Казахстан сансрын буудлаа өөртөө авахаар шийджээ

Posted on Арван хоёрдугаар сар 13, 2012

1


Казахстаны удирдлага Байконур хот болон дэлхийд хамгийн томд тооцогддог мөн нэртэй сансрын буудлаа өөрийн эзэмшилд авах боломжийг судалж байна. Энэ тухай өнгөрөгч даваа гаригт Казахстаны Үндэсний сансрын агентлагийн тэргүүн Талгат Мусабаев мэдэгдлээ. Казахстаны удирдлагын түвшинд ОХУ-д сансрын буудлаа, мөн буудлын зарим барилга байгууламжийг түрээслүүлэхээс татгалзах талаар өмнө нь ч яригдаж байсан. Уг нь хоёр орны хооронд байгуулсан гэрээ ёсоор оросууд Байконурыг 2050 он хүртэл түрээслэн ашиглах эрхтэй боловч дээрх мэдэгдлээс харахад казахчууд гэрээ дуусах хугацааг наашлуулах санаатай байгаа бололтой. 

Мусабаев Казахстаны Парламентад болдог “Засгийн газрын цаг” хөтөлбөрийн хүрээнд дээрх мэдэгдлийг хийсэн юм. Ингэхдээ шалтгаануудаа маш чамбай үгсээр илэрхийлж байсан нь Астана, Москватай муудалцах хүсэлгүй байгааг түвэггүй ойлгуулж чадав. Тухайлбал, тэрбээр “Манай улсын тэргүүн Путинтэй зөвшилцсөний үндсэн дээр бидэнд ийм үүрэг өглөө. Байконур цогцолборын тухайд олон талын асуудлыг багтаасан шинэ гэрээг боловсруулах асуудал дээр хоёр улсын тэргүүн хоёул тохиролцсон байна. Шинэ гэрээнд түрээсийн асуудлаас татгалзах талаар тусгах бодолтой байгаа. Тэглээ гээд бид оросуудад түрээслүүлэхээс эрс татгалзана гэж ойлгож болохгүй. Алга урвуулахын төдийд шийдчих ажил биш. Харин хэсэгчлэн эсвэл үе шатаар хэрэгжүүлж болох юм” гэж мэдээлсэн.

Дэлгэрэнгүй мэдээллээс үзвэл, казахчууд эхний ээлжинд “Зенит” пуужингуудыг хөөргөдөг талбайнуудаа болон Байконур хотоо түрээсийн гэрээнээс гаргах бодолтой байгаа аж. Энэ алхмын дараа Астана сансрын буудлын цогцолбороо бүрэн эзэмшилдээ авах талаар дуугарах бололтой. “Казахстаны хувьд энэ цогцолборыг өөрийн болгосноор ирээдүйд хийх маш том алхам болох учиртай” хэмээн Мусабаев онцолж хэлсэн. Харин ОХУ-ын хувьд эсрэгээрээ. Оросууд хэдийгээр Амурск мужид өөрсдийн “Восточный” сансрын буудлаа бариад эхэлсэн байгаа ч гэлээ Байконурыг алдана гэдэг нь тэдний хувьд хойшоогоо ухарсан үйлдэл болно.

