194 дэх улс буюу дипломат аргаар байгуулсан ялалт ба алсын харгуй

Posted on Арван хоёрдугаар сар 6, 2012

0


Mahmoud Abbas

 

Палестин улсыг НҮБ-ын дэргэдэх ажиглагч орноор баталсан мэдээллийг олон сонин хэвлэл ухайн тас шүүрэн авч дөвийлгөж орхив. Улмаар үйл явдлаас түрүүлэн Палестинийг тусгаар тогтносон улс мэтээр зарлан тунхаглаж баярлаж хөөрлөө. Тэр битгий хэл, “палестинчуудын төрөлх нутагтаа эргэж очих эрхийн тухай” НҮБ-аас гаргасан хамгийн гол 194 дүгээр шийдвэрийг үгээр хэрэгжүүлээд эхэлсэн байна.

Хэн нэгний санамсаргүй бичсэн үгнээс улбаалан Палестиний нутаг дэвсгэрийг өдгөө “194 дэх улс” гэж нэрлэдэг болжээ. Иордан голын баруун эрэг, Газын зурвас даяар нэг баяр ёслолын үйл ажиллагаанууд явагдав. Палестиний автономит улсын тэргүүн Махмуд Аббас НҮБ-аар “гүйсээр” байгаад ажлаа бүтээлээ хэмээн найз нөхөд нь ч, дайсан нэгэн ч шоолсоор байна. Үнэндээ палестинчуудыг сая л нэг юм хил хязгаартай нэгдсэн үндэстэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь үнэн. Тоймчид, шинжээчид ч гэсэн уг мэдээг сонсмогцоо Палестиний олон аймаг эвлэлдэн нэгдэхэд чухал алхам болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэх боллоо.

Абу Мазен (Махмуд Аббасын товч нэр) маш олон саадтай замыг туулж байж энэ амжилтад хүрсэн. НҮБ-д очвол автономит улсад нь үзүүлэх тусламжаа цуцлана гэж сүрдүүлж байсан америкчуудын эсэргүүцлийг үл тоон Израилийн ширүүн сөргөлдөөн, дотоод дахь жихадуудын элдэв ааш аягийг тэвчин өнгөрүүлсээр сайн өдөртэй золгож чадав.

Тиймээс “Бид бүхэн Палестин дахь араб ард түмний үндэсний нэгдэлд хүргэх бодитой алхмыг хийж, бутрал хэмээх аюултай үзэгдлээс холдож чадсан гэдэгт би итгэлтэй байна” гэж Аббас хүрэлцэн очсон хэвлэлийн бага хурал бүр дээр ийн хэлж яваа нь аргагүй юм.

Тус улсын нэгэн хэвлэлд дурдсанаар, цөллөгдсөн ард түмэн хууль ёсны эрхээ олж авахад өнөөгийн нөхцөл байдал тун дөхөм болох ажээ.

Аббас дарга Английн “Al-Quds Al-Arabi” сонинг ад үзэн үе үе шүүмжилдэг. Харин уг сонин Палестиний ард түмний ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзсэн бүхнээ зоригтой шүүмжилсээр ирсэн, цаашдаа ч даргын аясыг дагахгүй гэдгээ мэдэгдэж байна.

НҮБ-ын ажиглагч орон болгох санаачилгаас татгалзуулах, үгүй ядаж уг “төслийг” тодорхойгүй хугацаагаар хойшлуулах гэсэн Вашингтоны эсэргүүцэлд Абу Мазен баттай зогсч чадсан. Үнэн хэрэг дээрээ уг “төслийг” бүрмөсөн хаах ёстой байсан юм…

Барак Обама хүртэл өөрөө Аббастай утсаар холбогдож “муу үр дагавар авчирах шийдвэрээсээ татгалзаач” хэмээн 45 минутын турш ятгасан гэж байгаа. Ингэхдээ зөвлөхүүдийн нь хэлснээр, Обама “санхүүг нь танах болон бусад хатуу арга хэмжээг авна гэдгээ эелдгээр, улс төрийн зөв байр сууринаас мэдэгдсэн” юм билээ.

Чингэтэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейд палестинчуудын саналыг дэмжсэн орны тоо санасныг бодвол олон байсан. Тиймээс одооноос эхлэн Америкийн эрх баригчид тодорхой бэрхшээлүүдтэй тулгарах болно гэж шинжээчид үзэж байгаа. Бас Палестиний энэхүү “нүүдэл” нь еврейн улсыг олон улсаас тусгаарлах эхний алхам нь болох вий гэсэн түгшүүртэй нүүр тулна…

Эсрэгээрээ палестинчуудын баярын нулимсны цаана айдас нуугдаж буйг ойлгож болох юм. “Мөрөөдлөө биелүүлсэн” үйлс нь Израиль, АНУ-ын зүгээс ямар шийтгэлээр эргэж буухыг тэд таашгүй.

Тэгвэл маш хүнд шийтгэл оногдоно гэж хэлье… Хөзрөөр орлуулан хэлбэл, АНУ Рамаллагийн (Палестиний нийслэл) эсрэг дандаа том тоотой модоороо “тасралтгүй дарах”-д бэлэн байгаа. Эхний том хөзрөөрөө жил бүр Палестиний төсөвт оруулж байгаа 200 сая доллар буюу “эргэн төлөгдөх татвар”-ын санхүүжилтээ зогсоож болно. Дээр нь Тель-Авив гэхэд л Иордан голын баруун эрэг болон Газын зурваст бараа нийлүүлтээ хааж болно. Гэтэл энэ бараа нийлүүлэлт нь нэг тэрбум долларт хүрдэг шүү дээ.

