Өмнөд Солонгос эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох уу

Posted on Арван хоёрдугаар сар 19, 2012

1


600

-Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн сонгууль болж байна-

Өмнөд Солонгосын иргэд И Мён Бакаар таван жил удирдуулаад залхсан бололтой. Чухамхүү ийм уур амьсгалд өнөөгийн сонгууль өрнөж байна. Тиймээс ялах магадлалтай хүмүүсийг танилцуулахаасаа өмнө И Мён Бакийн удирдсан он жилүүдэд дүгнэлт хийгээд үзэцгээе.

Юуны өмнө сануулахад, Өмнөд Солонгосын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн албан тушаалыг ганцхан удаа таван жилийн хугацаатай хашна гэж заасан байдаг. Тийм учраас тус орны өнөөгийн Ерөнхийлөгч энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөх боломжгүй юм. И Мён Бак гурван сарын дараа буюу ирэх оны гуравдугаар сард албан ёсоор албан тушаалаа шилжүүлэн өгнө. Ер нь хуулиар хориглоогүй байсан ч И дахин нэр дэвшлээ гээд гарч ирэх магадлал тун байгаа байсан. Энэ хэдэн жилийн дотор түүний нэр хүнд санаанд оромгүй доогуур үзүүлэлтийг харуулаад зогссонгүй амтай болгон нь түүнийг шүүмжилдэг болсон байв. Зөвхөн иргэд нь ч бус намын нөхөд нь ч түүнд ам сайтай байдгаа болив.

Үргэлж хэл ам таталсан И Мён Бак

И-гийн төр барьсан түүх нь сонирхолтойгийн хэрээр бусдад сургамжтай болж өнгөрсөн. Тэрбээр 2007 онд болсон сонгуулиар өнөөгийн сөрөг хүчний удирдагчаас 20 гаруй хувиар илүү санал авч ялалт байгуулан иргэдийн итгэлийг хүлээж байв. Гэвч тэдний итгэл төд удалгүй алдарч эхэлсэн. Ерөнхийлөгчийн 100 дахь хоног дээр гэхэд л 1980-аад оноос хойш Өмнөд Солонгост ер өрнөөгүй тийм том жагсаал болж өнгөрсөн. Уг жагсаал болсны ачаар ардчилсан хүчнүүд Засгийн эрхийг генералуудаас салгаж чадсан юм. Жагсаалын эхэнд АНУ-д үхрийн галзуу өвчин гараад байхад солонгосчууд америк махыг оруулж ирэх шаардлага байна уу гэсэн маргааныг үндэс болгож байгаа мэт харагдсан ч нэдэр дээрээ энэ маргаан ердөө шалтаг байсан нь ойлгомжтой болж эцсийн дүндээ И-гийн эсрэг жагсаал болж хувирсан. Иргэд түүний удирдах арга барил огт таалагдахгүй байгаагаа илэрхийлцгээж байсан билээ. Ерөнхийлөгч үүнээс ямар нэгэн дүгнэлт хийсэн бололтой. Учир нь удалгүй бага сага өөрчлөлт мэдрэгдэж эхэлсэн тул жагсагчид ч дахин үймэхээ больсон.

