Д.Медведев: Хамтдаа аятай байж, гар нийлж ажиллаж чадах ганц хүн бол Владимир Путин

Posted on November 28, 2012

1


 

-ОХУ-ын Засгийн газрын тэргүүний Францын “Франс Пресс” агентлаг, “Фигаро” сонинд өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна-

-Ноён Ерөнхий сайд аа, ирэх долоо хоногт та Франц улсад айлчлах гэж байна. Таныг Николя Саркозитэй сайхан харьцаатай байсныг мэдэх юм. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Франсуа Олландтай хэр гар нийлж байна вэ. Таны бодлоор, хоёр орны ирээдүйн харилцаанд ямар нэг өөрчлөлт гарах болов уу?

-Хоёр орныг хэн удирдаж буйгаас үл шалтгаалан Франц, Оросын харилцаа үргэлжлэн хөгжиж байх тийм л түвшинд манай хоёр орон ирсэн байгаа гэж ойлгож байна. Улс төрд ийм харилцааг хөгжүүлэх их хэцүү байдаг. Гэсэн ч сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа үнэхээр их сайн түвшинд хүрсэн гэж би үзэж байгаа. Бүх талаараа тэгш, стратегийн ач холбогдолтой, харилцан ашигтай харилцаа тогтлоо. Яриа байхгүй, би өмнөх Ерөнхийлөгчтэй нь их сайхан харилцаатай байсан. Гэхдээ өнөөгийн Ерөнхийлөгчтэй болон Францын Засгийн газартай ч бас ийм найрсаг харилцаа тогтоож болно гэдэгт итгэлтэй байгаа. Хамтдаа ийм харилцааг бүрэлдүүлж чадна гэдэгтээ ч огт эргэлзэхгүй байна. Учир нь ямар нэгэн үзэл суртлын үүднээс бус, цэвэр ажил хэргийн үүднээс авч үзвэл манай хоёр орны найрсаг харилцаа ОХУ, Францын аль альд нь, бүр хэтрүүлж хэлэхэд Европын холбоонд ч чухал ач холбогдолтой.

-Дмитрий Анатольевич, манай хоёр орны эдийн засгийн харилцаа чанараараа улс төрийн харилцаатай дүйцэхгүй байгаа талаар Францын Засгийн газраас мэдэгдэн харамсаж буйгаа илэрхийлж байсан. Та энэ талаар юу гэж боддог вэ. Мөн Франц улс Оросын хөрөнгө оруулагчдад нээлттэй байж чадаж байгаа юу?

-Таны асуултад нэг үгээр хариулна гэдэг хэцүү. Нэг талаасаа бид сүүлийн жилүүдэд хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцаа хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаа. 2005 онд манай хоёр орны бараа эргэлтийн хэмжээ 10 тэрбум орчим евро ч биш, бүр доллар байлаа. Тэгвэл өнгөрөгч онд 30 тэрбум долларт хүрлээ. Харин энэ онд ялгаатай үнээс болов уу эсвэл өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн үү худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны түвшин бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарлаа. Францын Засгийн газар болон Ерөнхийлөгчтэй нь хийх хэлэлцээний үеэр уг асуудлыг би хөндөж ярилцана гэж найдаж байгаа. Гэлээ гэхдээ манай хоёр улсын бараа эргэлтийн хэмжээ гурав дахин өссөн шүү. Нэг талаасаа эдийн засгийн харилцаа их сайн яваа мэт боловч нөгөө талаасаа хөрөнгө оруулалтын явцыг харахад сэтгэлд хүрэхгүй байна. Уг нь манай улс том хэмжээний сайн төслүүд олонтой бөгөөд Оросын эдийн засагт хуримтлагдсан Францын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ бас л 10 тэрбум доллараас давсан байдаг юм.

