Беназир Бхуттогийн хүү Пакистаны ардчиллыг аварна гэв

Posted on Нэг дүгээр сар 4, 2013

0


Ерөнхий сайд агсан Беназир Бхутто

Пакистаны хамгийн алдартай улс төрчдийн залгамжлагч гэх 24 настай энэ залуу алан хядагч, дарангуйлагчдаас эмээхгүй буйгаа мэдэгдлээ-

Bilawal-ZardariПакистаны Ерөнхий сайд агсан Беназир Бхуттогийн 24 настай хүү Билавал Бхутто Зардари өнгөрөгч долоо хоногт улс төрийн замналаа их тод эхлүүллээ. Тэрбээр ээжийнхээ амь үргэдсэний таван жилийг тохиолдуулан нэлээд хурц үг хэлэв. “Беназир Бхутто миний хэлэх үгийг гэрчлэх болтугай. Би Пакистаны ардын намыг алан хядагчдаас хэзээ ч эмээлгүй, дарангуйлагчдад хэзээ ч бөхөлзөлгүй явах болно гэдгийг амлаж байна” гэж Билавал хэлсэн юм. Сүүлийн хэдэн жилийн турш ислам шашинтнуудын эсэргүүцэл, эдийн засгийн сулхан өсөлтийн улмаас хүндхэн байдалд ороод байгаа ПАН-ын гишүүд түүнийг ирээдүйн удирдагчаа гэж баяртайгаар хүлээн авч байгаа харагдав. Тус улсын Ерөнхий сайд, ПАН-ын гишүүн Ража Первез Ашраф ч гэсэн “Билавал нь манай үндэстний болон ардчиллын цувааны тэргүүнд явах болно” гэж мэдэгдлээ.

Билавал саяхан Оксфордыг төгссөн бөгөөд сонгуульд оролцоход одоохондоо арай залуудна. Гэвч түүнийг ПАН-ын нүүр царай болох ёстой гэсэн хүлээлт үүсээд байгаа. Учир нь ирэх онд болох үндэсний сонгуульд энэ нам эрх барих эрхээ хадгалж үлдэнэ гэдэгт найдлага тавьж байгаа юм. Улс төрд угсаа залгамжлах явдлыг энэ бүс нутагт хэвийн үзэгдэлд тооцдог. Тиймээс ПАН-ын гишүүд Билавалыг дэмжинэ гэдэгт эргэлзэх ч хэрэггүй. Билавал нь Беназир Бхуттогийн хүү төдийгүй ПАН-ыг үүсгэн байгуулсан, Ерөнхий сайд агсан Зульфикар Али Бхуттогийн ач хүү билээ. Зульфикар Али Бхуттог цэргийн эргэлтээр огцруулж байсан төдийгүй 1979 онд генерал Мухаммед Зия-уль-Хакийн дэглэмийнхэн түүнд цаазын ял тулгаж байлаа.

Ер нь Пакистаны улс төрийн түүхийг нэг үгээр тодорхойлж хэлбэл, энэ улс хэдэн арван жилийн туршид цэргийн дэглэм болон ардчиллаар ээлжлэн дамжиж ирсэн гэж хэлж болно. Беназир Бхутто эцгийнхээ үхлийн дараа ардчиллын төлөө тэмцэгч гэдгээрээ дэлхий дахинаа алдаршиж байсан. Харин генерал Зиягийн үхлээс хойш 1980, 1990-ээд онуудад хоёр удаа Ерөнхий сайдаар томилогдож байсан түүхтэй. Үүнээс гадна энэ эмэгтэйг Пакистаны цэргийн сүүлчийн дарангуйлагч Первез Мушаррафыг огцруулах үйлст тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэж 2007 онд амиа алдахаасаа өмнө тус оронд ардчилал эргэн ирэх найдварыг иргэддээ төрүүлж чадсан улстөрч гэж үздэг.

Беназир амьд ахуйдаа тодорхой хэмжээний сул талтай байсан хэдий ч түүний хүрсэн амжилтууд нь өдгөө хүүд нь улс төрийн өв болон ирлээ. Бхутто овгийнхон Пакистаны төрийг шашнаас ангид орших ёстой гэсэн үзэлд баттай зогсдог хүмүүс байв. Үүний улмаас Пакистаны төр ислам шашны хэт даврагсадтай, тэр дундаа “Талибан” хөдөлгөөнийхэнтэй олон жилийн турш тэмцсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд байнга шахам гарч байсан алан хядах ажиллагаанууд зогсч Пакистаны тоомохон хотууд өнөөдөр амар тайван амьдралд бялхаж байгаа ч гэлээ ислам шашинтнуудыг олон олон балмад гэмт хэрэгт сэжиглэж байна. Тухайлбал, шиит шашинтнуудын цөөнхөд халдсан гэмт үйлдэл, саа өвчнөөс сэргийлэх вакцин тарьж байсан эмнэлгийн ажилчид, цагдаа нарын эсрэг явуулсан гэмт үйлдэл, мөн эмэгтэйчүүд боловсрол эзэмших эрхтэй гэж уриалаад золоор амьд үлдсэн 15 настай Малала Юсафзай охины эсрэг хийсэн балмад хэргийг ислам шашинтнуудад тохож байгаа. Тийм учраас Билавал “Та нар гэм зэмгүй хүмүүсийг алж байгаа үйлдлээ хэзээ зогсоох вэ? Малала гэх ганц охиныг аллаа гээд түүний оронд мянган Малала гарч ирнэ. Та нар Беназир гэсэн ганц эмэгтэйг алсан ч түүний оронд мянган эмэгтэй гарч ирсэн” хэмээн онцолж дурдлаа.