И Мён Бакт гайхуулаад хэлчих гавьяа бараг алга. Чухамхүү энэ нь л түүний том асуудал болсон. Ганц гавьяа бий нь бий. Тухайлбал, дэлхий дахиныг нөмрөөд байсан айхтар хямралыг амжилттай, хохирол багатайгаар давж чадсан цөөн орны нэгд яах аргагүй Өмнөд Солонгос орно. Бусдаар бол энэ улс “бүрэн дампуурсан” гэхэд хилсдэхгүй. Нийгмийн олон давхрага улам тодроод зогссонгүй баян ядуугийн ялгаа эрс нэмэгдсэн. Эдийн засгийн өсөлтийн явц удааширсан. Хөрш орнууд болох Япон, Хойд Солонгос, Хятадын харилцаа эрс таагүй болсон. Токио, Пхеньян, Бээжингийн зүгээс ч тэр И Мён Бакийн үеийн харилцаа үнэхээр муу байсан гэж баттай хэлэх биз. Тухайлбал, Япон улстай өрнүүлсэн нутаг дэвсгэрийн маргааныг И Мён Бак бүр гүнзгийрүүлж орхисон. Япон тэнгист орших Токто хэмээх нөгөө маргаан дагуулаад байгаа арал дээр И өөрийн биеэр хүрэлцэж очсон нь хоёр орны харилцааг хөндийрүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн билээ. Хойд Солонгосын тухайд бол бүр ярилтгүй. И Мён Бак энэ улсад төмөр нүүрээ харуулж байсны улмаас хоёр улсын харилцаа гүн хямралд орсон. 2009 онд Хойд Солонгос хоёр дахь удаагаа цөмийн туршилт явуулахад Өмнөд Солонгос дуугүй суугаагүй. 2010 оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын байлдааны “Чонан” хөлөг живж 46 хүний амь нас үрэгдсэн явдлын хариуцлагыг Хойд Солонгост тохоож нэлээд маргаан дэгдээсэн. Хойд Солонгос энэ явдалд огт хамаагүй гэдгээ мэдэгдэж байв. Арваннэгдүгээр сард нь Хойд Солонгосын их бууны ангийнхан Өмнөд Солонгосын Ёнпхёндо арлыг галласны улмаас 20 хүн амь үрэгдсэн. Өмнө нь Ерөнхийлөгч Но Му Хёныг Хойд Солонгост хэтэрхий буулт хийж өгөөд байгааг шүүмжилдэг байсан тул иргэд И Мён Бакийг энэ асуудалд арай хатуу байр суурь баримтлах байх гэж хүлээж байсан нь үнэн. Гэвч хоёр орны харилцааг гүн хямралд оруултал нь төмөр нүүр гаргасан тул И Мён Бак өнөөдөр тэр бүхний гол буруутан нь болоод байгаа юм. И Мён Бакийн ажилд сэтгэл ханамжтай байгаа ганц улс нь АНУ л байж мэднэ. Учир нь И улсынхаа гадаад бодлогод Америкийг дэмжих үзлийг тод баримталж байв.

И Мён Бак христийн протестант шашинтай учраас буддистүүдтэй хэл амаа ололцохгүй л болов уу гэх иргэдийн таамаг үнэн байсан. Хоорондоо хэл амаа ололцсон гэдэг боловч буддистүүд И-гийн талаар тун таагүй сэтгэгдэлтэй явдаг хэвээр.

Үүнээс гадна И Мён Бак хувь хүнийхээ хувьд үргэлж асуудал дагуулсаар ирсэн. Юуны өмнө, түүнийг авлигын асуудалд байнга харддаг. Саяхан гэхэд л түүнийг авлигад сэжиглэн мөрдлөгө явуулж байсан төдийгүй Ерөнхийлөгчийн албан өргөөнд нэгжлэг явуулах дээрээ тулаад авсан. И Ерөнхийлөгчийн халдашгүй дархан эрхээ ашиглан байж энэ мөрдлөгийг зогсоосон билээ. Үүний улмаас сөрөг хүчнийхэн 2013 онд И-г жирийн иргэн болсон хойно нь энэ асуудлыг эргэж хөндөхөө амлалаа. И Мён Бакийг төрийн эрх барих хугацаанд эргэн тойронд нь байсан олон хүнийг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаж янз бүрийн хэмжээтэй ял оноосон байгаа. Түүний хувийн туслахууд, сайд нар, Парламентын дарга нь, тэр бүү хэл ууган хүү нь хүртэл хариуцлагад татагдсан. Ер нь л И Мён Бакийг аливаа хүний чадварыг бус танил талыг нь харж томилдог байсан гэж ярьдаг. Энэ нь ч үнэн. Учир нь Засгийн газарт томилогдогсдын олонх нь ямар нэгэн хэмжээгээр И Мён Бактай дотно харилцаатай байсан нь илэрсэн. Мөн Засгийн газрыг анхандаа “саятнуудын засаг” гэж нэрлэдэг байсан нь ч оргүй хоосон зүйл биш байв. Тэдний олонх нь дэндүү гэмээр чинээлэг хүмүүс байсан билээ.