Гэтэл Францад оруулсан Оросын хөрөнгө хамаагүй бага байгаа. Тиймээс Оросын хөрөнгө оруулагчид Францын эдийн засагт хөл тавих гэхэд нь үл итгэдэг эсвэл захиргааны чанартай тодорхой хүндрэлүүд учруулдаг гэдэгтэй би санал нийлнэ. Бидэнд тэгж санагддаг. Ийм асуудал ард хоцроосой гэж би их хүсч байгаа. Хэн хэнийхээ эдийн засагт харилцан ашигтай хөрөнгө оруулалт хийж яваасай гэж хүснэ. Яагаад гэвэл, төр барьж буй хүмүүсийг, улс гүрнүүдийг, ард түмнүүдийг хооронд нь харилцан ашигтай хөрөнгө оруулалтаас өөр бат бэх холбож чадах зүйл үгүй билээ. Тийм учраас байдал тэгтэл муу биш ч гэлээ үүнээс илүү түвшинд харилцах боломжтой нь үнэн юм. Гэхдээ миний бодлоор, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал ямар хүнд байгаа, Европын холбоо болон Францын эдийн засаг ямар бэрхшээлтэй нүүр тулаад буй, манайд ч бас амаргүй байгаа зэргийг тооцон үзвэл, Оросын хөрөнгө оруулалтын төслүүд тухайлбал Францын эдийн засагт үр өгөөжөө авчирах л зүйл. Тиймээс манай хоёр орны эдийн засгийн харилцааны талаарх яриа их өргөн агуулгатай. Хоёр орны харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл ханамжтай байгаад байж болно. Гэвч олсон амжилтдаа сэтгэл тайвширч болохгүй.

-Уучлаарай, Франц улс яагаад Орост (бизнесменүүдэд) итгэдэггүй гэж?

-Би яаж мэдэх вэ, энэ асуултыг франц нөхдөөс маань асуух хэрэгтэй. Гэхдээ миний бодлоор, үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг байх. Францын өндөр албан тушаалтнуудын өмнөөс шалтгааныг нь тоочих надад эвгүй байна. Юуны өмнө, манай орон хөрөнгө оруулалтын салбарт харьцангүй сүүлд орж ирсэн. Тэр утгараа, мэдээж хэрэг, бусад орон Оросын хөрөнгө оруулагчдыг, ер нь л Оросын хөрөнгө, бизнесийг ажиглаж хөрөнгө нь чанартай эсэх, хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой эсэхийг нягтлаж шинжиж байгаа байх. Хөрөнгө оруулалтын салбарын эхний үе шатанд ийм асуудлууд зайлшгүй тавигдах нь зүйн хэрэг. Гэхдээ манай орон тэр капитализмаар замнаад эхний үе шатаа өнгөрөөчихсөн улс шүү дээ. Ерөөс Оросын бизнесменүүдийн дийлэнх хувь нь хуулиа сахин биелүүлдэг, шударга аргаар мөнгөтэй болцгоосон учраас Францаар тогтохгүй дурын газраа хөрөнгө оруулах чадалтай гэдгийг одоо ойлгож тайвшрах цаг нь болсон баймаар юм. Миний бодлоор, энэ бол хөгжлийн л түүх байх. Магадгүй манайхан ч бас шамдаж буй зүйлдээ илүү шаргуу явах хэрэгтэй байх. Яагаад гэвэл, Францын эдийн засагт тодорхой хэмжээгээр нэмэр болж буй Оросын хөрөнгө оруулалт хуруу дарам цөөн байгаа. Энэ бол тийм ч сайн явдал биш.

-Таны хийх хэлэлцээний явцад Евро бүсийн хямралын талаар хөндөж ярилцах байх. ОХУ Европын холбооны эдийн засгаас үргэлж хамааралтай явж ирснийг тооцвол энэ хямрал ОХУ-д эрсдэл учруулах уу? Энэ талаарх таны бодол?

-Бодитой заналхийлэл бий гэж бид тооцож байгаа. Ингэж тооцоогүй бол бид арай өөр тоотой төсвийг батлах байсан биз ээ. Манай улс ЕХ-ны эдийн засагтай харилцан хамааралтай оршдог гэдгийг бодолцоод нэлээд чанга төсөв баталсан. Сануулж хэлэхэд, ЕХ-ын эдийн засагт ОХУ-ын бараа эргэлтийн хэмжээ 50 хувийг нь эзэлдэг. Энэ нь 300 орчим тэрбум евро гэсэн үг.

-Франц бол Сирид шинээр бүрэлдсэн сөрөг хүчний эвслийг Сирийн ард түмний хууль ёсны төлөөлөгч гэдгийг томоохон орнуудын дундаас хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улс. Улмаар уг эвсэлд зэвсэг нийлүүлэх асуудлыг дэмжиж байгаа. Энэ байр суурийг та хэрхэн үнэлж байна вэ?

