Катар баяны хэрээр аюултай улс

Posted on November 26, 2012

0


Katariin emir

Катарын эмирийн нэн тэргүүнд санаа тавьж явдаг зүйл нь одой вант улсын нь хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг хангахад оршино. Энэ зорилгоо хангаж байхын төлөө тэрбээр байж болох бүхий л аргаа ашигладаг ажээ.

Саудын Арабын бөөрөнд наалдан оршиж буй Катар улс нь байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд гуравт ордог. Байгалийн хий нь тус улсын орлогын 70 хувийг нь бүрдүүлж өгдөгөөс гадна Катарын сая гаруй хүн амын бараг ¼ нь дэлхийн хамгийн өндөр дундаж орлоготойд тооцогддог.

Саудын Араб, Иран гэсэн туйлын аюултай хоёр хөршийг энэ одой орон яаж тогтоон барьж чадаад байна вэ? Хариулт нь бэлэн байна. Тэднээс илүү том, илүү хүчтэй, Катарыг хамгаалж чаддаг нэгэн хүч түүний мэдэлд бий.

Үнэгүй зүйл гэж байдаггүй билээ. Тиймдээ ч Катар гэдэг стратегийн чухал байршлыг эзлэн оршиж буй улсын нутаг дэвсгэр дээр АНУ цэргийн хоёр ч баазаа байгуулах зөвшөөрлийг зүгээр аваагүй. “Викилийкс” сайтад нийтлэгдсэн дипломат захидлуудаас харахад катарчууд Америкийн цэргүүдийн нийт зардлын 60 хувийг нь даадаг ажээ.

Катар улс хилийнхээ ойролцоо хуягт техник, дайсны хуягт техникийг эсэргүүцэх пуужингуудыг байршуулснаар дайсны довтолгооноос өөрийгөө хамгаалж чадах боломжтой болсон хэдий ч сүүлийн хэдэн арван жилийн турш Ойрх Дорнодод дэгдээд буй нийгмийн бухимдлыг яаж ч тогтоож дийлэхгүй. 84 жилийн өмнө Их Британи хэмээх харь улсын ноёрхлын улмаас эрх чөлөөг хүсэмжилсэн сая сая хүний бухимдлыг үндэслэн Египетэд “Мусульман ахан дүүс” бүлэглэл бий болсон. Тэгвэл 84 жилийн дараа буюу өнөө үед тэдгээр сая сая хүн нөгөө эрх чөлөөгөө хүсэмжилсээр л байна.

Ойрх Дорнодын хүн амын 65 хувийг нь 29-өөс доош насны залуус эзэлдэг. Итгэл нь алдарч бухимдсан энэ бүлэг залуу ямар ч армийг эсэргүүцэж чадах хүчтэй. “Би хүн” гэх тэдний бардам уриа бүс нутгийн Засгийн газруудыг айдаст автуулсаар ирсэн. Чухамхүү энэ л хүчийг Катарын эмир өөртөө ашигтай эргүүлж чадсан байдаг юм.

Катарын эмир Шейх Хамад бин Халифа Аль Тани 1995 онд эцгийгээ огцруулж хаяад “Аль-Жазира” хэмээх телевизийн мэдээллийн сувгийг байгуулав. Ингээд Катарт орогнон амьдарч байгаа исламын салафийн шашны туйлын радикал үзэлтэй номлогчдыг урьж дэлхий даяар амьдарч буй 1.5 тэрбум мусульманчуудад хандан илтгэл тавиулдаг болгожээ. Тэдгээр номлогч өөрийн гэсэн цахим индэртэй, мөн банкны цахим карттай байлаа. Өөрөөр хэлбэл, тэд илтгэлээ үнэгүй тавьж байгаагүй. Гэхдээ уг боломжоо тэд дуугүй байх гэсэн ганц л болзолтойгоор эдэлж байсан.

Тодруулбал, тэд дэлхий даяарх мусульманчуудад хандан үг хэлж, Египет, Ливид бухимдлыг дэвэргээх боломжоор хангагддаг. Гагцхүү Катарыг дурдаж болохгүй. Ингэсэн тохиолдолд микрофоны дууг нь хаах бөгөөд банкны цахим карт нь ч тэдний сайхан аж амьдралыг тэтгэхээ болино.

Ойрх Дорнодын бүс нутгийн үндсэн хүч болох “Мусульман ахан дүүс” бүлэглэлийн Катар дахь салбар нь 1999 онд үйл ажиллагаагаа зогсоосон юм. Энэхүү салбарын гишүүн асан Жасим Султан Катарын вант улсыг мусульманчуудын эрх ашгийг хүндэлдэг гэж тодорхойлж байна. Энэ хүн өдгөө төрийн санхүүжилттэй “Сэргэлт” хэмээх төслийг удирдан тогтвортой улс төр, философийн тухай зохиолуудыг хэвлэж байгаа ажээ.