Энэ зуур бас нэг явдлыг санах хэрэгтэй. Түүний өмнөх Ерөнхийлөгч Но Му Хёныг албан тушаалаа хүлээлгэн өгсний дараагаар авлигын хэрэгт сэжиглэн мөрдөж эхэлсэн. Энэ явдал Но Му Хёнд хүнд цохилт болсны улмаас тэрээр амиа хорлож хорвоогоос хальсан билээ. Сөрөг хүчнийхэн өнөөг хүртэл уг явдалд И Мён Бакийг буруутгаж ийм маягаар хариугаа авсан гэж үздэг. Дашрамд хэлэхэд, өнөөгийн Ерөнхийлөгчийн сонгуульд Но Му Хёны дотны анд, түүний үед Ерөнхийлөгчийн Тамгын газрыг нь удирдаж явсан Мун Жэ Ин өрсөлдлөө.

Пак, Мун хоёр

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах тэнцүү хэмжээний боломжтой хоёр хүн нь Пак Ин Хе болон Мун Жэ Ин нар. Хоёулаа л өөрийн гэсэн онцлог зан чанартай, өвөрмөц хүмүүс. Өмнөд Солонгосын улс төрд намаас намд дамжиж явдаг нийтлэг үзэгдэл энэ хоёрын хэнийг нь ч дайраагүй. Пак үргэлж консерваторуудтай хамт байсаар ирсэн бол Мун ажилчдын эрх ашиг, ардчилалын төлөө үргэлж тэмцсээр ирсэн. Хоёулаа л Пак Жон Хи, Но Му Хён гээд нөгөө ертөнц рүү хальсан Ерөнхийлөгч нартай амьд ахуйд нь дотно харилцаатай байсан хүмүүс. Сонирхуулахад, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн болж байсан түүх үгүй. Харин Ерөнхий сайд болж байсан тохиолдол бол бий. Ингээд Ерөнхийлөгч болох магадлалтай хоёр хүнийг тус бүрт нь танилцуулъя.

Алдартай аавын охин Пак Ин Хе

1952 оны хоёрдугаар сарын 2-нд төрсөн, өдгөө 60 настай. Сөүлийн Соган их сургуулийг цахим аж үйлдвэрлэлийн инженер мэргэжлээр төгссөн. Түүний тухай ярихдаа эцгийг нь дурдахгүй байж болохгүй. Түүний аав алдарт генерал асан Пак Жон Хи 1961-1979 оны хооронд Өмнөд Солонгосыг удирдаж байв. Чухамхүү энэ хүн л тус орны эдийн засагт гайхамшгийг бүтээсэн гэж иргэд өнөөг хүртэл үздэг. Судлаад үзэхэд, үнэхээр тийм гэдэг нь мэдрэгддэг. Төр барих хугацаандаа шинэчлэлийн олон үйл ажиллагааг явуулж байсны ачаар Солонгосын эдийн засаг үнэнхүү том тэсрэлт хийсэн байдаг. Харин шүүмжлэгчид бол түүнийг ардчилсан хөдөлгөөнийг дардаг байсан гэдэгт буруутгадаг. Харамсалтай нь, түүний охины хувь заяа дардан замаар явсангүй. Пак Ин Хе-г 22 настай байхад аавын нь аминд халдах оролдлогын үеэр ээж нь нас барсан. Тийм учраас Пак Ин Хе ээжийнхээ оронд “тэргүүн хатагтай”-н үүргийг гүйцэтгэн айлчлал, ёслолын үйл ажиллагаанд аавыгаа дагалдан явдаг байв. Гэвч нэг л өдөр аавыг нь ч хороож орхисон. Тийм учраас Пак Ин Хе олон жилийн туршид эцэг эхийн нь хувь заяа өөрт нь бас ирнэ гэж эмээн амьдарч байснаа ярьсан байдаг юм. Тэрбээр улс төрд нэлээд хожуу буюу 1990-ээд оны үед орж ирсэн. Тэр цагаас хойш өдгөө “Сэнури” гэсэн нэртэй болсон намаас таван удаа Парламентийн гишүүнээр сонгогджээ. Пак Ин Хе Сөүлд төрсөн хэдий ч улс төрийн гараагаа Тэгу хотоос эхлүүлсэн. Энэ хотод аавыг нь оршуулсан байдаг учир нутгийн иргэд Пак Ин Хе-д туйлын өндөр итгэлийг хүлээлгэдэг юм.

Шударга, зарчимч зангаараа алдартай. Сөрөг хүчний зүгээс авлигын хэрэгт буруутгах гэж хэчнээн хичээгээд ч үүнийг нотлох ганц ч баримтыг олоогүй. Нам дотроо нөлөө сайтай, “хямралын менежер” гэсэн хочтой. Учир нь намд нь хоёр ч удаа тохиосон эвгүй нөхцөл байдлыг давж гарахын тулд Пак Ин Хе тэр бүрт нь намаа толгойлж хамгийн чухал үүргийг гүйцэтгэж явсан байдаг юм.

