Антарктид аль орны эзэмшил вэ

Posted on Нэг дүгээр сар 4, 2013

1


антарктид

Антарктидын төлөөх тулаан дараагийн зуунд өрнөж эхлэх бололтой. Тэр үед газрын тос, байгалийн хийг олборлохын тулд олон км-ийн зузаантай мөсийг өрөмдөх технологи ч бий болох аж. Тэр цагт дэлхийн зургаа дахь тив Антарктидийн төлөө багаар бодоход гуч гаруй орон өрсөлдөх болов уу.

Антарктидийн зузаан мөсөн хучлага дор газрын тос, байгалийн хийн асар их нөөц нуугдаж байгаа. Энэ бол баримтаар батлагдсан зүйл. Гэвч тэдгээрийг олборлох нь өнөөдөртөө өртөг өндөртэй, ашиггүй ажил болж хувираад байгаа. Үүнээс гадна энэ тивийн эзэмшлийн тухай асуудал олон орны эрдэмтдийг ажлаа хязгаартай явуулахад хүргээд байгаа. Тодруулбал, Антарктидийн тухай хэлэлцээрт дурдсанаар уг тив дээр газар нутгийнхаа хилийг тогтоох, ашигт малтмалуудыг нь боловсруулах эрх хэнд ч, аль ч оронд байддаггүй ажээ.

Гэхдээ Үндсэн хуульдаа Антарктидийн зарим хэсгийг өөрийн нутаг дэвсгэртээ хамааруулж оруулдаг хэд хэдэн орон бий. Тухайлбал, Австрали улс энэ тивийн 1/3-ийг эзэмшдэг гэж хуульдаа тусгасан байдаг. Түүнчлэн Аргентин, Англи хоёр байна. Энэ хоёр улс Фолклендийн буюу Мальвиний арлын эзэмшлийн төлөө тэмцэлдсээр ирсэн. Тэгээд аль аль орон нь өнөөг хүртэл энэ нутаг дэвсгэрийг албан ёсоор өөрийн болгож чадаагүй байгаа.

Чили улс ч бас эдгээр аралд санаархдаг. Энэ бүх тэмцлийн шалтгааныг Оросын Антарктид судлалын багийн орлогч дарга бөгөөд Арктик, Антарктид судлалын хүрээлэнгийн ажилтан Вячеслав Мартьянов тайлбарлаж өглөө.

Тэрбээр “Чили улсын эзэмшилд багтаж буй эдгээр арлыг Аргентин, Англи хоёр өөрийн нутаг дэвсгэрээ гэж үзэн тус тусынхаа хуульд тусгасан байгаа. Тиймээс эдгээр арлыг өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэр гэж дуугарсан аль ч орон зөвхөн Антарктид судлалын нийгэмлэг болон энэ тивийг анх нээсэн гэгддэг хоёр орны зүгээс бус мөн л Үндсэн хуульдаа өөрийн нь эзэмшил гэж тусгасан орон бүрийн зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарах болно. Антарктидийн тухай хэлэлцээр байгаа учраас аль нэг орон дураараа ямар нэгэн үйлдэл хийхгүй байж болоод байна. Нөгөө талаар энэ тив далайгаар хүрээлүүлсэн байгаа. Тэр утгаараа далайн ус эзэмших эрх, далайн ашигт малтмалыг ашиглах тухай хэлэлцээр гэсэн хоёр баримт хоорондоо зөрчилдөж байгаа тал бий” гэлээ.

Шинэ Зеланд, Франц, Норвеги улсууд ч бас Антарктидад газар эзэмших эрхтэй гэж өөрсдийгөө үздэг. Норвеги улс гэхэд л Антарктидийн тэг дунд орших, өөрийн нь газар нутгаас 10 дахин том талбайг эзэмших хүсэлтэй байгаа. Гэтэл энэ тивд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа эхлүүлээд, улмаар ганц нэг нээлт хийж тэндээ станцаа ч байгуулаад амжсан хориод орон ч бас газар эзэмших санаагаа илтгээд байна.