Катар улс салафитүүдтэй нэгдсэнээр ямар ашиг хүртсэн бэ гэдгийг түүний Тунистэй байгуулсан гэрээ хэлэлцээрүүд батлаад өгнө. Тухайлбал, катарчууд Тунисийн телевизийн мэдээлэл, харилцаа холбооны салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж байна. Мөн Тунисийн Гадаад хэргийн сайд Рафик Абдельсалам нэгэн үе Доха хотноо “Аль-Жазира” телевизийн Судалгаа шинжилгээ, мэдээлэл боловсруулалтын албыг тэргүүлж байв. Харин түүний хадам аав Аль-Ганнуши нь Тунисийн “Мусульман ахан дүүс” намын тэргүүнээр ажилладаг юм.

Катарын эмир төрийн эрхийг гартаа авсан тэр цагаас хойш нэр хүндтэй хүмүүстэй танилцаж, хувийн харилцаа холбоо тогтоох, хамтран бизнес эрхлэх зэрэг үйлст ихэнх хугацаагаа зориулсан бөгөөд олон улсын тавцан дээр дундыг баримталсан байр суурьтай явж ирсэн. Эмир талархаж мэддэг хүмүүсийг үнэлж урамшуулдаг ажээ. Тухайлбал, Катарын чинээлэг амьдралын төлөөх бие даасан сангийн удирдлага Захирлуудын зөвлөлийн хурал дээр мөнгөний асуудалд хатуу байр суурь баримталдаг учраас Катарын удирдагчид зуучлагчийн хувиар оролцож хоёр талын маргааныг хагалж тус болдог байна.

Катарын вант улс Каддафийн эсрэг дайнд нэгдсэн цагаасаа хойш гадаад харилцааны бодлогоо эрс өөрчилсөн. Тухайн үед катарчууд өөрсдийн онгоцуудаа илгээж НАТО-ийн хүчнүүдэд дэм болж байлаа. Харин тулалдааны талбарт Катарын тусгай албад ливичүүдэд зэр зэвсэг нийлүүлж, цэргийн ухаанд сургаж байснаас гадна Каддафийн эсрэг дайтахад нь тэднийг удирдан оролцож байв.

Тийм ч учраас Ливийн Үндэсний шилжилтийн үеийн зөвлөлийн (ЛҮШЗ) тэргүүн Мустафа Абдель Жалиль хувьсгалаар олж авсан амжилтад нь хоёр тэрбум доллараа зарцуулсан Катарын хувь нэмэр их байсныг дурдаад “Катарын Засгийн газар нэг ч хүнийг гар хоосон буцааж байгаагүй” хэмээн онцолсон байдаг юм.

Нөгөө талаас нь харвал, катарчууд Ливид оруулаад байсан 10 тэрбум долларын хөрөнгөө хамгаалахаас аргагүйд хүрсэн нь ойлгомжтой. Зөвхөн “Barwa Real Estate Company” гэхэд л Триполийн ойролцоо далайн эрэг дээр зочид буудлын цогцолбор барих ажилд хоёр тэрбум доллар оруулсан байв. Улмаар буун дуу тасрахгүй сонсогдож байсан тэр үед Катар улс ЛҮШЗ-тэй найман тэрбум долларын гэрээ байгуулж байлаа. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гээд, катарчууд ЛҮШЗ-ийн өрсөлдөгч “Хоёрдугаар сарын 17-ны зовлонг эдлэгч бригадууд” бүлэглэлийн тэргүүн Абдель Хаким Бельхажа болон Дохад орогнон амьдарч байсан радикал үзэлт номлогч Шейх Аль Салаби нарыг санхүүжүүлж байсан юм билээ.

Ливид оруулсан Катарын арван тэрбум долларын хөрөнгө оруулалт ирээдүйд их ашгийг авчрах магадлалтай. Учир нь Ливийг сэргээн босгох ажилд 700 тэрбум доллар шаардлагатай гэсэн тооцоо бий. Гэтэл дайн эхэлмэгц хятадууд болон оросууд гүйцээж амжаагүй 30 тэрбум долларын гэрээнүүдээ хаяад зугтсан. Өдгөө эдгээр гэрээ Ливийн хувьсгалд тусалж байсан хүмүүсийн олз болох магадлал өндөр байна.

Ливичүүд Каддафиг барьж авч хороосон даруйд Катар улсын удирдлага Башар Аль-Асадтай уулзан “Мусульман ахан дүүс” бүлэглэлд Сирийн Шилжилтийн үеийн Засгийн газрыг шилжүүлж өгөх саналыг тавьжээ. Мэдээж хэрэг, Асад тэр саналаас нь татгалзсан. Үүний хариуд тун удалгүй буюу энэ оны нэгдүгээр сард Катарын эмир Шейх Хамад бин Халифа Аль-Тани “CBS” телевизийн “60 минут” нэвтрүүлэгт оролцохдоо Башар Асадад ял тулгасан гэж хэлж болно.

Сири улс руу гадаадын зэвсэгт хүчнийг илгээх хэрэгтэй хэмээн эмир тэгэхэд мэдэгдсэн юм. Харин Катарын Засгийн газрын тэргүүн Хамад бин Джасим Аль Тани хоёрдугаар сард чуулсан “Сирийн нөхөд” бага хурал дээр “Сирийн сөрөг хүчинд туслахын тулд бид шаардлагатай бүхнийг хийх ёстой. Өөрсдийгөө хамгаалахад нь зориулж зэр зэвсгээр хангах хэрэгтэй” гэж мэдэгдэж байлаа.

