Баярцогт энэхүү гэрээний бүх шатны хэлэлцээрт оролцож, анхнаас нь бүх түүхийг мэддэг, энэ талаарх өргөн мэдээлэлтэй байсан нь түүний давуу тал. Дээр нь дэлхийн шилдэг эдийн засагчдийн хичээл заадаг Колумбын их сургуульд эдийн засагчаар төгссөн, сангийн сайдаар олон жил ажилласан хувь хүн. Харин С.Ганбаатар бол эдийн засагч бус, бас ний нуугүй хэлэхэд олон нийт (бүгд биш) заримдаа түүнд “хоосон ярьдаг этгээд” гэсэн пайз зүүдэг. Нэг ёсондоо С.Баярцогт С.Ганбаатарын паблик имижийн олон сайн, муу талуудаас хамгийн эмзэг байж болох цэг дээр маш олон удаа дарж, өөрийн давуу талыг дөвийлгөж “энэ хүн мэдээлэлгүй, мэдлэггүйгээр ингэж яриад байна” гэдэг гол мэссэжээ хүргэх тактик хэрэглэсэн байх магадлал өндөр юм.

Оюу толгойн гэрээ сайн эсэхийг хувь хүмүүс дүгнэнэ биз ээ. Харин мэтгэлцээний дүнд ард нийт энэхүү төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон нь хамгийн том олз бөгөөд энэ мэдээллийг С.Ганбаатар биш харин С.Баярцогт хүргэж, эфирийн цаг хоёр талд тэнцүү олгогдсон байсан ч бараг С.Баярцогтод илүү оногдсон мэт ашиглаж чадлаа. Win the crowd гэж үг бий дээ. Эхлэл хэсэгт тэр оноо авсан шигээ хаалтын хэсэгт ч мөн л бэлдсэн слайдаа харуулж байгаад өөрийн гол гол санааг давтан уншиж байгаа нь эгээ л их сургуулийн илтгэх урлагийн хичээлд гайгүй сайн суусан оюутан болохоо нотлов. С.Ганбаатар харин хаалтын үгэндээ энэхүү мэтгэлцээнийг дахин хийж болох юм гэж санаа цухалзуулсан нь магад өөрийнхөө ялагдлыг хүлээн зөвшөөрсөнтэй адил сонсогдож байв (сэтгэл зүйн хувьд тэгж уншиж болно). Харин ажлын хэсэг байгуулах тодорхой санал дэвшүүлсэн нь түүнд нэмэх оноо авчирсан болов уу. Мэтгэлцээнд эхлэл, өрнөл, хаалтын үг их чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм ээ, коллежийн 1-р курст заадаг даа. Байнга үзүүлэх материал, санаагаа хамгаалах зэвсэгтэй байж, хамгийн гол нь тулаанд ямагт бэлтгэлтэй ирэх ёстойг!

Дугаар хорооны иргэн, жиргээч Д.Сайнбаяр

http://www.sainbayar.com/2012/11/m-vs.html

Posted in: Нийтлэл