Асадад зориулсан хорт утааны баг

Posted on Арван хоёрдугаар сар 7, 2012

0


Асад

-Барууны эрх баригчид Сирийн дайныг зогсоох шалтаг олжээ-

Америкийн тагнуулын ажилтнууд Сирийн эрх баригчдыг химийн зэвсэг хэрэглэх гэж байгааг нотлох шинж тэмдгүүдийг илрүүлжээ. Энэ болон бусад мэдээллүүдийг үндэслэн барууны эрх баригчид Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцож Башар Асадын дэглэмийг мөд унагана гэсэн таамаглалууд гарч эхэллээ.

Сирийн цэргүүд химийн зэвсгийн нөөцөө агуулахуудаас гарган орон даяар байрласан анги нэгтгэлүүддээ тарааж байгаа тухай мэдээллийг хэд хоногийн өмнө Америкийн тагнуулын албан дахь эх сурвалжуудын ачаар олж мэдсэн билээ. Яг үүнтэй зэрэгцээд тус улсын химич-инженерүүд өөр өөр агуулахад хадгалагдаж байсан хорны өндөр агууламжтай, мэдрэлийн системийг гэмтээх чадалтай зарин хэмээх хийг үйлдвэрлэхэд ордог бодисуудыг нэг дор цуглуулж эхэлсэн талаарх баримтууд олдсон юм.

Иймэрхүү мэдээллүүд ихэнх тохиолдолд цуу яриа байдаг нь үнэн боловч энэ удаад харин асуудал тун ноцтой байгаа бололтой. АНУ, Европын холбоо, НАТО, НҮБ-ын удирдагчид болон ОХУ хүртэл химийн зэвсэг ашиглах тухай асуудлыг огт дэмжихгүй байгаагаа илэрхийлж Башар Асадад сэрэмжлүүлэг өглөө. Гэтэл Дамаск хариуд нь “Ийм зэвсэг байлаа гэхэд бид ямар ч тохиолдолд сиричүүдийнхээ эсрэг ашиглахгүй” гэсэн мэдэгдлийг хийв.

Түүний мэдэгдэл олныг тайвшруулах ёстой байтал эсрэгээрээ бухимдал төрүүлэв. Өөрөөр хэлбэл, барууны улстөрчид, батлан хамгаалахын ажилтнууд болон сэтгүүлчид Асадын энэ үгийг “мэдээж хэрэг бид өөрсдийнхөө хүмүүсийг оролдохгүй, харин тэр зэвсгээ гадны хүмүүс дээр ашиглах хувилбарууд байж болох юм” гэсэн далд утгыг агуулж байна гэсэн хардлагаар хүлээж авлаа. Тэгээд Дамаск чухамхүү “гадаадын алан хядагчид”-тай дайтаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байсныг нь бүгд эргэж санацгаав. Тодруулбал, Дамаск эдгээр гадны гээд байгаа хүмүүсийг “АНУ, Израилийн тушаалаар” байлдаж Туркийн хилээр Сири рүү нэвтрэн орж байгаа хэмээн мэдэгддэг. Тиймээс Сири улс иприт, заринаа ашиглах шалтгаан тоомшгүй олон бий гэдгийг товч дурдахад ийм байна.

