Аятайхан дамшиг

Posted on Арван хоёрдугаар сар 24, 2012

1


Жүжигчин, найруулагч Энди Серкис

Дэлхийн кинотеатруудад саяхан “Хоббит. Гэнэтийн аялал” хэмээх кино нээлтээ хийсэн билээ. Уг кино нь Толкиний зохиолоос сэдэвлэн, “Бөгжний эзэн” киноны үргэлжлэл болох үлгэрийн гурвалсан киноны эхний анги бөгөөд мөнөөх л Питер Жексон найруулсан юм. Ингээд Голлумын дүрийг үргэлжлүүлэн бүтээсний сацуу киноны хоёрдугаар найруулагчаар нь ажилласан Энди Серкистэй хийсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.  

-“Хоббит” кинон дахь үйл явдал “Бөгжний эзэн” киноны үйл явдлаас 60 жилээр урагш юм билээ. Тиймээс энэ кинонд залуухан Голлумыг бүтээхдээ арай өөр өнцгөөс хандсан байх, тийм үү?

-Найруулагч Питер Жексон надад “Чи Голлумыг зүгээр л нэг аятайхан дамшиг болгоод харуулаадах” гэж хэлсэн л дээ. Нээрээ л, Голлум ид насандаа явж буй эр хүн учраас бид хоёр хамтдаа өсвөр насны охидуудын сэтгэлийг татахыг зорьсон (инээв).

ГоллумҮнэнийг хэлэхэд, “Бөгжний эзэн” кинонд баатар маань ямархуу дүр байсныг ор тас мартах шаардлага надад тулгарсан. Түүнд ямар адал явдал тохиолдсон, бүр хатуухан хэлэхэд, ямар муухай үйлдлүүдийг хийж байсныг нь ой тооноосоо авч хаях шаардлага тавигдсан. Ингэсний дараа миний нүдэнд хүний нийгмээс хөөгдөж, Харанхуй уулсын гүнд 500 жилийг өнгөрөөхдөө бөгжний эрхшээлд орсноос болж аажимдаа галзуурч буй нэгэн сүг л харагдсан. Гэхдээ Голлум дотор хүнтэйгээ байнга ярьдаг учраас ганцаарддаггүй. Гэвч Бильбо хүрч ирснээр түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө.

“Хоббит” кинонд Голлумын амьдралын гол хоёр агшинг харуулсан байдаг. Нэг дэх нь түүний бөгжөө хэрхэн алдаж байгаа болон алга болсныг мэдээд хэрхэн хүлээж авч буйг харуулсан хэсэг. Энэ хорвоо дээр хайрлаж дээдэлж явсан цорын ганц зүйлээсээ хагацаснаа мэдэнгүүт Голлум ямар араатны араншинг гаргаж байгааг та нар харсан байх. Хоёр дахь агшин нь, Бильбо энэхүү азгүй амьтныг өрөвдөөд алах санаанаасаа ухарч байгаа хэсэг. Уг нь Бильбо алж чадах байсан, угаасаа алах ч санаатай байсан шүү дээ. Тэр хэсгийн үйл явдал чухамхүү энэ хоёр хүн дээр төвлөрнө. Гэхдээ энэ хэсгийн эхэнд Голлум дотор хүнтэйгээ ярилцаж түүний санааг зөвшөөрснөөр Бильботой таавар тааж тоглохыг зөвшөөрдөг. Түүнтэй тоглож байх явцдаа Голлум дотор хүнээ байнга тайвшруулан “энэ бол зүгээр л хоббит буюу хөлтэй хүнс” гэж хэлнэ. Нүүр нь байнга хувирч өөрөө өөртэйгөө ярих энэ амьтны дотор юу бодогдож байгааг Бильбо огт ойлгодоггүй. Яг энэ үед Бильбогийн нүүрний хувирлыг ажиглах их сонирхолтой.

-Голлумын дүрийг бүтээхдээ та дөрөв хөллөж явах, загасны араас хүйтэн ус руу lotrшумбах, хоолойныхоо чадлыг бартал сөөнгө дуугарах гэх зэрэг биеийн ачаалал их амссан байх. Тийм болохоор энэ дүрийг дахин бүтээж тэр их зүдгүүрийг дахин туулна гэхээс та их л халширсан байх даа. Эсвэл эсрэгээрээ энэ “эрэмдэг амьтны хослол”-ыг өмсөнө гэхээс бүр тэсч ядан байсан уу?

