Орос яагаад Монгол Улс шиг биш юм бэ

Posted on 12 сар 21, 2012

8



(“Московский комсомолец” сонины сэтгүүлч В.Иноземцевийн нийтлэлийг орчуулан хүргэж байна).

-Нэгэн цагт хоцрогдсон гэж цоллуулж явсан хөрш орон маань ардчиллын буянд эдийн засгийн өсөлтөө эрчимтэй хөгжүүлжээ-

Саяхан даа, Оросын улс төрчид “бахархах” нэгэн зүйлтэй болоод авсан. Дэлхийн орнуудын авлигын хэмжээг харуулсан жагсаалтад манай орон 10 байраар дээшилснээр Гондурас улстай эн зэрэгцэв. Байгуулсан энэ “гавьяа”-г нь улс төр судлаачид дүгнэнэ биз ээ. Харин энэ удаад эдийн засгийн ололтуудын талаар ярилцъя. Ингэхдээ бидэнд хамгийн ойр орших хөрш оронтойгоо жишин үзье.

Манай алдартай нийтлэлч А.Паршев арваад жилийн өмнө “Орос яагаад Америк шиг биш юм бэ” гэсэн нэртэй ном гаргаж түүндээ уг асуудлыг дэвшүүлсэн байв. Паршев дэвшүүлсэн асуултанд хариулахдаа, Америкийг цэвэр технологийнхоо ачаар хөгжиж байгаа учраас эдийн засгийн хэт хатуу нөхцлүүдийн улмаас Орос орон АНУ-тай өрсөлдөх ямар ч чадваргүй гэж шүүмжилсэн байв. Тэгвэл түүн шиг харьцуулж үзэхийн тулд цаг уур нь манайхаас дээрдэхгүй, эдийн засгийн бүтэц нь ч манайтай адил нэгэн орныг жишээ болгон үзье.

Энэ бол Монгол Улс юм. Энэ жижиг оронд нэгэн цагт зөвлөлтийн үзэл сурталчид капитализмийг алгасан феодализмаас социализмд шилжих аргачлалыг нэвтрүүлэхийг хичээж байлаа. Үр дүнг нь та бид мэднэ. Улмаар Монгол Улс тэрхүү социалист диваажингаас ангижрах үедээ нэг хүнд ногдох ДНБ нь 480 доллар, эдийн засаг нь нүүдлийн мал аж ахуй, нүүрс, зэсийн олборлолт дээр суурилсан байснаас гадна Оросын хараат гэх арилашгүй “тамга”-тай хоцорсон санагдана.

Тэр цагаас хойш 20 жил өнгөрчээ. Энэ хооронд Монголтой хиллэдэг Сибирийн мужуудад хүн амын тоо 12 хувиар буурсан бол Монголд эсрэгээрээ 26 хувиар өссөн байдаг юм. 2000-2011 оны хугацаанд ОХУ-ын ДНБ 80 хувиар өссөн бол Монголынх 3 дахин өссөн байна. Боломжгүй хоёр орныг харьцууллаа гэх байх л даа. Гэвч Монголтой харьцуулахаас аргагүйд хүргэх үзүүлэлтүүд тун ойрын ирээдүйд харагдахаар байна. Тухайлбал, Монголд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ жил бүр 14-16 хувиар өссөөр энэ онд 5.1 мянган долларт хүрлээ. Гэтэл Сибирьт нэг хүнд ногдох ДНБ дунджаар 10.9 мянган доллар байгаа ч сүүлийн жилүүдэд 3-4 хувиар л өсч яваа.

Mongolia02

Монгол Улс газрын баялаг ихтэй, хүн ам багатай учраас ийм байгаа гэж хүмүүс хэлэх байх. Тэр үнэн. Гэхдээ хүн амын нягтаршлын хувьд нэг шоо км газарт 1.7 хүн ногдож байгаа нь манай Алс Дорнодын бүс нутгийн 1.1 гэсэн дундаж үзүүлэлттэй хавьцаа тоо.