“Казкосмос” агентлагийн тэргүүний хэлсэн бүхнийг дүгнэхэд, 1994 онд ОХУ-тай байгуулсан гэрээгээ Астана үеэ өнгөрөөсөн зүйл гэж үзэж байгаа бололтой. Уг гэрээ ёсоор, ОХУ Байконурын түрээсэнд жил бүр 115 сая доллар төлдөг. Хачирхалтай нь Нурсултан Назарбаев Путинтэй уулзсаны дараагаас гэнэт гэрээг шинэчлэх асуудлыг хөндөж эхэлсэн. Уг нь энэ оны зургаадугаар сард Путинтэй уулзан Байконурын тухай ярилцаж байхдаа Назарбаев хоёр орны хооронд байгуулсан гэрээг эргэж харах талаар ганц ч үг унагаагүй. Харин ч тухайн үед Ерөнхийлөгч нар сансрын буудлын дэд бүтцийг хадгалахын төлөө хамтарч ажиллах болсон төдийгүй Байконур хотыг ч бас хамтдаа эзэмшинэ гэж мэдэгдэл гаргаж байсан билээ. Удалгүй хоёр орны Ерөнхий сайд нар ч Байконураас ОХУ-ын хиймэл дагуулуудыг хөөргөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж байсан. Гэхдээ дараа нь Казахстан уг асуудалд хориг тавьж удаатай. Учир нь хиймэл дагуул тээвэрлэгч пуужингуудыг хөөргөсөн үед тодорхой эд ангиуд нь өөр улсын нутаг дэвсгэрт унадаг аж. Харин тэдгээр улстай зөвшилцөж байгуулсан хэлэлцээр байдаггүй хэмээгээд татгалзсан хариу өгч байв (сүүлд зөвшөөрсөн тул оросууд хиймэл дагуулуудаа амжилттай хөөргөж чадсан. Орч).

Байконур сансрын буудлын ердөө нэг хэсэг нь

Байконур сансрын буудлын ердөө нэг хэсэг нь

Энэ сэдэвтэй уялдуулан сануулахад, нэг маргаантай асуудал одоо болтол шийдэгдээгүй байгаа. 2004 онд байгуулсан гэрээнд хоёр улс хамтарч “Байтерек” хэмээх сансрын пуужингийн цогцолбор барих шийдвэрийг тусгасан. Гэхдээ ямар хэмжээний цогцолбор барих тал дээр өнөөг хүртэл тохиролцож чадаагүй байгаа. Уг цогцолбороос арилжааны зорилгоор “Ангара” маркийн тээвэрлэгч пуужингуудыг хөөргөхөөр төлөвлөж байсан бөгөөд энэхүү төслийг анх 1.6 тэрбум доллараар үнэлж хоёр тал тэнцүү хэмжээгээр хөрөнгө оруулахаар тохиролцсон байдаг. Чингэтэл оросууд хөнгөн, харин казахчууд хүнд тээвэрлэгч пуужинд зориулсан талбай барих саналыг тавиад аль аль нь гэдийгээд эхэлсэн. Учир нь хөнгөн зэрэглэлийн тээвэрлэгч пуужингууд нь сансар эзэмших салбарыг хөгжүүлэх тал дээр дэвшүүлэн тавьсан Казахстаны зорилгод нийцэхгүй гэж Астана үздэг талаар тухайн үед “Известия” сонин мэдээлж байлаа.

Тэгж ингэсээр “Байтерек”-ийн асуудал өнөөдрийг хүргэсэн. Тэгтэл “Роскосмос”-ын тэргүүн Владимир Поповкин өнгөрөгч хавар мэдэгдэл хийхдээ хоёр тал энэ онд тохиролцож чадахгүйд хүрвэл ОХУ одоо баригдаж буй “Восточный” сансрын буудалдаа “Ангара” пуужинд зориулсан талбайг байгуулна гэж зарласан юм.

Өөрсдөд нь ямар ч ашиггүй учраас оросууд Казахстаны сансар судлалд 800 сая доллар үрэх шаардлага байхгүй. Үүнийг ойлгосон казахчууд Байконур хэний эзэмшил билээ гэдгийг сануулан Москвад дарамт үзүүлэхээр шийдсэн нь энэ бололтой. Казахын тал цаашдаа сансрын салбараа бие даан эсвэл бусад гүрэнтэй хамтран хөгжүүлэх зорилготой байж магадгүй. Угаасаа Ерөнхийлөгч Назарбаев өнгөрөгч есдүгээр сард Байконурын шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулахыг уриалж байсан. Энэ хэлэлцүүлгээр Назарбаев сансар судлалыг энхийн зорилгоор ашиглахад чиглэгдсэн олон улсын төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтарсан судалгаа явуулах асуудлыг хөндөнө гэж тайлбарлаж байлаа.

