Чингисийн онгоныг олсон уу

Posted on Арван хоёрдугаар сар 10, 2012

0


Чингис

Америкийн “The Daily Beast” сонинд нийтлэгдсэн өгүүллийг товч орчуулан хүргэж байна.

Герман, япон, америк, орос болон англичууд хэдэн сая доллар зарцуулан байж Чингисийн онгоныг эрж хайсан. Гэвч үр дүнд хүрээгүй. Чингисийн онгоны байршил хэдэн зууны туршид тайлагдашгүй оньсого хэвээр ирсэн юм. Гэтэл…

АНУ-Монголын эрдэм шинжилгээний ажилтан, археологичдын хамтарсан судалгааны баг Монголын баруун хойшоо алслагдсан нутгаас Чингисийн онгон болон эзэн хааны гэр бүлийнхний бунхны байршлыг нотлох анхны баримтуудыг олжээ. Тодруулбал, түүхэн эх сурвалжуудад Чингисийг онголсон хэмээн дурдагддаг нэгэн газарт 13-14 зууны үед хамаарагдах том барилгуудын туурийг илрүүлсэн байна. Үүний зэрэгцээ эрдэмтэд соёлын эд өлгийн зүйлс, сумны зэв, шаазан эдлэл болон барилгын янз бүрийн материалуудыг олноор нь олжээ.

Олдворыг олсон газар болох Хэнтийн нуруу 800 жилийн туршид хориотой газарт тооцогдсоор ирсэн. Чингис хаан амьддаа ийн захисан гэдэг. Хэрэв эрдэмтдийн олдвор түүнтэй холбоотой гэдэг нь батлагдвал археологийн түүхэнд чухал үйл явдал болж түүхэнд үлдэнэ. Нисгэгчгүй онгоц, газрын гүнийг нэвт дурандаж чадах радаруудын тусламжтайгаар болон хиймэл дагуулаас ирүүлсэн мэдээлэл, зургуудыг нягталж шалгасан мянга мянган хүний хичээл зүтгэлээр эрдэмтэд Хэнтийн нурууг судалж чаджээ. Бүр тодорхой хэлбэл, тэд 4 мянган хавтгай дөрвөлжин миль талбайн нарийвчилсан зургийг нэгбүрчлэн судалжээ.

Улмаар эрдэмтэд хиймэл дагуулаас ирүүлсэн өндөр нягтралтай, том хэмжээтэй зургуудыг нарийн шинжлээд Сан-Диего дахь Калифорнийн их сургуулийн дэргэдэх Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хүрээлэнгийн лабораторид Хэнтийн нурууны гурван хэмжээст зургийг гарган авсан байна. Шинжээчдийн нэгдсэн дүн хараахан гараагүй байгаа тул эрдэмтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа хэдий ч сэтгэл нь маш их догдолсон байгааг ярианаас нь мэдрэгдэж байлаа.

Чингисийн онгоныг ил гаргасан цагт дэлхий сөнөнө гэж монголчууд үздэг. Нөгөө талаар, онгоныг илрүүлвэл геополитикийн үүднээс маш их дарамт учрах магадлалтай. Яагаад гэвэл, Хятадын ард түмэн Чингис хааныг өөрийн хүн гэж үзэн өмчилдөг. Тэр байтугай, Хятадад Чингисийн онгон хэмээн нэрлэгддэг маш том, хоосон музейг байгуулаад зогссонгүй уг музей нь хятадуудын дунд ихэд алдаршин, зарим нэг нь түүнийг бурхан мэт сүсэглэж явах болжээ.

John Man

John Man

“Хэрэв Чингисийн онгоныг Монголоос олвол геополитикийн хувьд энэ маш чухал үйл явдал болно. Хятадын олон иргэн Монголыг Түвдийн адил Хятадын нэг хэсэг байх ёстой гэж үздэг. Яг л Хубилай хааны үе шиг. Хэрэв Хятад улс Монголын энэ хэсэгт уул уурхайн үйлдвэрлэл явуулах эрхийг олж авбал Чингисийн онгоны тухай асуудал улс төрчдийн их санаархлын бай болоод зогсохгүй энэ дэлхийд урд өмнө тохиож байгаагүй том маргаан дэгдэх эрсдэлтэй” хэмээн “Чингис хаан: амьдрал, үхэл, дахин төрөлт” номын зохиогч Жон Мэн хэлэв.

