Депардье тулдаа л авлаа

Posted on Нэг дүгээр сар 5, 2013

0


Депардье Москвад. Архивийн зураг

-Жерар Депардье ОХУ-ын иргэн боллоо-

Энэ сарын 3-ны өдрийн үдээс хойш Кремлийн цахим хуудсанд Францын жүжигчин Жерар Депардьег ОХУ-ын иргэн болохыг зөвшөөрсөн тухай Ерөнхийлөгчийн зарлиг нийтлэгдсэн байв. Зарлигт уг жүжигчний Оросын кино урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж иргэншил олгосон тухай дурдсан байлаа. Дээрх үйл явдалтай зэрэгцэн Рамзан Кадыров түүнийг Чеченьд ирж суурьшихыг урив. Харин Москвагийн гаргасан шийдвэрт Депардье өөрөө хэрхэн хандаж байгаа талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл алга байна. 

Жерар Депардье Францын Ерөнхийлөгч Николя Саркозиг бүх талаар дэмжиж, өөрийн андаа гэж үздэг байсан тул өнгөрөгч онд халааг нь социализмийг дэмжигч Франсуа Олланд хүлээн авсан үеэс эхлээд л алдарт жүжигчинд эх орондоо аж төрөх нь туйлын тухгүй болж эхэлсэн билээ. Францын шинэ Засгийн газар нь ч жилд 1 сая еврог давсан орлоготой иргэдээс орлогын албан татварыг 75 хувиар тооцож авах шийдвэр гаргасныг хэлэх үү. Ийм шийдвэр гармагц Францын нөлөө бүхий баячуул дургүйцэж буйгаа илэрхийлж үүний улмаас өөр орон руу зугтахад бэлэн гэдгээ мэдэгдэж эхэлсэн. Тухайлбал, өнгөрөгч намар тус улсын хамгийн баян хүн гэгддэг Бернар Арно амьдрах газраа солих санаатай байгаагаа зарлаж байлаа.

Жүжигчин Депардье ч бас энэ үйл явдлын гадна үлдсэнгүй. Өндөр татварын улмаас Бельгид оршин суух бодолтой байгаагаа мэдэгдсэн. Учир нь Бельгийн хамгийн баян хүмүүс нь гэхэд л орлогын албан татвараа 50 хувиар л тооцуулдаг. Харин ийм үйлдэл хийснийхээ төлөө Депардье Францын Ерөнхий сайд Жан-Марк Эйрогоос “өрөвдмөөр шийдвэр” гэсэн шүүмжлэл хүртээд авсан. Ерөнхий сайдын энэ үгэнд гомдсон Депардье сонин хэвлэлээр дамжуулан түүнтэй маргасаар эцсийн дүндээ улсынхаа удирдлагатай нэг мөр муудаж орхив. Депардье Ерөнхий сайдад хаягласан захидалдаа “Та бүхэн аливаа хүнийг амжилт гаргаж, уран бүтээл туурвиж, авьяастай төрснийн нь төлөө шийтгэх хэрэгтэй гэж үздэг учраас би эх орноо орхиж байна” гэж бичээд социалистууд байсан байгаагүй уран бүтээл туурвиж өнөөдрийг хүргэсэн энэ он жилүүддээ 145 сая еврогийн татвар төлсөн гэдгээ дурдсан байлаа. Удалгүй олон нийтийн хэрэгслээр дамжуулан Депардье Францын иргэншлээс татгалзаж буйгаа илэрхийлсэн билээ.

1987 онд Москвад болсон Олон улсын кино наадмын үеэр

1987 онд Москвад болсон Олон улсын кино наадмын үеэр

Уг нь Депардьетэй муудалцахаас өмнөх үед татварын асуудал дээр иймэрхүү туршилт явуулах Олландын санаачилга нь Францын дотоод асуудал байсаар ирсэн юм. 2008 онд Европыг нөмөрсөн хямралын дараа энэ тивийн банкны эздэд үл ойлгогдох шалтгаанаар өндөр урамшуулал олгож эхэлсэн явдлыг зүүнтнүүд ширүүн эсэргүүцэж байсан тул тухайн үед баячуудын хөрөнгийг дахин хуваарилалтад оруулж зарим хөрөнгийг ядууст ногдуулах нь анхандаа зөв шийдвэр гэж харагдаж байсан нь үнэн. Тийм учраас Францын саятнууд эх орноосоо зугтах гэж байгааг энгийн хүмүүс гайхашран хүлээж авч байсан явдлыг ойлгож болохоор байв.

