Цөмийн эрчим хүчийг адлах нь зөв үү

Posted on 1 сар 4, 2013

0


Игналинскийн ЦЭХС

 

-Цөмийн эрчим хүчний станцыг хар хунгаар төсөөлөх ёстой юу-

ЗХУ-ын үед цөмийн эрчим хүчний станцыг (ЦЭХС) түшиглэн боссон энэ хот төрийн байгуулалт нь өөрчлөгдсөн 20 жилийн дараа ч гэсэн хуучин уламжлалаа хадгалж чадсан, хүмүүс нь ч оросоор ярьсан хэвээр байх юм.

Литва улс нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж явсан Балт орчим оршдог гурван орны нэг билээ. Өнгөрөгч аравдугаар сард Парламентийн сонгуулийг сурвалжлах үеэрээ энэ улсын зүүн хойд хэсэгт орших Висагинас хэмээх үзэсгэлэнт ой, нууртай хотод зочилсон юм.

Энэ улсад болсон Парламентийн сонгуулийн үеэр эрчим хүчний бодлогод маш их анхаарал хандуулж байсан. Эрчим хүчний нөөцийн 80 хувь нь Оросын байгалийн хий дээр тогтдог энэ нөхцөл байдлаас яаж салах вэ, эрчим хүчнийхээ хувьд яаж “жинхэнэ тусгаар тогтнох” вэ, эрчим хүчний эх үүсвэрийн төрөл зүйлийг яаж олшруулах вэ гэсэн асуудлуудыг хурцаар тавьж байв. Тэгвэл уг хотын оршин суугчид Япон улсаас эдгээр асуултын хариултыг эрэлхийлж байлаа. “Япон улс өндөр чанартай бүтээгдэхүүнээрээ гайхагддаг учир манай орныг дахин амьдруулж чадна” гэж тэд үзэцгээж байв.

ЦЭХС орчмын нууран дахь цагаан хун

Цөмийн эрчим хүчний “Фукушима-1” станцын ослоос хойш дэлхий даяараа цөмийн эрчим хүчнээс татгалзаж эхлээд байхад гагцхүү Висагинас хотынхон л цөмийн технологид найдсан хэвээр байснаар барахгүй япон стандарттай ЦЭХС-ыг байгуулахыг шаардаж байсан юм.

1975 онд Игналинскийн ЦЭХС-ыг байгуулах тэр үед дэргэдэх ойд нь энэ хотыг босгосон түүхтэй. Зөвлөлт засаг Балт орчмын болон Зүүн Европын орнуудад эрчим хүчний эрэлт ихсэнэ гэж найдан энэ бүс нутагт ЦЭХС барих хэрэгтэй гэж үзсэн юм билээ.

Ингээд ЗХУ даяар ажиллаж амьдарч байсан цөмийн эрчим хүчний бүх мэргэжилтэн, туршлагатай ажилчдыг цуглуулжээ. Тийм ч учраас өнөөдөр уг хотын дийлэнх иргэд нь оросоор ярьдаг хэвээр байна. 30 гаруй мянган хүн амтай Висагинас хот цөмийн эрчим хүчний тухай мэдлэгийнхээ ачаар цааш үргэлжлэн хөгжих болов. Улмаар 1983 онд энд ЦЭХС-ын анхны барилгыг ашиглалтад оруулжээ. Энэ хотод төрж өссөн өнөөгийн хотын захирагч хуучны сайхан үеэ дурсахдаа ЗХУ-ын цөмийн бодлогыг шүүмжилж байсан үеийн шүлгийг иш татаж сууна. ЦЭХС дээр нисч ирсэн хар хунгууд ямар их айж, хашгирч буй тухай тэрхүү шүлэгт өгүүлдэг аж.

Шүлэг бичигдсэн үеэс хойш 30 жил өнгөрчээ. Гэтэл энэ хугацаанд ЦЭХС-ыг хүрээлэн буй орчин нь огтхон ч хохироогүй байна. Цагаан хунгаар тогтохгүй цагаан тогоруунууд өнөөдөр ч гэсэн далавчаа дэлгэн нууран дээгүүр эргэлдэж, ойр орчмын ойд нь нутагласан хэвээр байх юм.

Чернобылийн хувь заяа

Гэвч Игналинскийн ЦЭХС-ыг Чернобылийн ЦЭХС-ын загвараар барьсан явдал энэ хотын хувь заяаг орвонгоор нь эргүүлж орхижээ. Тухайн үед ЗХУ-ын Ерөнхийлөгч байсан Горбачёв 1986 онд Чернобылийн ЦЭХС-д болсон ослыг “ЗХУ задрахад хүргэсэн бодит шалтгаан” байсан гэж мэдэгдсний улмаас тэрхүү ослын дараа Висагинас хот олон улсын маргааны талбар болж хувирсан юм.

Тусгаар тогтнолоо олж авсны дараа Литва улс Европын холбоонд элсэхийг эрмэлзэх болсон. Гэвч холбооны зүгээс Чернобылийн загвараар барьсан ЦЭХС-аа хаа гэсэн ганц л болзлыг тавьсан.

