Цагдаа нар Ньютаунд болсон аллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгчээ

Posted on Арван хоёрдугаар сар 17, 2012

0


Бүрлээч Адам Ланза

АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотод 27 хүний амийг хороосон этгээд өмнө нь мэдээлж байсан шиг сургуулийн байр руу чөлөөтэй нэвтэрсэн бус харин дайрч орсон ажээ. Тус мужийн цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр энэ тухай ярьсан байна.

Өнөөдрийн байдлаар, амиа алдсан бүх хүнийг ар гэрийнхнээр нь таниулж чадсан байгаа бөгөөд нэрсийг нь удахгүй нийтэд мэдээлэх ажээ. Цагдаагийн байгууллагаас өмнө нь өгч байсан мэдээллээр, 20 настай Адам Лэнза агсны үйлдсэн аллагад “Сэнди Хук” сургуулийн 5-10 насны сурагчдаас гадна түүний үйлдлийг зогсоохыг хичээсэн тус сургуулийн зургаан ажилтан амь үрэгдсэн юм. Тэдний дунд тус сургуулийн захирал болон мужийн сэтгэлзүйч байсан аж.

“The Wall Street” сонины мэдээлснээр, “Аллага үйлдсэн этгээд нас барахынхаа өмнө ямар нэгэн мэдээлэл, цахим захидал үлдээсэн үү?” гэх асуултад цагдаагийн байгууллагын төлөөлөл “Бид түүнийг баттай нотлох баримтыг олсон байгаа” гэж хариулжээ. Харин “The New York Times” сонинд бичсэнээр, мөрдөгчид Лэнзагийн гэрээс ийм хэрэг үйлдэх болсныг нотлох чухал баримтуудыг олсон аж. Гэвч цагдаа нар энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Дээрх явдлаас ганцхан хүн амь гарсан. Тэрбээр хөлөндөө шархтсан бөгөөд энэ сарын 16-нд цагдаа нарт анхны мэдүүлгээ өгөх ёстой. Өнөөдрийн байдлаар, цагдаа нар хэргийн газрыг үргэлжлүүлэн судалж байгаа. Тэдний энэ ажилд ахиад ганц, хоёр хоног шаардагдах бололтой. Цагдаа нар хэргийн газрыг судалж гэмт этгээдийн аллага үйлдэх болсон шалтгааныг тодорхойлох чухал зорилготой байгаа ажээ.

Адам Лэнза энэ сарын 14-нд бага сургуулийн хүүхдүүдийг хөнөөхөөс өмнөхөн ээжийгээ егүүтгэсэн гэдэг юм. Тэрээр ээжийнхээ нүүрэн тус газар буудаж амийг нь хороосон болохыг цагдаа нар мэдээллээ. Талийгаач Нэнсиг зарим эх сурвалж тэрхүү “Сэнди Хук” сургуульд багшилдаг байсан гэх боловч сургуулийн багш нар үүнийг үгүйсгэсэн байна. Ээжийгээ хөнөөсний дараа гэмт этгээд түүний машинаар дээрх сургуулийн үүдэнд ирээд онц хэрцгий авир гарган замдаа тааралдсан хүүхэд бүрийг буудан явжээ. Сурагчид айсандаа шүүгээ, угаалгын өрөө, мөн ангиудын мухарт нуугдаж байсан байна. Тус сургууль 600 орчим сурагчтай аж.

Цагдаа нарын олж тогтоосноор, түүнийг ийн авирлаж байх үеэр тус сургуулийн манаач бүгдийг сэрэмжлүүлэн гүйж байжээ. Түүнээс гадна үл таних нэг хүн цагдаа нарын дотоод холбоогоор болж байгаа үйл явдлыг мэдээлснээр олон хүний амийг аврахад чухал нөлөө үзүүлсэн гэж цагдаа нар үзэж байв. Адам Лэнза хэдэн минутын турш тасралтгүй буудаж байгаад эцэст нь өөрийгөө хороосон. Цагдаа нар хэргийн газраас “Glock”, “SIG Sauer” хэмээх хоёр төрлийн буу илрүүлснээс гадна сургуулийн өмнөх зогсоол дээр байрлуулсан байсан автомашинаас 5.56 мм калибртай “Bushmaster M4” маркийн хагас автомат карабин буу олжээ.

Олон тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Адам Лэнзаг аутизмтэй (сэтгэцийн эмгэгийн улмаас зожгирох өвчин) байсан гээд байгаа боловч “BBC News”-ийн мэдээлснээр цагдаа нар одоо ч гэсэн түүнийг сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан эсэхийг нь нягтлаж шалгаж байгаа ажээ. Түүнтэй хамт суралцаж байсан ангийнхан нь Лэнзаг их ухаантай ч бүрэг, уцаартай хүүхэд байсан талаар дурссан байдаг.

Лэнзагийн эцэг эх зургаан жилийн өмнөөс тусдаа амьдрах болж, 2009 онд албан ёсоор салсан аж. Түүний эцэг нь Стэмфорд хот руу нүүгээд бараг л саяхан буюу баталгаагаа салгуулаад гурван жил болсны дараа өөр эмэгтэйтэй гэрлэсэн байна.

Адамын том ах 24 настай Райан цагдаагийн байгууллагын энэхүү ажилд тусалж байгаа ажээ. Америкийн хэвлэлийнхний мэдээлж буйгаар, Райан 2010 оноос хойш дүүтэйгээ огт уулзаагүй гэж цагдаа нарт мэдүүлсэн гэнэ.

Энэ сарын 15-ны шөнө олон зуун хүн уг хэргийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэв. Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улс даяар дөрвөн хоногийн гашуудлыг зарлалаа.

“Сэнди Хук” сургуульд болсон хэрэг олон хүний амийг авч одсоноороо Америкийн хоёр дахь том аллагад тооцогдож байна. Үүнээс өмнө 2007 онд Виржиния мужийн Технологийн их сургуульд аймшигт явдал тохиож 32 хүн амь үрэгдсэн билээ.

 

http://lenta.ru/news/2012/12/15/lanzarampage/

Posted in: мэдээ