Эцэст нь, хоёр орны эдийн засгийн ижил төстэй салбарын үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулж үзвэл дараах дүр зураг харагдана. 1991-2010 оны хооронд ОХУ-ын нүүрс олборлолтын хэмжээ 9 хувиар буурсан байдаг бол Монголд 2.6 дахин өссөн байх юм. Оросын зэсийн олборлолт 6 хувиар унахад Монголд 4.2 дахин өссөн байна. Алтны олборлолт 20 хувиар буурахад Монголд 3.7 дахин өссөн байх жишээтэй. Энэ мэтчилэн тоонуудыг жагсаагаад байж болж байна. Их л урт жагсаалт гарна даа.

Тийм учраас “Саяхныг болтол дэлхийн бараг хамгийн муухай орны тоонд орж байсан энэ улс яаж ийм өндөр амжилтыг олж, “Азийн бар”-ын тоонд багтаж чадав аа?” гэсэн асуулт өөрийн эрхгүй тавигдаж байна. (В.Молотов 1957 онд Монголд суух элчин сайдыг томилоход тэр үеийн сайд нар үүнийг Магадан руу цөллөгдөж байгаа мэт хүлээн авдаг байсныг иш татан хамгийн муухай орон гэж тодорхойлсны учир энэ буюу).

Хариулт нь харваас илт. Энэ улс ухаалаг, олон талаас нь судалж чадсан эдийн засгийн бодлоготой юм байна. Тэгвэл энэ бодлого нь юунд суурилав. Энд ч бас ер бусын зүйл алга. Монголын удирдлага улс орны хөгжилд нь хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдгийг аль эрт ойлгосон байна. Тийм учраас 1995-2011 он хүртэлх хугацаанд буюу 15 жилийн дотор үндсэн хөрөнгөд оруулах жил бүрийн хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсээр ДНБ-ий 12.5 хувиас 39.2 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч өсчээ. Ингэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээ 2010 онд 33.1 хувиар, 2011 онд 69.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Харин энэ оны дүн хараахан гараагүй байна.

Тэд яаж ийм үр дүнд хүрэв. Төрийн өмчит корпорациудыг байгуулсны улмаас уу? Үгүй. Хөрөнгө оруулалтын хэмжээ өсөх гол эх үүсвэр нь хилийн чанадаас гуйвж ирдэг мөнгө байсан байна. Энэ мөнгөний хэмжээ сүүлийн 10 жилийн дотор 40-өөс ч илүү дахин нэмэгдэж, улмаар ашигт малтмал олборлох, боловсруулах салбарыг эрчимтэй хөгжүүлэх гол хөдөлгүүр нь болжээ.

Онцгойлон дурдахад, Монголын эрх баригчид байгалийн баялгаа боловсруулах ажилд хөрөнгө оруулагчдыг сонгохдоо бүтээлчээр хандаж Орос, Хятадын аль ч компанитай холбогдохгүй байх нь дээр юм байна гэж үзжээ. БНХАУ ч, ОХУ ч энэ орны худалдааны хамгийн том түнш гэдгийг үл харгалзан өдгөө түүний газрын баялгийг боловсруулах салбарт Канадын (“Ivanhoe Mines”, “Entree Gold”, “SouthGobi Energy”), Английн (“Rio Tinto”) болон Австралийн (“BHP Billiton”, “Ausmelt”) пүүс компаниуд ажиллаж байна. Америкийн компаниуд ч хүртэл байхгүй. Учир нь том гүрнээс том асуудлууд бий болдог гэж Улаанбаатарт үздэг ажээ.