Беназирийн нөхөр, Билавалын эцэг Азиф Али Зардари тэргүүтэй Пакистаны өнөөгийн Засгийн газар эдгээр асуудлын өмнө хүч мөхөстдөг гэж санагддаг юм. Олон жилийн туршид алан хядагчидтай хамтарч ажиллаж байгаа гэдэгт сэжиглэгддэг тус улсын зэвсэгт хүчин ч Пакистаны аюулгүй байдлын бодлогыг гартаа оруулсан гэж хэлж болно. Улстөрчид нь ч аминд халтай гээд хэт даврагсдад илт эсэргүүцэл үзүүлж чадахаа больжээ (Пенжаб хэмээх хамгийн том мужийн даргыг ислам шашныг хамгаалах тухай хуулийг эсэргүүцсэн гэх шалтгаанаар өнгөрөгч онд цааш харуулсан юм. Түүнийг хороосон этгээдийг шүүх танхимд орж ирэхэд ислам шашинтнууд замд нь сарнайн дэлбээ цацаж тахин шүтэж байв). Пакистаны дээдчүүлийн дунд өдгөө ардчиллын төлөө тэмцэл гэж үгүй болсон байна. Либерал, төв үзэлтнүүд тойрч нягтрах нэгдсэн бэлгэ тэмдэг байхгүй байгаа учир ард иргэд нь ч юугаа, хэнийгээ дэмжихээ мэдэхгүйд хүрчээ. Энэ утгаараа Пакистаны хувь заяа чухамхүү Бхутто овгийн залгамжлагчаас ихээхэн шалтгаалах боллоо.

Харин Билавал иргэдийнхээ найдварыг хүлээж чадах болов уу. Зарим шинжээчид амьдралынхаа ихэнх жилийг хилийн чанадад өнгөрүүлсэн Билавалыг олон нийттэй дотно харилцаа үүсгэхийн тулд нэлээд хөдөлмөр зарцуулна гэж үзэж байна. Тэр дундаа Билавал урду аялгаар тийм ч сайн ярьж чаддаггүй нь олон шинжээчийн сонирхлыг татаад байгаа. Нөгөө талаар, Бхутто хэмээх брэнд нэр урьдын адил хүчтэй гэж хэлэхэд эргэлзээтэй. “The Guardian” сонины Жейсон Берк “Зарим хүн хотын залуусыг, тэр дундаа нэлээд шашинлаг иргэдийг Билавал өөрийн талдаа оруулж чадна гэдэгт эргэлзэж байна” гэж бичжээ. Магадгүй л юм. Яагаад гэвэл, тус улсын крикетийн алдарт тамирчин Имран Хан саяхнаас улс төрд нэлээд хүчтэй орж ирлээ. Түүний нэр хүнд өдрөөс өдөрт өсч яваа тул энэ нэр дэвшигчтэй эн зэрэгцэхийн тулд ПАН ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа.

Үүнээс гадна Бхуттогийн гэр бүлийг тойрсон авлигын асуудал Билавалын нуруун дээр хүнд ачаа болох магадлалтай. Чухамхүү авлигын асуудлын улмаас Беназир Бхуттогийн бүрдүүлсэн Засгийн газрууд огцорч байсан билээ. Мөн түүний нөхөр буюу Билалын эцэг Азиф Али Зардариг авлигын хэрэгт сэжиглэн Дээд шүүхээс үргэлжлүүлэн шалгаж байгаа. Ер нь Пакистаны улс төрийн хүрээнийхний дунд авлигын асуудал өргөн тархсан байдаг учраас эдийн засгийн өсөлтөд саад тотгор болж, Засгийн газарт итгэх итгэлийг алдагдуулахад хүргээд байгаа юм. Тийм учраас амжилт олохын тулд Билавал өөрийн нэр хүндээ цэвэр ариун байлгахын төлөө хичээгээд зогсохгүй нам дотроо, бүр гэр бүл дотроо авлигын эсрэг тэмцлийг өрнүүлэх зайлшгүй шаардлага тавигдаж байна.

 

http://inosmi.ru/india/20121231/204037354.html#ixzz2Gn22afPp