Америк цэргүүд газрын түрээсээ төлөлгүй Афганистаныг орхин гарч байна

Posted on Нэг дүгээр сар 4, 2013

0


0_59064_66f3ef22_XXL

-Америкийн цэргийн баазууд ахуйн ба техникийн хур хогоос гадна олон жилийн турш үргэлжилсэн газрын маргааныг нээлттэй хэвээр нь орхиод гарлаа-

Кунар хэмээх түгшүүрээр дүүрэн мужийг орхин гарахдаа Америкийн цэргүүд олон тооны эвдэрхий техник хэрэгсэл, газрын түрээсийн төлбөр болон нутаг дэвсгэрийн ширүүн маргааныг орхиж гарсан хэмээн мужийн захиргаа, түрээслэгчид өгүүлэг тавьж байна.

Шөнө дунд ачааны машины айхавтар чимээ гарсан нь Америкийн цэргүүд Пашенгар тосгон дахь баазаа орхин гарч байгааг илтгэсэн цорын ганц дохио байлаа. Тэгсэн атал тосгоны оршин суугчид өглөө нь харуул гэж байхгүй, барилга байгууламжууд сүйрсэн, мөн хэн ч орж зүрхэлдэггүй байсан цэргийн бааз хэмээх газар нь чулуун овоо болж хувирсныг олж харсан гэдэг.

Нуранги болсон ханануудаас агааржуулалтын төхөөрөмжүүд цухуйж, хашаан дахь контейнерүүдийн дэргэд эвдэрч хуучирсан цахилгаан үүсгүүр хэвтэж байжээ. Эвдэрч шамшийсан автомашинууд ч баазаас холгүйхэн хэвтэж байгаа гэнэ. Энэ хур хогон дундаас түрээслэгчид төлбөр болгоод өгчих ганц ч зүйлийг оршин суугчид олоогүй ажээ. Америкчууд олон жил энэ газрыг түрээсэлж байсныхаа төлбөрт хэдэн зуун мянган доллар төлөх ёстой гэж түрээслүүлэгч Хажи Нажибулла Хан ярив. Тэрбээр “Америк цэргүүд энд зургаан жил амьдарлаа. Энэ хугацаанд ганцхан жилийнхээ төлбөрийг л өгсөн” гэж гомдоллож сууна. Хажи Нажибулла Америк цэргүүдийн амьдарч байсан Пашенгар тосгонд өсчээ. Америк цэргүүдийг явахаас хэдэн долоо хоногийн өмнө цэргүүдийг ахалж байсан дарга түүнтэй уулзаж түрээсийн мөнгө нэхэхгүй байхыг ятгасан гэнэ.

Тосгоноос хэдэн км-ийн зайд орших Нарай дүүргийн төвд байрлаж байсан Америк цэргүүд энэ газрыг орхин гарахдаа хамаагүй боловсон загнажээ. Тэд цэргийн нэгдсэн баазаа Афганистаны армийн мэдэлд хүлээлгэж өгсөн аж. Гэвч энэ нутгийн оршин суугчид ч бас маш их өгүүлэг тавьж сууна. Яагаад гэвэл, уг бааз нь 90 айл өрхийн эзэмшилд байсан газар дээр байгуулагдсан юм байна.

Мөн тэд ч бас америкчуудыг хэдэн жилийн түрээсийн төлбөрөө төлөөгүй гэж гомдоллоо. Үүнээс гадна Афганы арми энд бат суурьшсан учир эзэмшил газруудаа эргүүлж олж авах ажил худлаа болсон байхвий гэж эмээж сууна. Энэ утгаараа анх тэдний газар нутгийг хамгаалах зорилгоор орж ирсэн цэргүүдэд хүлээлгэсэн итгэл ард олны эсэргүүцэл болж хувирах магадлалтай болоод байна.

Тус дүүргийн дарга Гуль Рахман хэргийг нэг тийш шийдэхийг хичээсэн ч амжилт олсонгүй. Тэрбээр “Би Афганы үндэсний армийн төлөөллийг дүүргийн ахмадуудтай уулзуулсан. Үр дүнд нь армийн зэвсэгт хүчин энд үлдэж харин оршин суугчид тэднээс мөнгө өгөхийг шаардах боллоо. Гэвч ард иргэдийн шаардлагыг хэн ч хүлээж авахгүй байна” гэв.

Ер нь газар бол Афганистаны хамгийн эмзэг асуудал байгаа юм. Дайн өрнөсөн 30 жилийн дотор газрын албан ёсны гэрчилгээ ихээр үрэгдсэн төдийгүй газар эзэмшигчдийн зарим нь үхэж үрэгдэн, зарим нь нутгаасаа дүрвэн гарсан байдаг тул дуртай хүмүүс нь хууль бусаар тэдний газрыг эзэмших болсон.