Гэтэл яагаад ч юм бэ, Депардьегийн хувь заяанд гэнэт Москва санаа тавьж эхэлдэг юм байна. Улмаар нөхцөл байдал бүр асар хурдтай өрнөж эхэлсэн.

Бодоод байх нь ээ, энэ үйл явдал оновчгүй нэг алиа ярианаас эхэлсэн санагдана. Тодруулбал, Депардье зоогийн газар нөхөдтэйгөө хуучилж суухдаа Францын иргэншлээс татгалзангуутаа Бельги, Черногори эсвэл ОХУ-д байнга орших суух боломжийг судалж байгаа талаар ярьсан гэдгийг Францын “Le Monde” сонин мэдээлсэн юм. Ингэхдээ жүжигчин маань Бельгид өөрийн гэсэн байртай, Черногорит болохоор түүний найз нөхөд, мөн бизнес нь байгаа, харин ОХУ-аас Путин түүнд Оросын паспорт илгээсэн талаар нэмж хэлсэн гэх.

Дээрх мэдээлэлд гайхширсан сэтгүүлчид тэр дор нь Кремлиэс албан ёсны тодруулга авахаар яаравчлав. Тэгтэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Францын жүжигчинг зүгээр л марзагнаж байхдаа ийн хэлсэн байх гэсэн хариултыг өгч байлаа. “Би л лав энэ тухай огт сонсоогүй юм байна” хэмээн Песков “AFP” агентлагт тэр үед өгсөн ярилцлагадаа дурдсан байсан юм. Харин Чечений тэргүүн Рамзан Кадыров жүжигчин Депардьегийн хүслийг хэдийнээс мэддэг болж таарав. Тэрбээр “Депардье Орост элэгтэй гэдгийг би мэднэ. Тиймээс Депардье иргэншил хүссэн байж болохыг үгүйсгэхгүй байна. Хэрэв ОХУ-ын удирдлага эерэг хариулт өгч иргэншлээ олговол бид түүнд соёл урлагийн агуу зүтгэлтний адилаар хүндэтгэн үзүүлэх ёстой бүх нөхцлийг бүрдүүлж өгнө” гэж тэмдэглэн хэлэв (http://bit.ly/VQuXBk).

Депардьед Чечень улсын хүндэт жүжигчин болох ирээдүй таалагдаж байгаа эсэхийг сэтгүүлчид өөрөөс нь тодруулж чадсангүй. Гэхдээ тэд маргааш өдөр нь ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан Депардьед паспорт олгосон эсэхийг тодруулж чадав. Саяхан хийсэн хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Хэрэв Жерар ОХУ-д оршин суух эсвэл Оросын паспорттой болохыг хүсч байгаа нь үнэн бол энэ асуудал шийдэгдсэн, ингэхдээ бүр эерэгээр шийдэгдсэн гэж ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

Энэ өдрөөс хойш ОХУ-ын Цагаачлалын албаныхан Депардьегийн иргэншлийн талаар асууж сурагласан хүмүүсээс салахаа болив. Асуусан хүн бүрт тэд Депардьег Оросын эрх баригчдад хандан хүсэлт тавьбал түүнд паспорт олгох асуудлыг албан ёсоор авч хэлэлцэхэд бэлэн буй хэмээх ганц хариултыг өгсөөр байв. Юутай ч, өнгөрөгч сарын 27-нд Цагаачлалын албаны тэргүүн Константин Ромодановский Францын жүжигчин Депардьег Оросын иргэншил авах тухай хүсэлтээ ирүүлээгүй гэж мэдэгдсэн юм. Тэгтэл ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Орост орлогын албан татварыг 13 хувиар нь хэвээр байлгахаа амлаад тоглоом тохуу болгож Депардьег Орост ирж амьдрахыг урьсан нь гал дээр тос нэмсэн дайны хүчтэй өрнөлийг дэгдээж орхисон билээ.

