Японы улс төрчдөд үзүүлж буй якуза нарын дэмжлэг

Posted on Арван хоёрдугаар сар 18, 2012

0


Японы Хууль зүйн сайд асан Кейшү Танака

Энэ сард Японы удирдагчдыг шүүнэ. Бүр тодорхой хэлбэл, Японы ард түмний дунд олон нийтийн санал асуулга явуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан зарим нэг хүнд жинхэнэ шүүх гэж байдгийг сануулууштай.

Японы Ардчилсан намаас (АН) сонгогдсон Ерөнхий сайд Ёшихико Нода засгийн эрхийг жил гаруйхан хугацаанд барьсныхаа дараа олон тооны шуугиант явдлын улмаас өнгөрөгч арваннэгдүгээр сарын 16-нд Парламентаа тарааж орхисон. Үүнийг дагаад нэр хүнд нь ч дэндүү доошоо унасан. Хамгийн сүүлд Хууль зүйн сайдаар Японы мафитай холбоо сүлбээтэй гэх Кейшү Танакаг томилсон нь Засгийн газар нурахыг илтгэсэн сүүлчийн дохио байв. Танака аравдугаар сарын 23-нд эрүүл мэнд тааруу байгаа гэсэн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгсөн. Үүний өмнөхөн буюу аравдугаар сарын 11-нд нэгэн сэтгүүлд Танакаг Японы гэмт хэргийн бүлэглэл гэгддэг якуза нартай бат бэх холбоотойг илчилсэн нийтлэл гарсан юм. Энэ тохиолдолд ямар ч эрүүл хүний бие доройтно доо.

Японы нийгэм ийм эвгүй явдал өрнөж буйг дор нь олж харсан. Ядаж байхад мафитай тэмцэх ажлаа эрчимжүүлж байсан яг тэр үед зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй найрсаг харилцаатай байдаг хүнээр хууль сахиулах байгууллагыг удирдуулахаар тавьсныг хэлэх үү. Үүнээс болж 2009 онд “засгийг цэвэрлэнэ” гэж том амлан Засгийн эрхийг авсан эвсэл ёстой эвгүй байдалд орсон. АН-ын өрсөлдөгч, тус улсыг хэдэн арван жилийн турш тасралтгүй шахам удирдаж ирсэн Либерал ардчилсан намыг (ЛАН) гэмт этгээдүүдийн нууц бүлэглэлүүдтэй нөхөрлөдгийг бүгд л мэдэх агаад байсхийгээд л шуугиан тарьдаг байсан нь үнэн.

АН-ыг засгийн эрх авсны дараачаас зарим нэг сайдад (Танакагаас гадна) гэмт бүлэглэлтэй байгуулсан холбоо сүлбээ нь нэлээд ноцтой хүндрэлүүдийг бий болгов. Цаас шиг цэвэр цагаан, ариун сэтгэлтэй гэж яриад байсан шинэчлэгчид маань яаж яваад Японы мафитай нэг хөнжилд орчихов оо. Үүнийг олж мэдэхийн тулд якуза нар Японы улс төрд ямар давтагдашгүй үүрэг гүйцэтгэдгийг ойлгож мэдэх хэрэгтэй.

Якуза нарын түүх 17-19 дүгээр зуун буюу Эдогийн үеийн гудамжны наймаачид, мөрийтэй тоглоомчдын холбоодуудаас эхлэлтэй бөгөөд тэдгээр нь яваандаа өргөн хүрээг хамарсан монополь бүлэглэлүүд (синдикат) болон хөгжсөн байдаг юм. Өнөөгийн байдлаар, якуза нар 79 орчим мянган хүнийг эгнээндээ нэгтгэж 22 бүлэгт хуваасан байгаа. Хэдийгээр төр засаг нь тэднийг “нийгмийн эсрэг хүчин” гэж нэрлэдэг ч үнэн хэрэгтээ якуза нар өөрийн гэсэн албан тасалгаатай, нэрийн хуудастай, бүр дэмжигчиддээ зориулсан сэтгүүлтэй байдаг тул хуулиар хагас хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс гэж ойлгож болно. Якуза нарын бүлэглэлүүд хууль ёсны болон хууль бус бизнесээс мөнгөө олдог. Байгууллагуудад цагийн ажилтан нийлүүлж хууль ёсны мөнгө олохын зэрэгцээ мөнгө салгах, рэкетлэх, санхүүгийн луйвар хийх зэрэг хууль бус үйл ажиллагаануудаас гол хөрөнгөө босгодог. Дороо олон бүлгийг нэгтгэсэн Кобе хотноо өөрийн гэсэн албан байртай, 39 мянган гишүүнтэй “Ямагучи-гум”-ийн бүлэглэл хамгийн томд тооцогддог. Харин Хууль зүйн сайд асан Танакатай дотно холбоотой гэгддэг “Инагава-каи”-н бүлэглэл 10 мянган гишүүнтэй, Токиод “Риц-Карлтон” зочид буудлын чанх урд байрладаг.