-Их маргаантай байр суурь гэж үздэг. Энэ бол Францын дотоод асуудал л даа. Франц бол тусгаар тогтносон улс. Маш том, чадалтай, дээр нь цөмийн зэвсэгтэй гүрэн. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн орон. Гэхдээ л 1970 онд НҮБ-аас сайшаасан олон улсын хууль эрхзүйн зарчмуудыг үндэслэн үзвэл, нэг ч орон, нэг ч улсын төр засаг бусад орны улс төрийн дэглэмийг хүчээр өөрчлөхөд чиглэсэн үйлдлүүдийг хийх ёсгүй байхгүй юу. Энэ чинь олон улсын эрхзүйн зарчим. Тийм учраас аль нэг орон нөгөө улсын толгойд албан ёсоор гараагүй ямар нэгэн хүчний талд орвол, багаар бодоход тэр улсын хүчний тэнцвэрийг алдагдуулахад чиглэгдсэн шийдвэр мөн гэж үздэг. Хэний нь зөв, хэний нь буруу гэдгийг би хэлмээргүй байна. ОХУ-ын хувьд бол Асадын дэглэмийг ч, сөрөг хүчнийг нь ч дэмжихгүй байгаа. Манайхыг дэмждэг гэж ойлгодог юм билээ. Гэтэл бид уг асуудал дээр төвийг сахисан байр суурийг баримталж байгаа. Мэдээж хэрэг, бид өнөөгийн удирдлагатай нь харилцаа холбоотой байсан, одоо ч байгаа. Гэхдээ энэ чухал биш. Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн, өдгөө ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа тухайн орны Засгийн газрыг эсэргүүцэж буй улс төрийн хүчинд дэмжлэг үзүүлэх тухай шийдвэр гаргах нь хэр зөв юм бэ гэдэгт л асуудлын гол нь оршиж байна. Олон улсын эрхзүйн үүднээс би ийм аргыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Асадын дэглэм болон хувь хүний тавилан нь яаж эргэх вэ гэдгийг Сирийн ард түмэн өөрсдөө шийдэг. Тэр сөрөг хүчнүүд нь ч бас шийдэг. Сөрөг хүчнүүд аль нэг улсын зэвсэг нийлүүлэлтийн үр дүнд бус хуульд нийцсэн аргаар төрийн эрхийг авбал зүгээрсэн…

Ямар ч байсан бид лав ингэж загнаж байгаагүй, цаашдаа ч тэгэхгүй. Сирид үүсээд байгаа хүнд нөхцөл байдлыг бид шүүмжилж байгаа. Засгийн газрын нь зүгээс үйлдсэн хүчирхийллийг нь ч эрс шүүмжилдэг. Гэхдээ цус асгаруулаад байгаа тэдгээр сөрөг хүчнийг нь ч бас бид шүүмжилж байгаа. Тэдний уршгаар иргэний дайн дэгдлээ шүү дээ. Тэгэхээр энхтайван байдлыг тогтоох гол түлхүүр нь зөвхөн ширээний ард хэлэлцээ хийх, сонгууль явуулахад орших агаад сонгуулийн үр дүнд ард түмний хүлээн зөвшөөрсөн хүчин төрийн эрхийг барихад оршино. Эцэст нь хэлэхэд, бид Сирийг хуваагдаж Ойрх Дорнодод эрсдэл буй болгох дараагийн голомтыг бүү үүсгээсэй гэж маш их хүсч байна. Тэрийг нь шашны тэрс үзэлтнүүд дор нь ашиглана шүү дээ. Тэгсэн тохиолдолд Сирид ч, Францад ч, ОХУ-д, ер аль ч оронд ашиггүй л дээ.

-ОХУ төвийг сахисан байр суурьтай гэдгээ нэг бус удаа онцолж байгаа мөртлөө Сирийн Засгийн газартай батлан хамгаалахын салбарт идэвхтэй хамтарч ажиллаад буйг юу гэж ойлгох вэ?