Тэгтэл энэ сарын эхээр Путин, Назарбаев хоёр Байконурыг хамтран эзэмших талаар дахин ярилцаж улмаар казахчуудын мэдэгдлүүдээс үзэхэд “Зенит” пуужингийн цогцолборыг түрээснээс гаргах асуудалд оросууд ямар нэгэн байдлаар татгалзаагүй гэдэг нь тодорхой боллоо. Тэгэхээр оросууд “Восточный” буудал дээрээ төвлөрөхөөр шийдсэн байна гэж дүгнэж болох нь. Энэ тохиолдолд Казахстаны удирдлага яаж ч том мөрөөдөөд Байконурын ирээдүйг гэрэлтүүлж чадахгүй гэдэг нь тод харагдаж эхэллээ.

Байконур хот

Байконур хот

Өмнө нь Ленинск хэмээн нэрлэгдэж байсан Байконур хот өдгөө 70 орчим мянган хүн амтай, тэдгээрээс тэн хагас нь Казахстаны иргэн. ЗХУ задрах үед энэ хот 140 орчим мянган хүн амтай байсан. 1992 оныг хүртэл энд гол төлөв цэргийн мэргэжилтнүүд амьдарч байгаад цаг төр солигдмогц дийлэнх нь Байконурыг орхиж явцгаасан юм. Ингээд хаягдсан орон сууцнуудад нь ойр хавьд амьдарч байсан айлууд дурмэдэн орцгоосон байдаг. Ойрын таван жилийн дотор тус хотын казах хүн ам 90 хувиар өснө гэсэн таамаглал бий.

Байконур хот Казахстаны Кызылорд мужийн бүрэлдэхүүнд багтахын зэрэгцээ ОХУ-ын хуулинд захирагдаж холбооны чухал ач холбогдолтой хотын зэрэглэлд багтдаг тул оросууд төсөвт нь жил бүр 1.16 тэрбум рубль оруулдаг. Ингэхдээ сансрын буудлын түрээсэнд бас тусдаа мөнгө төлдөг. Гэтэл хотын хүн ам дотор сансрын салбартай ядаж жаахан ч гэсэн холбоотой хүний тоо өдгөө 20 хувьд ч хүрдэггүй. Тэгсэн атал ажилгүйдлийн түвшин нь асар өндөр. Учир нь энэ хотод сансрын буудлаас өөр төсөвт хувь нэмэр оруулчих том хэмжээний үйлдвэрлэл байдаггүй.

Мэдээж хэрэг, оросуудыг яваад өгөхөөр энэ цөл газар руу гадаадын хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүд зүтгэж ирэх нь ойлгомжтой. Харин энэ хотын төсвийг, ажилгүй оршин суугчдын нь асуудлуудыг Казахстан цэвэр нуруун дээрээ үүрэх болно. Мөн хэрэв сансрын буудлыг казахчуудын мэдэлд шилжүүлбэл өдгөө тэнд ажиллаж байгаа Оросын захиргаа, хүчний бие бүрэлдэхүүн бөөндөө хотыг орхин гарна. Улмаар сансрын буудал боловсон хүчний гүн хомсдолд орно. Өнөөдөр гэхэд л Байконурт сансар судлалын төхөөрөмжүүд дээр ажиллаж чадах мэргэжилтнүүд хомс байгаа.

Гэхдээ Казахстан үүнд санаа зовохгүй байх шиг байна. Хамгийн дээд түвшний дарга нарын нь мэдэгдэл гаргаж байгаа өнгө аясаас нь ажвал, казахчууд дэлхийд хамгийн томд тооцогддог сансрын буудлаа, мөн дэргэд нь орших хотоо аажмаар өөрийн болгох асуудлыг дотроо хэдийнэ шийдсэнээр тогтохгүй одоо зөвхөн оросуудтай аятайхан тохиролцох л үлдсэн гэдэг нь харагдаж байна. Ойрын хугацаанд Засгийн газар хоорондын хороог байгуулж энэ асуудлыг нэг тийш болгох аж. Нэгдүгээр дэд сайд Игорь Шувалов уг хорооны Оросын талыг ахлах нь тодорхой болжээ.

 

http://lenta.ru/articles/2012/12/10/city/