Энэ бүлэглэл 1948 онд үүсчээ. Албан ёсны удирдагч Кацуо Учибориг өнгөрөгч аравдугаар сард мөнгө угаасан хэрэгт буруутган баривчилсан ч хэргийг нь шүүхэд шилжүүлээгүйгээр үл барам удалгүй сулласан байгаа юм. Учибори нь “Ямагучи-гум” бүлэглэлийн нэлээд нөлөө бүхий гишүүн

Теруаки Такучитай эцэг нэгтэй ахан дүүс. Тэр утгаараа “Инагава-каи” бүлэглэл “Ямагучи-гуми”-ийн ивгээлд багтдаг гэж ойлгож болно. Ерөөс якуза нарыг нэгэн гэр бүл ч гэж нэрэлж болно. Тэд саке архийг өргөн ахан дүүсийн барилдлага тогтоосноор зөвхөн өөр дотроо гэлтгүй өрсөлдөгч бүлэглэлүүдтэй ч боолын мэт үнэнч харилцааг дээдлэх үндсийг тавьдаг.

2007 онд буюу засгийн эрхийг авахаас хоёр жилийн өмнө Ардчилсан нам “Ямагучи-гуми”, “Инагава-каи” бүлэглэлүүдээс нууцаар шан авсан байв. Энэ гурвын харилцаа саяхныг хүртэл саадгүй сайн явж ирсэн. Японд зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд аль нэг улс төрийн намыг дэмждэг явдалд гайхаад байх зүйл үгүй. Үүний нэг тод жишээгээр зохиолч Роберт Уайтингийн “Токиогийн гэмт хэргийн ертөнц” номыг дурдаж болох агаад үүнд якуза нартай дотно харилцаатай, рекэтлэгч Ёшио Кодама гэгч нь Японы ЛАН-ыг байгуулахад хэрхэн тусалж байсан талаар өгүүлсэн байдаг.

1994 онд ЛАН-аас сонгогдсон Шизука Камеи “Ямагучи-гуми” бүлэглэлийн удирдагчаас зургаан сая доллар авснаа хүлээсэн хэдий ч Зам тээврийн сайдын албан тушаалаа хадгалж үлдсэн. Тэрбээр тухайн үед якуза нарын үүсгэн байгуулсан үл хөдлөх хөрөнгийн хуурамч агентлагт залилуулсан сонгогчдынхоо нэрийн өмнөөс дээрх мөнгийг хүлээн авсан гэж мэдэгдсэн юм. Тэгээд ч хүлээн авсан мөнгөө хохирогчдод нь тарааж өгсөн байв. Уг үйлдэл гэмт хэргийн шинжтэй байсан эсэхээс үл хамааран огцроход хүргэх хангалттай шалтгаан мөн байсан. Гэвч Японд л биш шүү. Улмаар 2009 онд засгийн эрхэнд гарсан эвслийнхэн Камеиг Санхүүгийн үйлчилгээний сайдаар томилсон байдаг. Ингэснээр Камеи үнэт цаас, биржийг хянах хороог удирдаж, дотоодын санхүүгийн зах зээлийг цэвэр байлгах ажлыг хариуцах болсон.

