Пентагон болон ТТГ-ыг удирдах магадлалтай хүмүүс

Posted on Нэг дүгээр сар 8, 2013

0


Obama Nominates Hagel For Defense Secretary, Brennan For CIA Chief

Өнгөрөгч даваа гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Пентагон, ТТГ-ыг удирдуулах хүсэлтэй байгаа хүмүүсийнхээ нэрийг зарлалаа. Чак Хейгел, Жон Бреннан нарыг эдгээр албан тушаалд томилогдох өндөр магадлалтай гэдгийг судлаачид эртнээс таамагласаар ирсэн билээ. 

Ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч даваа гаригт Пентагоны тэргүүнд буюу АНУ-ын Батлан хамгаалахын сайдад сенатч асан, Бүгд найрамдах намын гишүүн Чак Хейгелийг, харин Тагнуулын төв газрын даргад Алан хядах ажиллагаатай тэмцэх асуудлыг эрхэлсэн Ерөнхийлөгчийн зөвлөх Жон Бреннаны нэрийг дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ. Обамагийн хийсэн мэдээлэл олныг тэгтэл гайхашруулсангүй. Учир нь судлаач, сэтгүүлч нар аль эртнээс л эдгээр албан тушаалд дээрх хоёр хүн томилогдох хамгийн өндөр магадлалтай гэж нэрлэсээр ирсэн. Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшээд байгаа Жон Керритэй хамт Хейгел, Бреннан нар Обамагийн шинэ захиргаанд оройлох үүргийг гүйцэтгэх гол хүмүүс болох учиртай.

Чак Хейгел

Хэрэв Хейгел томилогдож чадвал дарийн утаа үнэрлэж явсан цөөн хэдэн сайдын нэгд тооцогдох

Чак Хейгел

Чак Хейгел

төдийгүй Вьетнамын дайны ахмад дайчин гэсэн цолтой анхны сайд болно гэдгийг Обама тэмдэглэж хэллээ.

Хейгелийг танилцуулахдаа Обама “Чак Хейгел бол манай зэвсэгт хүчний бахархам удирдагч. Тэрбээр бүх амьдралаа эх орныхоо аюулгүй байдалд зориулж ирсэн бөгөөд Америк улс холбоотнуудтайгаа хамт ажиллавал бүхнээс хүчтэй байж чадна гэж ойлгож явдаг хүн. Харин бизнес эрхэлдэг хүнийхээ хувьд бол мөнгийг ухаалгаар зарцуулах ёстой гэдгийг мэддэг нэгэн. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн захиргаанд уламжлал ёсоор хоёр намын төлөөлөл зайлшгүй шаардлагатай байгаа нөхцлийг Чак Хейгел хангаж чадна. Бид ардчилагчид ч, бүгд найрамдахчууд ч биш, гагцхүү Америкийн иргэд гэх ойлголт л юунаас ч чухал байна. Чак, энэ албан тушаалд нэр дэвшихийг зөвшөөрсөн чамд баярлалаа” гэж Обама хэлэв.

Чак Хейгелийн намтраас цухас дурдахад:

1946 оны аравдугаар сарын 4-нд Небраска мужийн Норт-Платт хотноо төрсөн.

1967-1968 онд Америкийн армид байхдаа Вьетнамын дайнд оролцож “Час улаан зүрх” одонгоор хоёр удаа шагнуулж байсан.

1969-1971 онд орон нутгийн радиод тоймчоор ажиллаж мөн ондоо Небраскагийн их сургуулийг дүүргэсэн.

1971-1977 онд Бүгд найрамдах намаас сонгогдсон Конгрессийн гишүүний арын албанд зүтгэж байгаад дараа нь дөрвөн жилийн хугацаанд Вашингтоны нэлээд хэдэн лобби пүүст ажиллаж байжээ.

1981 онд Америкийн ахмад дайчдын асуудлыг эрхэлсэн байгууллагын орлогч захирлаар томилогдож байв. Үүний дараа хувийн хэвшилд шилжин АНУ-ын үүрэн утасны анхны хэдэн компаний нэгийг байгуулсан аж.

1997-2009 онд Небраска мужаас Сенатад сонгогдон ажиллаж байв. Сенатын гишүүн байхдаа Гадаад хэрэг, тагнуул, банкны үйл ажиллагааны асуудлыг эрхэлсэн байнгын хороодод багтаж явжээ. 2008 оны эцсээр Америкийн Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох магадлалтай хүмүүсийн дунд түүний нэр ч бас дуулдаж байсан юм.

