Б.Березовский: Оросын Мөрдөх товчооны шалгалтаас айх юм алга

Posted on Арван хоёрдугаар сар 27, 2012

0


berezovski-Березовский ОХУ-ын Олон нийтийн радио, телевизийн компанийн бүтээсэн киноны талаар шүүхэд хандах эсэхээ шийдээгүй байна-

Англид амьдран суугаа бизнесмен Борис Березовский Оросын Мөрдөх товчооноос явуулах гэж буй шинэ мөрдлөгөөс айхгүй байгаа тухайгаа “BBC” агентлагт мэдэгджээ. Мөрдөх товчоо өнгөрөгч ням гаригт Оросын телевизийн “Россия-1” сувгаар гарсан эрэн сурвалжлах баримтат киног үндэслэн Б.Березовскийг шалгах төлөвлөгөөтэй байгаа бололтой.

Оросын Ерөнхий прокурорын газрын дарга Юрий Чайка “Березовский” баримтат киноны бичлэгүүдийг Мөрдөх товчоо руу илгээж “үүнд дурдагдсан баримтуудыг нягтлан шалгаж холбогдох шийдвэр гаргахыг” тушаасан хэмээн ЕПГ-ын албан ёсны төлөөлөгч Марина Гриднева өнгөрөгч даваа гаригт сэтгүүлчдэд мэдэгдлээ. Түүний дараа Мөрдөх товчооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин дээрх баримтат кинонд дурдагдсан баримтуудыг зайлшгүй шалгаж зохих үнэлгээг нь өгөх болно гэж мэдэгдсэн.

Бүр тодорхой хэлбэл, Мөрдөх товчооныхон Березовскийг 2003 онд Төрийн Думын гишүүн Сергей Юшенковын аллагад хамаатай эсэхийг шалгах ажээ.

Англид улс төрийн орогнол олж авсан Березовский өөрөө бол энэ киног үзээгүй учраас шүүхэд хандах эсэхээ шийдээгүй байгаа гэж “BBC” агентлагт ярьсан байна. “Би Оросын Олон нийтийн радио, телевизийн компанийг Лондонгийн шүүхэд нэг удаа ялж байсан. Гэхдээ тэд одоог хүртэл учруулсан хохирлоо барагдуулаагүй байгаа. Тэд намайг дандаа хилс хэрэгт гүтгэдэг гэдгийг би ганц удаа ч болов харуулж чадсан. Тэр утгаараа энэ компанийн мэдээллүүд олон нийтэд итгэл төрүүлж чадахгүй байгаа гэдгийг нотолж өгсөн гэж боддог” хэмээн Березовский тайлбарлажээ.

Үнэндээ ч, “Россия” сувгаар үзүүлсэн нэгэн нэвтрүүлэгт Березовскийг гүтгэсэн байсан гэдгийг 2010 оны гуравдугаар сард Лондонгийн шүүх хүлээн зөвшөөрч байв. Дээрх нэвтрүүлэгт түүнийг Англид улс төрийн орогнол хүсэхдээ заль хэрэглэсэн гэж мэдээлж байсан. Эцэст нь тус компанийг Березовскийд 150 мянган фунт стерлинг буюу 240 гаруй мянган долларын төлбөр төлөх шийдвэрийг Лондонгийн шүхээс гаргасан байдаг.

Березовский алуурчин уу

“Березовский” баримтат киног бүтээгчид сүүлийн 20 жилд гарсан томоохон захиалгат аллагуудтай түүний нэр холбоотой гэсэн таамгийг дэвшүүлсэн байлаа. 1995 онд сэтгүүлч Владислав Листьевийг болон 2003 онд Төрийн Думын гишүүн Сергей Юшенковыг чухамхүү Березовский захиалж алуулсан юм байх.

Үүнээс гадна Березовскийг 2004 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тасалдуулах зорилгоор тухайн үед нэр дэвшээд байсан Иван Рыбкинийг цааш харуулахаар төлөвлөж байсан тухай энэ кинонд гардаг. Хэрэв түүнийг тэр үед егүүтгэсэн бол Березовскийд нааштай ханддаг байсан Михаил Касьяновт засгийн эрх шилжиснээр Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болох байсан ажээ.