Эдийн засаг, улс төрийн сонирхлын ийм тэнцвэртэй байдал нь төсвийн зарлагын утгыг ч бодитойгоор өөрчлөх боломжийг олгосон байна. Тодруулбал, 1988 онд энэ улс батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбартаа ДНБ-ий 9.36 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг төсөвлөдөг байсан бол 2010 онд ердөө 0.98 хувийг төсөвлөсөн байна. Тэгсэн атал 2011 онд боловсролд оруулсан төрийн санхүүжилт нь ДНБ-ий 5.4 хувьд, эрүүл мэндийн салбарт 3 хувьд хүрч өссөн нь төсвийн нийт зарлагын 23 хувийг нь эзэлжээ. Түүнчлэн Монголын хүн амын дундаж наслалт 1988-2010 оны хугацаанд 60-аас 69 болж нэмэгдсэн байна. Харин хүн амын өсөлт нь сүүлийн таван жилийн дотор жилд дунджаар 1.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Хүн амын өсөлтийн тоонд цагаач иргэд ороогүй бөгөөд Монголд цагаач иргэдийн тоо хүн амын 0.36 хувиас ихгүй байдаг. Өсөлтийн хэмжээг нь Оросын хүн ам дээр жишээ болгон тооцож үзвэл Орост жилд 2 сая орчим хүн нэмэгддэг болж харагдах юм байна.

Монголын хөдөө аж ахуйн салбар нь ч бас эрчимтэй хөгжиж байгаа. Хэдийгээр сүүлийн жилүүдэд энэ улсад өвөл нь олон удаа зуд болж ихэнх малаа тавиад туусан ч ноолуурын үйлдвэрлэлээрээ хөрш зэргэлдээ Орос мужуудаас 7-20 дахин өндөр үзүүлэлтийг харуулж дэлхийд хоёрт жагсч явна.

Мэдээж хэрэг, Монгол Улс өнөөдөр ч гэсэн их хөгжингүй орон шиг харагдахгүй байгаа ч гэлээ ДНБ-ий (2011 онд 17.26 хувь), аж үйлдвэрлэлийн (37.4 хувь) өсөлтийн үзүүлэлтээрээ дэлхийд амжилт (рекорд) тогтоогоод байна. Энэ үзүүлэлт 2013-2014 онд тус бүртээ 13-14 хувь, 30-32 хувь болж өснө гэсэн таамаглал гарсан байна билээ. Монголд худалдаа, орон сууцны барилга эрчимтэй хөгжиж орон нутгийн иргэдийг хот суурин газар нүүлгэн шилжүүлэх хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа юм байна. Үүнээс гадна 1999 онд 100 хүнд 1 гар утас ногддог байсан бол өнөөдөр 100 хүнд 105 гар утас ногдох болжээ. Мөн 2000 онд интернетийг тогтмол ашигладаг иргэд хүн амын 0.5 хувийг эзэлдэг байсан бол өдгөө 20 хувь болж нэмэгдсэн байна.

Монголчууд яаж ийм амжилтад хүрч чадав аа. Өнөөх манай Засгийн газраас ирээдүйд замнах цорын ганц зөв зам гэж тодорхойлоод байгаа “улс төрийн тогтвортой байдал” гэгчийн ачаар тэд ийм амжилтад хүрчихэв үү. Тэгвэл ёстой үгүй юм байна. Тодруулбал, бүр эсрэгээрээ юм байна. Орчин үеийн Монгол орон хөгжлийнхөө явцад тодорхой хэмжээгээр улс төрийн тэмцлийн талбар болж хувирсан аж. Үүний ачаар өөрчлөлт шинэчлэлийг өрнүүлж ирсэн явцдаа засгийн эрхийг аль нэг улс төрийн хүчинд төвлөрүүлэх, ганц хүний бодлого явуулах зэрэг үзэгдлийг хазаарлаж чаджээ.

Социализмаас татгалзсаны дараах үеүдэд Монгол ардын хувьсгалт нам хэмээх улс төрийн хүчин засгийн эрхийг барьсан хэвээр байв. Гэвч 1996 онд засгийн эрх нь Үндэсний ардчилсан нам тэргүүтэй эвсэлд шилжсэн. Тэгсэн атал 1997 онд коммунист асан Н.Багабандийг Ерөнхийлөгчөөр сонгосны улмаас 2000 онд энэ хүн МАХН-аа Парламентын сонгуульд ялуулж чадсан төдийгүй 2005 онд МАХН-ын гишүүн Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад бүх нөхцлийг нь хангаж өгчээ.