Израилийн агаарыг эсэргүүцэх хүчний F-15 сөнөөгч онгоц

Израилийн агаарыг эсэргүүцэх хүчний F-15 сөнөөгч онгоц

Мэдээж хэрэг, үүсээд байгаа нөхцөл байдал Сирийн хөршүүдэд буюу эн тэргүүнд Турк, Израильд багагүй дарамт учрууллаа. Анкара энэ мэдээллийг сонсмогцоо тэр дор нь НАТО-ийн холбоотнуудаас тусламж хүссэн. Үүний дагуу Брюссельд болсон шуурхай хуралдаанаар онгоцоор тогтохгүй химийн хошуутай баллистик пуужинг ч утсгах чадалтай “Пэтриот” хэмээх агаарын довтолгооноос хамгаалах иж бүрдэл арваадыг Турк улс руу илгээх шийдвэрийг гаргав. Харин израильчууд сурсан зангаараа Иорданид хандан Сирийн үй олноор хөнөөх зэвсгийн агуулахуудыг маш богино хугацаанд, маш бага зардлаар хумхын тоос болгож чадах сөнөөгч онгоцуудыг нэвтрэхэд нь зориулж агаарын орон зайгаа нээж өгөхийг хүссэн юм. Иорданчууд одоогоор гэдийсээр байна. Учир нь тэрхүү бөмбөгдөлтийн дараа Иорданы нийслэл Амманы ойр орчимд хур бороо орвол “диметиламид цианофосфорын хүчлийн этилийн эфир” мэтийн балиар бодисууд унаж ирнэ гэдгээс эмээж байна. Гэхдээ Израилийн тагнуулчид Сирийг баллистик пуужингуудаа харвах гэж байгааг олж мэдэж чадвал Иорданаас хэн ч зөвшөөрөл хүсэхгүй гэдэгт эргэлзэх ч хэрэггүй. Сирийг яаж ч байсан бөмбөгдөж орхино. Өнөөдрийн байдлаар ийм явдал өрнөнө гэсэн баттай зүйл харагдахгүй байгаа хэдий ч Сирид нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж байна.

Тухайлбал, нутгийн хойд хэсэгт нь босогчид дараалсан ялалтыг байгуулсаар байгаа. Засгийн газрын цэргүүд Туркийн хилээс шахагдаж, улмаар замаа боолгуулсан тул зэвсэг нийлүүлэлт тасалдаж, шатахууны хомсдолд ороод байгаа талаар мэдээлж байна. Гэтэл босогчид зөөврийн зенит пуужинтай дадамгай харьцаж сурсан тул тэднийг бодвол өдөрт нэг онгоц эсвэл нисдэг тэрэг устгаж байна. Түүнчлэн тэд цэргийн 1-2 баазыг бүсэлсэн, тоносон тухай мэдээлэл бараг долоо хоног бүр шахам ирж байгаагаас гадна өнгөрөгч арваннэгдүгээр сарын 26-нд тус орны хамгийн чухал байгууламжид тооцогддог “Тищрин” усан цахилгаан станцыг эзлээд авчээ. Одоо Идлиб, Алеппо мужууд Дамаскийн шийдвэрт захирагдахаа ч больж бие даасан бүсүүд болжээ.

Сирийн нийслэлд ч байдал сайнгүй байгаа. Хотын төвд бөмбөг дэлбэрэх чимээ, буун дуу тасралтгүй сонсогдох нь хэвийн үзэгдэл болов. Хотын зах газруудыг өдөр нь Засгийн газрын цэргүүд, шөнө нь босогчид хянадаг болсоор удаж байна. Тэр бүү хэл, байдал муугаар эргэж босогчид замыг нь боосноос болж улсын нийслэл олон улсын нисэх буудалгүй болж орхилоо. Эрх баригчид өөрсдөө нисэх буудлаа хэвийн горимоор ажиллаж байгаа талаар удаа дараа мэдэгдэж байгаа ч юунаас ч эмээх шаардлагагүй баймаар “Egypt Air” компани хүртэл Сири рүү нислэг үйлдэхээ болив.

Дамаскийн олон улсын нисэх буудал

Дамаскийн олон улсын нисэх буудал

Сирийн дэглэмийн нэг төлөөлөл болох Гадаад харилцааны сайдын хэвлэлийн албаны дарга, христ шашинтай Жихад Макдиси ч нөхцөл байдал муугаар эргэж байгааг ойлгон хамаг юмаа баглаж аваад гэр бүлийнхээ хамтаар Лондон руу нисч одов. Түүнийг явангуут гэрийг нь тонон шатаажээ.