Энэ үүднээс үзвэл, аль ч орны Антарктид судлалд оруулсан хөрөнгө нь ирээдүйд зургаа дахь тивд өөрийн гэсэн газартай болох үндэслэл болох вий гэж шинжээчид эмээдэг. Гэхдээ юутай ч, тивийг анх нээсэн гэх хоёр орны газар эзэмших эрхийг хэн ч үгүйсгээгүй хэвээр байгаа гэж Мартьянов онцолж хэлэв.

“Антарктидыг анх нээсэн хоёр улс бий. Нэг нь ОХУ бөгөөд 1819-1821 онд Беллинсгаузен, Лазарев нарын судалгааны багууд энд анх хөл тавьсан түүхтэй. Тэгтэл америкчууд хэн нэг далайн дээрэмчнийг яг энэ үед Антарктидад хөл тавьсан гэдэг учир энэ тивийг анх нээсэн хоёр дахь орон нь болсон. Үүнийг ч бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас Антарктидийг хоёр орон нээсэн гэж үздэг. Энэ утгаараа анх нээсэн орныхоо хувьд аль нь ч энэ тивийг бүхэлдээ өөрийн эзэмшлийнх гэж зарлах бүрэн эрхтэй байдаг юм” гэсэн тайлбарыг өглөө.

Мэдээж хэрэг, АНУ ч, ОХУ ч энэ эрхээ ашиглахгүй байгаа. Гэлээ гээд Антарктидийн төлөө тулаан өрнөнө гэдэг зайлшгүй үйл явдал. Ойролцоогоор 100 жилийн дараа гэхэд хүн төрөлхтөн байгалийн нөөцийн “өлсгөлөнд нэрвэгдэнэ” гэж эрдэмтэд үздэг. Тэр цагт Өмнөд туйлд газрын тос, байгалийн хий олборлох эрхийн асуудал босч ирэх нь дамжиггүй. Гэхдээ энэ тохиолдолд асуудал тайван замаар шийдэгдэнэ гэдэгт геологи, эрдэс судлалын ухааны доктор Александр Лобусев итгэлтэй байна.

“Зарим орон Антарктидийг эдийн засгийн хувьд эзэмшихийг хүсэх байх. Ингэсэн тохиолдолд хууль эрх зүйн олон асуудал босч ирнэ. Тиймээс Антарктидийг явж явж олон улсын консорциумууд л эзэмших байх. Орос, Америк, Хятадын нэрэн дор ч юмуу. Тухайлбал, “Роснефть” маань дэлхийн тэргүүлэгч компани болж эхэлж байгаагийн хувьд Карын тэнгис дэх Шинэ Газрын ойролцоох ашигт малтмалыг боловсруулах төслүүд нь олон улсын шинж чанартай болно. Улс орнуудын хоорондох ширүүн харилцаа ч аажмаар зөөлөрч, улмаар нэгдэн нийлэхэд хүргэнэ. Гэхдээ байгалийн нөөцийн “хурц дутагдал” бий болбол улс хоорондын харилцаа эсрэгээрээ ширүүсч эхлэх магадлал бий” гэв.

Антарктид тивийн нутаг дэвсгэр дээр байгалийн нөөц олборлохыг хориглосон тухай Антарктидын хэлэлцээр гэх баримтыг 50 жилд нэг удаа авч хэлэлцдэг ажээ. 2009 онд болсон хуралдаанаар энэхүү баримтад нэг ч өөрчлөлт оруулаагүй юм байна. Харин дараагийн хуралдаан дээр уг хэлэлцээрт нэгдсэн орнуудын төлөөлөгчид Антарктид тивд тус тусын хил хязгаарыг тогтоох санаачилга гаргаж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна. Анх 1959 онд энэхүү хэлэлцээрийг байгуулахад 12 орон нэгдсэн байв. ОХУ, АНУ тэргүүтэй эдгээр орон тухайн үед Антарктидад ашигт малтмал боловсруулах ажил эхлүүлэхийг хүсч байсан юм. Өдгөө энэ хэлэлцээрт 40 гаруй улс нэгдээд байна. Монгол Улс 2012 онд энэхүү хэлэлцээрт нэгдэнэ гэж мэдээлж байжээ.

http://rus.ruvr.ru/2013_01_01/U-kogo-est-pravo-na-Antarktidu/