Харин МУИС-ийн Археологийн тэнхимийг удирддаг профессор Уламбаярын Эрдэнэбат “Хүмүүс Чингисийг оршуулсан газар алт, мөнгө, үнэт зүйлс болон түүний байлдан дагуулалтын үед хуримтлуулсан бүх олзвор нь бий гэж боддог” гэв. Эрдэнэбатын ширээн дээр болор тунгалаг бүс харагдах агаад тэрбээр бүсэн доорх хар

У.Эрдэнэбат

У.Эрдэнэбат

даавууны  нугалаас бүрийг болгоомжтой тэнийлгэв. “Энэ маш гайхамшигтай олдвор. Ийм эдлэл дэлхийд өөр хаана ч байхгүй. Бид үүнийг 13 дугаар зуунд хамаарах нэгэн булшнаас олсон. Магадгүй уг булшинд Чингис хааны овгийнхны хэн нэгэн нойрсож байгаа байх” хэмээн тайлбарлалаа. Дараа нь Эрдэнэбат нэгэн гоёмсог жижигхэн хайрцгийг нээн, дотроос нь бадмаараг, оюу чулуу шигтгээтэй утас шиг нарийхан алтаар урлаж хийсэн эдлэлийг гаргаж харуулав. Цаашлаад цалин мөнгөөр бүрсэн мөнгөн аяга, алтан ээмэг бөгжнүүдийг ч харууллаа. Эдгээр зүйлс Чингис хааны үед хамаарагдах ажээ.

1960-аад оны эхээр Монгол-Зүүн Германы эрдэмтдийн хамтарсан баг Хэнтийн нуруунаас гавал яс, хадаас, гоёлын хавтан, тоосго олноор нь олсон төдийгүй уг ариун ууланд сүндэрлэж байсан сүм гэмээр байгууламжийн туурийг илрүүлсэн байдаг. Уулын өндөрлөг дээр булшны хэдэн зуун чулууг, харин орой дээр нь төмөр хуяг дуулга, сумны зэвүүдийг олноор нь олсон. Тахил өргөж байсан газрыг нь ч олсон мөртлөө ганц ч хүний булшийг олоогүй юм билээ.

1990-ээд оны үед “Ёмиури Шимбун” сонины ивээн тэтгэлгээр япончууд эрэл явуулах зорилгоор Хэнтийн нурууны оргил дээр нисдэг тэргээр бууж байлаа. Тухайн үед уг үйл явдлыг маш их сурталчилж байсан ч гэлээ ямар ч үр дүн гараагүй. Чингэтэл 2001 онд Чикагогийн өргөн нэрийн барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан Мори Кравицийн удирдлага дор хэсэг эрдэмтэн Хэнтийн нурууны ойр хавийг судалсан байдаг. Монгол Улсын Засгийн газраас тэднийг ариун дагшин ууланд ойртож очихыг хориглосон байв. Уг багийнхан Өглөгчийн хэрэм гэдэг газраас 10 дугаар зууны үеийн хэвтүүл цэргийн булшийг олсон юм. Үүнтэй холбоотойгоор хэл ам их гарсан тул багийнхан ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болж, улмаар нэр бүхий нэгэн сонин тэдний бүтэлгүйтсэн явдлыг Чингис хааны онгоны хараалтай холбож бичиж байсан юм.

1960-аад онд илрүүлсэн хэдэн зуун булшны чулууг үндэслээд зарим эрдэмтэн тэр газар үнэхээр булш бий гэж үздэг. Харин “National Geographic” сэтгүүлийн санаачлагаар явуулж буй дээрх төслийн Ерөнхий шинжээч, судлаач Альберт Лин болон монгол эрдэмтэд геофизикийн бүлэг судалгааг явуулсны үндсэн дээр эрдэмтдийн энэхүү онолыг шинжлэх ухааны үндэслэлгүй гэдгийг нь нотолжээ.

Albert Lin

Albert Lin

Альберт Лин анх Олон улсын Монгол судлалын холбоо, Монголын ШУА-д ханджээ. Улмаар дээрх судалгааны баг гурван жилийн өмнө Сан-Диего дахь Калифорнийн их сургууль, National Geographic Society буюу Үндэсний газарзүйн нийгэмлэг зэрэг байгууллагын дэмжлэгээр Чингис хааны төрсөн газар гэгдэх нутагт судалгааны ажил явуулах зөвшөөрлийг олж авчээ. Судалгааг явуулахдаа тухайн бүс нутаг дахь булшнуудад гар хүрэлгүй, өндөр технологийг ашиглаж байгаа талаар Лин онцолж дурдсан юм.