-Би саяхныг болтол Ерөнхий Дээд командлагчийн үүргийг гүйцэтгэж, батлан хамгаалахын бүхий л асуудлыг шийдэж явсныхаа хувьд энэ асуултын хариултыг өгье. Нэгдүгээрт, батлан хамгаалахын салбарын тухайд бол хамтын ажиллагаа маань өнөөдөр эхэлчихээгүй. Энэ хамтын ажиллагаа маань үргэлж хуулийн дагуу, нээлттэй явж ирсэн. Өнөөгийн Ерөнхийлөгчийн дэглэмийнхэнд олон улсын конвенциүдэд үл зохицох ямарваа зүйлсийг бид нийлүүлж явсангүй. Бидний нийлүүлж явсан ганц зүйл маань гадны турхиралтаас нь хамгаалахад шаардлагатай зэвсэг байсан. Хоёрдугаарт, бидний хооронд байгуулсан гэрээнүүд гэж бий. Бид гэрээгээ биелүүлэх үүрэгтэй. Улс төрийн аль дэглэм нь хэр удаан оршин байхыг бид хэлж мэдэхгүй. Энэ бол тухайн улсын, ард түмнийн нь мэдэх хэрэг. Олон улсын хориг үйлчилж эхлэхэд л бид нийлүүлэлтээ зогсоодог. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан шийдвэрт (Сирийн тухайд одоогоор ийм шийдвэр гаргаагүй байгаа) нийцүүлэн (бүр тодотгож хэлье) Иранд зэвсгийн тодорхой төрлүүдийн нийлүүлэлтийг зогсоох шийдвэрийг би гаргаж байлаа. Энэ үнэхээр олон улсын эрхзүйн хүрээнд хийсэн ажил байсан. Тэгээд яасан гээч. Иран бидэнд гомдол тавьсан учраас өнөөдөр бид энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Тийм ээ, бид НҮБ-ын АЗ-өөс гаргасан шийдвэрийг биелүүлсэн. Гэвч хариуд нь Ираны зүгээс хуулийн маргаантай тулгарлаа. Ийм юм болно гэдгийг ойлгож байсан ч мэдээж хэрэг олон улсын нийгэмлэгийн шийдвэрийн талд сонголтоо хийсэн. Энэ их нарийн асуудал л даа. Ерөөсөө ийм л учраас бид Сирийн Засгийн газартай батлан хамгаалахын салбар дахь нэлээд хязгаарлагдмал харилцаагаа хэвээр нь үргэлжлүүлж байгаа юм.

-Энэ оны тавдугаар сарын 6-нд Болотная талбайд эсэргүүцэн жагссан хүмүүсийг баривчилсныг барууны орнуудын зүгээс эрс шүүмжилж байсан. Эдгээр хүмүүст урт хугацаагаар торны цаана суух аюул нүүрлээд байгаа. Та бүхэн иргэдийнхээ эсэргүүцэлд хэтэрхий хатуу хандсан юм биш үү?

-Хатуу, хатуу бус гэдэг бол үнэлгээний зэрэг. Зүгээр барууны орнуудын удирдлагууд хэв журмыг зөрчсөн үйлдэлд ямар арга хэмжээ авсан байдаг юм, ямар хориг тэнд үйлчилдэг юм, хэн нь хаанахын шоронд сууж байгаа юм, ямар тусгай арга барил ашигладаг юм гэх зэрэг асуудал дээр жишээ татаад баймааргүй байна. Яагаад гэвэл, ингэх нь эвгүй. Иймэрхүү маягийн ярилцаа мэтгэлцээн гол төлөв “чи өөрөө тэнэг” гэсэн зарчмаар явагддаг. Хамтын ажиллагаанд ийм яриаг ашиглах нь тийм ч сайн эд биш.

Шууд утгаараа хэв журам зөрчсөн үйлдлүүдэд манай төр засаг хэт хатуу хандсан гэж би үзэхгүй байна. Цагдааг зодож байгаа ямар ч жагсагч гадаадад бол шууд хоригддог. Ямар лоозон барьж байв, улаантны эсвэл цагаантны өмнөөс жагсав уу, сөрөг хүчний төлөө юу, эрх барьж байгаа хүмүүсийн төлөө жагсч байсан уу гэдэг нь ч огт хамаагүй. Аль ч оронд жагсагч цагдаа руу гараа далайлгасан л бол гэмт хэрэгтэнд тооцогдож шоронд суудаг. Харин үүнийг эрх барьж буй нам, сөрөг хүчний намуудаас өгсүүлээд жагсаал цуглаан зохион байгуулдаг хүмүүс бүгд ойлгож авах хэрэгтэй. Энэ бол ямар ч утгаараа хэвийн үзэгдэл.

-Та “Pussy Riot” хамтлагийн охидуудыг суллахыг уриалж байсан. Гэсэн ч охидууд шоронд суусан хэвээр байна. Тэднийг суллахад ямар саад тулгараад байгаа вэ?