Гэвч цаг үе өөрчлөгддөг. Японы өнөөгийн нийгэмд якуза нартай холбоотой улстөрч, компаниудыг тэвчээр заан уучилдаг байсан үе улирчээ. Японы Үндэсний Цагдаагийн газраас 2007 онд гаргасан нэгэн мэдэгдэлд “Якуза нар санхүүгийн зах зээлүүдийг эзлэн түрэмгийлж Японы эдийн засгийн суурь салбаруудыг эрсдэлд оруулах боллоо” хэмээн дурдсан байлаа. Мөн онд якуза нарын авсан барилгын ажлын захилгуудыг цуцлах гэснийхээ төлөө Нагасаки хотын дарга Ичио Ито нэлээд нөлөө бүхий якузагийн гарт амь үрэгдсэн. Японы сонгогчид авлига мэтийн жижиг хэрэг дээр нүдээ аниад өнгөрөөж чадах ч улс төрийн зорилготой алан хядлагыг бол тэвчээгүй.

"Ямагучи-гуми" бүлэглэлийн якуза нар. (This 20 April 2002 picture shows members of Japan's largest organised crime syndicate, the Yamaguchi-gumi gathering at a funeral of their boss in Kobe, western Japan.  Nagasaki Mayor Iccho Ito was shot dead by Tetsuya Shiroo, an executive member of a local group affiliated with the Yamaguchi-gumi syndicate at Nagasaki city, Japan's southern island of Kyushu, 17 April 2007.      AFP PHOTO (Photo credit should read STR/AFP/Getty Images)

“Ямагучи-гуми” бүлэглэлийн якуза нар. (This 20 April 2002 picture shows members of Japan’s largest organised crime syndicate, the Yamaguchi-gumi gathering at a funeral of their boss in Kobe, western Japan. Nagasaki Mayor Iccho Ito was shot dead by Tetsuya Shiroo, an executive member of a local group affiliated with the Yamaguchi-gumi syndicate at Nagasaki city, Japan’s southern island of Kyushu, 17 April 2007. AFP PHOTO (Photo credit should read STR/AFP/Getty Images)

Якуза нар яваандаа олон улсын дургүйг хүргэж эхэлсэн. 2011 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама якуза нарыг Америкт заналхийлэл учруулж байгаа хүмүүс мөн хэмээгээд Ерөнхийлөгчийн тушаал гаргав. Энэ тушаал ёсоор АНУ-ын Сангийн яам өнгөрөгч онд “Ямагучи-гуми” бүлэглэл болон түүний хоёр удирдагчид нь эдийн засгийн хориг тавилаа.

Хэрэв чи гэмт хэрэгтэн бол Хууль зүйн яаманд өөрийн гэсэн хүнтэй байх хэрэгтэй гэсэн үзэл ноёрхож байсан тэр үед Танакатай тогтоосон барилдлагыг зарим якуза нар тэнгэрийн хишиг хэмээн санаж байлаа. Ялангуяа “Инагава-каи” бүлэглэлийн тэргүүн Учиборигийн хувьд мөнгө угаасан хэрэгт буруутгагдан өнгөрөгч наймдугаар сарын 22-оос хойш баривчлагдахаас эмээн нуугдаж байсныг хэлэх үү. Мэдээж хэрэг, Танака сайдад Учиборигийн хэргийг хаах хэмжээний эрх мэдэл байгаагүй ч гэлээ түүний албан тушаал шаардлагатай нөлөөг үзүүлж чадаж байсан юм. Токио дахь Прокурорын газар Хууль зүйн яаманд харьяалагддаг. Онолын үүднээс авч үзвэл, Танака Учиборид хамаарах хэргийг хаах талаар Японы Ерөнхий прокурорт дуулгасан байж болох юм. Танакаг якуза нартай сүлбээтэй гэх яриа газар авч эхлэхэд тэрбээр аль арваад жилийн өмнө ганцхан удаа “Инагава-каи” бүлэглэлийн нэг жижиг толгойлогчийн нь хуриманд уригдаж дайллаганд нь оролцож байсан гэж мэдэгдсэн. Аль арваад жилийн өмнө учраас уучилж болох л байсан байх. Гэвч улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд Танакад огцрохоос өөр арга байгаагүй.

Гэтэл Танакаг огцорлоо гээд АН-ын асуудал дууссангүй. Долоо хоног тутмын “Shukan Bunshun” сэтгүүл аравдугаар сарын 18-ны дугаартаа Сангийн сайдаар томилогдоод байсан Корики Жожима сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Инагава-каи” бүлэглэлийн хуурамч компаниас дэмжлэг авсан талаар бичсэн байлаа. Хариуд нь Жожима тухайн үед хэнтэй хамтарч байгаагаа мэдээгүй гэж итгүүлэхийг оролдсон.

