Күрдүүд гэж хэн бэ

Posted on Арван хоёрдугаар сар 4, 2012

0



Энэхүү “төргүй үндэстэн”-ий талаар бүгд л сонссон биз ээ. Гэлээ гэхдээ нэгэн зэрэг дөрвөн орны (Турк, Иран, Ирак, Сирийн) нутаг дэвсгэр дээр  оршин амьдарч буй энэ ард түмний талаар зөв ойлголттой явдаг хүмүүс нь цөөн байна.

Күрдүүд бол Ойрх Дорнодын дөрвөн орны нутаг дэвсгэрт таран оршиж буй төргүй, төрөлх нутгийнхаа гадна амьдарч буй ард түмэн юм. Бүс нутгийг хамарсан газар нутгийн асуудал дээр тэдэнд ч бас хэлэх юм бий. Гэхдээ тэдний хэлэх үг арабын ертөнцөд үймээн самуун дэгдээх том шалтгаан болно. Тиймээс Парис дахь Күрд судлалын хүрээлэнгийн ажилтан Сандрин Алекситэй хамт тэдний талаар жаахан эргэцүүлж үзье. Энэ бүсгүй зохиолч, орчуулагч нэгэн бөгөөд 2000 оноос хойш күрдүүдийн тухай блог ажиллуулж байна.

Дэлхий даяар таран бутарсан күрд үндэстний нийт тоог мэдэх аргагүй

Зөв ойлголт. Күрд үндэстний нийт тоо 20-40 саяын хооронд хэлбэлздэг. Тэдний амьдарч буй тухайн улс орон хэзээ ч ийм тооллого явуулж байсангүй. Күрдүүдийн тоо бүрхэг байх нь эдгээр орны Засгийн газрын санаанд бүрэн нийцдэг гэж хэлж болно.

Нэгэн судалгаагаар Туркт 15 сая, Иранд 7-8 сая күрд амьдардаг гэсэн тоо нь амьдралд нэлээн дөхүү үзүүлэлт юм. Уг хоёр орны эрх баригчид үндэстний хэт үзэл давамгайлахаас зайлсхийхийн тулд бага ястнуудыг хүн амын тооллогод хамруулдаггүй. Сирийн хувьд 1-2 сая күрдтэй гэж үздэг. Тэднээс 800 мянга нь тус орны иргэншилгүй учраас хууль бусаар оршиж сууж буйд тооцогддог.

Иракт орших Курдистаны Засгийн газраас тус улсад 5.3 сая күрд үндэстэн амьдарч байгаа гэсэн албан ёсны тоог илтгэдэг ч Иракийн эрх баригчид өөрсдөө 4.3 сая күрд амьдарч байгаа гэдэг. Иракийн Засгийн газрын санаа ойлгомжтой. Тэд күрдүүдийн амьдарч буй мужуудад бага мөнгө

төсөвлөж байхын тулд тоог нь дардаг байх магадлалтай. Ингээд Курдистанаас гадна Иракийн мужуудад амьдарч буй күрдүүдийн тоог багцаагаар тооцож үзвэл 6-6.5 саяд хүрнэ.

Европын зөвлөлөөс күрд үндэстнийг тоолсон үзүүлэлтийг харвал 800 000 нь Германд (гол төлөв Сири, Туркээс ирсэн), 100 000 нь Шведэд (Иран, Иракаас ирсэн), 90 000 нь Англид (Иракаас ирсэн), 120 000-150 000 нь Францад (олонх нь Туркээс ирсэн) тус тус амьдарч байгаа аж. Гэвч хууль бусаар оршин сууж буй хүмүүс их буйг харгалзан үзвэл энэ тоог бодит гэж хэлэх аргагүй. Хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр ч хэчнээн күрд үндэстэн амьдарч буйг тоолох арга алга. Израильд гэхэд л 130 000 күрд үндэстэн бий гэдэг. Дүгнээд хэлбэл, дэлхий дахинаа 35 орчим сая күрд үндэстэн амьдарч байгаа гэх тоо үнэнээс нэг их хол зөрөхгүй билээ.

“Күрдийн ард түмэн” гэж үнэндээ байхгүй

Иракийн күрд хөвүүд

Иракийн күрд хөвүүд

Буруу ойлголт. Күрдийн омгууд, гэр бүлийн нь гишүүд нэгэн зэрэг хэд хэдэн орны нутаг дэвсгэрт амьдарч байна. Тэгсэн атлаа күрдүүдийн улс төрийн намууд нь хилийн чанадад нөлөөгөө илүү бэхжүүлсэн байх жишээтэй.

