Х.Клинтоны орыг залгах Жон Керри гэж хэн бэ

Posted on Арван хоёрдугаар сар 24, 2012

0


Жон Керри

Өнгөрөгч долоо хоногийн эцсээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Төрийн нарийн бичгийн даргын орон тоон дээр сенатч Жон Керриг нэр дэвшүүлж буйгаа зарласан билээ.

Обама хэлэхдээ “Нэг талаас нь авч үзвэл, Жоны туулсан амьдрал энэ үүргийг гүйцэтгэхэд бэлтгэл болж өгсөн гэж хэлж болно” хэмээсэн. Үнэндээ ч Керригийн албан тушаалын өсөлт хоёр чиглэлээр өрнөсөн гэхэд болно. Нэг дэх чиглэлээр бол АНУ-ын Ерөнхийлөгч болох байсан. Гэхдээ энэ маршрутыг тууллаа ч Керри Ерөнхийлөгч болж чадаагүй. Тэрбээр 2004 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд бага Жорж Бушт ялагдсан. Харин түүний сонгуульт кампанийг удирдан явуулсан Жим Гомесийн хэлснээр, түүний дараагийн чиглэл нь Төрийн нарийн бичгийн дарга болох явдал ажээ.

Ингээд Керри “Б” төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүний тулд тэрбээр сүүлийн 30 жилийн туршид гадаад бодлогын тал дээр өрнөсөн олон төрлийн мэтгэлцээнүүдэд тасралтгүй оролцож ирэв. Түүнчлэн энэ 30 жилийн туршид бараг тасралтгүй сенатч болон Конгресс дахь Гадаад хэргийн хорооны гишүүнээр сонгогдож явсан төдийгүй хожмоо уг хороог тэргүүлэх болсон билээ. Ерөөс эцэг нь дипломатч байсан учраас Керриг төрөлхийн дипломатч гэж хэлж болно.

Түүний амьдралд нэр хүндтэй хаасан цэргийн алба ч бий. Керри Вьетнамын дайнд нэр төртэй оролцож явсныг түүний олон одон, тэмдгүүд нь нотолж байсан. Гэвч энэ дайны гэмт агуулгыг мэдмэгцээ Вьетнамын дайныг зогсоохын төлөө ахмадын хөдөлгөөнийг тэргүүлж явсан байдаг.

Нэг түүх сануулъя. Дээрх хөдөлгөөний ахмадууд тээр жил АНУ-ын Конгрессийн ордон байрладаг гүвээ рүү өгсөж улмаар ордны үүдэнд Вьетнамын дайны үеэр авсан одон, тэмдгүүдээ тавьцгаасан юм. Тэдний дунд Жон Керри ч байв. Харамсалтай нь, улсынхаа цэргийн бодлогыг эсэргүүцсэн ахмад дайчидтай тэр үед сенатч Эдвард Кеннедигээс өөр хүн гарч ирж уулзаагүй.

1971 онд “NBC”-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч Жон Керригээс Вьетнамд алба хааж байхдаа хүмүүсийг яргалж байсан эсэх талаар асуухад Керри “Цэргүүд олон янзын яргалал үйлдэж байсан. Мянга мянган цэргийн адилаар би ч бас заримд нь оролцож явсан гэдгээ хэлэхийг хүсч байна. Тухайлбал, дайны голомтоос хол суурингуудад болсон буудалцаанд оролцож явсан. Мөн барилга байгууламжуудыг сүйтгэх ажиллагаанд ч бас оролцож байсан. Би 50 калибрийн пулемёт ашигладаг байсан бөгөөд энэ нь хүмүүсийн эсрэг хэрэглэх цорын ганц зэвсэг минь байв. Би дайсныг эрэх, устгах ажилд оролцон тосгодыг шатааж явлаа. Энэ бүгд дайн өрнүүлэх дүрэм болон Женевийн конвенциудад үл нийцэж байсан төдийгүй Америкийн Засгийн газрыг тэргүүлэн сууж байсан хүмүүсээс бичгээр ирүүлсэн тушаалын дагуу явагдаж байсан. Тэр үүднээс бидэнд тушаал өгч байсан хүмүүсийг би цэргийн гэмт хэрэгтнүүд гэж бодож явдаг” хэмээн хариулсан байдаг.

Сенатын зүгээс Керриг Төрийн нарийн бичгийн даргаар батлах нь ойлгомжтой боллоо. Тэр бүү хэл, Бүгд найрамдах намыг төлөөлж буй сенатч Жон Маккейн түүнийг “ноён Төрийн нарийн бичгийн дарга” гэж дуудах болжээ.

Тэгэвч АНУ-ын Төрийн департаментийг толгойлох үед түүнд саад бэрхшээл учрахгүй гэсэн үг огт биш. Гадаад бодлогын тал дээрээ Хиллари Клинтоныг бодвол Керри хамаагүй туршлагатай нэгэн ч яаж ч бодсон “шийдвэр гаргах эрхээ Цагаан ордонтой хуваалцах” үзлийн дарамтад орно. Учир нь гадаад бодлогын асуудлыг нарийндаа Ерөнхийлөгч болон Цагаан ордныхон хариуцан ажилладаг. Тиймээс чухамдаа тэд л Ираны цөмийн зэвсэглэл, Хятад, Пакистаны харилцаа, Афганистан дахь дайныг дуусгах гэх зэрэг үндсэн чухал асуудлуудаар шийдвэр гаргадаг юм.