-(инээснээ) Үнэнийг хэлэхэд, тэр “эрэмдэг амьтны хослол”-ыг би сүүлийн 12 жилийн турш өмслөө шүү дээ. Тийм ээ, Голлумын дүрийг бүтээх үед би биеэ маш их золиослодог. Үүнээс гадна би энэ дүрийг анх бүтээж байсан үеэсээ 12 насаар хөгширлөө. Залуудаа кинон дээр нэг хаднаас нөгөө рүү түвэггүй үсэрч чаддаг байсан бол одоо замын тэг дунд нь уначих жишээний болсон байна. Харин энэ дүрийг бүтээхэд хамгийн хэцүү юм нь юу байсан гээч? Энэ хэдэн жилийн дотор Голлумын дүр асар алдаршиж маш олон “ихрүүд”-тэй болоод авсан учраас анхаарлыг маань сарниулах гол хүчин зүйл болж байсан. Тэдгээр “ихэр”-ийг нулимж өөрийн баатраа эргүүлэн олж авахын тулд би маш их хөдөлмөрлөхөөс аргагүйд хүрсэн.

-Компьютероор бүтээсэн дүрийг амилуулсан жүжигчдийг шагнах цаг нь болсон гэвэл та санал нийлэх үү?

Andy-Serkis_Caesar-Хэн нэгэн ямар нэгэн шагналыг гардуулахыг хүсч байгаа бол эхлээд тусдаа номинаци бий болгох хэрэгтэй гэж бодож байна. Өнөөдөр “performance capture” технологийг улам л их ашигладаг болжээ. Энэ чинь жүжигчний ур чадварыг дэлгэцээр дамжуулан харуулах нэг арга шүү дээ. Голлум, Кинг-Конг, “Мичин гаригийн бослого” киноны Цезарь (Энди Серкис эдгээр дүрийг бүтээсэн. Орч) болон хүний дүр бүтээх хоёрын дунд онцгой ялгааг би л лав хувьдаа мэдэрч байсангүй . Яагаад гэвэл, аль аль дүрийг нь бүтээхэд тухайн жүжигчнээс ижил хэмжээний хөдөлмөр, ур чадварыг шаарддаг. Таны нүүр, толгой түрүүнд тань хөдөлгөөн мэдрэгч битүү наасан байсан ч гэлээ та бүтээх гэж буй дүрээ сайтар судалсан, түүний бухимдлыг юу төрүүлдэг гэдгийг мэдэж байж дүрийнхээ сэтгэл санааны байдлыг үзэгчдэд хүргэх ёстой. Нөгөө талаар, үзэгчид зөвхөн жүжигчнээр тогтохгүй компьютер графикийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дэлгэцнээс олж хардаг. Тэгэхээр энэ ажил хамтын бүтээл учраас тусдаа номинацитай байх ёстой байгаа юм. Ингэсэн цагт би энэ номинациар жил бүр “Оскар” авах боломжтой болно гэж найддаг шүү (инээв).

-Сүүлийн үеийн техникийн дэвшлүүд “performance capture” шиг киноны дүрслэлийг бүтээх явцад хүчтэй нөлөөлсөн биз?

-Хүчтэй гэдэг үг ч багадна. 12 жилийн өмнө намайг Голлумын дүрийг бүтээж байхад дээрх Зураг авалтын үетехнологи дөнгөж нэвтэрч эхэлж байсан учраас тэрийг сайн эзэмшиж ч чадаагүй байсан үе. Операторууд миний дүрсийг 35 мм-ийн хальсанд том болон дунд планаар буулгасны дараа аниматорууд кадр тус бүр дээр зураглал хийсний эцэст Голлум яг над шиг нүүрний хувиралтай, биеийн хөдөлгөөнтэй болсон байдаг байв. Энэ техникийг ротокопичлол гэж нэрлэдэг. Үүний хажуугаар “motion capture” буюу хөдөлгөөнийг барих технологийг ашигладаг бөгөөд энэ үед би “эрэмдэг амьтны хослол”-оо өмсөөд урагш хойш гүйж харайх үйлдлүүд гүйцэтгэдэг байсан. Энэ

технологийн ачаар киноны баатрын маань үйл хөдлөл илүү үнэмшилтэй харагддаг юм.