Түүний ойр дотны хүмүүсийн ярьж буйгаар, Пак Ин Хе өөрийн хүнээ хэзээ ч хаядаггүй аж. Харин итгэлийг нь алдсан хүнийг бол хэзээ ч уучилдаггүй гэх. Гэхдээ хүмүүстэй аядуу зөөлөн харьцаж, хүнтэй уулзахдаа гэр бүлийн гишүүдийн нь аж амьдралыг сонирхон санаа тавьдаг эмэгтэй гэдэг. Түүний туслахууд хүртэл Пак Ин Хе-г аливаа зүйлд “ээж шиг санаа тавьдаг” гэж тодорхойлсон нь бий.

Пак Ин Хе 2002 онд БНАСАУ-д айлчлан тухайн үеийн удирдагч Ким Чен Иртэй уулзаж явжээ. Пак Ин Хе уг нь Хойд Солонгосын тухайд хатуу байр суурь баримтлагчдын тэргүүн эгнээнд нь явдаг хүн байсан. Гэхдээ түүний айлчлалын дараа Хойд Солонгосын удирдагч нар Пак Ин Хе-г нэг хэсэгтээ шүүмжлэхээ больсон байв.

Өнөөг хүртэл хүнтэй сууж байгаагүй, хүүхэдгүй учраас саяын сонгуульд нэр дэвших гэхэд нь нам доторх өрсөлдөгчид эсэргүүцэж “Гэр бүлгүй эмэгтэй яаж улс орныг удирдаж чадах юм бэ” гэсэн шүүмжлэлийг ярьж байв. Гэхдээ энэ шүүмжлэл газар аваагүй тул Ин Хе бусдаас хамаагүй өндөр санал авч сонгуульд өрсөлдөх эрхээ олж авсан.

“Пак Жон Хигийн охин” гэх гуншин түүний хамгийн хүчтэй, тэгсэн атлаа хамгийн сул тал нь. Консерваторууд болон өндөр настай олон хүний хувьд үүнийг түүний давуу тал гэж үзэж байгаа. Харин залуусын дийлэнх хувь нь болон либералууд эсрэгээрээ түүний муу тал гэж үзэж байна. Түүний ялалтад сөргөөр нөлөөлж буй бас нэг чухал хүчин зүйл нь И Мён Бакийн намд харьяалагддаг явдал юм. Харин энэ эргэлзээг тайлахын тулд Пак Ин Хе өнөөгийн Ерөнхийлөгчөөс зайгаа барьсан. Улмаар аавынхаа өмнөөс түүнийг төр барьж байх үед хохирол амссан иргэдээс уучлалт гуйж үүнийхээ төлөө намынхаа ахмад гишүүдээс маш их шүүмжлэлийг хүртсэн билээ.

Сонгуулийн кампанит ажлын үеэр Пак Ин Хег “Чансу” санг байгуулахдаа санхүүгийн хууль бус үйлдлүүдийг явуулсан байж болзошгүй гэх яриа дэгдсэн. Пак Ин Хе үнэхээр ч энэ санд хамаатай учраас энэ цуу яриа түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Үүнээс гадна түүнийг нутгийн нэгэн ламтай амрагийн харьцаатай гэх яриа ч дэгдээд авсан. Гэвч өрсөлдөгчид нь зөндөө хайсан ч шүүхэд гаргаад харуулчих хэмжээний баримт өнөөг хүртэл олоогүй л байна.

Дээр дурдсанчлан, Пак Ин Хе эрх барьж буй намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй болж байгаа бөгөөд Өмнөд Солонгосыг жолоодох эрхийг гартаа оруулах тун магадлалтай байна. Сонгуульд ялвал Пак Ин Хе Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно. Ингэснээр төрийн эрхийг үе залгамжлан удирддаг ёс гараагаа эхэлж болзошгүй.