Керри шиг чадалтай хүнд “шийдвэр гаргах эрхээ Цагаан ордонтой хуваалцах” гэх үзэл огт таалагдахгүй нь ойлгомжтой. Энэ тохиолдолд Төрийн нарийн бичгийн албан тушаалд томилогдсон хэнбугай ч Ерөнхийлөгчийн бодол санааг бүрэн дэмждэг байх хэрэгтэй хэмээн түүхч, мэргэжилтнүүд зөвлөдөг юм.

2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамаг эсэргүүцэн өрсөлдөгч нь болж байсан. Харин Керри хэзээнээс хойш Обамагийн багт багтаж ирсэн. Тухайлбал, ОХУ-тай зэвсэг хорогдуулах тухай хэлэлцээр байгуулах ажилд Жон Керри гар бие оролцож явсан төдийгүй энэхүү гэрээг Сенатаар батлуулахын төлөө чармайн ажилласан. Түүнчлэн Афганистан, Пакистан, Судан зэрэг дэлхийн хамгийн аюултай бүс нутгуудад тусгай үүргийг гүйцэтгэж явлаа. Тухайлбал, 2009 оны аравдугаар сард Керри Афганистаны Ерөнхийлөгч Карзайтай таван хоног “ноцолдсоны” эцэст буулгаж авч сонгуульд нэрээ дахин дэвшүүлэхийг ятгаж чадсан байдаг.

Обамаг Вашингтоны улс төрд орж ирсэн цагаас хойш Керри үргэлж түүнийг дэмжсээр ирсэн. Яагаад гэвэл, бүр 2004 онд Ардчилсан намын их хурал дээр тухайн үед олонд танигдаагүй байсан Обамаг Иллиной мужаас Сенатад нэр дэвшүүлэх саналыг Керри анх гаргаж байсан юм. Түүнчлэн 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр Обамаг дэмжсэн. Харин 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр буюу Обама өрсөлдөгч Ромнитой “барилцаж” байсан тэр үед Керри Ромнигийн дүрд хувиран Обамаг мэтгэлцээнд бэлтгэх тун чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Өнгөрөгч баасан гаригт хэлсэн Обамагийн үгс чухамхүү энэ үйл явдлыг илэрхийлсэн билээ. Тэрбээр “Мэтгэлцээнд бэлдсэн долоо хоногоос илүүтэйгээр хоёр хүнийг дотносуулдаг арга өөр байдаггүй биз ээ” гэж хэлснээ Керри рүү эргэж хараад инээмсэглэнгээ “Жон, би тантай мэтгэлцэхээс илүүтэй хамтарч ажиллана гэдэгтээ найдаж байгаа” гэсэн юм.

Сьюзан Райс

Сьюзан Райс

Өмнө нь Төрийн нарийн бичгийн дарга болох номер нэг боломжит хүнээр Сьюзан Райсийг нэрлэж байсан билээ. Гэвч түүний нэр Сенатаар дэмжигдэхгүй болох нь тодорхой болмогц НҮБ-д Америкийг төлөөлөн суудаг энэ бүсгүй нэрээ татахаас аргагүйд хүрсэн. Бүгд найрамдах намын сенатчид Ливийн Бенгази хотноо болсон алан хядах ажиллагааны хариуцлагыг шууд түүнд тохож орхисон. Уг нь түүний эрс шийдэмгий зан нь гадаад бодлогын асуудлуудыг шийдэхэд Обамад их нэмэр болох байсан юм.

Гэхдээ Райсийн нар жаргаагүй гэж Вашингтонд үзэж байна. Учир нь Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Томас Данилон удахгүй албан тушаалаа өгнө. Харин түүний албан тушаалд хатагтай Райс очих магадлал өндөр байгаа аж. Ерөнхийлөгчийн дэргэд түүний дотны найз нь ирснээр Керрид Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь нэлээд бэрхшээл учруулах байх. Яагаад гэвэл, Керриг бодвол Райс Ерөнхийлөгчтэй илүү дотно. Тэр утгаараа түүний ойрын хүрээллийн нөлөө чухам ихэснэ.

Цагаан ордонд болсон Керриг нэр дэвшүүлэх ёслолд Хиллари Клинтон оролцож чадаагүй юм. Учир нь, Хиллари саяхан тархиа хөдөлгөчихсөн. Гэхдээ тэрбээр сүүлд хийсэн мэдэгдэлдээ Керриг “өндөр зэрэглэлийн удирдагч” гэж тодорхойлсон байв.