-Би суллахыг уриалаагүй шүү дээ. Зөвхөн өөрийн байр сууриа л илэрхийлсэн. Би үг хэлэхдээ их няхуур ханддаг юм шүү. Яагаад гэвэл, би эзэмшсэн боловсролоороо ч, бодол сэтгэхүйгээрээ ч хуульч нэгэн. Тэр хүүхнүүдийн хийж байгаа үйлдлүүд болон олон түмний өмнө биеэ авч явж байгаа байдал нь надад огт таалагддаггүй л гэж би хэлж байсан. Ёс суртахууны үүднээс аваад үзсэн ч энэ бол их муухай хэрэг. Гэхдээ тэд урьдчилан хоригдсоноосоо хойш хангалттай удаан хугацаагаар шоронд сууж байгааг тооцон үзвэл шорон гэж юу байдгийг тэд сайн ойлгож авсан гэж би үзэж байгаа юм. Энэ утгаараа, төр засгийн зүгээс ийм хэрэгт ямар ял ногдуулдагийг биетээр нь харууллаа, хууль-эрхзүй, ёс суртахуун талаасаа ч биеэ хэрхэн авч явах ёстойг ойлгуулж өглөө. Тиймээс миний бодлоор, тэднийг цаашид шоронд суулгаад байх хэрэггүй байх. Энэ бол миний хувийн байр суурь шүү. Шүүх ч бас өөрийн гэсэн байр суурьтай байгаа. Манай төр засгийн удирдлага шүүхийн удирдлагаас ангид харилцаатай байдаг. Шүүх засаглал, гүйцэтгэх засаглал (Засгийн газар үүнд багтана), Ерөнхийлөгч, Парламент тус тусдаа байна.

-Засгийн газар шүүхэд нөлөөлж чадахгүй юу?

-Францад чаддаг юм уу?

-Зарчмын хувьд үгүй л дээ.

-Манайд ч бас зарчмын хувьд болохгүй. Та их зөв хариуллаа. Мэдээж хэрэг, бид өөрсдийн байр сууриа илэрхийлэх эрхтэй. Гэхдээ гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, бүр Ерөнхийлөгч хүртэл шүүх засаглалаас аль болох хол байж гэмээнэ манай шүүх засаглал тэр хэрээр хүчирхэг болно гэж би үздэг.

-Ходорковскийн талаар нэг асуулт байна л даа…

-Би хариулах ёстой юу?

-Тийм ээ. Ходорковский шоронд их удаан сууж байна гэж танд бодогддоггүй юу?

-Ер нь шоронд сууж байгаа хүн бүр бусдаас өрөвдөх сэтгэлийг хүлээн авах эрхтэй. Яагаад гэвэл, тэдний шийтгэл нь маш хүнд. Нөгөө талаар, шүүхээс тогтоосон хариуцлагын хэм хэмжээ гэж бий. Чухамхүү Ходорковский, Лебедев нарын тухайд гэвэл, шүүх тэд нарт хуульд нийцсэн хариуцлагыг үүрүүлсэн байгаа. Тэдний ял урт эсвэл богино хугацааны байсан эсэх талаар шууд хариулахад хүнд. Учир нь эрх чөлөө хязгаарлагдмал газар ганц хоног маш урт, басхүү маш хүнд өнгөрдөг. Гэхдээ шүүх ингэж л шийдсэн. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа би шүүхийн шийдвэр гэж нэг юм бий, түүнийг хүн бүр дагана гэж нэг бус удаа хэлж байсан даа. Давж заалдах боломж бий. Миний ойлгож байгаагаар, тэд энэ боломжоо ашигласан. Одоо хоёр дахь удаагаа давж заалдах хүсэлтээсээ татгалзаагүй байгаа гэж ойлгож байна. Эцэст нь, ялтанд өршөөлд хамрагдах эрх бий. Дээр дурдсан хоёр хүн энэ эрхээ эдлээгүй. Ямар шалтгаанаар гэдгийг нь мэдэхгүй, тэд энэ эрхээ ашиглаагүй. Тэд Ерөнхийлөгчид хандан холбогдох өргөдөл хүсэлтээ явуулах байсан юм. Харин Ерөнхийлөгч тэд нарт өршөөл үзүүлэх эсэхээ өөрөө шийддэг. Юутай ч, Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед маань тэд надад хандаагүй.