Зарим ёс төдий мэдээллийг дурдахад, Пак Ин Хе 162 см өндөртэй, 50 кг орчим жинтэй. Гуравдугаар бүлгийн цустай. Өөх тостой хоолонд дургүй. Газрын болон ширээний теннис тоглох, намуухан ая сонсох дуртай. Багадаа багш болохыг мөрөөддөг байсан аж. Гэхдээ мөрөөдөл нь байнга өөрчлөгддөг байсан тул ойр дотны хүмүүс нь түүнийг “сонголтын хатан хаан” гэж хочилдог байжээ.

Хохирсон Ерөнхийлөгчийн сайн анд асан Мун Жэ Ин

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид зургаан хүн нэр дэвшсэний дотор энэ албыг хаших хамгийн өндөр магадлалтай дараагийн хүн нь яах аргагүй Мун Жэ Ин юм. Тэрбээр өрсөлдөгч Пак Ин Хе-ээс нэг насаар дүү бөгөөд Солонгосын хоёр дахь том хот Пусанд төржээ. Сөүлийн Кенхи их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Өмнөд Солонгост бүх эрчүүд цэргийн алба хаах хуультай. Тэгвэл Мун Жэ Ин “жинхэнэ армид” буюу нисэх хүчний тусгай албанд цэргийн албаа хашсан. Цэргийн албанаас халагдсаныхаа дараа ардчилсан хөдөлгөөнд байнга гар бие оролцож шүүх танхимд ажилчдын эрх ашгийг хамгаалдаг болжээ. Ардчилсан нэгдсэн намаас нэг бус удаа Парламентийн гишүүнээр сонгогдон ажиллаж явсан нэгэн билээ.

Мун Жэ Ин өрсөлдөгч Пак Ин Хе-ийн адилаар католик шашинтан. Түүнийг бас л өмнөх Ерөнхийлөгч, 2003-2008 онд төр барьж байсан Но Му Хён агсантай холбож ярьдаг. Үнэндээ ч Мун түүнтэй хамт ардчиллын төлөөх хөдөлгөөнүүдэд мөр зэрэгцэн явж түүнийг Ерөнхийлөгч болоход нь ч маш их тусалсан байдаг. Тиймээс Но Му Хёны үед түүний Тамгын газрыг толгойлж байв. Но Му Хёныг амиа хорлосны дараа чухамхүү Мунд оршуулгын бүх ажлыг нь даатгаж байсан явдал түүнийг ямар дотны анд нь байж вэ гэдгийг бэлхнэ нотолж байна. Хүмүүсийн цуу яриагаар, Мун талийгаачийн шарилын өмнө “Но-г үхэлд хүргэсэн этгээдүүд хийсэн нүглийнхээ хариуцлагыг хүлээх болно” гэж амалсан гэх. Албан ёсоор үүнийг батлах зүйл байхгүй л дээ. Гэхдээ түүний нам И Мён Бакийг албан тушаалаа өгмөгц нь хариуцлагад татна гэдгээ нэг бус удаа мэдэгдэж байгаа.

Мун бол маш чадварлаг, их ухаантай улстөрч. Мөн маш сайн илтгэгч. Тэрбээр улс төрийн маргаан мэтгэлцээнээс айдаггүй, илүүрхэж чаддаг учраас намын нөхөд нь сонгуулийн өмнөх мэтгэлцээнийг “ура” хашгиран хүлээж авч байв.

Тэрбээр биеэ туйлын аятайхан авч явдаг, нүдэнд дулаахан хүн учраас хүмүүст их сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Ганцхан жишээ дурдахад, гадаадын сэтгүүлчдэд зориулж явуулсан хэвлэлийн бага хурал дээр Мун огт залхууралгүйгээр сэтгүүлч бүртэй гар барин хүндэтгэл илэрхийлж байв. Тэр танхимд 200 орчим сэтгүүлч байсан юм шүү.

Улс төрд нэлээд дээхэн үед идэвхтэй оролцож явсан гэх яриа түүний ганц сул тал болж мэдэх юм.

Мун Жэ Ин гэрлэсэн, охин, хүү хоёртой.

Дэл сул мэдээллийг нь дурдахад, 172 см өндөртэй, 67 кг жинтэй, гуравдугаар бүлгийн цустай. Танхимын теннис сонирхдог, уул хадаар аялах дуртай. Түүхий загас, далайн хоолыг эрхэмлэдэг. “Жентльмен” хочтой. Багадаа түүхийн эрдэмтэн болохыг мөрөөддөг байсан ажээ.

 

http://www.rg.ru/2012/12/18/koreya-site.html