Цагаан хоол гэдэг Энэтхэгийн хараалаас салах цаг нь болжээ

Posted on Арван хоёрдугаар сар 21, 2012

2


13490868876992

-Дэлхий нийтэд тулгаад байгаа цагаан хоол нь энэтхэгчүүдэд ч, тэдний үхэр сүрэгт ч ашиг тусаа өгөхгүй байна-

Сурах бичгийн тал дээр мэргэшсэн Энэтхэгийн нэгэн алдартай хэвлэлийн газраас саяхан нэг ном хэвлэлтээс гаргажээ. Уг номонд мах иддэг хүмүүсийг залилан хийх, бэлгийн хүчирхийлэл үйлдэх чадвартай худалчид гэж тодорхойлсон байв. Гэтэл энэ номыг 11-12 настай хүүхдүүдэд зориулж бичсэн байсан нь Энэтхэгийн нийгмийн дунд хамгийн том маргааныг дэгдээж орхилоо.

1890-ээд оны үед Махатма Ганди англичуудыг мах иддэг учраас Энэтхэгийг удирдаж чадаж байна, харин энэтхэгчүүд цагаан хоолтон учраас тэдэнд бууж өгөөд байна гэдэгт итгэлтэй явсан юм билээ.

1914-1917 оны зуны улирлуудад Энэтхэгийн тосгод айхтар гантай нүүр учирсан байдаг юм. Тариаланчдад чихрийн нишингэ, индиго зэрэг ургамлыг тариалахыг тушааж байсан ч тэд өлссөн хэвээр, арьс тохсон араг яс шиг л харагддаг байсан гэдэг.

Харин брахман шашнаар, омгоороо бахархах үзлийн улмаас тэд мал сүргээ хүнс гэж огт харж байсангүй. Шашны номлолд нь үхэр гэдэг амьтныг ээжтэй зүйрлэж, түүнд хор хүргэж болохгүй гэж заасан байдаг учраас бүх хүн уг ёсыг дагасаар ирсэн.

Эцэст нь маш олон хүүхэд цус багадалт, хоол тэжээлийн дутагдал, тураал зэрэг эмгэгийн улмаас үхэж үрэгдсэн. Харин амьд үлдэгсдийн яс хэврэгшиж, өвчүү нь хонхойж, эхчүүдийн сүү татарсан байдаг.

Тэгвэл хотуудад…

Хүнсэнд хэрэглэж болох зэрлэг амьтдад ч тэд гар хүрч байсангүй. Хог ангилдаг, тор сав нэхдэг, арьс ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “дом” омгийн хүмүүс л мах зооглодог байжээ. Тийм учраас өөрсдийгөө дээд овгийн гэж боддог байсан омгийн хүмүүсийг турж эцэн, үхэж байхад дом омгийнхны амьдрал цэцэглэж байв.

Энэтхэг улс дэлхийн хамгийн олон бод малтай орон. Үхрээр бол бүр дүүрчихээд байна. Яагаад гэвэл, мужуудад үнээ, тугал алахыг хориглосон арга хэмжээ хэрэгжүүлэхийг Үндсэн хуульд нь заагаад өгчихсөн байгаа. Үүнтэй холбоотойгоор, зарим мужид үхрийн мах ил зарахыг ч хориглосон байдаг. Дели хотын томоохон дэлгүүрүүдээр эрүүл ахуйн байцаагч нар байнга явж үхрийн мах нууцаар худалдаалж байгаа эсэхэд хяналт тавьдаг.

Тэгсэн атлаа Энэтхэгийн үхрүүдийг үнэхээр азгүй амьтад гэлтэй. Зүй бус харьцаа, хоол тэжээлийн дутагдлаас үүдэн бишгүй л зовж яваа харагддаг. Тэдний гэдэс нь хийд автаж, ходоод нь гялгар уутаар битүү дүүрч, хавирганууд нь хэрзийгээд гараад ирсэн байдаг тул төгөлдөр хуурын товчнуудыг өөрийн эрхгүй санагдуулна.

Энэтхэгчүүд хэрэгцээ нь дууссан гэх үхрүүдээ галт тэрэг, ачааны машинд нууцаар ачуулан Бангладеш дахь мал нядалгааны газрууд руу явуулдаг. Тэнд хүрэх гэж долоо хононо. Дараа нь арьсуудыг хүлээж аваад боловсруулан гутал, цүнх тэргүүтнийг үйлдвэрлэж Делигээс авахуулаад Даллас хүртэлх дэлхийн улс орны хамгийн үнэтэй дэлгүүрүүдэд түгээн борлуулдаг. Хамгийн аймаар зүйл нь, энэ оны байдлаар Энэтхэг улс үхрийн махны экспортоороо АНУ-ыг хол хаяж дэлхийд гуравт бичигдэх төлөвтэй байна.

Утгагүй хориг

Цаг үе өөрчлөгддөг гэж үнэн юм даа. Энэ жил далит омгийнхон мусульманчуудтай хамтран Хайдерабад хотод “уургийн үймээн” гэгчийг зохион байгуулж 1500 орчим далитыг үхрийн махтай хуургаар дайлсан байгаа юм. Магадгүй уг үйлдэл нь өдөөн хатгалгын шинжтэй байсан байж болох. Гэхдээ хүмүүс цаашдаа шашны хоригийг дагах хүсэлгүй байгаагаа тод томруун ойлгуулсан үйл явдал болсон нь ойлгомжтой.

Ер нь дэлхийн улс орнууд янз бүрийн утгагүй хоригоосоо салах цаг нь болжээ. Үхэрт зарлаад байгаа энэтхэгчүүдийн хайр, сэтгэл хөдлөл ихтэй зарим европчуудыг хуурч дөнгөөд байгаа боловч үнэн хэрэгтээ энэ бол бусдаар өрөвдүүлэх гэсэн шал худлаа үзэгдэл. Энэтхэгийн цагаан хоол гээч нь хүнд ч, малд ч тун урхагтай нөлөөлж байгаа.

Барууны иргэд цагаан хоолыг илүүд үзэх болсон нь нэг төрлийн моод, чинээлгээ харуулах гэсэн үзэгдэл болон дэлгэрч байна. Яг л нохдод зориулсан йог, үр тарианы талх гэдэг шиг л. Гэхдээ энэ бол хувь хүний сонголтын асуудал. Харин Энэтхэгт нийгмээр нь цагаан хоолтон болгохыг хичээж байгаа нь жинхэнэ хараал мөн. Энэтхэгчүүд одоо утгагүй хоригоосоо салах цаг болоогүй юу.

 

 

 

http://www.inosmi.ru/india/20121220/203562270.html