Энэ хэрэгт “миний” гяндан хамаагүй

Posted on Арван хоёрдугаар сар 26, 2012

0


Сэжигтэн Дмитрий Кратов

-“Бутырка”-ийн орлогч даргыг Магнитскийн үхэлд буруугүй гэж үзэв-

Энэ сарын 24-нд Москва хотын Тверской дүүргийн шүүхэд Бутырскийн гяндангийн орлогч дарга асан Дмитрий Кратовт холбогдох хэргийг хэлэлцжээ. Ялын төлөвлөгөөнд түүнийг ажилдаа хайнга хандсаны улмаас хуульч агсан Магнитский нас барсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан байсан. Гэтэл хоёр талыг мэтгэлцсэний дараа прокурор ялын дүгнэлтээ гэнэт өөрчлөн Кратовыг цагаатгаж өгөхийг хүсэв. Шүүх бүрэлдэхүүн энэ сарын 28-нд шийдвэрээ гаргана. Прокурор бодлоо эрс өөрчилж, Магнитскийн үхэлд хэн ч буруугүй гэж хүчний бүхий л байгууллага үзэж байгаа хойно шүүхийн шийдвэр ямархуу гарах нь нэгэнт ойлгомжтой боллоо.

Магнитскийн хэргийн тухай товч мэдээлэл

“Firestone Duncan” компанийн хуульч агсан Сергей Магнитский 2009 оны арваннэгдүгээр сарын 16-нд “Матросская тишина” гянданд хоригдож байхдаа нас барсан билээ. Талийгаач Магнитскийг “Hermitage Capital” компанийн хувьцааг хэн хэн хэрхэн луйвардаж авсныг илрүүлэх мөрдлөгө явуулж байсантай нь холбогдуулан хориод байсан юм. Түүний үхэлд Бутырскийн урьдчилан хорих төвийн Эмчилгээ, эрүүл ахуйн асуудлыг хариуцсан орлогч дарга асан Дмитрий Кратовыг болон тус газрын лабораторийн эмч асан Лариса Литвинова нарыг сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэсэн байв. Л.Литвиноваг санамсаргүй үйлдлийн улмаас хүний амь насанд хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байсан хэдий ч энэ оны дөрөвдүгээр сард түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Шүүх хуралдааны явц

Хоёр талын мэтгэлцээн шуудхан л эхэлсэн. Константин Боков прокурор сайхан цангинасан хоолойгоор “Матросская тишина” гянданд Сергей Магнитскийн нас барах үеийн нөхцөл байдлуудыг тоочиж эхлэв (Сергей Магнитскийг эрүүл мэндийн байдлын улмаас “Бутырка”-аас дээрх гяндан руу шилжүүлсэн байдаг юм). Харин прокурорын эцсийн дүгнэлт нь танхимд байсан хүмүүсийг ёстой алмайруулж орхисон. К.Боков “Кратовын үйлдэл, Магнитскийн үхэл хоёрыг нэгтгэн мөрдөж шалгах учир зүйн холбоо байхгүй болох нь тогтоогдсон. Тиймээс түүнийг буруугүй гэсэн шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв. Энэ үгийг сонсоод зарим нэг нь дуу алдаж, сэтгүүлчид дуу орж дэвтэр цаасаа шажигнуулж эхлэв. Яагаад гэвэл, прокурорууд анх төлөвлөсөн ялаасаа ухарч улмаар шүүгчдээс цагаатгаж өгөхийг хүсэх явдал тэр бүр тохиолдоод байдаг үзэгдэл биш.

Үг хэлэх зуураа прокурор Боков сэжигтэн Кратовыг “чиг үүргийнхээ хүрээнд ажилласан” гэж тодорхойлов. Харин талийгаач Магнитский олон төрлийн өвчтэй, сэтгэл санааны гүн дарамтад орж зүрхний үйл ажиллагаа нь муудсан гэсэн оношуудын улмаас нас барсан болж таарав. Өөрөөр хэлбэл, Кратов түүний үхэлд огт хамаагүй гэнэ.

Гэтэл өнгөрөгч баасан гаригт болсон шүүхийн ээлжит хуралдаан дээр прокурор Боков шал өөр юм ярьж байсансан. Ялын төлөвлөгөөндөө Магнитскийд оношлогоо, эрүүл ахуйн ажлуудыг зохион байгуулж өгөөгүй, тэдгээрт хяналт тавиагүй гэж Кратовыг буруутгасан байсан. Аль есдүгээр сард болсон хуралдаан дээр ч гэсэн Боков прокурор шүүхийн өмнө мэдэгдэл хийхдээ “Кратов тэр бүхнийг зохион байгуулж өгөх бололцоотой, чиг үүргийнхээ дагуу ажиллах ёстой байв. Магнитскийн эрүүл мэндийн картыг авч унших эрх түүнд байсан” гэж хэлж байсныг “Интерфакс” агентлаг мэдээлж байлаа.

