Латин Америкийн хонгилууд дахь Дэлхийн IV дайн

Posted on Арван хоёрдугаар сар 15, 2012

0


Мексикийн цагдаа нар жагсагчдыг дарж байгаа нь, энэ сарын 1-ний өдөр

Сэтгүүлч Пако Гомес Надаль өнгөрөгч онд Панамд түр саатуулагдаж байв

Сэтгүүлч Пако Гомес Надаль өнгөрөгч онд Панамд түр саатуулагдаж байв

-Латин Америкт 14 жил ажиллаж, туурвисан бүтээлүүдээрээ олон тооны шагнал хүртсэн Испанийн сэтгүүлч Пако Гомес Надалийн нийтлэлийг орчуулан хүргэж байна-

Латин Америкт ширүүн мөргөлдөөнүүд улам л ойрхон гарах боллоо. Шалтгаан нь юу юм бол? Эсвэл аргагүйн эрхэнд гараад байна уу. Үгүй л болов уу. Аль ч утгаараа тэнд дайн өрнөж байна. Яагаад гэвэл, энэ дайнд бусад тулаанд байдгийн адилаар хүчирхийлэл, хонгилууд, дайсан болон төгсгөл гээд бүх юм байна.  

2003 онд найруулагч Рик Ровли нэгэн баримтат киног бүтээсэн нь мэргэжил нэгт нөхдийн нь дунд амжилт олсон юм. Ровли уг кинондоо Дэлхийн IV дайн гэсэн ойлголтын талаар Мексикийн Үндэсний чөлөөлөх сапатист армийнхны хэлсэн үгнүүдээс иш татсан байлаа. Тодруулбал, неолиберализм даяарчлагдсаны уршгаар “хэрэггүй” гэх сая сая хүн замын хажууд орхигдон улмаар тэрхүү капиталист даяаршлыг удирдаж байгаа гэмт бүлэглэлүүд болон улс төр-эдийн засгийн томохон компаниуд, мөн иргэд олон янзын бүлэглэл үүсгэж хоорондоо цуст дайн өрнүүлэх болсон талаар өгүүлсэн байв.

“Энэ дайнд талбар гэж үгүй. Энэ тэмцэлд дайсан гэж үгүй. Ерөөс дайн энд тэндгүй болж байна. Эцэс төгсгөлгүй мянга мянган дайн” гэсэн үгсээр дээрх кино эхэлдэг. Ерөөс эхлэхдээ л уг кинонд, ялангуяа энэхүү оршил үгэнд олон алдаа байгааг анзаарч болно. Тухайлбал, дайны талбар гэж бий, дайсан нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа, мөн ямар ч дайн төгсгөлтэй байдаг билээ.

Харин энэхүү Дэлхийн IV дайнд хонгилууд гэх зүйлс бас бий. Энэ өдрүүдэд Европт явагдаж буй Хавчлагын эсрэг олон улсын конгресс дээр зарим хонгилын нь талаар онцолж ярьж байна лээ. Бусад хонгилыг нь хэвлэлийн байгууллагуудын эсвэл дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа иргэдээс өдөр тутам ирүүлдэг энд тэнд болж байгаа тэмцэл, мөргөлдөөний тухай мэдээллүүдэд л үндэслэн тогтоож болж байна.

Тэдгээр хонгилоос Латин Америкийнх илүү тод харагдах учраас дайсныг нь тодорхойлоход ч хялбар. Энэ тивд дор хаяж дөрвөн гол хонгил, мөн тооны дайсан ажиглагддаг.

1.Байгалийн баялгийн хонгил. Конга, Бело-Монте, Полочикийн хөндий, Черан, Нгабе-Бугле муж зэрэг газар болж байгаа бослого тэмцэл болон мапуче омгийн индианчууд хоорондын мөргөлдөөнөөс харахад тэд Байгаль эхийг хамгаалах зорилгоор энхийн дайн явуулж байгаа нь харагддаг.