Өнөөдрийн нөхцөлд Депардьегийн иргэншлийн тухай асуудал ийнхүү шийдэгдсэн гэж үзэж болно. Учир нь Депардье өнөөг хүртэл иргэншлээ солих тухай хүсэлтээ Бельгийн удирдлагуудад тавиагүй байгаа төдийгүй орлогын албан татварыг 75 хувь болгож өсгөх тухай Францын Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэдгийг өнгөрөгч сарын 29-ний өдөр Францын Үндсэн хуулийн цэц албан ёсоор зарлачихсан (http://bit.ly/RmSmxC). Харин Францын Засгийн газар үүний хариуд шийдвэрээ дахин дэвшүүлж тавина гэдгээ амалсан ч Депардьегийн түрийвчинд учраад байсан заналхийлэл ингээд төгсгөл болж чадсан билээ.

Елисеевскийн дэлгүүрийн сурталчилгааны зураг авалт

Елисеевскийн дэлгүүрийн сурталчилгааны зураг авалт

Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Владимир Путин ч бас Жерар Депардьед ОХУ-ын иргэншил олгох тухай зарлиг гаргачихлаа. Ингээд бодохоор, Путин шинэ жилийн мэндчилгээндээ “гайхамшиг заримдаа биелдэг” хэмээн дурдахдаа их зөнтэй үг хэлжээ. Юутай ч, нэг франц эрийн хувьд зөгнөл биеллээ оллоо.

Энэ сарын 3-ны өдөр Кремлийн цахим хуудсанд нийтлэгдсэн Ерөнхийлөгчийн зарлигт “ОХУ-ын Үндсэн хуулийн 89 дүгээр зүйлийн “а”-д заасныг мөрдлөг болгон 1948 онд Францад төрсөн Депардье Жерар Ксавиегээс ирүүлсэн ОХУ-ын иргэншил авах тухай хүсэлтийг нь зөвшөөрсүгэй” гэсэн байв. Тэрхүү 89-ийн “а”-д зааснаар, ОХУ-ын иргэншлийг болон улс төрийн орогнол олгох тухай асуудлуудыг Ерөнхийлөгч шийднэ гэж заасан байдаг учраас Путин ноён Депардьег баярлуулах бүрэн эрхтэй гэсэн үг. Ер нь бол Путин нэг бус хүнийг ингэж баярлуулсан. Тухайлбал, 2000 онд Путин Латвидаа цэргийн гэмт хэрэгтэнд тооцогдож ял аваад байсан Василий Кононов хэмээх Агуу их Эх орны дайны ахмад дайчинд ОХУ-ын иргэншлийг олгож байлаа. Түүнчлэн насан туршдаа Гүржийн иргэншилтэй явсан Зураб Церители хэмээх уран барималчинг 2004 онд Оросын иргэн болгосон. Мөн генерал Деникиний охин Марина Деникинад болон нэрт яруу найрагч Александр Пушкиний үр удам гэх Бельгид амьдарч байсан хэдэн хүнд Оросын иргэншлийг олгосон билээ.

Кремлийн зүгээс Депардьед иргэншил олгох болсон шалтгаанаа түүний Оросын соёл урлагийн хөгжилд оруулсан хувь нэмэртэй холбон дурдсан байсан нь илүүц байлаа. Энэ жүжигчин Распутиний дүрийг бүтээснээс гадна Оросын кетчуп, банк, гал тогооны тавилгын сурталчилгаанд тоглосон нь үнэн. Тэгээд ч нэгэн цагт нутаг нэгтнүүддээ дарамтлуулсны улмаас хэсэгтээ л Оросын нутагт орогнож явсан Киргизийн Ерөнхийлөгч асан Аскар Акаев, Ажарын удирдагч асан Аслан Абашизе болон бас бус хүмүүсийг бодвол Оросын гэрийн авхай нарын амьдралд Депардье илүү хувь нэмэр оруулсныг үгүйсгэх аргагүй.