Тухайлбал, Курдистаны Ажилчдын нам (КАН) АНУ, Европын холбооноос гаргасан алан хядах үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жагсаалтад багтдаг бөгөөд олон оронд салбартай. Сирид Ардчилсан холбоо, Иранд Курдистаны Эрх чөлөөт амьдралын нам гэсэн салбар намуудтай бөгөөд Иракт ч бас үйл ажиллагаагаа явуулдаг. Дээр нь Сири дахь күрдийн улс төрийн намууд нь Барзанигийн Курдистаны Ардчилсан нам, Талабанигийн Курдистаны Эх орончдын холбоо хэмээх Ирак дахь хоёр гол намтай үе үе түншилж явсан.

Ер нь күрдүүд хоорондоо ялгаатай аялгатай хоёр үндсэн хэлтэй ч ямар нэгэн байдлаар бие биетэйгээ ойлголцож чаддаг. Тухайлбал, Сири, Турк, Иракийн Курдистаны хойд мужууд болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бүгд найрамдах улсуудад амьдарч буй күрдүүд бүгд курманжи хэлээр ярьдаг бол Иран, Ирак дахь күрдүүд сорани хэлээр харилцдаг. Туркийн күрдүүдээс ялангуяа Тунжели мужид амьдрагсад нь мөн дээрх хоёр хэлтэй ойролцоо зазаки хэлээр ярьдаг юм.

Сандрин Алексийн тайлбар. “Күрдүүд Дэлхийн I дайнаас хойш их зүдэрч ирсэн хүмүүс. Тэднийг аль нэг нийгэмд уусгах, хэлийг нь хориглох бодлого явуулж байснаас гадна тухайлбал, Иракт үй олноор нь хөнөөж байсан. Хэрэв күрдүүд гэх ард түмэн байгаагүй бол тэд хэдийнэ газрын хөрснөөс арчигдаж “күрдүүдийн асуудал” гэх өнөөгийн бэрхшээл ч бий болохгүй байх байсан. Гадуурхаж, хавчин шахаж байсан явдал л күрдүүдийн үндэстнээ гэх сэтгэлийг нь улам өдөөсөн хэрэг болсон”.

Күрдүүдийн дотор христ, ислам, иудей шашинтнууд бий

Зөв ойлголт. Күрдүүдийн дийлэнх олон нь буюу 70 хувь нь исламын суннит шашинтай. Иракийн нутаг дэвсгэрт амьдарч байсан шиит шашинтай цөөхөн күрдүүдийг 1987-1988 оны үед Саддам Хусейн хүйс тэмтэрсэн байдаг юм. Тухайн үед амьд мэнд зугтаж чадсан шиит-күрдүүдийн нэг хэсэг нь өдгөө Иран дахь дүрвэгсдийн хуаранд амьдарч байна. Иракт Баас нам төрийн эрхээ алдсаны ачаар күрдүүд дассан нутагтаа аажмаар буцаж ирж байгаа хэдий ч цөөхүүлээ хэвэрээ, дээд тал нь 20 000 орчим хүн бий. Ираны өмнөд хэсэгт мөн шиит-күрдүүд амьдардаг.

Курдистаны христ шашинтай күрдүүд дотроо католик, халдей, ассиричүүд, сири-яковитчүүд гэж хуваагддаг. Тэд бүгд арамей аялгын хэлүүдээр ярьдаг. Христ шашинтай күрдүүдийн олонх нь 1967 онд күрдийн бослогод оролцож явсан байдаг юм. Тухайн үед тэднийг нутгаас хөөх, тосгодыг нь үгүй хийх, хүчээр арабжуулах бодлого явуулж байв. Тэр үеийн арабжуулах бодлого өдгөө исламжуулах үзэгдлээр солигдсон байна.

Иракийн Курдистанд христ шашинтай күрд 100 000 гаруй бий гэж үздэг. Тэд Сирийн мусульман-күрдүүдтэй найрсаг харьцдаг гэж хэлж болно. Харин иудей шашинтай күрдүүд бүгд 1949-1950 онд Израиль, Австрали, АНУ руу дүрвэн гарцгаасан түүхтэй. Иракийн хувьд Израильтай дипломат харилцаа тогтоогоогүй. Гэхдээ 2006 онд Курдистаны Ардчилсан намын дарга Барзани Иракийн Эрбиль хотноо Израилийн консулын газрыг нээх явдлыг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа. Ингэснээр иудей-күрдүүдэд төрөлх нутаг усандаа эргэж очих боломж нээгдсэн. Христ-күрдүүдийн зүгээс тэдэнд дайсагнасан ямарваа нэг үйлдэл гаргадаггүй. Курдистаны Ардчилсан намын өнөөгийн удирдагчийн аав Мустафа Барзани аль 1960-аад оны үед Израильтай дотно сайхан харилцаатай явж ирснийг күрдүүд хэзээ ч нууж байгаагүй. Барзани овогтнууд Аккогийн еврейчүүдтэй их дотно байсан. Израилийн Батлан хамгаалахын сайд асан Ицхак Мордехай тэдгээр еврейн нэг. Израилийн иргэдийн дунд Барзани гэх овогтой хүн цөөнгүй бий.