Олон улсаар хүлээн зөвшөөрөгдөж орчин үеийн зэр зэвсгээр хангагдсан босогчид сүүлийн үед байгуулсан гавьяандаа хөглөгдөн өдөр ирэх тусам Засгийн газарт ширүүн дарамт учруулах боллоо. Засгийн газар нь ч сүүлийн хүчээ шавхаж байх шиг. Харин Асадын хувьд бүх юм орвонгоороо эргэж байгаа тул олон хүн түүнийг химийн зэвсэг хэрэглэхээс аргагүйд хүрч байгаа гэдгээс эмээж байна.

Сирид анх бослого гарч эхлэхэд Засгийн газар жагсагчдыг цэргийн хүчээр дарж байлаа. Тухайн үеийн сөрөг хүчнүүд тэр цагаас хойш босогчид болон хувирч маш сайн буудалдцаг болов. Засгийн газар эдгээр “алан хядагч”-ийн эсрэг хуягт техникүүдийг хүртэл ашиглаж үзсэн. Гэтэл босогчид хотын гудманд хуягт техникийг устгах аргыг ч мөн дор нь сурсан. Засгийн газар танкуудад нэмэр болог гээд нисдэг тэрэг, онгоцыг ч бас ашигласан. Харин босогчид тэднийг ч бас устгадаг болж чадлаа. Хот, газар нутгаа, хүн ардаа алдсан Асадад одоо ганц л хөзөр үлдэв. Тэр нь химийн зэвсэг.

Хэрэв Израиль, Туркийн дээрээс хорт бодисуудаар цохилт өгвөл Дамаск хариуд нь маш хатуу гэсгээл хүртэнэ. Улмаар иргэний дайн нь гадаадын “эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалах” дайн болж хувирах аюултай. Буланд шахагдсан алдарт дарангуйлагчийн толгойд ямар бодол эргэлдэж байгааг хэлэхэд хэцүү. Гэхдээ химийн зэвсэг ашиглавал эрх зүйн ямар ч чадамжгүй болж хувирсан, хүмүүсийн нүдэнд ч өртөхөө больсон түүнийг гадны дайснуудын ачаар ард түмэн нь хүрээлж эхэлнэ гэж бодож байгаа байх. Түүнд Муаммар Каддафийн хувь заяаг давтах ганц л зам үлдсэн. Ийм үед ямар ч дарангуйлагч элдвийг эргэцүүлэн бодно шүү дээ.

Вашингтон, Брюсселийн илэрхийлсэн хурц шүүмжлэлүүдэд тийм зүйлийг мөрөөдөх ч хэрэггүй, тэгсэн тохиолдолд барууны орнууд хөндлөнгөөс заавал оролцох болно гэсэн санаа илтгэснийг Асад ойлгосон л байх. Тэр байтугай, химийн зэвсэг ашиглахад бэлтгэж байгаа тухай “баттай нотлогдсон мэдээлэл” нь Сирид НАТО-ийн тусгай ажиллагааг эхлүүлэх сайхан шалтаг болж байгаа гэдгийг Засгийн газарт нь ч ойлгуулж дөнгөсөн.

Иймээс Сирийн Ерөнхийлөгч хэр зэрэг зөв сэтгэх вэ гэдгээс цаашдын үйл явдлын өрнөл шалтгаална. Уг нь дайныг дуусгахын тулд түүнийг сайн дураараа цагаачлахыг санал болгож байсан. Энэ бол хамгийн зөв шийдвэр байгаа юм. Үүнийг эс дагаж химийн зэвсэг хэрэглэвэл уг дайнд НАТО оролцсоноор олон хүний амь эрсдэх аюултай.

Эцэст нь дүгнэхэд, дайн яаж ч төгссөн бай Башар Асад төрийн толгойд үлдэх боломжгүй гэдэг нь нэгэнт ойлгомжтой болж байна.

http://www.lenta.ru/articles/2012/12/05/chemistry/