Энэхүү дайнд олон хүнээ алдаж байгаа үндэсний хөдөлгөөнүүдийг зарим хүн гэнэн, харалган гэж буруутгана. Гэтэл хэргийн гол учир энэ биш шүү дээ. Аж үйлдвэр хөгжсөн орнуудад эрчим хүч, түүхий эдийн хэрэглээ хэт өндөр байдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл даяаршил гэгчийн уршгаар Вашингтоны зөвшилцөл гэх мэт улс төр, эрхзүйн баримт бичгүүд бий болсон юм. Латин Америкийн колончлогдож явсан газар нутгуудад хэдэн зууны дараа эргээд ноёрхлоо тогтоож, үр шимгүй болсон ч доороо асар их баялгийг агуулж байгаа тэдгээр нутгийг дээрэмдэн авахад дээрх баримт бичгүүдийн гол агуулга оршвой.

Дайсанд дүр төрх гэж бий. Тэд гол төлөв Захирлуудын зөвлөл, Бүрэн эрхт төлөөлөгчид байдаг. Мөн тэдний хамсаатнууд болох Латин Америкийн орнуудын авлигад автагдсан, худалдагдсан Засгийн газар эсвэл даяаршил хэмээх ширээн дээрх хоолны үлдэгдлийн хариуд эх орноо худалдахаас өөрийг хийх чадваргүй удирдагчид л байдаг билээ.

Иргэдийн бослого үндсэн хоёр шалтгааны улмаас дэгддэг. Эхний шалтгаан нь амьдралын үндэс болсон газар нутаг, түүн дээрх байгалийн баялгаа хамгаалах гэсэн чин сэтгэл. Нөгөө шалтгаан нь биднийг түүхийн нэгэн шинэ үйл явцын өмнө аваачина. Тодруулбал, байгалийн баялгийг бусдад худалдаснаар шинэ эзэмшигчдэд нь агуу төслийг хэрэгжүүлэхэд нутгийн оршин суугчид гэх ийм олон боол хэрэггүй болдгоор барахгүй садаа болдгийн улмаас мөргөлдөөн гардаг билээ.

2. Төлөөллийн ардчиллын хонгил. Барууны либерал ардчиллын зарчмууд дээр тулгуурлан бий болгосон системийг үл мэдэгдэх шалтгаанаар төлөөллийн ардчилал гэж нэрлэдэг бөгөөд энэ нь яалт ч үгүй уналтад ороод байна. Энэ уналт хаа сайгүй ажиглагддаг. Грек, Испанид эдийн засгийн хямралаар илэрсэн байдаг. Тэгвэл Латин Америк өдгөө дарангуйлал, хавчлагыг шахан орж ирсэн ээлжит худал хуурмагт хүчтэй автаж эхэллээ.

Үүний тод жишээгээр саяхан Мексикт болсон үйл явдлыг нэрлэж болох ч ерөөс бусад оронд ч бас ард түмний ашиг сонирхол, эрхийг нь үл хүндэтгэдэг авторитар системийн эсрэг бослого, тэмцэл гардаг гэдгийг дурдах нь зүйтэй. Дэлхийн IV дайн өнөөдөр Гондурас, Гватемал, Панам, Доминикан, Гаити, Парагвай, Боливи, Перу, Чили, Эквадорт өрнөж байна. Харин дайсан нь хэн бэ гэдэг нь ойлгомжтой. Өөрсдийгөө зүүний эсвэл барууны үзэлтэй гэж нэрлэдэг өнөөх л Засгийн газрууд. Тэд үндэсний баялгийг хулгайлж цөөнхийн эрх ашигт үйлчилж байна. Тэгвэл олонхийг баялаг дахин хуваарилахад оролцох боломжгүй болгохын тулд Засгийн газар ийн загнаж байна уу? Үгүй. Латин Америкт энэ асуудал чухал биш. Асуудал илүү гүнзгий агуулгатай. Энэ тивийн ард түмэн улс төр болон өөрсдийн нь хувьд чухал болох асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох эрхгүйн зэрэгцээ нутаг усаа удирдах эрхгүй. Өөрсдөд нь хамааралтай аливаа асуудалд саналаа оруулах ч эрхгүй. Бусад орны хувьд, тухайлбал Аргентин, Бразильд баялгийн хуваарилалт, “эдийн засгийн нөөцийг болзолтой шилжүүлэх” (угтаа бол боолчлох шинэ хэлбэр) зэрэг ёс төдий үзэгдлүүд байгаа тул дээрх орны ард түмэн нь тайвшрангуй амьдарч байна. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал. Энэ хоёр орны ард түмэн удахгүй босно гэдэг нь дамжиггүй.

