Наполеоныг Оросууд дараагүй

Posted on Арван хоёрдугаар сар 24, 2012

2


I Наполеон

Бидний сайн мэдэх түүхээр бол Наполеон 1812 онд Орос руу довтолж цэргийн хохирол нэг их амсалгүй Москваг хүртэл давшин явсан ч оросууд нийслэлийнхээ ¾ -ыг нь шатааж түүний армийг хоол хүнсний нөөцгүй болгож дөнгөсөн учир Наполеон ухарсан гэж бид заалгаж явлаа. Улмаар ухарч явахдаа Наполеоны арми оросын хахир өвлийг даагаагүй гэж ойлгож явсан. Оросууд Наполеоныг ингэж бутниргэсэн явдлыг цэргийн түүхэнд тохиосон томоохон үйл явдлын нэгд тооцдог байлаа. Алдарт хөгжмийн зохиолч Чайковский хүртэл “1812 он” хэмээх зохиолоо түүхийн энэхүү үйл явдалд зориулан туурвисан байдаг. Гэвч энэхүү дайнд чухал үүргийг гүйцэтгэсэн нэгэн хүчин зүйлийн талаар өнөөг хүртэл хэн ч дурсахгүй байна.

2001 оны өвөл Литва улсын нийслэл Вильнюс хотноо хэсэг ажилтан суурин утасны сүлжээ оруулах хонгилыг ухаж байв. Тэдний ухаж байсан тэр хэсэгт хэдэн арван жилийн туршид орос цэргүүдийн казарм байршиж байжээ. Тэгтэл бульдозер нэгэн цагаан зүйлийг утгаад гаргаад ирэв. Жолооч нь кабинаасаа буугаад харвал хүний гавал байсан аж. Цаана нь бүр олон араг яс харагдаж байжээ. Сүүлд нэг ажилтан “тэнд ийм зүйлс оволгоотой, бүр хэдэн мянгаад ширхэг байсан” гэж ярьсан байдаг. Энэ явдал болохоос найман жилийн өмнө тус хотод Зөвлөлт Оросын Нийгмийн аюулгүй байдлын хорооны (КГБ) хүмүүст хорлогдсон гэх 700 хүний цогцостой булшийг илрүүлсэн байсан юм. Тэгвэл дээрх ажилчдын илрүүлсэн булшийг өнөөх КГБ-тэй холбон ойлгож болох уу? Эсвэл дээрх ажилтнууд, нацистуудэд хорлогдон бөөндөө булуулсан евречүүдийн булшийг олчихов уу?

Вильнюсийн их сургуулийн археологичид дээрх газарт үзлэг явуулаад цогцсуудыг ямар нэгэн хамгаалалтын бэхлэлт маягаар ухсан хонгилуудад гурван эгнээгээр эгнүүлсэн байсныг ажиглажээ. Сайн харвал цэргүүдийн цогцос бололтой. Нийтдээ 2000 цогцос болон хорооны дугаартай цэрэг бүсний арлуудыг олжээ. Түүнчлэн уг булшинд 1800-аад оны 20 франкийн зооснууд байсан байна. Үүнээс үүдэн эрдэмтэд энэхүү булшинд Францын агуу армийн цэргүүдийн цогцос байна гэж дүгнэжээ. Наполеон Оросыг байлдан дагуулах аяндаа анх 600 мянган цэрэгтэй гарсан байдаг. Тэднээс 30 мянга орчим нь амь гарч мянга хүрэх үгүйтэй тооны хүн цаашдаа цэргийн албандаа эргэж орсон гэдэг.

Тэгвэл аугаа их жанжнаар толгойлуулж явсан Европын тэрхүү хүчирхэг армийг олноор нь амиа алдахад нөлөөлсөн зүйл нь юу байв? Хамгийн сонирхолтой нь, тэд дайсны гарт ч бус, зуд турханы улмаас ч амь үрэгдээгүй аж. Угаасаа Наполеоны ихэнх цэргүүд нь залуухан, тэгсэн атлаа олон дайн байлдаанаар хатуужсан хүмүүс байсан тул өлсөж даарах, ядрах, олон хоног тасралтгүй явах зэрэг зүдгүүрийг бүрэн даах чадвартай болсон байсан гэдэг. Тэгвэл Наполеоны байлдан эзлэх агуу төлөвлөгөөнд цэг тавьсан зүйл нь бүхэл бүтэн армийг үхэлд хүргэж чадах бичил биетэн байсан ажээ. Тодруулбал, бөөсөөр дамжиж халдварладаг хижиг өвчний нян байв.