Харин өнөөдөр компьютер графикийн мэргэжилтнүүд маань “performance capture” технологийг бүр маш сайн эзэмшсэн байгаа учраас би Бильботой нэг тайзан дээр зэрэг тоглож явах боломжтой боллоо. Бид хоёрыг өөр өөр камераар зэрэг авдаг болсон.

Технологийг бүрэн эзэмшсэний ачаар надад Бильботой нэг тайзан дээр зэрэг тоглох боломж бүрдсэн

Технологийг бүрэн эзэмшсэний ачаар надад Бильботой нэг тайзан дээр зэрэг тоглох боломж бүрдсэн

Тэр утгаараа найруулагч маань ч бид хоёрт чухам яаж жүжиглэхийг хоёуланд нь зэрэг зааварлах боломжтой боллоо. Ингэсний дараа л компьютер графикийн мэргэжилтнүүд ажилдаа ордог болсон. Гэхдээ тэдний хөдөлмөрийг хамаагүй хөнгөвчилж чаджээ. Хөдөлгөөн мэдрэгчүүдийг миний нүүрэнд битүү наадаг болсон учир тэдэнд миний нүүр хувирлыг дэлгэцэн дээр илүү тодорхой харагдуулах боломжтой болгож өгсөн байгаа.

-Үзэгчдэд тэр бүр таалагдаагүй нэг зүйл нь агшин зуурт 48 кадрыг харуулж байгаа явдал. Дүрслэлийг ийм хурдтай хийсний улмаас кино бус телевизийн бүтээлийг санагдуулж байсан. Энэ шүүмжлэлд та ямар хариулт өгөх вэ?

-Дуу, дүрслэлийн техникийн тал дээр юу ч гэж шүүмжилж болно. Гэхдээ тухайн киноныхоо утгад нийцэж, хүмүүсийн сонирхлыг татаж чадаж л байвал энэ технологи цаашдаа оршин тогтнох эрхтэй гэсэн үг. Тэгээд ч өнөө үед киног “тоогоор” авч, “тооны” тусламжтай дүрсэлдэг болсон учир хуучны арга барил хоцрогдсон шүү дээ. Нэг агшинд 48 кадрыг дүрслэн харуулснаар бидний төсөөллийг бодит болгох явдлыг шинэ түвшинд гаргасан гэж ойлгож болно. Заримд нь таалагдахгүй байж болно л доо. Учир нь энэ технологи маань одоохондоо “түүхийгээрээ”, гүйцэд боловсруулаагүй байгаа. Гэхдээ л кадруудын ойрхон давтамж нь кинонд маань илүү бодит, илүү тодорхой дүрслэлийг бий болгож өгсөн. Ялангуяа бодит хүн, компьютерийн дүр хоёрын харьцаанд болон тулаантай хэсгүүдэд энэ давтамж маш чухал байсан.

-“Хоббит” зохиол “Бөгжний эзэн”-ээс арай өөр агуулгатай. Таны бодлоор найруулагч Питер Жексон киног бүтээхдээ тэр ялгааг хадгалж чадсан болов уу?

-Питер “Хоббит”-ыг “Бөгжний эзэн”-ий үргэлжлэл болгосон. Уг нь зохиолч Толкин эхлээд “Хоббит”-ыг, дараа нь “Бөгжний эзэн”-г бичсэн байдаг юм. Тийм учраас кино маань номон дээрх зохиолоосоо зөрж байгаа. Гэхдээ үүний ачаар бид өмнөх ангиудын домог, ертөнцтэй төгс зохицох ахиад гурван ангитай кино бүтээх боломжтой болсон. Тэр утгаараа “Бөгжний эзэн” киногоор танил болсон Газрын дундад тэнгисийн өнөөх газар нутгийг “Хоббит”–д ашигласан байгаа. Шинэ кино маань алиа шог ихтэй, одой нарын дотор хүний санаанд үлдэхүйц гоё дүрүүдтэй гэдгээрээ өмнөх киноноос ялгарна. Гэхдээ үндсэн чиглэлээ хадгалж чадсан байгаа. Угаасаа найруулагчид бүтээсэн киноныхоо түүхийг баяжуулах зорилгоор Толкиний зохиолыг ашигласан. Тэр утгаараа “Хоббит” маань “Бөгжний эзэн”-тэй төстэй хэдий ч арай хошин, хүнд сэдэвгүй гэх үү дээ.