Ингэж санхүүгийн бүх судсаа боолгуулснаар Палестин өөрөө яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Арабын ертөнцөд Аббас болон түүний захиргааг “засаг” гэж товчлон нэрлэдэг. Тэгвэл “засаг” нь задарна гэсэн ганц л хариулт бий. Палестинчуудын олонх нь энэ явдлыг эсэргүүцэхгүй байгаа. Рамалла дахь нэлээд хариуцлагатай алба хашдаг нөхдүүд ч тэр олонхид багтаж байна.

Аббаст ойр байгаа эх сурвалж хэлсэн болохоор Аббас өөрөө ч энэ талаар боддог гэж баттай хэлэхэд буруудах зүйлгүй. Гэхдээ Аббас өөрөө бус америкчууд эсвэл израильчууд энэ бодлыг нь хэрэгжүүлээсэй гэж хүсдэг ажээ. Учир нь ингэсэн тохиолдолд Палестиний удирдагч маань намынхаа 160 мянган гишүүнд сар бүрийн цалинг нь тавих гэж энд тэндээс гуйлга гуйх том зовлонгоос салах боломжтой болох юм. Ингээд үзэхээр, америкчууд Израилийг олон улсаас тусгаарлагдана эсвэл өөр ямар нэгэн хүнд байдалд орох вий гэж эмээх ганц ч үндэслэл алга байна…

Нөгөөтэйгүүр НҮБ палестинчуудын хүсэлтийг биелүүллээ гээд газрын зураг дээр арабт дахин нэг тусгаар тогтносон улс бий боллоо гэсэн үг биш. Тиймээс палестинчууд тэгтэл сүржин, тэгтэл чанга дуугаар ялалтаа тэмдэглэх шаардлага байсан гэж үү. Эсвэл “засаг” тэртээ 30 жилийн өмнө Палестинийг чөлөөлөх байгууллага ч мөн НҮБ-ын дэргэд ажиглагч орны статустай болж байсныг мартав уу?

Дипломат аргаар байгуулсан өнөөгийн ялалт нь урт бөгөөд саадтай замд гарах эхний алхам байлаа. Гэвч энэ замыг ширүүн тулаангүйгээр туулна гэдэг бараг боломжгүй зүйл болов уу.

Palestinians Celebrate U.N. VoteАжиглагч орон болсноор Палестин улс Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүхийн агентлагуудын ажилд нэгдэнэ гэж бодож байгаа бол энэ амаргүй зүйл. Улмаар үүнд нэгдсэнээр Израильд Газын эсрэг байлдааны кампанит ажил өрнүүлэн Палестиний 1400 иргэний, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амийг хороосон хариуцлагыг үүрүүлнэ гэж “засаг” найдаж байгаа бол горьдсоны гарз биз ээ. Израилийг олон улсын конвенциудаар хориглосон цагаан фосфорыг байлдааны технологитоо ашигласныг ч зэмлэх газар бий билүү.

Одоо Аббасыг Гаагийн шүүх рүү “гүйх” бүрт нь Вашингтон, Тель-Авив, Лондон ширүүн эсэргүүцэл үзүүлэх болно. Харин нэгэнт ийм ажлыг санаачилж явж байгаа түүнд хэнд ч бууж өгөлгүй явах хангалттай эр зоригийг Бурхан өгөөсэй билээ гэж ерөөх л үлдлээ.

Бас “Палестиний бүх өнгө хосолсон” эрээвэр хураавар хөдөлгөөнүүдтэй хэлэлцээр хийж тэдний бүх болзлыг биелүүлэхэд хүргэх тийм үзэгдэл бүү тохиолдоосой билээ. Ингэсэн тохиолдолд цаадуул нь Израилиас шилжин суурьших нүүдлийг бүрэн зогсоож, энэ тал дээр олон улсад гаргасан бүх шийдвэрүүдийг амьдралд хэрэгжүүлэх, мөн юуны өмнө палестинчуудыг “төрөлх нутагтаа эргэж очих” эрхийг нь сэргээх тухай НҮБ-аас гаргасан 194 дүгээр шийдвэрийг биелүүлэхийг шаардах болно.

Гэлээ гэхдээ Исламын эсэргүүцлийн хөдөлгөөнөөс “засаг”-т хаяглан илгээсэн “НҮБ-д элсэж орсон гялалзсан амжилтад тань” гэх баярын үгсийг Палестиний үндэсний эв нэгдлийг байгуулах суурь нь болж өглөө гэж дүгнэж болох юм. Үүнээс гадна Палестинийг чөлөөлөх байгууллагын үйл ажиллагааг шинэчлэн, дотор нь Палестиний ард түмний бүх давхаргаас бүрэн эрхтэй төлөөллийг багтаан оруулах гэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд энэхүү үйл явдал дөхөм болсон байгаасай билээ.

 

http://rus.ruvr.ru/2012_12_03/Gosudarstvo-194-pobeda-diplomatii-i-doroga-dalnjaja/