Уг нь Наполеонд Орос руу давшлах бодит шалтгаан анхандаа байгаагүй. Тэрээр 1807 оны зургаадугаар сард Фридландын орчим Оросын армийг бутниргэж улмаар долоодугаар сарын 7-нд Оросын хаан I Александртай “Тильзитскийн энхийн гэрээ” гэгчийг байгуулснаар Орос, Франц улсууд холбоотон болсон байдаг (гэрээнд Оросыг Англитай худалдаа хийхийг хориглосон байв). Хамгийн сонирхолтой нь, Наполеон ялсныхаа төлөө Оросын газар нутгаас авсангүй, дайны нөхөн төлбөр гээчийг ч нэхээгүй байдаг юм. 1812 оны эхэн үе гэхэд Наполеон Испани, Орос хоёр улсын дунд орших нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг хянаж байсан. Харин Энэтхэг орныг байлдан дагуулах гэхээр Англи улс тэнгисийг өөрийн хяналтдаа байлгаж байв. Энэтхэг улс тухайн үед Английн колони байлаа. Нэгэнт Энэтхэг рүү хуурай газраар явж хүрэхээс аргагүйд хүрч байсан тул энэ зорилгоор эхлээд Орос улсыг өөрийн хяналтдаа оруулах шаардлага тулгарсан нь тэр байлаа.

“Тильзитскийн энхийн гэрээ”-г байгуулсны дараа Франц, Орос улсууд холбоотон болсон хэдий ч энэ холбоо нь тун найдваргүй байжээ. Тухайлбал, Орос улс байсхийгээд л Англитай худалдаа хийж гэрээгээ зөрчдөг байв. Эцсийн эцэст Наполеон Оросын энэ аашнаас залхаж гэрээ зөрчсөн явдлыг нь дайн эхлүүлэх үндэслэл болгож ашиглав.

1812 оны зургаадугаар сард Наполеон Германы дорно хэсэгт армиа цуглуулаад 22-ны өдөр Неман голын баруун эрэг дээр ёслол төгөлдөр байдлаар жагсаалын үзлэг явуулжээ. Түүний армийн инженерүүд хоёр эргийг холбосон хөвдөг гүүр босгосны ачаар маргааш өдөр нь Наполеоны арми Оросын мэдэлд байсан Польш улс руу нэвтэрч оров. Бүх ажил санаснаар явж байлаа. Хэдий халуун, гантай байсан ч зун цагт аян хийх нь цэргүүдэд амар байсан. Хүнсний хангамж хариуцсан ангиуд армийн өмнө явж байсан тул цэргүүд өлсөхгүй басхүү өвдөхгүй явцгааж байв. Польш руу явах замд Магдебург, Эрфурт, Позен, Берлин хотуудад цэргийн эмнэлгүүдийг байгуулсан байсан нь ч хэрэг болоогүй. Ийнхүү Наполеоны арми ердөө дөрөв хоногийн дотор замдаа нэг ч эсэргүүцэлтэй тулгаралгүй Вильнюс хотод орж иржээ.

Гэхдээ анхны бэрхшээлүүд чухамхүү Польшид тохиож эхэлсэн байдаг. Тэдний явж байсан замд маш бохир нэгэн бүс нутаг таарчээ. Тариачид нь халтар гэж жигтэйхэн, ширэлдсэн үсэнд нь бөөс бүүргэнэ “буцалж”, худгууд нь туйлын бохирдсон байсан гэдэг. Хүнсний хангамжийн ангийнхан дайсны нутаг дэвсгэр дээр цэргүүдийнхээ араас явах шаардлагатай болов. Зам нь манарсан шороотой, дээр нь хаврын хур бороонд маш их ухагдсан байсан тул хангамжийн тэрэгнүүд улам л алсран хоцорч, цэргүүдийг ус, хүнсээр хангах боломжгүйд хүрч байлаа. Наполеоны арми дэндүү том байсан учраас цэргүүдийг жагсаалын эгнээн дотор тогтоон барих боломжгүй, армийн нэлээд хэсэг нь эмх замбараагүй бөөгнөрлийг үүсгэн явж байлаа. Улмаар маш олон цэрэг ус, хүнсний гачааллаас болж нутгийн тариачдын гэр орон, тариан талбай, малыг нь дээрэмдэж явжээ. Вильнюс хүрэх замд ус, тэжээлийн дутагдлаас болж бараг 20 орчим мянган адуу үхсэн байдаг юм. Цэргүүдийг тариачдын гэрт дайрч ороход гэр орон нь тамтаггүй бохир, байшинг амьтай юм шиг харагдуулах тийм их жоомтой байсан гэдэг.

