Алан хядагчдын гол бай АНУ биш

Posted on Арван хоёрдугаар сар 7, 2012

0


9-11-01-2-thumb-250x166-27689

АНУ алан хядагчдын гол бай биш ажээ. Учир нь дэлхий даяарх алан хядах ажиллагааг ажигласан судалгаанд үндэслэж гаргасан жагсаалтад АНУ 41 дүгээрт бичигдсэн байна. Энэхүү жагсаалтыг гаргахдаа 158 орныг судалгаанд хамруулан дотоодод нь алан хядах ажиллагааны хүч хэр идэвхтэй байгаа эсэх, сүйдсэн барилга байгууламж, амь үрэгдсэн хүний тоо зэрэг үзүүлэлтүүдээр нь харьцуулан дүгнээд эрэмблэжээ.

Судалгааны явцад АНУ есдүгээр сарын 11-ний эмгэнэлт өдрөөс хойш аюулгүй байдлаа сайжруулсан байгаа нь ажиглагдсан байна. Тиймээс Дэлхий нийтийг хамарсан алан хядлагын индекс нь 2002-2011 он хүртэлх хугацаанд дорвитой буурсан үзүүлэлттэй явна. Тодруулбал, тэр өдрөөс хойш Америкийн нутаг дэвсгэр дээр алан хядах 127 ажиллагаа хэрэгжснээс тэн хагасыг нь хүрээлэн буй орчин, амьтны эрхийг хамгаалагчдын зүгээс үйлдсэн байдаг аж. Эдгээр ажиллагаануудын уршгаар 23 хүн амь үрэгдэж, 76 хүн гэмтэл авчээ.

Дээрх жагсаалтыг боловсруулахдаа Мэрилэнд их сургуулийн дэргэдэх Алан хядах ажиллагааг судлах үндэсний косорциумаас гаргасан хоёр жилийн статистик мэдээллийг ашигласан аж. Тэдгээр баримтуудад дэлхийн орнуудын ашиглаж байгаа зэвсэг хэрэгслийн тухай болон 1970-2011 он хүртэлх хугацаанд дэлхий дахинаа болсон алан хядах ажиллагаануудад амь үрэгдсэн хүний тоо, буруутай этгээдүүдийн нь талаар тодорхой мэдээллүүдийг багтаасан байжээ. Энэхүү жагсаалтыг Австрали, Нью-Йоркт салбаруудтай Олон улс, эдийн засгийн хүрээлэн гэх төрийн бус байгууллага эрхлэн гаргасан байна.

“Хэдийгээр ард иргэд нь тэгж үзэхгүй байгаа ч Хойд Америк алан хядах ажиллагаанд өртөх магадлал тун бага байгаа нь харагдлаа. Түүгээр ч барахгүй, Америкт алан хядах ажиллагааны улмаас амиа алдсан иргэний тоо Баруун Европтой харьцуулахад 19 дахин бага байна. Тэгэхэд бусад бүс нутагт алан хядлагын түвшин хэтэрхий өндөр байна. Энэ жагсаалтыг гаргаснаар цаашдаа алан хядах ажиллагааг хэрхэн таслан зогсоох болон тохирох ямар арга хэмжээг авч болох талаар бодитой ярилцлагууд өрнөхөд түлхэц болно гэдэгт найдаж байна” хэмээн тус хүрээлэнгийн дарга Стив Киллели ярьлаа.

Жагсаалтыг алан хядагчдаас болж их хэмжээний хохирол амсаад байгаа Ирак, Пакистан, Афганистан зэрэг орон тэргүүлжээ. Дөрөвдүгээр байранд Энэтхэг улс орсон байна. Түүний араас Йемен, Сомали, Нигери, Тайланд, ОХУ болон Филиппин улсууд жагсчээ. Химийн зэвсгээрээ олон нийтийн анхаарлыг татаад байгаа Сири улс 14-т орсон байна.

АНУ-ын холбоотнуудын хувьд гэвэл Их Британи 28-д, Испани 45-д, Итали 57-д, Франц 63-т тус тус бичигджээ. Хэдийгээр уг судалгаанд сүүлийн дөрвөн жилийн дотор алан хядах ажиллагааны түвшин зогсонги байдалтай гэдэг нь харагдаж байгаа ч ердөө 31 орон л 1970-2011 оны дотор ганц удаа ч алан хядах ажиллагаанд өртөөгүй аж. Эдгээр орны тоонд Өмнөд болон Хойд Солонгос, Сальвадор, Куба, Либери болон Тайвань улс багтжээ. Харин Хятад улс 31-т бичигдсэн байна. “Гибрид дэглэм” хэмээх засаглалын хэлбэр нь алан хядах ажиллагааны түвшинг өсгөхөд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл аж. Араас нь “доголдолтой ардчилал”, “авторитар дэглэм” ч бас орно хэмээн судлаачид тайландаа дурджээ.

Түүнчлэн “2003-2007 онд эрс идэвхтэй өсч байсан алан хядах ажиллагааны түвшин өдгөө зогсонги байдалд ороод байгаа нь дэлхий дахинд тодорхой хэмжээний итгэл найдварыг төрүүлж байгаа хэдий ч Сири болон Ойрх Дорнодод байдал улам дордож байгаагаас харахад энэхүү түвшин яаж ч өөрчлөгдөх магадлал өндөр байна. Нөгөө талаар, алан хядах ажиллагааг таслан зогсоох арга хэрэгслүүд сайжирсан үзүүлэлттэй гарч, амь үрэгдсэн хүний тоо 2007 онд 10 мянга байснаа 2011 онд 7500 болж буурсан харагдаж байгаа ч илүү нарийн дүн шинжилгээний задаргааг үзвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд алан хядах үйлдэл хийх оролдлого үнэн хэрэгтээ бага зэрэг өссөн үзүүлэлттэй байгаа” гэжээ.

Алан хядагчид байгаараа гол төлөв энгийн иргэдийг (нийт тохиолдлын 29 хувьд нь), төрийн барилга байгууламжийг (17 хувьд нь), цагдаа нарыг (14 хувьд нь) тус тус сонгон авсан байдаг аж. Гэтэл нийт тохиолдлын ердөө 4 хувьд нь цэрэг болон цэргийн барилга байгууламж өртсөн байгаа нь үнэхээр гайхаш төрүүлэм. Тэгэхэд нийтийн тээвэр эсвэл хувийн хэвшил рүү довтолсон тохиолдол үүнээс их байгаа нь сонин. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл шашны төлөөлөл, сүм хийдүүд нийт тохиолдлын ердөө 2 хувьд нь өртсөн байдаг ажээ.

Манай улс энэхүү жагсаалтад 116-д бичигдэж сүүлийн 30 жилийн дотор алан хядах ганц ч ажиллагаанд өртөөгүй улсын тоонд багтсан байна. 56 хуудастай дэлгэрэнгүй жагсаалтыг http://www.visionofhumanity.org/ сайтаас үзэх боломжтой.

global terrorism index