-Тэгэхээр тэдний гарт боломж нь байгаа юм байна, тийм үү? 

-Энэ үүднээс бол яриа байхгүй тийм. Шүүхийн шийдвэрийн дагуу ялаа эдэлж байгаа хүн бүрт ийм боломж бий. Гэм буруутай нь нотлогдсон хэдий ч хүн бүр л өршөөл эрэх хүсэлтээ тавьж болно. Надад ийм хүсэлтүүд ирж байсан. Зарим хүний хүсэлтэд би шууд татгалздаг байсан. Заримыг нь зөвшөөрдөг байлаа. Энэ бол ёстой хэвийн үзэгдэл гэж бодож байна.

-Ерөнхийлөгч байхдаа та нэг бус удаа Сталины явуулж байсан үйл хэргийг шүүмжилж байсан. Сталин тийм гэмт хэрэгтэн юм бол бунхныг нь яагаад Кремльд байлгаад байгаа юм бэ?

-Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад одоо Засгийн газарт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн зэрэгцээ би чинь ОХУ-ын иргэн шүү дээ. Миний иргэн хүний байр суурь гэж байна. Сталин, түүний олон хамсаатны талаар би таагүй бодолтой явдаг. Миний энэ байр суурьтай тэр бүр хүн санал нийлэхгүй байх шиг. Улс орныг тэгж удирдах нь зарим хүнд маш их, бүр маш их таалагддаг бололтой. Саяхан энэ сэдвээр нэг мэтгэлцээн боллоо. Би бухимдахдаа энэ талаар олон нийтийн сүлжээнд бичихээс аргагүйд хүрсэн. Юу гэсэн бэ гэхээр, харгуй шөнөөр бүхээгтэй “хар хэрээ” давхиж ирээд хэнтэй ч харилцах боломж олгохгүйгээр шоронд 10 жилийн хугацаатай хийчихнэ гэдэгт санаа зовох шаардлагагүй хүмүүс л ингэж боддог юм гэж. Миний юу яриад байгааг ойлгож байгаа биз дээ?

-Буудан хороож байсныг хэлээд байна уу?

-Тийм ээ, буудан хороож байсан юм. Эрх чөлөөтэй оронд амьдарч, шөнө хэн нэгэн ирээд өөрийг нь аваад явна гэх айдасгүй хүмүүс л харгислалыг магтан дуулдаг. Гэлээ гэхдээ улсыг ингэж удирдах нь үр дүнтэй арга гэж үздэг хүмүүс байсаар байна. Ер нь бол нас барсан дарангуйлагчдыг санагалзах үзэгдэл хүн төрөлхтний дунд түгээмэл тохиодог төөрөгдөл. Бараг хүн бүр ийм төөрөгдөлд автдаг. Францад ч бас өмнөх дэглэмүүдээ, дарангуйлан захирч байсан удирдагчдаа санагалздаг хүмүүс бий гэж би бодож байна. Гэхдээ энэ миний бодол шүү. Юутай ч, манай орны асар олон хүн тэгэх ёсгүй гэж үзэж байгаа. Энэ чинь л нөгөө ардчилал юм.

Харин хэн нэгний бунхны талаарх асуудал бол их нарийн зүйл л дээ. Тухайлбал, Сталинд би дургүй байлаа гээд түүний үед, ялангуяа Аугаа Эх орны дайны үед манай орны улс төрийн удирдагчид ямар гавьяа байгуулж байсныг нүдээ аниад өнгөрөөж болохгүй. Тэр дайнд зөвхөн манай ард түмэн бус манай орны удирдагчид ч бас ялалт байгуулсан. Үүнийг салгаж ойлгож болохгүй асуудал. За энэ ч бас чухал биш. Хамгийн гол нь хэн нэгнийг бунхалсан бол түүнийг байр сэлгэн оршуулах шийдвэрийг гаргахаасаа өмнө олон талаас нь бодох ёстой. Үүнийг хуульд болон хүний энгийн ёс жудаг, ёс суртахуунд нийцүүлэн эргэцүүлэх ёстой. Энэ хандлага Владимир Ульяновоос (Ленинээс) эхлээд Кремлийн хананд мөнхөлсөн Орос, Зөвлөлтийн удирдагч нарын бунханд ч бас хамаатай.