Эртний зуунд хамаарах олдворуудыг илрүүлж байх явцад дэлгэцэн дээр томоохон байгууламжийн туурийн дүр зураг тодроход эрдэмтдийн өөдрөг үзэл улам нэмэгджээ. Ингээд тус газар руу цөөн эрдэмтэн, археологичоос бүрдсэн багийг илгээж радар, магнетометр, нисгэгчгүй онгоц зэрэг өндөр технологитой төхөөрөмжүүдийн тусламжтайгаар судалгаа явуулсан байна.

Тэр газраас сумны зэв, шаазан эдлэл, дээврийн хавтан, тоосго зэргийг олсноор тэдний итгэл улам баттай болжээ. Энэ алс зэлүүд газар хүмүүс ямар нэгэн зүйл бүтээсэн байна гэдгийг эдгээр эдлэлүүд илтгэж байгаа учир эрдэмтдийн сэтгэл маш их хөдөлсөн аж. “Тэгэхээр нь бид илүү өргөн

Fred Hiebert

Fred Hiebert

талбайг хамруулан сайтар шинжилж үзтэл тухайн бүс нутаг даяар соёлын хэдэн зуун олдвор байгаа нь тодорхой харагдсан. Тиймээс энэ газар ямар нэгэн чухал зүйл байна гэдэг нь ойлгомжтой байгаа” хэмээн “National Geographic”-ийн жинхэнэ гишүүн, уг төслийн бас нэг гол судлаач, археологич Фред Хиберт ярьлаа. Улмаар радио нүүрстөрөгчийн шинжилгээний дүн багийн бүх гишүүнд итгэл өгөөд зогссонгүй олдворууд нь Чингис хааны амьдарч байсан, мөн нас барсан үед нь хамаарч байгаа нь тэд нарт маш их найдварыг төрүүлжээ. “Шинжилгээний эцсийн хариу хараахан гараагүй байгаа ч олдворууд 13-14 дүгээр зуунд хамаарч байгаа нь тодорхой болсон” хэмээн Хиберт тайлбарлалаа.

“Шинжлэх ухааны ачаар бид түүхийн орхигдсон хэсгүүдийг олж мэдэх ёстой. Ингэснээр бид өнгөрсөн түүхээ мэдэж авах, ирээдүйд түүнийгээ хамгаалахад чухал ач холбогдолтой юм” хэмээн төслийн бас нэг оролцогч, дэлхий дахинаа Чингис судлалаар алдаршсан профессор Шагдарын Бира ярив. “Домог, хууч яриануудыг нотолж чадах нэгэн зүйлийг бид олсон. Энэ маш чухал юм шүү” хэмээн Лин нэмж хэлж байна.

Одоогоор ямар нэгэн нээлт хийсэн талаар ярихад эрт байгаа аж. Эрдэмтдийн хийх дараагийн алхмууд их хүнд байх болно. Тус бүс нутагт судалгаа явуулах талбайг маш их хязгаарласан байгаагаас гадна Монгол Улсын Засгийн газрын чанд хяналт дор оршдог. Тиймээс дээрх эрдэмтэд олсон олдворуудаа үндэслэн Засгийн газартай нь нягт ажиллаж байгаа аж.

“Бид тус бүс нутагт малтлага явуулах бодолгүй байна. Харин ч уг газрыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хамгаалалтад оруулах ёстой гэж үзэж байгаа. Ингэвэл уг газар тоногдож сүйдэх аюулаас мултарна” гэж Лин хэлэв. Багийн бусад эрдэмтэн, Монголын Засгийн газар ч мөн ийн үзэж байгаа аж. “Энэ нутаг монголчуудын өвийг илтгэсэн тун чухал газар болоод байгаа” гэдгийг Монголын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Цэдэвдамбын Оюунгэрэл ч хэлэв.

