Газарзүйн нээлтүүдийн эрин зуун

Posted on Арван хоёрдугаар сар 2, 2012

0


"Обь мөрөн" хөлөг

-Түүхэнд анх удаа хөлөг онгоц Хойд тэнгисээр байгалийн хий тээвэрлэв-

Байгалийн хий тээвэрлэгч Оросын “Обь мөрөн” хэмээх хөлөг онгоц ханатал ачсан ачаатайгаа Хойд тэнгисийг амжилттай гаталжээ. Улмаар хөлөг онгоц Номхон далайн задгай усанд үргэлжлэн хөвж яваа бөгөөд удахгүй Японы эрэгт хүрч Норвегиос авч яваа байгалийн хийгээ хүлээлгэж өгөх аж. Цаг уурын өөрчлөлтийн улмаас ийм маягийн аяллууд мөдхөн энгийн үзэгдэлд тооцогдох болов уу. Харин Хойд тэнгисийн усан зам тив хоорондын ачаа тээвэрлэлтийн маршрут болж хувирах биз ээ.

Атлантаас Номхон далай руу хүрэх хамгийн богино маршрутыг олох санаа олон зууны туршид газарзүйчдийн сонирхлыг татсаар ирсэн билээ. Ялангуяа Хойд Европ, Оросын газарзүйч, худалдаачид их сонирхдог байжээ. Учир нь Европын боомтуудаас Япон, Хятадын боомтуудад Хойд тэнгисээр явбал Суэцийн сувгийн уламжлалт усан замаас 1/3-ээр богино, зарим газар нь бүр хоёр дахин ахар маршрутаар явах бололцоо бүрдэх байв. Чингэтэл 1878 онд Шведийн геологич, туйл судлаач Нильс Норденшельд анх удаа нэг явалтаар (өвлийн улирлыг дамжин) Хойд мөсөн далайг гаталсны дараа газарзүйн үүднээс сонирхолтой санаа ч эдийн засгийн хувьд үр ашиггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрцгээсэн байдаг юм. Учир нь усан замаар тогтмол явах гэхээр зузаан мөснүүд саад болох байв.

Тэгтэл 20 дугаар зуунд Хойд тэнгисийн усан замыг ямар ч байсан бий болгож чадсан байдаг. Гэхдээ энэхүү замыг гол төлөв дотоодын хэрэгцээндээ ашигласаар ирсэн юм. Тодруулбал, ЗХУ Хойд мөсөн далайн эрэгт ойр оршдог, алслагдсан мужууддаа бараа хүргэх зорилгоор ашигладаг байлаа. Энэ ажилд асар их хэмжээний мөнгө орж байснаас гадна цөмийн түлшт мөс зүсэгч асар хүчтэй хөлгүүдийг нэмж барих шаардлага байнга тулгардаг байв. Энэ мэтийн шалтгааны улмаас яаж ч хичээгээд Хойд мөсөн далайг олон улсын худалдааны зам болгож дөнгөхгүй л байв. Тэгтэл ЗХУ ч задарч хойд зүгээс иргэд олноороо эх газарт нүүж ирэх болсноос шалтгаалан задгай далайг ашиглах шаардлага үгүй болсон юм.

Гэтэл “Магомет ууланд очиж чадахгүй байсаар байтал уул аргаа барахдаа өөрөө түүнд дөхөж очжээ” гэдэг шиг гайхалтай ховор үзэгдэл хүн төрөлхтний түүхэнд тохиодог юм байна. Сүүлийн 500-600 жилийн туршид дэлхийн уур амьсгал харьцангуй сэрүүн байсан бол 20 дугаар зууны төгсгөл үеэс эхлэн аажмаар бүлээсэх үзэгдэл эрс хурдтай өрнөжээ. Дэлхий дахинаа дулаарсан гэдэг нь эрс тэс цаг агаартай, бөмбөрцгийн дунд хэсэгт оршдог орнуудад ч ажиглагдаж байгаа бол өндөр өргөрөгт илүү бодитой мэдрэгдэж байгаа аж.