-Ерөнхийлөгч Владимир Путиний үед Ерөнхий сайдаар ажиллах хэр аятай вэ?

-Өөр Ерөнхийлөгчийн үед би Ерөнхий сайд болох байсан нь юу л бол. Ерөөс ингэж төсөөлж байгаагүй. Хамтдаа аятай байж, гар нийлж ажиллаж чадах ганц хүн бол Владимир Путин. Би өөр хүний дор Ерөнхий сайдын албан тушаалыг эрхлэхгүй байсан гэдгийг бүрэн итгэлтэйгээр хэлье. Угаасаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад Ерөнхий сайдын суудалд заларна гэдэг тийм ч амар боорцог биш. Энэ алба их хэцүү, өргөн хүрээг хамардаг, тэр хэрээрээ сонирхолтой. Тиймээс надад ажиллахад таатай байгаа.

-Кремлиэ санаж байна уу? (ОХУ-ын Засгийн газар Цагаан ордон хэмээх байранд ажилладаг болсон. Орч)

-Кремль их хэцүү газар. ОХУ-ын зүрх нь болсон маш гоё газар. Гэхдээ үнэнийг хэлэхэд Кремль гэхээр миний ой тоонд түүх дурсгалын хөшөө гэж буудаггүй. Кремль бол миний хувьд ажлын байр маань байсан юм. Удаан үргэлжилсэн дөрвөн жилийг би тэнд л үдсэн. Би өөрийгөө шударга, нээлттэй ажилласан гэж боддог. Тодорхой нэг албан тушаалд хэзээ ч сэтгэл хорогдох хэрэггүй гэдгийг би эртнээс өөртөө хэлж ирсэн. Сэтгэл хорогдвол өөр газар ажиллаж чадахгүйд хүрдэг. Сэтгэлээсээ салгаж чаддаггүй хүмүүс өөр газар ажиллана гэдэг бол эмгэнэл. Мөн өөрийг нь үүрд ажиллуулах гэж сонгосон мэтээр эндүүрч бодож бүр болохгүй. Тосгоны ахлагчаас өгсүүлээд улсын Ерөнхийлөгчөөр сонгосон байсан ч эндүүрэх хэрэггүй. Дахин хэлэхэд, Кремль маш гоё, манай улсын зүрх нь болсон газар. Гэхдээ надад Цагаан ордонд ажиллахад сайхан тухтай байна.

-Таны улс төрийн цаашдын зорилгыг тань асуумаар байна. Та ирээдүйд Кремльд эргэж очихыг хүсдэг үү?

-Хэрэв миний эрүүл мэнд сайн, бяр тэнхээтэй хэвээр байвал, мөн ирээдүйд ард түмэн маань надад тэнд ажиллах итгэлийг хүлээлгэвэл Кремльд эргэж очихыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ асуудал олон хүчин зүйлсээс шалтгаална. Би нэг удаа хэлж байсан даа, хүн аливаа зүйлээс бүрмөсөн татгалзах хэрэггүй гэж. Хэзээ ч үгүй гэдгийг хэзээ ч битгий хэлж бай гэдэг байх аа. Нөгөө талаар би тэр “голд” орж байсан хүн. Тэр голд чинь хоёр дахь удаагаа орж болдог юм.

-Тэр үед таны Ерөнхий сайдаар хэн ажиллах бол?

-Ярилцлагыг ингэж дуусгах сайхан байна. Тэр үед тэс өөр нөхцөл байдал бүрэлдэж байж гэмээнэ би Кремльд очно шүү дээ. Одоогоор үүнийг таамаглаж болох ямар нэгэн хөдөлгөөн ажиглагдахгүй байгаа. Өнөөдрийн байдлаар бид улс төрийн тодорхой нөхцөл байдалд ажиллаж байна. Ард түмний хүлээлгэсэн итгэлийг бид батлан харуулах ёстой. Ерөнхийлөгч Путинд хүлээлгэсэн итгэл, мөн Ерөнхий сайдын хувиар надад хүлээлгэсэн эрх мэдэл, тэр л итгэлийн талаар би онцолж хэлж байгаа юм шүү.

-Тэр үед тэс өөр Орос орон байх юм байна, тийм үү?

-Орос орон өдөр бүр шинээрээ байгаа. Жил бүр шинэ Орос орныг угтаж авч байна. Бүх юм өөрчлөгддөг. Та бүхэнд баярлалаа.

 

http://government.ru/docs/21582/