Хажи Усман гэх энэ хүн бол Нарай дүүрэг дэх эрэгтэй хүүхдүүдийн дунд сургуулийн захирлаар ажилладаг бөгөөд цэргийн баазын мэдэлд очоод байгаа газрын ойролцоогоор хоёр гектарыг нь эзэмшдэг ажээ. Тэрбээр тосгоны хүмүүсийн газар эзэмших эрхийг нь баталгаажуулж, албан ёсны мөрдлөгө явуулахыг санаачилсан хүн юм. Гэвч Афганы арми тэдний хүсэлтийг үл тоомсорлосон хэвээр байгаа гэж Хажи Усман хэлэв.

“Афганы арми манай нутгийг орхиж гарахгүй байгаад хүмүүс их бухимдаж байна. Тосгон маань Засгийн газрын хяналтад байдаг учир “Талибан”-д элсч гомдлоо барагдуулах хүн тэр бүр байхгүй л байх. Гэхдээ ийм хүн гарч ирэхийг байг гэхгүй. Асуудал нэг тийш шийдэгдэхгүй л бол тэд “Талибан” хөдөлгөөнд элсэхийг үгүйсгэх арга алга” гэж ярьлаа.

Дүүргийн дарга Гуль Рахман аюулгүй байдлын үүднээс Пашенгар тосгонд очиж амжаагүй байгаа ч Хажи Нажибулла Ханд тулгараад байгаа түрээсийн төлбөрийн асуудлыг шийдэх гэж хэрэндээ хичээж байгаа гэнэ. Тэрбээр Америк цэргүүдийн үлдээсэн байлдааны техникийн хур хогон дотроос түүний гомдлыг тодорхой хэмжээгээр барагдуулж чадах зүйлс олдоно гэж найдаж байгаа юм байна.

“Америк цэргүүдийн амьдарч байсан барилга байгууламжийг би огт хараагүй. Гэхдээ нутгийн ганц нэг оршин суугчидтай ярилцаж байхад тэр газар хэдэн ширхэг контейнер, автомашин, цахилгаан үүсгүүр бий гэж ойлгосон. Зарим нь эвдэрхий гэх боловч ашиглаж болохоор зүйлс бас байгаа гэсэн. Эдгээр техник хэрэгслийг зарахад Хажи Нажибулла түрээсний төлбөрийнхээ бараг талыг нь, бүр багаар бодоход ¼-ийг нь олж авах бололцоотой юм билээ” гэж Рахман хамгаалалт дор байгаа албан тасалгаанаасаа “Guardian” сонины сурвалжлагчид утсаар мэдээлсэн байна.

Нарай дүүрэг дэх Америкийн цэргийн бааз

Нарай дүүрэг дэх Америкийн цэргийн бааз

Харин Хажи Нажибулла эргэн тойронд нь юу ч үгүй хоосорсон фермерүүд л амьдарч байгаа учраас эдгээр техник ямар ч үнэ хүрэхгүй гэж байна. “Би эдгээр төхөөрөмжийг зарж чадахгүй. Яагаад гэвэл, эдгээр техник хүмүүст ямар ч хэрэггүй. Надад ч бас хэрэггүй учраас би зүгээр л хашаандаа овоолгоод байж байхаас” гэж хэлэв.

Афганистаны нутаг дэвсгэрт зөвлөлтийн үеийн зэвэрсэн танкууд болон байлдааны бусад техник хэрэгслийн хур хог маш элбэг байдаг. Гэхдээ 2001 оноос хойш гадаадын цэргүүд өөрсдийнхөө ул мөрийг баллахын тулд бүх техник, барилга байгууламжаа сүйтгээд явдаг болсон.

Тийм учраас америк цэргүүд явахдаа байлдааны бус төхөөрөмжүүдээ ч сүйтгэлгүй үлдээсэн гэдэгт итгэхэд бэрх. Хэрэв үнэн бол Кунар мужийн хойд хэсэгт орших Нарай дүүрэг аюулд өртөх цаг ойрхон байна. Учир нь бусдаас тусгаарлагдан оршиж буй энэ ядуу тарчиг газар руу Пакистанаас эсвэл Нуристан мужаас босогчид дамжин орж ирэх магадлал өндөр болно. Нуристанд гэхэд л хэт даврагсад хэд хэдэн тосгоныг эзэмшилдээ оруулаад байгаа билээ.

Афганистаны армийн төлөөлөл Нарайд өрнөж байгаа асуудалд тайлбар өгсөнгүй. Харин Кунар мужийн дарга Фазлулла Вахеди тэнд газар нутгийн маргаан өрнөж байгаа тухай ямар ч мэдээлэлгүй сууж байна.

Тэгвэл НАТО-ийн дэргэдэх Аюулгүй байдлын төлөөх олон улсын хүчний (АБТОУХ) төлөөлөгчид дээрх хоёр баазад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тайлбар өгөхөөс татгалзлаа. Тус байгууллагын төлөөлөгч Чарли Штадтлендер хэлэхдээ “АБТОУХ хэрэгжүүлж буй бодлоготойгоо холбогдуулан хэн нэгний гомдол гаргасан талаарх мэдээллүүдэд тайлбар хийдэггүй” гэлээ.

 

 

http://inosmi.ru/india/20130102/204099389.html#ixzz2GnZ7ZrGa