ЛАН-аас сонгогдсон Сожи Нишида хэмээх сенатч АН-ыг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдтэй ямархуу холбоо сүлбээтэй байдаг талаар тодорхой бичсэн байдаг. Тэрбээр “Танака бол якуза нартай холбогдсон АН-ын дөрөв дэх сайд. Японд хэзээнээс нааш нууц гэмт бүлэглэлүүд идэвхтэй ажиллаж ирсэн. Гэхдээ тэнд аятайхан хүмүүс ч байдаг. Гэтэл өнөөгийн Засгийн газар дээдсийн хүрээлэнг гэмт бүлэглэлтэй хамтад нь багтааж чадсан байгууллага. Харамсалтай нь, энэ талаар тун бага ярих юм” гэж бичжээ.

Жирийн хүмүүсийн хувьд дээрх шуугианд цочирдсон байж магадгүй. Гэтэл аль 2007 оны зун цагдаа нар “Ямагучи-гуми”, “Инагава-каи” бүлэглэлүүдийг өөрийн гишүүддээ АН-ыг дэмжих тушаал өгсөн байсныг илрүүлж, энэ талаар олон нийтэд мэдээлж байв. Улмаар “Yukan Fuji” сонинд “Ямагучи-гуми” бүлэглэлийн 90 гаруй толгойлогч ирэх сонгуулиар АН-ыг дэмжих даалгавар авсан талаар бичсэн байлаа. Тэднийг Кобе дахь төв байранд цуглуулж тушаалыг амаар өгсөн байв.

Цагдаагийн удирдлагаас өгч байсан албан бус мэдээллээр, АН-д өндөр албан тушаал хашиж байгаа нэгэн гишүүн уг бүлэглэлээс олон санал, санхүүгийн дэмжлэг хүртсэнийхээ хариуд Сонгогчдын саналыг луйвардан авах гэмт хуйвалдааныг хориглох тухай хуулийг батлуулахгүй үүрэг хүлээсэн байжээ.

Байж болох л юм. Учир нь АНУ-тай харьцуулахад, Японд RICO буюу “Авлигад болон рэкетчдийн нөлөөнд автсан байгууллагуудад хүлээлгэх хариуцлагын тухай” хууль байдаггүй. Уг хуулийг баталсан явдал америкчуудад 1970-1980-аад оны үед Итали-Америкийн мафиудын үйл ажиллагааг таслан зогсооход маш их нэмэр болсон. Японд ийм хуулийг батлахад бараг бүх боломж нь байна. Тэр байтугай 2000 оны арванхоёрдугаар сард энэ улс НҮБ-ын Улс дамнасан гэмт бүлэглэлтэй тэмцэх конвенцид нэгдээд авсан. Гэвч өнөөгийн байдлаар, Япон улсад үүнийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх тэнхээ алга.

Учир нь нөгөө цаас шиг цэвэрхэн АН маань Сонгогчдын саналыг луйвардан авах гэмт хуйвалдааныг хориглох тухай хуулийг эрс эсэргүүцэж саад учруулаад байгаа. Уг хуулийг баталвал якуза нарын удирдагчдыг болон тэдний дайчдыг мөрдөн мөшгих, хөрөнгийг нь баривчлахад хялбар болох учиртай. Аль 2006 онд Парламентийн цөөнх байхдаа АН уг хуулийн төслийг хэлэлцэхээс ч татгалзаж байсан талаар “Sankei Shimbun” сонинд дурдсан байна.

Энэ зуур Японы хууль сахиулах байгууллагууд асуудлыг гартаа аваад эхэллээ. Японы Үндэсний Цагдаагийн газар бараг л нууц хуйвалдааны зарчмаар чимээгүйхэн ажиллаж Засгийн газрын мэдэлд хүргэлгүй орон нутгийн удирдлагуудыг ятган якуза нараас мөнгө авах, тэдэнтэй хамтарч ажиллахыг хориглосон янз бүрийн тогтоол, шийдвэрүүдийг гаргуулахаар хөөцөлдөж байна.