Мексикийн цагдаа нар жагсагчдыг дарж байгаа нь, энэ сарын 1-ний өдөр

Мексикийн цагдаа нар жагсагчдыг дарж байгаа нь, энэ сарын 1-ний өдөр

3. Боловсролын салбар дахь колончлолын хонгил. Дайны энэхүү талбарын байршлыг яг тэнд гэж тодорхой заах боломжгүй байдаг ч бусад хонгилоос илүү ач холбогдолтой нь харагддаг. Марти, Фирмин, Фанон, Марьятеги, Уильямс нар өнгөрөгч зуунд бүтээлч сэтгэлгээний манлайд явж байсны нэгэн адил Латин Америкийн шинжлэх ухааны хүрээнийхэн болон сэхээтнүүд өнөөдөр барууны үзэл суртлын дарангуйлалтай тэмцэл өрнүүлж байна. Анибал Кихано, Сильвия Ривера, Саяак Валенсия, Эриберто Йепес, Хуан Хосе Баутист, Рамон Горсфогель, Мальдонадо-Торрес, Мария Галиндо болон олон олон эрдэмтэн энэхүү бэрх дайны талбарт ширүүхэн тэмцэж явна. Тэд гялгар хавтастай сэтгүүлүүдээр дамжуулан олон нийтэд үгээ хүргэдэг хүмүүс биш. Гэхдээ л Латин Америкт өрнөж буй дайн яах аргагүй олон түмний ухамсарт гүнзгий өөрчлөлт оруулж чадаж байна. Иргэд боловсролын салбарыг дарамт, мөлжлөгөөс чөлөөлөх тухай асуудлыг бүрэн утгаар нь тавьдаг болжээ. Дайсан ч бас өөрийгөө туйлын тодорхой илэрхийлдэг болсон байна. Үүнд нь барууны орнуудын сургалтын болоод удирдлагын төвүүд шууд тусламж, дэмжлэгээ үзүүлж байгаа. Дайсны талд худалдагдсан зохиолч, сэтгүүлчдийн бүхэл бүтэн арми байна. Тэд постмодернизмийн талаар эргэцүүлж хөрөнгөтнүүдийн эрх чөлөө хэмээх үндэслэлээсээ авахуулаад хэрэгжих боломжгүй хуурамч, үхмэл үзэгдлийг хамгаалан бичсээр өдийг хүрлээ.

4. Мэдээллийн хонгил. Засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллагууд, корпорациудын байгуулсан гавьяанд олон нийтийн мэдээллийн салбар ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг. Би үүнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн урсгалыг удирдах газрыг хэлэх гэсэнгүй. Ерөөс олон нийтийн мэдээллийн салбар гэдэг тодорхойлолт дор улс бүрийн нутаг дэвсгэрт оршдог сургууль, олон нийтийн талбай, гэр бүл, төрөл бүрийн байгууллагуудыг багтаан ойлгох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд ард иргэд энэ салбарт томоохон алхмуудыг хийлээ. Тухайлбал, хэвлэл мэдээлэлтэй дүйцэхүйц хэрэгслүүд нэлээд өргөжлөө, тэр хэрээр боловсрол олгодог газрууд ч байнга нэмэгдэж байна. Мөн олон нийтийн хөдөлгөөн, байгууллагуудыг дотроос нь “идэж” байгаа колончлолыг эрс шүүмжлэх явдал улам бүр газар авч байна. Үүнтэй хамт хөрөнгөтний нийгэмд гэр бүл зохиох улигт загвараас татгалзаж хамтын амьдралын шинэ хэлбэрүүдийг үүсгэн амьдралд хэрэгжүүлэх залуус олширсон байна. Эдгээр хүчин зүйлс соёл ёс заншил, хэл, бэлгэдэлд нөлөөлөх замыг засч байх шиг.

Хийх юм их бий. Явах зам нь тодорхой байгаа учир бид төр засгаас тавьсан мэдээллийн хоригийг яаж сэтлэхээ мэддэг боллоо. Тод жишээгээр Мексикийг нэрлэж болохоор байна. Тус улсын Засгийн газраас иргэдийн дуу хоолойг дарах гэсэн оролдлогыг эсэргүүцэж энэ сарын 1-нд жагссан иргэдийг цагдаа нар хүчээр, зэрлэгээр зогсоохыг оролдсон. Болсон явдлын талаар бодитой мэдээллийг хүргэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ачаар төр засгийн хэвлэлүүд яаж ч чадалгүй хөдөлж тэр өдөр хүчний байгууллагуудын зүгээс гаргаж байсан зүй бус үйлдлүүдийг олон нийтэд мэдээлэхээс аргагүйд тэднийг хүргэж байсан юм.