Курдистан гэж улс огт байгаагүй

Зөв, бас буруу ойлголт. Курдистан (Туркэд энэ үг хориотой) нь 20 дугаар зуунд хэзээ ч бие даасан улсын статустай явсангүй. Харин дундад зууны үед Күрдийн бие даасан, хагас тусгаар тогтносон ванлиг хошуунууд оршин тогтнож байжээ. 1150 онд сельжук-турк гаралтай Персийн султан Санжар гэгч Курдистан хэмээх мужийг байгуулсан байдаг. Яг энэ үед османийн Курдистан ч бий болж Турк-Персийн хилийн зааг өөрчлөгдөх бүрт түүний хил дагаж өөрчлөгдсөөр ирэв.

“Османийн эзэнт гүрний архивийг шүүхэд Османийн султануудын зэрэг дэв дунд Курдистаны падишах гэсэн дэв байсан нь харагддаг. Гэвч Туркийн эрх баригчид энэ талаар сонсохыг ч хүсдэггүй” хэмээн Сандрин Алекси тайлбарлалаа.

Тэр цагаас хойш Курдистан муж үргэлж Перс буюу өнөөгийн Ираны нутаг дэвсгэр дээр оршсоор иржээ. Дэлхийн I дайны сүүлээр тогтсон хилийн шинэ зурвасын улмаас күрдүүд нэгэн зэрэг дөрвөн улсын нутаг дэвсгэрт амьдрах хувь тавиланг угтаж авав. 1919 онд Үндэстний лигийн санаачлагаар күрдүүдийн төлөөлөл Курдистаны анхны газрын зургийг бүтээсэн байдаг. 1920 онд байгуулсан Севрийн энхийн хэлэлцээрийн 62, 64 дүгээр зүйлүүдэд тусгаар тогтносон Армени улс болон тусгаар тогтносон (үгүйдээ автономит муж) Курдистаныг байгуулах талаар тусгасан байдаг нь газрын зургийг хийх шалтгаан нь байсан бололтой. Энэхүү газрын зураг дээр Курдистан улсыг тэнгисээс ус ууж буй асар том тэмээний хэлбэртэй, Францтай тэнцэх хэмжээний талбайтайгаар тусгасан байлаа.

Күрдүүд өөрийн гэсэн төр засагтай болохыг хүсдэг

Курдистан дахь жагсаал

Курдистан дахь жагсаал

Зөв ойлголт. Олонх күрд тусгаар тогтнолыг хүсдэг. Үүнд шаардлагатай бүх зүйл (нутаг дэвсгэр, хэл, соёл ёс заншил, түүх) нь тэдэнд буй учраас тусгаар тогтнох бүрэн эрхтэй гэж өөрсдийгөө үздэг. Гэхдээ ийм шаардлагыг тавих нь улс төрийн хувьд амиа хорлож буйтай агаар нэг гэдгийг тэд сайн ойлгодог. Тухайлбал, үүний улмаас америкчууд Ирак дахь күрдүүдийг хувь заяанд нь даатгаж орхих эрсдэлтэй. 1980-аад оны сүүлчээр 1990-ээд оны эхээр Курдистаны Ажилчдын нам тусгаар тогтнолын төлөө тэмцэж байснаа сүүлд уг шаардлагаасаа ухарсан явдал үүнтэй холбоотой. Үүнээс гадна 1960 оны үед нэгэн шийдвэрийг гаргаж байжээ. Тэр нь Курдистаны дөрвөн хэсэг бүр ямар нэгэн байдлаар автономит эрхээ олж авбал цаашдаа илүү нарийвчлалтай хил хязгаартай Бенилюкс маягийн байгууллагыг бий болгох үндэс суурь нь болно гэсэн агуулгатай байв. Анх 1963 онд “The New York Times” сониний сэтгүүлч Дана Адамс Шмидт (Dana Adams Schmidt) уг санаачилгын талаар олон нийтэд дуулгаж байсан. Энэ сэтгүүлч 46 хоногийн турш Мустафа Барзанитэй цуг ууланд амьдарч “Зоригтнуудын дунд аялсан нь” (Journey Among Brave Men) хэмээх өгүүллэгийг туурвиж байжээ.