Якуза нар АН-ыг ямар учраас дэмждэг вэ гэдэг нь ойлгомжтой. Харин АН-ын улстөрчдөд энэ нь ямар ашигтай юм бэ гэж. Юун түрүүнд, якуза нар туйлын баян хүмүүс. Америкийн “Morgan Stanley” банкны Япон дахь салбарын эдийн засагч Роберт Фелдмэн “Ямагучи-гуми” бүлэглэлийг “Японы хамгийн том хөрөнгө оруулагч компани” гэж нэрлэсэн удаатай. Харин Темплийн их сургуулийн Жефф Кингстон “Өнөөгийн Япон улс” номондоо хэрэв якуза нар биржид бүртгэлтэй байсан бол хөрөнгө оруулалтаараа “Тоёота” компанитай эн зэрэгцэх байсан байх гэж таамагласан байдаг.

Якуза нар

Якуза нар

Мөнгө салгах, сүрдүүлгээр мэргэшсэн якуза нар улстөрчдөд бас нэг үнэлж баршгүй том тусыг хүргэдэг. Тэд өрсөлдөгчийн нь эсрэг хамгийн муу муухай баримтуудыг цуглуулж чаддагаас гадна ивээлд нь багтаж буй улстөрчийн нь эсрэг явуулж байгаа аливаа шүүмжлэлийг таслан зогсоох чадвартай. Түүнчлэн якуза нарын дор ажилладаг хүмүүсийн 1/3 нь Японд амьдардаг солонгосууд байдаг учир Япон дахь солонгос үндэстнүүдээс санал авах, мөн гол төлөв солонгос эзэнтэй автомат тоглоомын сүлжээ газруудаас улс төрийн зорилгоор санхүүжилт авахад үнэтэй хувь нэмэр болдог. Тэр байтугай, якуза нар оршин суугаа газрынхаа удирдлагуудыг болон холбоотнуудаа сонгогчдын санал авах асуудалд ашиглаж чаддаг.

Гэвч Нагасаки хотын даргад тохиолдсон аймшигт явдлын дараа якуза нарын мөнгөний “нөлөө” нийгмийн дунд түгшүүр үүсгэж эхлэв. Улмаар 2009 оны есдүгээр сарын 29-ний өдөр Үндэсний Цагдаагийн газрын тэргүүн Такахару Андо Японы цагдаагийн бүх бие бүрэлдэхүүнд хандаж “Ямагучи-гуми” бүлэглэлд харьяалагддаг “Кодо каи” бүлгийн удирдагчдыг баривчлах асуудалд бүх хүч чадлаа хандуулахыг тушаав. Тэрбээр “Кодо-каи бүлэг хамтарч ажиллахаас татгалзах болсон төдийгүй цагдаагийн ажилтнуудад заналхийлэх боллоо. Үүнээс гадна нийгмийн бүхий л давхарга дотор эдийн засгийн үйл ажиллагаагаа идэвхтэй түгээн дэлгэрүүлж байна” гэж мэдэгдсэн билээ. Энэ явдал 1965 онд якуза нарт албан ёсоор дайн зарласнаас хойш цагдаа нар “Ямагучи-гуми” бүлэглэлийн тодорхой нэг салбарыг онилсон анхны хэрэг болов. Ингээд 2009 оны есдүгээр сараас хойш цагдаа нар Японы нийгмийн бүх давхарга дахь якуза нарын холбоо сүлбээг идэвхтэй илрүүлэн таслан зогсоож эхэлсний дотор япончуудын ариун шүтээн гэгддэг сүмо ч бас багтсан юм. Өдгөө ч цагдаа нар олон түмний бодлыг якуза нарын эсрэг эргүүлэх зорилтот ажлуудыг явуулж байгаа. Учир нь тус улсын олон иргэн урьдын адилаар якуза нарыг эгээтэй л Робин Гуд мэтийн үндэсний баатрын хэмжээнд тавих нь бий.