Мөн кинонд дурдаснаар, 2006 онд полоний хэмээх цацраг идэвхт бодист хордон Английн эмнэлэгт нас барсан Оросын Аюулгүй байдлын албаны экс ажилтан Александр Литвиненког Березовскийн захиалгаар цааш харуулсан байж болзошгүй гэнэ. Гэвч Оросын Мөрдөх товчооны ажилтан Владимир Маркиний мэдэгдсэнээр, Березовскийг сэтгүүлч Владислав Листьев, сэтгүүлч Анна Политковская болон Төрийн Думын гишүүн Владимир Головлёв нарын үхэлд хамаатай гэдгийг нотлох баримт хараахан байхгүй байгаа ажээ.

Тэгтэл саяхан Михаил Коданев гэгч этгээд Мөрдөх товчооныхонд нэгэн мэдэгдлийг илгээсэн байна. Думын гишүүн агсан Сергей Юшенковыг цааш харуулах ажлыг зохион байгуулсан хэргээр шоронд хоригдож байгаа энэ этгээд уг аллагыг үнэн хэрэгтээ Борис Березовский болон 2008 онд нас барсан түүний бизнес түнш агсан Бадри Патаркацишвили нар захиалсан гэж мэдэгджээ. Тиймээс Мөрдөх товчоо мөрдлөгө явуулах зайлшгүй шаардлагын улмаас Коданевийг өөр шоронд шилжүүлэх шийдвэрийг гаргасан байгаа хэмээн Маркин мэдэгдсэн юм.

“Дэлхий нийтийг залилсан этгээд”

Дээрх баримтат киног зохиосон сэтгүүлч Андрей Кондрашов “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа Борис Березовскийг ямар хүн байсан, одоо хэн болсон гэдгийг харуулахын зэрэгцээ “эхлээд цөөн газрыг, дараа нь дэлхийг бүхэлд нь залилж чадсан энэ этгээдийн” туулж өнгөрүүлсэн амьдралыг эргэн дурсах нь уг төслийн зорилго байсан гэв.

Кинонд Березовскийтэй хамт ажиллаж байсан үе үеийн нөхдийн нь ярилцлагыг оруулсан байв. Тэдний дунд Борис Ельциний хамгаалалтын албыг удирдаж явсан Александр Коржаков, Төрийн Думын гишүүн Андрей Луговой, Аюулгүй албаны дарга асан Николай Ковалев нар байсан.

Кино төлөвлөгдсөн хугацаанаасаа хоёр дахин урт болсон бөгөөд эцсийн хувилбар гаргахаасаа өмнө ахиад 40 минутын бичлэгийг хассахаас аргагүйд хүрсэн гэж Кондрашов ярьжээ. Үүнээс гадна хууль сахиулах байгууллагууд энэ киног үндэслэн цаашид ямар ажиллагаа явуулахыг харзнаж байж киноны хоёр дахь хэсгийг монтажлах юм байна.

“Хэрэв кинонд дурдагдсан баримтууд мөрдөн байцаах ажиллагаа явуулах үндэслэл болж чадахгүй бол би маш их гайхна. Учир нь бид үзэгчдийг гайхашруулахын тулд бус илүү том юманд хүрээсэй гэж хүссэндээ уг киног бүтээсэн” гэж Кондрашов хэлжээ.

Оросын Олон нийтийн радио, телевизийн компани өмнө нь ч бас Борис Березовскийг “илчилсэн” нэвтрүүлэг хийж байсан. Тухайлбал, энэ оны есдүгээр сард “Россия” сувгаар гарсан “Тусгай сурвалжлагч” хэмээх нэвтрүүлэгт сэтгүүлч Аркадий Мамонтов “Pussy Riot” хамтлагийн охидыг Борис Березовский санхүүжүүлсэн гэж мэдэгдэж байсан билээ.

 

http://www.bbc.co.uk/russian/russia/2012/12/121224_berezovsky_film_accusations.shtml

PS: Орос хэлтэй хүмүүс баримтат киног нь энэ сайтаас үзээрэй  http://kinorai.net/2012/12/berezovskij/