Тэгвэл хуучны энэхүү санаачилга өдгөө хүчээ авч байна гэлтэй. Күрдийн бараг бүх хүн үүнийг дэмжиж байгаа нь олзуурхууштай. 2003 оноос хойш Иракийн Курдистанаас явуулж буй үйл ажиллагаа бусад орон дахь күрдүүдэд итгэл найдвар төрүүлэх болжээ. Туркт энэ нь бүр их тод ажиглагдаж байна. Энэ улсад 2009 оноос хойш Иракийн Курдистаны загварыг үндсээ болгосон Курдистаны нийгэмлэгийн холбоо автономит эрхээ олж авах зорилгоор улс төрийн янз бүрийн санаачилгуудыг тогтмол хэрэгжүүлж ирэв. Харин Туркийн эрх баригчид тэднийг шоронд хорих, аливаа үйл ажиллагааг нь хориглох зэргээр хүлээлгэх хариуцлагаа улам чангалах болсон нь күрдүүдийн хүсэл сонирхлыг баталж байгаа явдал мөн билээ.

Күрдүүд нэгдэж чаддаггүй

Зөв ойлголт. Тэд их хараат бус, хэзээ ч нэг засаг захиргаанд харьяалагдаж явсангүй. Күрдүүд хэзээнээс нааш ууланд нутаглаж, түүхэндээ нүүдэллэж амьдарч ирсэн ард түмэн учраас нэгдэнэ гэдгийг мэддэггүй. Тэрнээс гадна өнөөгийн удирдах байгууллага нь ч тодорхой хэмжээгээр үе залгамжилсан омгийн шинжтэй тул ахлагч нарын нь дунд үл ойлголцол гардаг.

“Күрдүүдийн түүхэнд агуу дарангуйлагч байгаагүй. Тэр утгаараа тэд гаскончуудыг санагдуулдаг. Тодруулбал, күрд хүн бүр өөрийгөө уул усныхаа хаан нь гэж үздэг. Тийм учраас байсхийгээд л хоорондоо маргалдаж, муудалцах шалтаг ч мунддаггүй” хэмээн Сандрин Алекси хэллээ. 1992-1996 оны үед күрдүүд Иракийн хойд хэсэгт иргэний дайн дэгдээсэн. Тэр үед Ойрх Дорнодын том гүрнүүд ээлж дараалан аль аль талд нь дэмжлэг үзүүлж байв. Сүүлд 2003 онд, хоорондоо дайтаж байсан ахан дүүс эргээд нэгдсэн түүхтэй. Гэвч тусгаар тогтнолын тухай мөрөөдлийг булшлах шахсан тэрхүү дайн күрдүүдийн зүрх сэтгэлд эмзэг сэдэв болон үлджээ.

Сирийн дайн күрдүүдэд боломж нээж өгнө

Зөв ойлголт. Дайны төгсгөлд Сири улсад ардчилал тогтоно гэж найдвал күрдүүд автономит засаглал тогтоох эрхээ олж авч Үндсэн хуулиар күрдийн ард түмнийг, хэл заншлыг хүлээн зөвшөөрүүлэх боломжтой болно. Хэрэв дайны төгсгөлд Сирид нөлөөгөө тогтоох гэсэн олон бүлэглэлүүд бий болж эмх замбараагүй байдал үүснэ гэж үзвэл күрдүүд энэ байдлаас ч ашиг хүртэх магадлал өндөр. Тэд 1992 онд Курдистан Иракт автономит эрхээ олж авсан шиг мөн адил үйл явдлыг өрнүүлэх боломжтой. Энэ эрхээ олж авсан цагт тэд Башар Асадын үлдэгдэл араб цэргүүдийг нутаг дэвсгэртээ оруулахгүй байх бүхий л аргыг хэрэглэхийг хичээнэ. Улмаар Сирийн чөлөөлөх армийг ч тэд нэвтрүүлэхгүй болов уу. Учир нь күрдүүд уг армитай мөр зэрэгцэн байлдаж яваа мусульманчуудын нөлөөллөөс зайлсхийхийг хичээдэг. Дашрамд хэлэхэд, Сирийн чөлөөлөх арми күрдүүдтэй байлдаад эхэлсэн байгаа.

Харин Сири дахь Ардчилсан холбоо нь суннитууд шиитүүдтэй байлдаж л байг, тэр хооронд нь бид хүн ам, нутаг дэвсгэрээ хамгаалж байя гэсэн бодлого баримталж байгаа шиг харагдана. “Гэхдээ Ардчилсан холбооны күрдүүд хувьсгалын үр дүнд шинээр бүрэлдсэн эвсэлтэй иргэний дайн дэгдээхийг үгүйсгэх аргагүй юм” гэж Сандрин Алекси үзэж байна. Юутай ч, Сирийн пешмерга нар (Сирийн армиас сайн дураараа дүрвэж Иракийн Курдистанд орогнож байгаа хүмүүс) күрдүүдийн дунд зэвсэгт мөргөлдөөн үүсгэхээс болгоомжлон Сирийн хойд хэсэгт тэмцэл өрнүүлээгүй байж магадгүй билээ.

 

 

http://www.inosmi.ru/world/20121203/202826044.html#ixzz2Dx1aeqhu