Гэхдээ хамгийн сонирхолтой нь, Ерөнхийлөгчийн зарлигийг уншихаар алдарт жүжигчин маань ОХУ-ын иргэншил олгохыг хүссэн тухай өргөдлийг үнэхээр өгсөн болж таарлаа. Тэр утгаараа жилийн дараа түүнд хэдий хэмжээний тэтгэвэр ногдох, Белоруссийн түүх дурсгалын аль газруудаар нь аялах эсэхээ өнөөдрөөс эхлэн судлах боломж Депардьед бүрдлээ гэж хэлж болно.

"Распутин" киноны зураг авалтын үеэр

“Распутин” киноны зураг авалтын үеэр

Тэгтэл шадар сайд Дмитрий Рогозин жүжигчин Депардьед иргэншил олгосон тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсныг мэдсэн даруйдаа чинээлэг европчууд ийнхүү ОХУ-д нүүдэллэж эхэлж буйг зөгнөв. Рогозин “Барууны иргэд манай татварын системийн талаар ойлголт муутай байдаг. Харин сайн ойлгож чадсан тохиолдолд чинээлэг европчууд бөөнөөрөө Орост орж ирэх болно” хэмээн Твиттертээ бичсэн байв. Жилдээ зуугаар тогтохгүй тэрбум долларыг “угааж” байдаг Оросын хувьд Депардьегийн хэдхэн саяын хөрөнгө юу ч биш гэдгийг мартсан энэхүү төрийн албан хаагчийн үзэл бусдад ч халдаж амжлаа. Тэглээ гээд тийм эрс тэс уур амьсгалтай Орос орон руу “Роллинг Стоунз” хамтлаг дүрвэн ирж шинэ жилийн “Баярын мишээл” дээр Николай Басковтай хамт дуулаад зогсч байх нь юу л бол. Нөгөө талаар, Депардьетэй нутаг нэгт болох нь үнэндээ бахархмаар ч юм шиг. Москва дахь Хельсинкийн бүлгийн тэргүүн Людмила Алексеева “Иргэншлийг хэндээ өгөх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх. Надад бол Депардье өөрөө Оросын иргэншил хүссэн үү, үгүй юу гэдэг нь л сонирхолтой байна. Миний мэдэхээр энэ хүн Бельгид оршин суух санаатай байсан. Гэхдээ хажуугаар нь Оросын иргэншилтэй болохыг хүссэн нь үнэн бол бид баярлах ёстой. Яагаад гэвэл, энэ хүн дэлхийн од учраас Оросын иргэн болбол их таатай санагдана. Надад лав их таалагдана” гэж хэлэв.

Гэвч Ерөнхийлөгчийн зарлигийг тэр бүр хүн баяртай хүлээн авсангүй. Тухайлбал, Депардьегийн мэргэжил нэгт анд болох найруулагч, жүжигчин Станислав Говорухин нэлээд хатуу шүүмжлээд авлаа. Тэрбээр Оросын мэдээллийн албанд өгсөн тодруулгадаа “Бас л нэг архичин нэмэгдэх нь. Би л лав гадны хүмүүсийн өмнө бөхөлзөх дургүй. Энд луйвар орсон гэдэг нь харагдаж байна. Тэр хүн энд ирж амьдрах уу. Ер нь Депардьегийн тухай ярихаас дургүй хүрч байна” гэж хэлээд яриагаа шууд зогсоосон юм. Харин Чечений тэргүүн Депардьег ахиад л Грозныйд төвхнөхийг урилаа. Уг нь энэ улс ч бас согтуугаар автомашин жолоодохыг гэмт хэрэгт тооцдог л юмсан (http://bit.ly/VhnxwC). Харин Рамзан Кадыров зочломтгой зангаа харуулан “Бид их баярлана шүү” хэмээх үгсийг Твиттертээ бичсэн байв (http://bit.ly/RvS33s). Тэгсэн Киров мужийн дарга Никита Белых “Одоо Депардьег мужийнхаа Санчурск дүүрэгт бүртгэж авах хэрэгтэй” гэсэн саналыг дэвшүүлж байх юм (http://bit.ly/Znh98l). Ийм олон санал ирэхээр үнэхээр толгойгоо алдаж мэдэхээр болоод байна шүү.

http://lenta.ru/articles/2013/01/03/jerar/