Энэ станцыг хааснаар литвачүүд маш их хохирол амссан. Үүний гороор эрчим хүч, байгалийн хийн өртөг зургаа дахин нэмэгдэж орхив. Өвлийн улирал урттай энэ улсын хувьд дулааны үнэ иргэдийн амжиргаанд нь шууд нөлөөлсөн. Нөгөө талаар, “ЗХУ-ын дарлал”-аас салсан амжилт нь эцсийн дүндээ эрчим хүчээрээ ОХУ-аас хараат болох замыг нээж өгөв.

ЦЭХС зогссоноор Висагинас хотын амьдрал ч зогссон гэж хэлж болно. Юун түрүүнд, станцын ажилчид бүгд ажилгүй болов. Станцын ажлын сүүлчийн өдрийг хот даяараа нулимстай үдсэн гэдэг. Ажилд орох боломжоо алдсан залуус ч нүүдэл суудал хийж эхэлсэн ажээ. Хүн ам нь архин далайд живж, амиа хорлох үзэгдэл тасралтгүй гарах болсноор Висагинас “үхмэл хот” болж хувирчээ.

Нөхцөл байдал ингэтэл доройтсоны улмаас Литва улсын Засгийн газар энэ хотод шинэ ЦЭХС барих төлөвлөгөө боловсруулав. Улмаар тендер зарлаж Японы “Хитачи” компанийн үйлдвэрлэсэн “ABWR” цөмийн реакторыг сонгосон байна. Үүнийг дагаад Висагинас хотынхон амьдралыг өөдрөгөөр харж Япон улсад хамаг найдвараа тавих болжээ. Тэд “Манай энд газар хөдлөлт, цунами үүсэх боломж байхгүй, аюулгүй хот. Тиймээс шинэ станцын ачаар иргэд ажилтай болох болно” гэж ярьцгааж байна.

Балт орчим өрнөж буй ОХУ, Японы эсрэгцэл

Литва улс эрчим хүчний бодлогоо 100 жилээр төлөвлөсөн байна. Өнгөрөгч есдүгээр сард Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн Ерөнхий захирал Юкия Амано “Фукушима-1”-д болсон ослын дараа олон орон ямар сонголт хийхээ шийдэж ядан байна хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор, Японы өндөр технологитой компаниуд аюулгүй үйлдвэр барих тухай гэрээг байгуулахдаа “Фукушима-1” ЦЭХС-ын ослоос сургамж аван Литва улсын иргэдийн өмнө эрчим хүчээр найдвартай хангах, тус бүс нутгийг хөгжүүлэх хариуцлага хүлээх үү гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байна.

Тус хотын иргэдийн дунд явуулсан санал асуулгаас харахад олонх нь ЦЭХС барьж байгуулах асуудалд сөрөг хандаж байгаа нь ойлгогдлоо. Гэвч энэхүү бодлогыг дэвшүүлсний ачаар сонгуульд ялалт байгуулсан эрх баригчид шинэ станц байгуулах төслөөсөө ухрах бодолгүй байгаа бололтой. ОХУ ч гараа хумхин суусангүй, Литва улсын төлөвлөгөөнд нь эргэлзээ төрүүлэхийг хичээх болжээ. Токио хотноо “ИТАР-ТАСС” агентлагийг төлөөлөн суугаа Горбунин өдгөө үүсээд буй нөхцөл байдлыг “Балт орчим өрнөж буй ОХУ, Японы эсрэгцэл” гэж тодорхойллоо. Зөвхөн Японд л энэ талаар огт дуугарахгүй байна гэдгийг хэлэх нь зүйтэй.

Алдарт “Хунт нуур” бүжгэн жүжигт санаа муут шидтэний охин Одиллияг хар хунгийн дүрээр харуулсан байдаг. Энэ бүжгэн жүжгийн төгсгөл хоёр хувилбартай. Нэг дэх хувилбарт нь цагаан хунд хувирсан Одетта үхдэг. Нөгөө хувилбарт нь цагаан хунгууд хараалаас ангижран бүх юм сайн сайхнаар төгсдөг билээ. Үүний нэгэн адилаар гэр орон, ажил амьдралаа алдсан Фукушима мужийн иргэдийн зовлон зүдгүүр ихийг өгүүлнэ. Гэвч Литвийн эрчим хүчний түүхэнд үүсээд байгаа нөхцөл байдлыг эргэцүүлж үзээд хотын даргын хэлж байсан “цөмийн эрчим хүч бол Бурхны хишиг” хэмээх үгсийн хариуд “Цөмийн эрчим хүч чинь өнөөх бүжгэн жүжигт гардаг хар хун юм биш үү” гэж асуух нь утгагүй санагдсан юм.

Юутай ч, Литвийн энэхүү хүндхэн сонголт нь Японы эрчим хүчний бодлогод ч тодорхой нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэх зүйл алга.

http://inosmi.ru/europe/20121231/204040191.html

Advertisements