Яваандаа армид нэлээд түгээмэл тохиолддог цусан суулга мэтийн гэдэсний халдварт өвчнүүдийн шинж тэмдэг цэргүүдээс илэрч эхэлжээ. Данциг, Кенигсберг, Торн хотуудад цэргийн шинэ эмнэлгүүд нээгдсэн байсан хэдий ч өвчний улмаас эх нутаг руугаа буцаж явах тушаал авсан тийм олон цэргийг хүлээн авч дийлэхгүй байв. Наполеоны армийн хувьд энэ бол сүйрлийн эхлэл байлаа.

Неман голыг гаталсны дараагийн хэд хоногоос олон цэрэг халуурч эхэлсэн байна. Удалгүй биен дээр нь улаан тууралт гарах болов. Зарим цэргийн нүүр нь хөхөрснөөр төд удалгүй үхэцгээж байв. Наполеоны аугаа арми ингэж л хижиг өвчинтэй нүүр тулжээ.

Орос, Польш улсад хижиг өвчин маш олон жилийн турш амь бөх оршиж байсан. Гэхдээ Оросын арми Наполеоны давшилтаас ухарч явахдаа Польшийг юу ч үгүй цөлмөж орхисон нь байдлыг улам хүндрүүлсэн байв. Эрүүл ахуйн дэглэм барих боломж хомс, дээр нь жигтэйхэн халуун зун тохиосон учраас бөөс, бүүргэнэ үржих нэн таатай боломж бүрдсэн байлаа. Гэдэсний хижгийг Rickettsia prowazekii гэдэг бичил биетэн үүсгэдэг. Харин 1812 оны тэрхүү үйл явдлаас хойш бүтэн зууны дараа эрдэмтэд гэдэсний хижиг үүсгэгчийг бөөсний ялгадсанд байдгийг тогтооно.

Тухайн үед франц цэргүүд гол төлөв халтар, их хөлөрсөн харагддаг байжээ. Хувцсаа ч тун цөөн солино. Үүний уршгаар бөөс тэдний хирээр хооллож, хувцаснуудын оёдолд нь нуугдаж амьдрах боломж бүрдсэн байв. Хүний арьс болон хувцас бөөсний ялгадсаар бохирдсон тохиолдолд хижиг өвчнийг үүсгэгч нян өчүүхэн жижиг шархаар ч дамжин хүний биед орж халдвар тараах чадвартай. Франц цэргүүд оросуудын дайралт, польшуудын өсөөс эмээн аюулгүй байдлаа хамгаалах үүднээс хэсэг хэсгээрээ бөөгнөрч унтдаг байсны уршгаар бөөснүүд эрүүл цэргүүдийн ч биеэр тархаж байдлыг улам хүндрүүлсэн ажээ. Ингээд ердөө сарын дотор Наполеон 80 орчим мянган цэргээсээ хагацсан байна. Бүгд л хижиг өвчний улмаас нэг бол үхэж, нэг бол цаашид цэргийн алба хаах чадваргүй болсонд тооцогдон фронтын ар руу илгээгдсэн байв. Цэргийн эмнэлгийн Ерөнхий мэс засалч, барон Жан Доминик Ларрей Францын армид тухайн үедээ дэлхийн хамгийн сайн эмчилгээ, эрүүл ахуйн дэглэмийг нэвтрүүлсэн байсан ч ийм өргөн хүрээ хамарсан тахлыг тогтоон барьж дийлээгүй. Байдал ямар хүнд байсныг ойлгуулах зорилгоор Наполеоны нэгэн цэргийн дурсамжийг иш татъя.

