Фидель Кастро У.Чавестай салах ёс хийгээд эхлэв үү

Posted on Арван хоёрдугаар сар 26, 2012

0


20120406110718

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесийн эргэн тойронд их ноцтой үзэгдлүүд өрнөх боллоо. Тухайлбал, тус улсын Парламентийн дарга Дьосдадо Кабельо, Уго Чавесийг Ерөнхийлөгчөөр өргөмжлөх ёслолын ажиллагааг аль болох хойшлуулахыг оролдож байна. Үүнийхээ шалтгааныг Чавесийн эрүүл мэндтэй холбон тайлбарлажээ. Гэвч Ерөнхийлөгчийн ойр дотно хүрээний хүмүүс эсрэгээрээ Кабельог Уго Чавесийн үхлийг хүлээж байгаа гэж үзэж байна.   

kastroНам гүмхэн Гавана хотод Уго Чавесийн эрүүл мэндийн байдлыг хэнээс ч илүү сайн мэдэх ганц хүн нь Фидель Кастро билээ. Тэгвэл Кастро энэ сарын 15-нд зулын үгийг санагдуулам нэгэн товч мэдэгдлийг нийтлүүлсэн байна. Тэрбээр өөрийн шавьтайгаа салах ёс хийж буйгаа мэдэгдээд Чавесийг даган замнаж байгаа хүмүүст дохио өгчээ. Тодорхой хэлбэл, “Та бүхэн түүнтэй хамт байна гэдэгт би итгэлтэй байна. Түүнийг алдлаа гээд гүн шаналалд автах хэдий ч та бүхэн Чавесийн эхлүүлсэн үйл хэргийг үргэжлүүлж явах тэнхээтэй байх хэрэгтэй” хэмээн төгсгөлд нь бичсэн байв.

Кастрогийн мэдэгдлийн хамгийн чухал хэсэг нь энэ. Бусад хэсэгт нь ердийн нэг боловсон, онцгой ач холбогдолгүй, протоколын хэлээр бичсэн үгс байсан. Энэ нийтлэл гараад удаагүй байтал Венесуэлийн Ерөнхийлөгч уушигны дутагдалд орсон хэдий ч эмч нар энэ хүндрэлийг сааруулж чадсан гэсэн мэдээлэл ирэв. Эмч нар мэс заслын үеэр Чавесийг үхэлд хүргэж болзошгүй байсан айхтар цус алдалтыг зогсоож чадсан байлаа.

Гэлээ ч гэсэн цаашдаа Чавест гайхамшиг тохиодоггүй л юм бол биеийн байдал нь улам дордсоор байх аж. Энэ нь түүний биеийн дархлаа суларсантай холбоотой бөгөөд хорт хавдрын сүүлчийн үе шатанд яваа аль ч өвчтөнд илэрдэг нийтлэг шинж тэмдэг. Химийн эмчилгээ зарим тохиолдолд эдгээж чаддаг бол зарим үед харин ч өвчний явцыг түргэсгэхэд нөлөөлдөг ажээ.

c4c3f2b9cd_184282

Тэгвэл Кастро үнэн хэлсэн юм биш биз. Улмаар Чавесийн нөхдүүд удирдагчийнхаа үйл хэргийг үргэлжлүүлэн замнах болов уу, яах бол? Ингэхэд Чавесийн үйл хэрэг гэж юуг хэлээд байна вэ?

Өнгөрсөн 14 жилийн туршид энэ хүн Латин Америктаа хамгийн их авлигад автсан улсыг л байгууллаа. “Transparency International” байгууллагаас гаргасан чансааны жагсаалтад Венесуэл улс манай гаригийн 176 орноос 166-д эрэмбэлэгдсэн байгаа.

Улмаар 100 мянган хүнд 130 аллагын гэмт хэрэг ногддог гэх үзүүлэлтээрээ нийслэл Каракас нь дэлхийн хамгийн аюултай хоёр дахь хот гэж явдаг. Гэтэл Америкийн “махны машин” гэж нэрлэгддэг Чикаго хот гэхэд л аюултай хотын жагсаалтын 19-д бичигдсэн байдаг.

Венесуэлд инфляцийн түвшин жил бүр 29 хувиар нэмэгддэг нь Латин Америктаа хамгийн өндөр нь төдийгүй дэлхийн хамгийн муу үзүүлэлтэд тооцогддог.