Бутырскийн урьдчилан хорих төв

Бутырскийн урьдчилан хорих төв

Эцэстээ ялын шинэчилсэн хувилбараар Магнитскийн үхэлд “Бутырка” гяндангийн эмч Лариса Литвинова л буруутай болж таарч байх шиг ээ. Гэвч хэрэг хуучирсан гэсэн шалтгаанаар Литвиновад хамаарах хэргийг аль эрт хаасан шүү дээ.

Прокурорын дараа Магнитскийн ээж Наталья үг хэлэв. Тэрбээр “Мөрдөн байцаах ажиллагааны явцад миний хүүг үхэлд хүргэсэн нөхцөл байдал тодорхой болоогүй. Үнэнийг мэдэхийг хүссэн ч чадсангүй” гэлээ. Наталья үг хэлж чадахгүй уйлах шахаад байсан учраас ус өгөхийг гуйв. Шүүгч түүнийг тайвшруулахыг оролдон таван минутын завсарлага зарлахаас аргагүйд хүрсэн. Гэвч Наталья шүүхийн хуралдаан эхэлсэн хойно дөчөөд минутын дараа л танхимд орж ирсэн юм.

Ингээд мэтгэлцээн үргэлжилж Магнитскийн ээж мэдэгдэл хийв. Хүүгийн нь амьдралын сүүлчийн дөрвөн хоногт буюу 2009 оны арваннэгдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд юу тохиолдсоныг мэдэхгүй байна гэж ээж нь мэдэгдэв. “Би сүүлийн таван жилийн турш сэтгэл санааны дарамттайгаар өдөр хоногийг өнгөрүүлж явна. Азаар гэх үү, харамсалтай нь гэх үү өнөөг хүртэл амьд байна” гэж хэлсэн. Хүү нь сэтгэлийн маш их хаттай хүн байсан болохоор сүүлчийн дөрвөн хоногт тохиолдсон ямар нэгэн явдал л түүнийг үхэлд хүргэсэн гэж ээж нь үзэж байгаа аж. “Хүү маань надад өмнө нь түүнийг алахыг санаархаад байна гэж хэлж байсан. Тэгэхээр тэр “Матросская тишина” гянданд ямар нэгэн юм болсон байж таарна, тийм биз дээ?” гэж асуухдаа Наталья уг гяндангийн эмч Александра Гауссын мэдүүлгийг сануулаад байх шиг байсан. Энэ эмч эмэгтэй өмнөх хуралдаануудад үг хэлэхдээ Магнитскийг нас барахаасаа өмнө нэлээд түгшсэн байдалтай, хэн нэгэн нь түүнийг алах гээд байна гэж хашгирдаг байсан хэмээн мэдүүлж байсан юм.

Магнитскийн ээж Натальягийн өмгөөлөгч Николай Горохов нэлээд урт үг хэлэхдээ хэдэн арван гэрч байгаа хэдий ч шүүх тэднийг хуралдаанд оролцуулахаас татгалзсан гэдгийг дахин сануулж өглөө. Түүнчлэн энэ бол захиалгат аллага бөгөөд хэн нэгэн шүүхийн явцыг хянаад байгаа талаар ч мэдэгдэв. Горохов “Магнитскийг хороосон гэдэгт ямар ч эргэлзээ алга. Харин өнөөдрийн шүүх хуралдаан үүнийг давхар нотоллоо” гэж хэлсэн юм. Өмгөөлөгчийн урт үгийг сонсохдоо хуралдаан даргалагч шүүгч нэлээд дургүйцсэн царай гаргаж, нударгаа зангидан толгойгоо тулж суув.

Өмгөөлөгч Горохов үгийнхээ төгсгөлд хэргийг дахин хянаж, Магнитскийн нас барсан шалтгааныг тогтоохын тулд задлан шинжилгээг дахин явуулахыг шаардлаа. “Нэг бол хэргийг прокурорт нь буцааж онц хүнд гэмт хэрэгт хамаарах ялыг төлөвлүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл, биед болоод сэтгэл санаанд дарамт учруулах маягаар эрүү шүүлт явуулсан гэмт хэргээ нуух зорилгоор хэсэг бүлэг хүмүүс Магнитскийг санаатайгаар, онц хэрцгийгээр алсан болохыг батлах шинж тэмдгүүд бий” гэж Горохов мэдэгдэв. Түүний дуржигнатал урсгасан энэ үгс агаарыг хүртэл доргиож орхисон гэлтэй. Тийм учраас шүүгч Татьяна Неверова тэр дор нь хариу үйлдэл үзүүлж хэргийг мөрдөн байцаалтад буцаах, задлан шинжилгээ дахин явуулах үндэслэл байхгүй гэж мэдэгдээд мэтгэлцээний үеэр шаардлага тавьдаггүйг сануулав.