Засгийн газар энэхүү үйл явдалд эмзэглэх нь аргагүй юм. Учир нь энэ улсад эртний булш тонох явдал эрс нэмэгдэж байгаа аж. Ченжүүд хэмээх завсрын наймаачид Монголын өнцөг булан бүрт хүрч очин нутгийн хүмүүст нь шан харамж төлж булш тонуулдаг болжээ. Хулгайлсан олдворуудаа дараа нь Монголоос гаргаж Хонг Конг, Хятадын зах зээл дээр борлуулдаг хэмээн профессор Эрдэнэбат тайлбарлаж өглөө. Тэгээд шүүгээнд байсан хуучирсан цаасан хайрцагнаас яс гаргаж үзүүлэв. “Энэ ясыг саяхан Баянхонгор аймаг дахь тоногдсон булшнаас олсон юм. Хулгайчид үнэд хүрч болох бүх зүйлийг нь аваад яс, гутал хувцасыг нь орхисон байсан” гэж хэлээд Эрдэнэбат шилбэний ясны дэргэд 13 зууны үеийн үрчгэр савхин гутлыг гаргаж тавив.

“Орон даяар нийт хэчнээн булш тоногдсоныг бүү мэд. Хэдэн мянгаар тоологдох байх. Тийм болохоор байдал их хүнд байгаа. Баянгол сумаар жишээ авъя. Уг суманд хэдэн жилийн турш их хүнд өвөл болж, зун нь ган болсноор маш их мал хорогдсон. Үүний улмаас малчид алт эрдэнэс олох зорилгоор эртний булш тонохоос аргагүйд хүрсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр булшнууд хэн нэгний амьжиргааны хэрэгсэл болж хувирсан” гэж профессор ярьлаа.

Эртний эдлэл зардаг ганц нэг дэлгүүрээр ороход л хар археологичдын талаарх Засгийн газрын бодлого зөв юм гэдгийг улам ойлголоо. Дэлгүүрийн худалдагчид сэжигтэй арга замаар олж авсан эдлэлүүдээ борлуулах гэж шалж өгнө. Тухайлбал, Улаанбаатар хотын маш оновчтой байрлал болох Жуулчны гудамжинд орших нэг дэлгүүрийн эзэн, Эрдэнэбат профессорын үзүүлж байснаас ч гоё нэг чимэглэлийг худалдан авахыг санал болгов. Үнийн шошгыг нь харвал 35 000 доллар гэсэн байв. Уг эдлэлийг Хэнтий аймаг дахь нэгэн булшнаас гаргаж авсан хэмээлээ. Үүнээс гадна уг дэлгүүрт лууны дүрс бүхий их ганган дөрөө байв. Чингис хааны аль нэг генералын нь эдлэл байж магад. 10 000 доллараар үнэлсэн байв. Мөн үед хамаарах усны хүрэл савыг 30 000 доллараар үнэлжээ. Хамгийн үнэтэй нь буюу 180 000 доллараар үнэлсэн нэг зүйл нь монголчуудын өлгий нутаг гэгдэх Хэрлэнгийн шугуйгаас олдсон 7.6 орчим см өндөртэй хүннүчүүдийн морин баримал байв.

“Манай худалдан авагчид гол төлөв хятадууд байдаг. Шинэ музей байгуулах бүртээ Өвөр Монголын монголчуудыг нааш нь явуулж эртний эд зүйлсийг авахуулдаг. Өнгөрөгч долоо хоногт энэхүү хүннүгийн морийг нэг хүн надаас 80 000 доллараар худалдан авах санал хэлсэн ч би зөвшөөрөөгүй” гэж уг дэлгүүрийн эзэн ярьлаа. Тэгснээ ийм эд өлгийн зүйлсийг хилээр хэрхэн гаргах тухай зөвлөгөө өгдөг юм байна. “Хэрэв та энэ морийг авбал чимэглэл гэж харагдуулахын тулд хүзүүндээ зүүгээрэй. Ингэсэн тохиолдолд ямар ч гааль таныг саатуулахгүй” гэв.

Монгол Улсын нийслэлийн төвд Чингис хааны хөшөө байх аж. “Аливаа улс өөрийн билэг тэмдэг болсон баатартай байдаг. Чингис хаан бол манай үндэстний билэг тэмдэг. Энэхүү хөшөөг би Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан босгохдоо залуу үеийнхэнд Чингис хааны үүх түүхийг хүргэж, түүхээрээ бахархах сэтгэлийг нь төрүүлэх гэсэн юм” хэмээн Чингисийн хөшөөг санаачлагч, жүдогийн дэлхийн аварга, өдгөө Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Халтмаагийн Баттулга ярьлаа.

 

http://www.inosmi.ru/middle_asia/20121209/203077879.html