-Голлумыг дэлгэцэн дээр анх харсан тэр үед танд юу бодогдож байсан бэ?

-Би Голлумыг анх 2001 онд харсан санагдаж байна. Тэр үед бидэнд 16 кадртай нэг агшинг үзүүлсэн юм. Үүнд миний дүр болох Голлум Фродогийн дууг сонсоод огцом эргэж байгаа хэсэг дүрслэгдсэн байсан. Энэ бол “Бөгжний эзэн. Хоёр цамхаг” анги дээрх Хориотой нуурын өмнө болж байгаа үйл явдлын нэг хэсэг л дээ. Тэр үед надад ямар санагдаж байсан бэ гэж үү? Эх хүн хүүхдээ төрүүлээд анх удаа гар дээрээ авч байгаа үед л тийм мэдрэмж төрдөг байх. Хэзээ ч мартамгүй сайхан мэдрэмж төрж байсан.

-“Хоббит” кинонд тоглохынхоо хажуугаар та энэ киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан байсан. “Хоббит” ахиад хоёр ангитай гэж бодоход таны ажил улам л нэмэгдэх нь дээ?

-Яг одоо тодорхой хэлж мэдэхгүй байна. Юутай ч, би хийх ёстой ажлаа хийчихсэн гэж бодож байна. Манай зураг авалтын багийнхан бараг 200 хоногийн турш тасралтгүй ажилласан. Энэ хооронд бид тоогоор илэрхийлэшгүй олон зураг авахуулсан учраас гурван ангитай бараг 5-6 кино хийх хэмжээнд хүрчихсэн байх аа (инээв).

-Өөрийн найруулсан хэсэгтээ тоглох боломж олдсон уу?

andy-serkis-Харамсалтай нь эсвэл бүр азаар ч гэх үү, өөрийн найруулсан хэсэгтээ би тоглоогүй л дээ. Голлумын дүр энэ кинонд ганцхан мөртлөө маш урт хэсэгт гардаг. Тийм учраас зураг авалт дөнгөж эхэлмэгц Голлумыг хамгийн түрүүнд авч дуусгасан. Энэ нь ч кинонд маань амжилт дагуулсан хамгийн зөв шийдэл байсан гэж би боддог. Голлумын дүртэй хэсгийг авснаар манай багийнхан хачин их урам орж аймшигтай хурдтайгаар ажлаа цааш үргэлжлүүлсэн. Аргагүй энэ хэсэг бол киноны маань хамгийн гол хэсэг байсан болохоор тэр биз. Энэ хэсэгт Бильбо Голлумтай таарч бөгжийг хэрхэн олсон тухай гардаг юм.

-Ийм том төсөл дээр хоёрдугаар найруулагчаар ажилласан учраас та цаашдаа найруулагчаараа замнах юм биш биз?

-Чухамхүү энэ шалтгаанаар би хоёрдугаар найруулагчаар ажиллахыг хүссэн. Шинэ Зеландыг зорихоосоо өмнө би богино хэмжээний кино болон видео тоглоом хэдийг бүтээж, “Ealing” студийн суурин дээр “performance capture” технологийг чиглэлээ болгох “The Imaginarium Studios” хэмээх компанийг байгуулаад амжсан. Би найруулагчийн ажил хийхийг эртнээс мөрөөдөх болсон. Тэр утгаараа би ямар нэг бага төсөвтэй кинонд бус оны хамгийн том төсөлд өөрийн мэдлэг чадвараа сорьж, туршлага хуримтлуулж чадсан их азтай хүн. Би ингээд зогсохгүй. Манай компани ирэх хоёр жилийн дотор миний найруулсан гурван бүтээлийг дэлгэцэнд амилуулах төлөвлөгөө тавин ажиллаж байна. Нэг бүтээл маань Жорж Оруэллын “Малын хашаа” зохиолоос сэдэвлэн найруулсан кино байх агаад мөн л “performance capture” технологийг өргөн ашигласан байна.

 

http://lenta.ru/articles/2012/12/20/serkis/