Түүний дараа Магнитскийн бэлэвсэн эхнэрийн өмгөөлөгч Дмитрий Харитонов үг хэлэхийг хүслээ. Тэрбээр энэ хуралдаанд үг хэлэх төлөвлөгөөгүй байтал прокурорын саяын хэлсэн үгс түүнийг аргагүй байдалд орууллаа гэж мэдэгдэв. “Мөрдөн байцаах хорооноос Магнитскийн үхэлд буруутай гэх бүх хүний хариуцлагыг ганцхан Кратовт тохоохоор шийджээ гэж харагдаж байна. Тэгж ярьвал, Кратовын хажууд мөрдөгч Олег Сильченко буюу Магнитскийг нэг гяндангаас нөгөө рүү шилжүүлэх үед байлцсан хүмүүс, мөн эмнэлгийн тусламж үзүүлээгүй эмч нар, түүнчлэн Магнитскийн гомдол хаана ч, хэнд ч хүрэхээргүй нөхцөлийг бүрдүүлж чадсан “Бутырка” шоронгийн дарга асан Дмитрий Комнов, эмч Александра Гаусс болон “Матросская тишина” шоронд Магнитскийг хүлээж аваад эмнэлгийн тусламж үзүүлээгүйгээр үл барам биеийн болоод сэтгэл санааны дарамт учруулснаар түүнийг үхэлд хүргэсэн этгээдүүд гээд бүгд энэ танхимд сууж байх ёстой байлаа” гэж Харитонов өмгөөлөгч мэдэгдсэн.

Түүнчлэн Мөрдөн байцаах хороо Магнитскийн үхэлд хэн буруутайг олж тогтоохыг оролдоогүйгээр үл барам хэргийг зөнд нь орхисон гэж үзэж байгаагаа ч хэлэв. Үүний дараа Харитонов Оросын хамгийн алдартай өмгөөлөгч Марк Фейгинтэй эн зэрэгцэхүйц сайхан үгийг хэлсэн юм. Тэрбээр “Эрхэм шүүгч ээ. Сергейд маань чухам юу тохиолдсоныг олж тогтоох ганц л боломж бидэнд тохиосон. Манай оронд цаашдаа энэ сэдвийг хөндсөн ямар нэгэн шүүх хуралдаан дахиж хэзээ ч болохгүй гэдэгт итгэлтэй байна. Бид ээлжит удаагаа булайгаа дэлгэлээ. 2008 оны арваннэгдүгээр сарын 24-нд эрүүл саруул байсан тэрхүү өрхийн сайн тэргүүн, мундаг ухаантай хүн маань юуны улмаас баривчлагдав, яагаад бүтэн жил хоригдов, юу түүнийг амиа алдахад хүргэв ээ? Манай орныг соёлт иргэншилтэй гэдгийг харуулах хүсэлгүй, Сергейд юу тохиолдсоныг олж тогтоохыг хэн ч хүсэхгүй байгаа зэргээсээ бид ичих ёстой. Энэхүү ичгүүртэй шүүх хуралдаанаас ямар шийдвэр гарах вэ гэдэг нь одоо бидэнд хамаагүй боллоо. Яагаад гэвэл, бид урьдын адилаар Сергей чухам юунаас болж нас барав гэсэн шалтгааныг олж тогтоож чадсангүй” гэж хэлээд суудалдаа эргэж суулаа.

Түүний дараа сэжигтэн Кратовын өмгөөлөгч Кучин босоод прокурор цагаатгах хүсэлт тавьсан учраас түүнд нэмж хэлэх онцгой гойд зүйл алга гэдгээ хэлэв. Гэхдээ өмгөөлөгч Харитоновын мэдэгдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Би л лав энэ шүүх хуралдаанаас ичихгүй байна. Яагаад гэвэл, бид энэ удаад Магнитскийд тохиолдсон хэргийн дүр зургийг нэлээд тодорхой гаргаж ирж чадсан. Бүх юм ойлгомжтой л байна шүү дээ. Магнитскийн үхэлд хэн нэгэн буруутай бол тэд хариуцлага үүрэх ёстой. Гэхдээ энэ танхимд л лав тэр хүмүүс нь алга. Зүй нь, 2009 оны арваннэгдүгээр сарын 16-нд “Матросская тишина” гянданд Магнитскийг хүлээж аваад түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзснаар үл барам сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ явуулсан мэт жүжиг тавьсан хүмүүст л наад асуултуудаа тавих ёстой байх аа” гэж Кучин өмгөөлөгч хэлэв.