Өмнө нь энэ орон цагаачдыг хүлээн авдаг байсан бол өдгөө хамгийн боловсролтой, хамгийн овсгоотой иргэдээ хилийн чанад руу хөөж туудаг харгис машин болж хувирчээ. Зарим судалгааны баримтаас үзэхэд, ойролцоогоор 500 орчим мянган хүн Венесуэлээс явсан байна. Хамгийн сонирхолтой нь, эдгээрээс 200 мянган хүн нь АНУ-д суурьшжээ. Тэд мэдлэгээсээ гадна бололцооныхоо хэрээр хөрөнгөө өвөрлөн нутгаасаа гарч арай гэгээлэг ирээдүйтэй оронд хөрөнгө оруулалт хийж явна. Тэр утгаараа Венесуэлд тусах хохирлын хэмжээг тоогоор илэрхийлэх аргагүй юм.

Чавесийг удирдаж байсан хугацаанд Венесуэлд 107 мянган (нийлбэр дүнгээр нь авч үзвэл, бүр 600 мянган) үйлдвэр хаагдсан байдаг учраас энэ орныг Латин Америк дотроо хамгийн муу удирдлагатайд тооцдог. Гэсэн ч үүнийг үл харгалзан венесуэльчүүдийн 55 орчим хувь нь өнгөрөгч аравдугаар сард болсон сонгуулиар Чавесийн төлөө саналаа өгч дахиад л тэрхүү уйтгартай, ямар ч гэрэлгүй амьдралыг сонгочихсон.

Яагаад гэж үү? Яагаад гэвэл, тус улсын Засгийн газар нь орлогынхоо тодорхой хувийг “нийгмийн төлөө зардал” гээч үйлст зарцуулдаг. Ойролцоогоор гучаад байгууллага хэрэглээний бараа үйлдвэрлэлд татаас авах талын сургалт явуулж, хүмүүсийг эмчилж байгаагаас гадна материаллаг тусламжийг туйлын үр ашиггүй хувиарлаж байгаа нь сонгогчдын саналыг худалдан авах үйлст хангалттай нөлөө үзүүлж чадаж байна.

Чавесийн үйл хэргийг үргэлжлүүлэх хүнээр Николас Мадуро гэгчийг томилох болов уу, яах бол. Энэ хүн Венесуэлийг авлигад идэгдсэн, утгагүй загвараар үргэлжлүүлэн замнуулж, зориг бадраасан уриа лоозон ашиглаж, нийгмийн анги давхрагын хоорондох тэмцлийг эрчимтэй өрнүүлж, Америкийн эсрэг үзлийг улам баттай болгохын сацуу амьдралын бүх салбарт төр улам бүр оролцох болсон явдлыг хэвээр нь үлдээх болов уу, яах бол. Мөн үйлдвэрлэлийн баазуудыг устгах ажлыг үргэжлүүлж, эцэс төгсгөлгүй олон төрлийн халамжийг улам хөгжүүлж явах болов уу, яах бол. Эдгээр халамж эцсийн дүндээ иргэдийг хариуцлагагүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгоод байгаа билээ.

Уго Чавес, Фидель Кастро

Уго Чавес, Фидель Кастро

Чухамхүү ийм л заваан хувьсгалыг тэр чигт нь үлдээгээсэй гэж Фидель Кастро хүсээд байгаа юм. Бүр тодорхой хэлбэл, Куба улс янз бүрийн агуулгатай зардлууддаа Венесуэлийн Засгийн газраас жил бүр 10 тэрбум доллар хүртдэгээс гадна өдөр тутам 115 мянган баррель газрын тос авч байгаа. Кастро үүнийг л хэвээр нь үлдээгээсэй гэж хүсч байгаа. Дээрх тоог Майамид төвтэй Кубын судалгааны хүрээлэнгээс нийтэд мэдээлсэн байдаг юм.

Үнэнийг хэлэхэд, Чавесийн үйл хэргийг залгамжлах хүнээр хэн ч тодорсон бай, өнөөгийн байдлыг үргэлжлүүлж явна гэдгийг төсөөлөхөд ч бэрх. Учир нь энэ улсын гадаад өр гэхэд л 1998 онд ДНБ-ий 35 хувьтай тэнцэж байсан бол энэ онд 71 хувьтай тэнцэх хэмжээнд хүрчээ. Мөн газрын тосны үнэ унаж байгаа тул аймшигтай үр дагавар гарах эрсдэл бий.

Уго Чавестай салах ёс хийх ажиллагаа эхэлмэгц түүний орыг залгах хүсэлтэй хүмүүсийн дунд ширүүн тэмцэл өрнөж эхлэх нь ойлгомжтой болж байна. Түүний орыг хэн залгах ёстой болон Чавесийн өв гэж ер нь юуг хэлээд байгаа талаар нэгдсэн ойлголт алга. Гагцхүү энэ орон тун осолтой замаар замнаж буйг харин бүгд мэддэг болжээ.

 

http://inosmi.ru/world/20121224/203747993.html