Зун ердөө хайлдаггүй байсан Хойд туйлын мөсөн бүрхүүл жил ирэх тусам багассаар айхтар сөрөг амжилтуудыг тогтоох болов. Эрдэмтдийн тооцоолсноор, мөсөн талбайн хэмжээ 3.41 сая хавтгай дөрвөлжин км болтлоо багассан байна. Өмнөх жилтэй харьцуулбал мөс нь 700 мянган км-ээр хорогдсон гэсэн үг. Улмаар энэ оны есдүгээр сард буюу Хойд туйлдаа хамгийн дулаанд тооцогддог тэр өдрүүдэд туйлын мөснүүд ОХУ-ын хойд эрэг, туйл орчмын арлуудаас бүрмөсөн тасран холджээ.

Хойд туйлын мөсөн бүрхүүл ийн багасчээ (шар өнгөөр сүүлийн 30 жилийн дундаж хэмжээг харьцуулан харуулжээ). NASA-ийн энэ онд авсан зураг

Хойд туйлын мөсөн бүрхүүл ийн багасчээ (шар өнгөөр сүүлийн 30 жилийн дундаж хэмжээг харьцуулан харуулжээ). NASA-ийн энэ онд авсан зураг

Үүний улмаас Хойд тэнгисийн “дан” усаар зорьсон газраа хүрэх хэсэгхэн хугацааны боломж бүрдсэн юм. Гэхдээ мөсөн талбай чингэтэл алслагдсанаас үзвэл усан замаарх тээвэрлэлтийг жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй явуулах боломжтой болж байх шиг. Учир нь туйлын мөс өвөл дахин хөлдөхдөө байнгын мөсийг бодвол тэгтэл нягтаршдаггүй. Тиймээс хөлгүүд ОХУ-ын хойд эргийг даган зорчиход хамаагүй хялбар болсон байна. Ингэхдээ одоогийн байдлаар урьдын адил зөвхөн мөс зүсэгч хөлгөөр зорчих боломжтой байгаа.

Энэ усан замыг цаашдаа ямар зориулалтаар ашиглаж болох вэ гэдгийг хэдийнэ төлөвлөсөн байгаа төдийгүй зарим компани төрөл бүрийн зориулалттай хөлгүүдээ явуулах зорилгоор Хойд тэнгисийн мөсний нягтаршлыг шалгаж эхэлсэн байна. Ийм нэгэн төслийн үр дүнд “Обь мөрөн” хэмээх шахсан байгалийн хий тээвэрлэгч хөлөг онгоц Алс Дорнодоос Баренцийн тэнгист хүрээд, дараа нь буцаж эргэх ёстой юм. Байгалийн хийн тээвэрлэлтэд зориулан баригдсан хөлгүүд уг маршрутаар өмнө нь огт явж байгаагүй онцлогтой.

Байгалийн хий тээвэрлэгч “Обь мөрөн” бол 45 метрийн өндөртэй, 150 мянган шоо метр багтаамжтай асар том хөлөг. Тийм том хэмжээтэй учраас хөлгийг “Вайгач”, “Ялалтын 50 жил” хэмээх цөмийн түлшт мөс бутлагч хоёр хөлгөөр чирүүлж явуулахаас аргагүй байсан аж. “Газпром”-ын охин “Газпром маркетинг и трейдинг” компани уг хөлгийг өөрийн нэр дээр түрээслэн авч энэхүү тээвэрлэлтийг хэрэгжүүлэх зорилгоор Грекийн “Dynagas” компанид хүлээлгэн өгсөн юмсанж. Есдүгээр сар гэхэд Алс Дорнодоос хоосон гарсан “Обь мөрөн” Норвегит амжилттай ирсэн байлаа. Ингээд Норвегийн хойд хэсэгт орших Финнмарк мужийн Хаммерфест боомтод шахсан байгалийн хий дүүргүүлээд буцах замдаа оржээ. Саяхан Дежнёвийн хошууг дайран өнгөрсөн тухай мэдээлсэн. Тэгэхээр хөлөг маань өнөө маргаашгүй Японы эрэгт хүрэх нь.