Гэлээ ч гэсэн Монголд сөрөг хүчин нөлөө ихтэй хэвээр байсан учраас 2004 онд коммунист аснууд Парламентад Ц.Элбэгдорж тэргүүтэй ардчилсан хүчнүүдэд ихэнх суудлаа алдсан юм. Энэ хүн 1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгалын нэг удирдагч билээ.

2008 онд Парламентийн сонгууль булхайтай явагдсаны улмаас Улаанбаатарт “өнгөт” хувьсгал өрнөв. Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулж өмнөх удирдлагуудын авлигын сүлжээг илрүүлэх мөрдлөгийг явуулсан байдаг. Үр дүнд нь өнгөрөгч дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлан авлигын хэрэгт буруутган нээлттэй явагдсан шүүх хурлаар 4 жилийн хорих ял оноосон. Чухамхүү өнөөгийн Ерөнхийлөгчийг эрх барих хугацаанд энэ улсын эдийн засгийн өсөлт онцгой хурдацтай хөгжсөн юм.

Энэ далимд хэлэхэд, Монголын сүүлчийн хоёр Ерөнхийлөгч, таван Ерөнхий сайд нар нь АНУ, Англи, Германд боловсрол эзэмшсэн хүмүүс байна. Ил өрнөсөн улс төрийн тэмцэл энэ оронд мэдлэг сайтай улс төрийн анги бүрэлдэн тогтох үндсийг тавьснаар эдгээр залуус өнөөдөр улс орноо эдийн засгийн салбарт дараагийн амжилт олоход нь хөтлөн явж байна.

Тийм ээ, монголчуудад бэрхшээл их бий. Цаг агаар нь гэхэд л зундаа +30, +32 хэмд, харин өвөлдөө -28-35 хэмд хүрнэ. Мөн Улаанбаатар хот гэхэд л өвөл цагт дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Нутаг дэвсгэрийн хүн ам нь тархай бутархай суурьшсан байдаг тул хотууд хоорондоо хэдэн зуун км-ийн зайтай. Замын тухайд 1000 шоо км-т ердөө 31 км хар зам ногдож байгаа нь дэлхийд хамгийн муу үзүүлэлтэд тооцогдоно. Тэгсэн атлаа ДНБ-ийг бүрдүүлэгч гол салбаруудын эрчим хүчний хэрэглээг 56 хувь хүртэл бууруулж чадсан байгаа төдийгүй Засгийн газар нь 2020 он гэхэд бүр 40 хувь хүртэл бууруулах зорилт тавин ажиллаж байна. Харин байгалийн хүчин зүйлсийг давахын тулд захиргааны хүнд суртлыг хөнгөвчилж байгаа нь үр дүнгээ өгч эхэлжээ. Үүнийг Дэлхийн банкнаас гаргадаг “Doing Business” буюу Дотооддоо бизнес эрхлэхэд таатай нөхцөлтэй орнуудын жагсаалтад Монгол Улс чансаагаа 12 байраар ахиулж 76-д жагсдаг болсноос бэлхнэ ойлгож болно.

Энэ бүхнийг дүгнэн үзэхэд, Орост яагаад эрчим хүчний үр ашигтай хэрэглээг өсгөж чаддаггүй вэ, байгалийн баялгийн олборлолтоо яагаад дорвитой нэмэгдүүлж чаддаггүй вэ, гадаадын хөрөнгө оруулагчдыг яагаад олноор нь татаж чаддаггүй вэ, дэлхийн түвшинд янз бүрийн чансааг илтгэх жагсаалтуудад яагаад байраа ахиулж чаддаггүй вэ гэх зэрэг асуултад Паршевийн өгсөн хариултаар хариулах ёсгүй юм гэдэг нь харагдаж байна.

Байгаль дэлхий үүнд ямар ч хамаа алга. Ерөөс улс төрийн орчин, ардчиллын үйл явц болон удирдах албаны хүмүүсийг чанартай сургалтаар бэлтгэх зэрэг асуудал л юунаас ч илүү чухал юм байна.

Гэвч энэ бол Монгол биш Орос төр юм даа…

http://www.mk.ru/daily/newspaper/article/2012/12/18/788856-pochemu-rossiya-ne-mongoliya.html