Түүнчлэн Кратов бол хуульд заасан чиг үүргийнхээ дагуу ажлаа явуулсан учраас түүнд гомдол тавих учиргүй гэж өмгөөлөгч нь үзлээ. Тэр байтугай, Магнитский хүнд өвчтний тоонд ороогүй байсан учраас түүнийг чухам хэн бэ гэдгийг Кратов нас барсан хойно нь мэдсэн ажээ. “Талийгаачийн зүгээс тавьж байсан гомдлуудыг үндэслээд ямар ч таамаглалыг дэвшүүлж болно. Юутай ч, тэдгээр гомдол миний үйлчлүүлэгчийн сонорт хүрч байгаагүй юм билээ” гэж Кучин хэлэв. Түүнийг үг хэлж байх үед Магнитскийн ээж нь хана ширтэж, харин бэлэвсэн эхнэр нь нүдний шил, гар утсаа байн байн эмрэн суув.

Ингээд хуралдааны төгсгөлд шүүгч сэжигтэн Кратовыг босгож түүнд сүүлчийн үг хэлэх эрх олгов. Тэр тун товчхон ярьсан. Кратов “Магнитскийн үхэлд өөрийгөө буруутай гэж үзэхгүй байна. Ажлынхаа чиг үүргийн хүрээнд түүнд мэргэжлийн эмнэлгийн тусламж үзүүлэхийн төлөө би боломжтой бүхнээ хийсэн. Энэ үйлдлийн улмаас түүний амь нас хохирох ямар ч боломжгүй. Тийм учраас намайг цагаатгаж өгөхийг шүүхээс хүсч байна” гэж мэдэгдэв.

Шүүх хуралдааны танхимаас гарсан хойноо “Бутырка”-ийн орлогч дарга асны өмгөөлөгч Кучин “Прокурор цагаатгах шийдвэр гаргасан явдал бидний хувьд ч гэнэтийн зүйл болсон. Шүүхийн системд ийм явдал тун цөөн тохиолддог” гэж хэлсэн юм. Харин Кратов болсон үйл явдалд итгэж чадахгүй нэлээд сандарсан байгаа нь илт байлаа. Сэтгүүлчдийн асуултад тэрбээр “Магнитскийн үхэлд буруугүй” гэсэн ганц хариултаа давтаж хэлээд метро тийш явж одсон. Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч нарын нэг нь “Хэргийг цагаатгах шийдвэр гаргавал энэ шүүгч ажилгүй хоцрох байх даа” гэж хошигнож байснаар Оросын шүүхүүд цагаатгах шийдвэрт хэрхэн ханддагийг тодорхой ойлгуулаад өгөх шиг болсон.

Харин Магнитскийн эхнэр Наташагийн өмгөөлөгч Дмитрий Харитонов сэтгүүлч нарт хандан “Ялын дүгнэлт гаргах хангалттай нотлох баримт бий гэж баасан гаригт мэдэгдээд байсан прокурорт өнгөрөгч хоёр хоногт юу тохиолдчих нь тэр вэ?” гэж бухимдан асууж байв. Түүнчлэн прокурорын гаргасан дүгнэлтийг эвлүүлдэг тоглоомын ердөө нэг шоо нь гэж үзэж байгаагаа ч илэрхийллээ. Харитоновын бодлоор, энэ хэрэгт улс төрийн шалтгаан бий аж. Ерөнхийлөгч Владимир Путин саяхан хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ хуульч агсан Магнитский зүрх нь хаагдсаны улмаас нас барсан хэмээн батлаад байсан нь үүнийг нотолж байгаа хэрэг гэж Харитонов тайлбарлалаа. Ийм учраас америкчууд хүртэл эсэргүүцэн “Магнитскийн нэрэмжит хууль” гаргах дээрээ тулсан энэ хэрэгт түүний үхэлд буруутай гэх хариуцлагыг үүрэх этгээд ч олдохгүй гэсэн үг аж.

Шүүх гаргасан шийдвэрээ энэ сарын 28-нд олон нийтэд танилцуулна.

 

http://lenta.ru/articles/2012/12/24/kratov2/