Нийтлэлийн эхэнд би найруулагч Ровлигийн иш татсан “энэ дайнд төгсгөл гэж үгүй” хэмээх үгтэй санал нийлэхгүй байгаагаа дурдсан билээ. Энэ дайнд төгсгөл ирнэ. Тэр үед хэн нь ялах вэ гэдгийг одоо хэн ч хэлж мэдэхгүй. Иргэд олонх болж Засгийн газартаа цохилт өгч чадах уу гэдгийг ч бид мэдэхгүй байгаа. Энэ дайнд үндэстэн дамнасан корпорациуд, хандиваар амиа зогоогч төрөл бүрийн сангууд болон долигонуур улстөрчид ялвал бид Дундад зууны үедээ эргэн орж үүр цайхыг мөн ч удаан хүлээх болно. Угаас цаашдаа ч дарангуйллын эргийг улам л чангалах байх. Гэвч үүнээс айх хэрэггүй. Хамгаалалт, эсэрүүцэл гэдгийг догшин зан авир, утгагүй эмх замбараагүй байдалтай зүйрлэн ойлгож хэрхэвч болохгүй. Бид цаашдаа хамгаалалтаасаа дайралтад шилжиж таарах байх. Үүнийг ч бас хууль бус үйлдэл гэж ойлгох хэрэгггүй. Дэлхийн IV дайн өдөр тутам олон мянган хүний амийг авч одож байгаа ч амь гарч чадсан хүмүүс бий. Латин Америкт сая сая хүн засгийн дарамтын улмаас уугуул нутгаа орхиход хүрлээ. Бараг 200 сая хүн орон байрт амьдрах, идэж уух эрхээ эдэлж чадахгүй явна. Олон сая хүн амьдрах нөхцөлгүй газар толгой хоргодож байна. Мөн олон сая эмэгтэй балар эртний бүдүүлэг уламжлалд дарлуулан хүний хөдөлмөрийг мөлжигчдийн ашиг сонирхлын золиос болон амьдарч байна. Олон овог аймгийг төрөлх нутаг уснаас нь хүчээр нүүлгэж, дүрвэн амьдрах замд нь орууллаа. Хурдтай хөгжил хэмээх халхавч дор хүнийг ялгаварлан гадуурхах шинэ шинэ хэлбэрүүд үүсч бий боллоо. Үүний хар гайгаар нутгийн уугуул оршин суугчдыг, нэн ялангуяа африк гаралтай овог аймгуудыг зэрлэг арга хэрэгслүүдийн тусламжтайгаар нутгаа орхихоос аргагүйд хүргэж байна. Гэхдээ тэр хэрээр тэдний эсэргүүцэл улам бүр шийдэмгий болж байгаа.

Засгийн газруудын дээрэмчин занг үл харгалзан дээрх хонгилуудад өрнөж буй тулаануудад хэн ялалт байгуулж, дайн хэрхэн төгсөхөөс хүн төрөлхтний, энэ дэлхийн ирээдүй хамаарна.

Латин Америкт тулааны маш том нэг талбар байна. Дайныг эсэргүүцэх хүчин, дайсныг дарж чадах хангалттай том иргэний арми байгаа учраас тэр талбар чухамхүү энэ тивд оршиж байна. Харин тэдгээр тулааныг хэрхэн сурвалжлах вэ гэдэг асуудал аль ч дайны үе шиг хамгийн чухалд тооцогдож байгаа билээ. Засгийн газрууд маш сайн бэлтгэгдсэн үзэл суртлын аппаратаа болон сайтар тэжээсэн сэтгүүлчдээ хэдийнэ бэлэн байдалд оруулчихлаа. Одоо ард түмэн ямар хариулт өгөхөө бэлдэж байгаа ажгуу.

 

http://www.inosmi.ru/world/20121214/203315031.html#ixzz2EzFVwBMu