Тэгвэл Катар улс хөрөнгө оруулалтын багтаамж муутай Сири улсын зөрчилдөөнд яагаад оролцох болсон бэ. Газрын зурагнаас харсан ч гэсэн, Сирийн вант улс газар зүйн хувьд тал талаасаа бүслэгдсэн орон гэдэг нь харагддаг.

Шалтгаан нь энгийн. Саудын Араб хийн хоолойгоо алслагдсан зах зээл рүү татах ажлаа зогсоосон болохоор Катар улс шахсан байгалийн хийгээ экспортлож чадахгүйд хүрээд байгаа. 2009 онд Саудын Араб, Туркийн нутаг дэвсгэрээр дамжуулан Европ руу хийн хоолой татаж “Набукко” хоолойтой холбох тухай санал яригдаж байсан хэдий ч Саудын Араб чанга дуутай, олон үгтэй “ах дүүдээ” уурласандаа өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх бүх тээвэрлэлтийг нь зогсоосон юм. Тийм учраас шахсан байгалийн хийг гол нийлүүлэгч орон болох Катар улс хий шахах үйлдвэрлэлийнхээ хэмжээг өсгөж чадахгүй байна. 2014-2020 оны үед ашиглалтад орох Австралийн найман шинэ үйлдвэр л тэрхүү шахсан хийн зах зээлийг хангаж чадах юм.

Хойд Америк болон Ази тивүүдийн зах зээл дээр шахсан хий элбэг бий. Зөвхөн Европт л энэ хий дутмаг байна. 2009 онд Израиль, Ливан, Кипр, Сирийн орчимд байгалийн хийн шинэ орд илрүүлсэн явдал нь Саудын Арабыг дамжилгүй орлогын шинэ эх үүсвэрээ олох үүдийг Катарт нээж өгсөн билээ. Туркууд тэндээс хийгээ авахад хоолой нь бэлэн байгаа. Энэ замд ганцхан Башар Аль-Асад л тээглэж байна.

Учир ийм аваас Катар улс туркуудтэй хамсан Аль-Асадыг унагаж “Мусульман ахан дүүс” бүлэглэлийн Сири дахь салбараар Засгийн газрыг нь толгойлуулах санаархалыг хэрэгжүүлэх болсон. Ойрх Дорнодын өнөөгийн замбараагүй нийгэмд “Мусульман ахан дүүс” бүлэглэл улс төрийн хамгийн зохион байгуулалттай хүчинд тооцогддог. Ваххабизм шашны хүмүүсийг Сирийн толгойд гаргахыг хичээж буй Саудын Арабын санаархлыг зөвхөн тэд л тогтоон барьж чадна. “Мусульман ахан дүүс” Сирийн засгийг гартаа авах тэр үед Катарын эмиртэй дотноссон мусульманчууд сиричүүдэд нөлөөлөн түүнийг Дамаскт сайхан угтан авч, үгийг нь сонсдог болгохын төлөө чадлаараа хичээх болно.

Сиритэй хиллэдэг Туркийн Адана хотод Башар Асадын эсрэг тэмцэгчдийг удирдах цэргийн төвийг байгуулсан байгаа. Тухайн үед Саудын Арабын Гадаад хэргийн орлогч сайд, хунтайж Абдулазиз бин Абдалла аль-Сауд тэрхүү төвд Турк, Саудын Араб, Катар гэсэн гурван орны хамтарсан командлалыг бүрдүүлэх тухай хүсэлтээ туркчүүдэд тавьж байсан ажээ. Юутай ч, “Байлдааны ажиллагааг удирдах боломж олдож Аданад ийм бааз байгуулах санаачилга анхнаасаа л Туркт таалагдсан” хэмээн Персийн булангийн нэг орны эх сурвалж “Ройтерс” агентлагийн сурвалжлагчид мэдээлж байв.

Башар Асадын эсрэг өрнүүлсэн байлдааны ажиллагаа дахиад олон сарын турш үргэлжлэх биз ээ. Харин Катарын хувьд энэ нь урт хугацааны тэмцэл болж хувирна. Эцсийн эцэст Сирийг сэргээн босгох их ажил өрнөх бөгөөд үүнтэй холбоотойгоор олон салбарт, тэр дундаа байгалийн хийн ордуудыг нь боловсруулах салбарт гэрээ байгуулах их аян өрнөх нь гарцаагүй. Аль ч тохиолдолд Башар Асад саад болох ёсгүй. Уг нь Катар энэ хүнд хувийн өс хонзонгүй. Ердөө л улсынхаа сайн сайхан амьдрал, амар тайван байдлыг хадгалж чадах бизнесээ явуулж байгаа нь тэр юм.

 

 

http://oilprice.com/Energy/Energy-General/Qatar-Rich-and-Dangerous.html