АН-аас мафитай холбоотой байсны горыг амссан анхны улстөрч нь тус намыг 2005-2006 онд удирдаж явсан Сэйжи Маэхара байсан юм. Тэрбээр “Ямагучи-гуми” бүлэглэлийн “Медиа-21” хэмээх үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн хуурамч компаниас хандив авсан байснаас гадна АН-ын зарим гишүүнд мөнгө атгуулж явсан нь илэрсний улмаас 2011 онд Гадаад хэргийн сайдын албан тушаалаа орхиж билээ. Хууль зүйн яамны эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Маэхараг “Медиа-21” компанитай санхүүгийн тал дээр холбоотой байснаа нуух зорилгоор улс төрийн хандив авсныг илтгэх баримт бичгүүдийг засварласан хэргээр Прокурорын газар мөрдлөгө явуулж байгаа ажээ.

Энэ асуудлаар өөрөөс нь тайлбар авахыг хүсэхэд Маэхара “Юун түрүүнд, Токиогийн Прокурорын газар уг асуудлыг мөрдөж байгаа эсэхийг би хэлж мэдэхгүй юм байна. “Медиа-21” компанийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдтэй холбоотой эсэхийг нь ч би мэдэхгүй. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд ингэж мэдээлээд байсан болохоор би тэр компанид мөнгийг нь эргүүлээд өгчихсөн” гэж хариулсан юм. Харин Прокурорын газар Маэхарагийн хэрэг дээр өнөөдөр ч гэсэн мөрдлөгө явуулж байгаа эсэхэд тайлбар өгөхөөс татгалзав.

Мэдээж хэрэг, ганц хүнийг буруутгахаас ч том, гүнзгий асуудал байгаа. Зарим хүн Ерөнхий сайд асан Нодаг Засгийн газар бүрдүүлэхдээ хүмүүсийнхээ намтрыг сөхөж үзсэн болов уу гэж асууж байгаа харагддаг. Танакаг өмнө нь якуза нартай холбоотой байсан гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа ч Нода түүнийг шийдэмгий хамгаалж байсан. Гэхдээ энэ оны нэгдүгээр сард, хурим найр, оршуулгын үйлчилгээ эрхэлдэг компанийн Ерөнхийлөгч, Нодагийн дотны анд болох хүн нэг якузатай хамт залилангийн хэрэгт орооцолдоход Нода өөрөө ч улс төрийн хандив нэрээр олж авсан 20 000 доллараа эргүүлж өгөхөөс аргагүйд хүрсэн билээ.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр мэргэшсэн сурвалжлагч Хиротоши Ито саяхан хэвлүүлсэн “The Taboos of Japan No One Will Write” хэмээх номондоо Нода болон АН-ын бусад гишүүн улс төрийн хандиваа өөр өөр нэртэй хуурамч компаниас авсан байдаг ч цаад эзэн нь өнөөх Маэхарагийн ивээн тэтгэгч байсан тухай онцолж дурдсан байв. Номын зохиогчийн иш татсан баримтуудыг дээрх улстөрчдийн хийж байсан мэдэгдлүүд бүрэн нотолдог.

Эцэст нь хэлэхэд, якуза нар онцын хохиролгүйгээр аливаа хэл амнаас салах чадвартай. Тухайлбал, “Инагава-каи” бүлэглэлийн тэргүүн Учибориг баричлагдахад тус бүлэглэлээс сэтгүүлчидтэй нууц уулзалт зохион байгуулж якуза нартай холбоо сүлбээтэй ажиллаж байгаа улстөрчдийн талаарх баримтуудыг хэлж өгсөн байдаг юм. Харин цагдаагийн байгууллага энэ үйлдлийг якуза нараас улстөрчдөд өгч байгаа сэрэмжлүүлэг гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, та нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол бид цаашдын харилцаагаа таслана, харин энэ тохиолдолд бидний хагацал та нарт л хүнд тусна шүү гэдгийг сэрэмжлүүлсэн хэрэг бололтой.

Үнэндээ ч энэ заналхийлэл үр дүнгээ өгсөн. Учиборид мөнгө угаасны нь төлөө ял тулгаагүйгээр үл барам хэргийг нь ч бараг хэрэгсэхгүй болгосон ажээ. Товчхондоо бол, аль аль талдаа гомдолгүй болсон. Гэвч сүүлд явуулсан олон нийтийн санал асуулгын дүнг харахад АН-д байгаа якуза нарын найзуудад ийм аз тохиохгүй бололтой.

 

 

http://inosmi.ru/fareast/20121216/203425536.html#ixzz2FGW79HLV