Гэр бүлийн хувьд Жон Керри сенатч агсан, талийгаач Хайнцийн эхнэртэй гэрлэсэн. Хайнцийг дэлхий дахинаараа анддаггүй байлаа. Учир нь тэрээр кетчуп үйлдвэрлэдэг концерний тэргүүн байсан билээ. Бэлэвсэрсэн эхнэрт нь олон саяар үнэлэгдэх хөрөнгө өвлөгдөн үлдсэн. Тэр хөрөнгө Керриг Сенатад нэр дэвшихэд нь тун нэмэр болсон. Хатагтай Тереза Хайнц Керригээс таван насаар эгч.

Ер нь бол Керри 1970 онд Жулия Торн хэмээх эмэгтэйтэй гэрлэж хоёр охинтой болсон. 1982 онд Торн сэтгэлзүйн хүнд дарамтын улмаас Керригээс салах шийдвэрийг гаргаж 1988 онд гэрлэлтээ цуцлуулсан юм. “Зүрхний сонголт” хэмээх номондоо Торн “Улстөрч хүнтэй гэр бүл болсноор 14 жилийн турш би улс төрийг бухимдал, айдас, ганцаардалтай зүйрлэн ойлгодог болсон байв” гэж дурдсан байдаг. Хатагтай Торн 2006 онд хорт хавдрын улмаас нас барсан юм.

1973 онд төрсөн Александра охин нь Брауны нэрэмжит их сургуулийг төгссөний дараа 2004 онд Америкийн киноны хүрээлэнд M.F.A-ийн зэргийг горилжээ. Тэрбээр баримтат киноны найруулагчаар ажиллаж байгаа. Харин 1976 онд төрсөн Ванесса охин нь өвөөгийнхөө адилаар Филипсийн нэрэмжит академи болон Йелийн их сургуулийг дүүргэжээ. Үүний сацуу Харвардад Анагаах ухааны сургуулийг төгссөн бөгөөд өдгөө Лондон хотноо эрүүл мэндийн даатгалын хөтөлбөр дээр ажиллаж байна. Хоёр охин болон эхнэр Торн нар 2004 онд Керригийн сонгуулийн кампанит ажилд нь тусалж явсан байдаг.

Керригийн удам судрыг судалбал, ээжийн тал нь АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгчтэй, тэр дундаа бага Жорж Буштэй садан төрлийн харьцаатай. Эдний удамд Америкийн анхны эмэгтэй яруу найрагч Анна Брэдстрит, Массачусетс мужийг анх байгуулж, анхны даргаар нь ажиллаж явсан Жон Уинтроп болон Европ, Ойрх Дорнод, Африкийн ван, язгууртнуудын гэр бүлийн удам судар багтдаг.

Дугуйчин Жон Керри

Дугуйчин Жон Керри

Керри 193 см өндөртэй. Анд хорхойтой, сёрфингээр хичээллэхээс гадна чөлөөт цагаа хоккей, бас-гитар тоглож өнгөрүүлэх дуртай. Мөн “Sports Illustrated” сэтгүүлд мэдээлж байснаар, Керри мундаг дугуйчин ажээ. Ерөнхийлөгчид нэр дэвшихийн өмнөхөн дугуйн холын зайны хэд хэдэн үйл ажиллагаанд оролцсон байв. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хүртэл дугуйн дэлгүүрээр орох зав гаргадаг байсан гэж байгаа. Энд тэнд айлчилж явахад туслахууд нь түүний өрөөнд дасгалын дугуй байрлуулж тавих шаардлагыг зочид буудлын захиргаанд тавьдаг аж.

Эрүүл мэндийн хувьд, Керри 2003 онд түрүү булчирхайн хавдартай гэж оношлогдон мэс засал хийлгүүлсэн юм. Мэс заслын дараа туяаны бус өөр эмчилгээ хийлгэсэн нь үр дүнгээ өгсөн ажээ.

Керриг АНУ-ын Төрийн нарийн бичгийн албанд шилжвэл Массачусетс мужийг төлөөлөн суух

Бен Аффлек

Бен Аффлек

сенатчийн орон тоо эзгүйрнэ. Тиймээс уг мужийн дарга Керригийн орон тоон дээр хэнийг томилох бол гэсэн таамаглалуудыг дэвшүүлээд эхэлсэн байна. Олон хүний нэр сонсогдож байгаа. Эдгээрээс ганц нэг хүнийг онцлон дурдахад, бараг 50 жилийн турш сенатчаар ажиллаж байсан талийгаач Эдвард Кеннедийн сүүлийн эхнэр Виктория Кеннедигийн нэр сонсогдож байна. Мөн Эдвард Кеннедийн хүү бага-Эдвардын нэр ч байна. Хэрэв энэ хоёр хүний аль нэг нь томилогдвол Кеннеди овогтны удам Америкийн Сенатад залгамж халаа болон гарч ирэх боломжтой болно. Түүнээс гадна сонирхуулан хэлэхэд, сенатчийн орон тоонд бас нэг хүн өрсөлдөж байгаа. Энэ хүн залуухан хэдий ч алдар нэрээ цуурайтуулж амжсан Холливудын алдарт жүжигчин Бен Аффлек юм.