“Бургонь гэдэг анд маань зэгсээр хийсэн дэвсгэр дээр унтаж байтал түүнийг тун удалгүй бөөснүүд сэрээчихжээ. Босоод харах нь ээ, бөөснүүд биеийг нь бараг бүхэлд нь бүрхсэн байсан учир шалавхан шиг бүх хувцсаа тайлаад гал руу шидчихсэн гэсэн. Тэгтэл хувцаснууд нь галд оронгуутаа явган цэргийн хоёр салаа буудсан мэт тийм их чимээ гаргасан гэдэг. Анд маань хоёр сар шахам бөөснөөсөө салж чадаагүй юм билээ. Түүнтэй мөр зэрэгцэн байлдаж явсан хүмүүс нь ч бас бүгд бөөсөнд баригдаж, ихэнх нь энэ шавжинд хазуулсны улмаас толботуулдаг халдвараар (хижгээр) өвчилсөн байсан гэсэн” хэмээжээ.

Чингэтэл долоодугаар сарын 28-нд Наполеонтой түүний гурван генерал уулзаж байдал тун хүнд болж байгаа талаар мэдээлсэн байна. Өвчний улмаас цэргийн бие бүрэлдэхүүн бараг хоёр дахин бага болсон байв (заримыг нь фронтын ар тал руу илгээсэн учир). Үүнээс гадна дайсны нутаг дэвсгэр дээр хүнсний хангамжийг бүрдүүлэх их хэцүү болж байгаа талаар ч генералууд дуулгажээ. Наполеон тэдний тоочсон шалтгаануудыг сонсоод давшлах кампаниа зогсоох нь зөв гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Гэвч хоёр хоногийн дараа бодлоо өөрчлөн генералуудаа дуудаад “Аюул өөрөө биднийг Москва руу түлхээд байна. Бид сонголтоо хийсэн. Одоо ялалт л биднийг аварч, басхүү бидний үйлсийг зөвтгөх учиртай” гэж мэдэгдсэн аж.

Ингээд Наполеон өвдөж эцсэн цэргүүдээ араасаа дагуулан цааш хөдөлсөн байгаа юм. Улмаар наймдугаар сарын 17-нд Смоленскийг, төд удалгүй Валутиног тус тус эзлэн авч чадав. Тухайн үед армиа гурав хуваагаад байсан Наполеоныг оросууд ухрахдаа нутгийнхаа гүн рүү буюу Москва руу урхидан оруулж ирэхийг санаархаж байлаа.

Наймдугаар сарын 25 гэхэд Наполеон 265 мянган цэргээсээ 105 мянгыг нь алдаж ердөө 160 мянган цэрэгтэй хоцорчээ. Гэтэл цэргүүд  нь өвчний улмаас амь алдсаар хоёр долоо хоногийн дараа гэхэд 103 мянгуулаа болсон байв.

Бородинод болсон тулалдаан

Бородинод болсон тулалдаан

Оросын генерал Михаил Кутузовын цэргүүд Москвагаас баруун тийш 70 км-ийн зайд орших Бородиногийн талд хамгаалах байрлалыг эзэлсэн байлаа. Ингээд есдүгээр сарын 7-нд францчууд оросуудтай дайтаж эхлэв. Уг дайнд аль аль тал нь маш их хохирол амссан. Улмаар Наполеон цааш давшилж Москвад ойртож ирэв. Энэ үед түүний эгнээнд ердөө 90 орчим мянган цэрэг л үлдсэн байлаа. Наполеон оросуудыг бууж өгөхийг хүлээж байтал тэд Москваг зүгээр л орхиод гарчихсан. Наполеоныг Москвад орж ирэхэд оросууд нийслэлийнхээ ¾-ийг нь шатаагаад францчуудад ямар ч хүнс, нөөц үлдээгээгүй байв. Энэ үеэр түүнд туслахаар 15 мянган цэрэг хүрэлцэн ирсэн ч 10 мянга нь удалгүй өвчний улмаас амь тавьжээ. Гадаа хүйтэрсээр оросын хахир өвөл эхэлж байсан тул Наполеон Франц руу буцаж ухархаас аргагүйд хүрэв. Түүнд өөр сонголт байгаагүй. Тиймээс Наполеон үлдсэн цэргүүдээ дагуулан арай хийж Смоленск хүрээд тэндээс хоол хүнс, дулаан оромж олж чадна гэж найдаж байв. Гэвч арваннэгдүгээр сарын 8-нд жанжныг уг хотод ирэхэд нь өвчтөн, шархатнаар дүүрсэн эмнэлгүүд л угтжээ.