Чухамхүү шахсан байгалийн хийн зах зээл өргөжиж гэмээнэ Хойд тэнгисийн усан зам хөгжих учиртай. Улмаар тив хоорондын тээвэрлэлтийг усан замаар явуулах үзэгдэл ч өмнөхөөсөө илүү эрэлттэй болно. Япон дээр жишээ авч үзье. Энэ улс цөмийн эрчим хүчнээс аажмаар ангижрах бодлогоо тодорхойлчихсон. Тэгэхээр цаашдаа Японд нүүрсустөрөгчийн эрэлт улам ихсэнэ. Энэ тохиолдолд Алс Дорнодын гол нийлүүлэгч орнууд Японы компаниудад шаардлагатай хэмжээг нь нийлүүлж чадахгүйд хүрнэ. Үүнтэй холбоотойгоор, тухайлбал Япон улсын хувьд Баруун Европ, ОХУ-д олборлож байгаа байгалийн нөөцүүдийг сонирхох боломж бүрдэх юм.

АНУ-д шатдаг занараас хий гаргах үйлдвэрлэлийг хурдацтай хөгжүүлснээр дотоодын хийн хэрэглээгээ бүрэн хангах хэмжээнд хүрсэн нь энэ үйл явдалд нэмэр болсон гэж хэлж болно. Учир нь Хаммерфестийн боомтыг барихдаа (Хаммерфестийн ойролцоо Снёвит хэмээх байгалийн хийн том орд байдаг. Орч) Америкийн зах зээлийг онилсон байв. Гэтэл өнөөдөр америкчуудад Норвегиос байгалийн хий авах онцын шаардлага үгүй болсон тул норвегичууд асар өндөр өртгөөр барьсан байгууламжаа өөр юунд ашиглаж болох талаар толгойгоо гашилгацгааж байсан юм. Тиймээс хөлөг онгоцоор Япон руу байгалийн хий хүргэх санаачилга нь норвегичуудын хувьд татгалзах аргагүй санал байлаа.

Хойд туйлын ойролцоо газрын тос ачиж тээвэрлэх нь туйлын аюултай. Яагаад гэвэл золгүй байдлаар осол гарвал газрын тос байгаль орчинд нөхөж баршгүй хөнөөл учруулна. Харин байгалийн хий бол газрын тосыг бодвол илүү цэвэр түлш билээ.

Хөндөх ёстой бас нэг асуудал нь ОХУ шахсан байгалийн хийгээ нүүрсустөрөгчийн салбарын гадна үлдээсэн хэвээр байлгаад байна. Гэхдээ яах вэ, нааштай байдал харагдаж эхэллээ. Тухайлбал, “Новатэк” компани (Байгалийн хийн олборлолтоороо ОХУ-д хоёрт ордог том компани. Орч) Ямалын хойг дээр хэрэгжүүлэх төслийнхээ хүрээнд шахсан байгалийн хийн агуулахыг барих бодолтой байгаа аж (Ямалын хойг байгалийн хийн асар их нөөцтэй. Орч). Учир нь Хойд тэнгисээрх усан замын тээвэрлэлт амжилт дагуулсан хэвээр байвал шахсан хийг зөвхөн барууны орнууд гэлтгүй дорно зүг рүү ч тээвэрлэх цаг ирэхийг үгүйсгэхгүй байгаа бололтой.

Түүхт аялалд оролцож буй “Dynagas” компанийн арилжааны асуудлыг хариуцсан захирал Тони Лауритсен “онцгой сонирхолтой, адал явдалтай аялал” болсон талаар ярив. Тэрбээр “Манай багийнхан аяллын үеэр цагаан баавгайнуудыг харсан. Бид энэ аяллыг эртнээс төлөвлөсөн байлаа. Тиймээс санасан бүхэн маань сайнаар төгсч байгаад их баяртай байна” хэмээн “BBC News” агентлагт өгсөн ярилцлагадаа өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ. Хэдхэн жилийн дараа иймэрхүү аялал “онц сонирхолтой” байхаа больж өдөр тутмын байдаг л үзэгдэлд тооцогдох цаг ойрхон ирж буй за.

 

http://lenta.ru/articles/2012/11/27/north/