Арми дотор сахилга бат, дэг журам алдагдсаар байв. Харин нөөцөнд үлдээсэн цэргүүд бүх хүнсийг дуусгасан гэх мэдээ Наполеонд жинхэнэ цохилт болсон байдаг юм. Арваннэгдүгээр сарын 13-нд Наполеоны цэргүүд Смоленскийг орхин гарч арванхоёрдугаар сарын 8-нд Вильнюст хүрч очив. Түүний армид үргэлжлүүлэн байлдах чадвартай 20 орчим мянган л цэрэг байв. Энэ үеэр Францад генерал Клод Франсуа де Мале төрийн эргэлт хийхийг санаархсан тухай мэдээллийг хүлээн авмагцаа Наполеон Парис руу яаравчлан гарч өөрийнхөө оронд генерал Иоахим Мюратыг армийн тэргүүнээр үлдээжээ. Мюрат Вильнюсийг хамгаалан байлдахыг хичээсэнгүй, их бууны ангиудаа болон Москвад дээрэмдсэн бүхнээ үлдээгээд цэргүүдээ аван Неман голын зүг зугтсан байдаг. Арванхоёрдугаар сарын 14-нд гол гаталсны дараа Мюратад байлдах чадваргүй 40 хүрэхтэй үгүйтэй мянган цэрэг үлдсэн байлаа. Оросоор дамжин Энэтхэгийг байлдан дагуулах гэсэн Наполеоны агуу мөрөөдөл ийнхүү төгсгөл болж билээ.

Францчууд ухарч явахдаа нас барсан цэргүүдээ хамгаалалтын зориулалтаар ухсан хонгилууддаа оршуулж байжээ. Чухам эдгээр хонгилыг л хоёр зууны дараа дээрх барилгын ажилчид олсон нь тэр байв.

Марсель дахь Газрын дундад тэнгисийн их сургуулийн судлаач Дидье Рауль Вильнюст ухаж гаргасан 35 цэргийн цогцосноос 72 шүдийг сонгон авч эд эсийг нь судалж үзжээ. Чингэтэл долоон цэргийн шүднээс Bartonella Quintana хэмээх бичил биетний ДНХ илэрсэн байдаг. Энэ бичил биетэн “нуувчны тахал” гэж нэрлэгддэг өвчнийг үүсгэдэг. Уг өвчин Дэлхийн I дайны үеэр эрүүл ахуйн дэглэм сахиагүйн улмаас гол төлөв нуувчинд орогнож байсан цэргүүдийн дунд бөөсөөр дамжин түгсэн тахал юм.

Түүнчлэн гурван цэргийн шүдэнд Rickettsia prowazekii буюу хурц хэлбэрийн хижиг үүсгэгч бичил биетний ДНХ-ийн зарим хэсэг агуулагдаж байжээ. Bartonella Quintana, Rickettsia prowazekii хэмээх дээрх хоёр бичил биетний ул мөр бүх цогцосны 29 хувьд нь илэрсэн байгаа нь Наполеоны арми ялагдал хүлээхэд бөөс нөлөөлсөн гэдгийг нотлох чухал баримт юм.

Наполеоныг дарсны билэгдэл болгож оросууд алдарт хөгжмийн зохиолч Чайковскийгоор “1812 он” хэмээх зохиолыг захиалан бүтээлгэсэн бөгөөд уг зохиолын төгсгөл хэсгийг нь бараг бүх хүн мэддэг байх. Энэ увертюр их буу, хонхны дуу сүлэлдсэн аялгуугаар төгсдөг билээ. Хэрэв Чайковский Наполеоны ялагдал хүлээсэн үнэн түүхийг мэдсэнсэн бол их буу, хонхны дууны оронд хүний биед шигдэж буй бөөснүүдийн үл сонстох чимээг намуухан аялгуугаар илэрхийлэх байсан биз ээ. Хүний нүдэнд харагдах заяа дутсан эдгээр өчүүхэн бичил биетэн хүн төрөлхтний түүхийн явцыг эргүүлж чадсан байдаг ажгуу.

 

 

http://inosmi.ru/russia/20121216/203429650.html#ixzz2FID5gl8h