Чак Хейгел сүүлийн хэдэн жил Жоржтауны их сургуульд ажиллахын зэрэгцээ тагнуулын асуудлыг эрхэлсэн Ерөнхийлөгчийн зөвлөлийг удирдаж байна. Хейгелийн туршлага, байгуулсан гавьяанд эргэлзэх хүн бараг байдаггүй боловч түүнийг Батлан хамгаалахын сайдад батлах явц нэлээд ширүүн өрнөх магадлалтай.

Түүнийг томилогдож магадгүй гэсэн сургаар Сенатын гишүүд өмнө нь хийж байсан Хейгелийн болчимгүй мэдэгдлүүдийг эргэн санасны зэрэгцээ хэлэлцүүлгийн үеэр түүнээс мундахгүй олон асуулт тавихаар зэхэж байна. Тухайлбал, Хейгел Ойрх Дорнодын талаар ямархуу байр суурьтай байгааг сенатчид нэлээд байцаах санаатай байгаа бололтой. Хейгел цөмийн хөтөлбөртэй холбогдуулан Америкийг Иранд эдийн засгийн хориг тавьсан явдлыг шүүмжилж, энэ арга хэмжээ үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлж байсан удаатай. Үүнээс гадна Америкийн Конгресс “Европын лобби”-д бүрэн автсан, мөн Иран болон “ХАМАС” хөдөлгөөнтэй дипломат харилцаа тогтоох хэрэгтэй гэх зэрэг түүний мэдэгдлүүд нэг хэсэгтээ нэлээд шуугиан тарьж байсан юм. Бас болоогүй, Америк улс Израилийг дэмжиж байгааг шүүмжилж байсан учраас Сенатын гишүүдэд хандаж Хейгелийг Батлан хамгаалахын сайдад томилохгүй байхыг уриалсан цахим хуудас хүртэл нээгдсэн байгаа.

Гэхдээ Америкийн Ерөнхийлөгч Хейгелийг буруу юм ярьж байсан гэж үздэггүй. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хейгелийн мэдэгдлүүдийг цацахдаа ард түмэнд буруу ойлголт төрүүлэхүйц утгатай болгож хүргэсэн гэж Цагаан ордон үзэж байгаа хэмээн Америкийн Үндэсний аюулгүйн зөвлөлийн тэргүүн Бен Родс мэдэгдэж байсан юм.

Хейгелийг эсэргүүцэх бас нэг бүлэг хүн нь ижил хүйстнүүд байх бололтой. 1998 онд Билл Клинтон Люксембург дахь Америкийн Элчин сайдаар томилох гэж байсан нэг эрхмийг Хейгель ижил хүйстэн гэж олон нийтэд зарлаж тун болчимгүй явдал гаргаж байв. Хэдийгээр тухайн үед үүнийхээ төлөө уучлал гуйсан ч энэ явдлыг хүмүүс огт мартдаггүй. Тиймээс Сенатын гишүүд энэ сэдвийг хөндсөн олон асуулт тавих төлөвлөгөөтэй байгаа аж.

Өөрийгөө ижил хүйстэн гэдгийг нуудаггүй залуусыг Америкийн зэвсэгт хүчинд элсүүлэхийг хориглосон “Don’t Ask, Don’t Tell” буюу “Бүү асуу, Бүү ярь” хэмээх алдартай хуулийг Обамагийн засаглалын үед хүчингүй болгосон. Гэсэн хэдий ч Хейгелийг Пентагоны тэргүүнээр томилвол Америкийн зэвсэгт хүчний хуулийг эргэж харах тухай асуудал энэ чигтээ дуусна гэж үзэх хүн олон бий.

Одоогоор Батлан хамгаалахын сайдаар Леон Панетта ажиллаж байгаа бөгөөд энэ албан тушаалыг 2011 оны долоодугаар сараас хойш хашиж байна. Өнгөрөгч арваннэгдүгээр сард Панетта гавьяаны амралтаа эдлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн учраас ийнхүү түүний албыг хүлээлгэн өгөх асуудал боссон юм.

Жон Бреннан

Жон Бреннан

Жон Бреннан

Энэ эрхэм алан хядах ажиллагаатай тэмцэх салбарт арвин их туршлагатай, хилийн чанадад ажиллаж байсан мэргэжлийн тагнуулч. 20 гаруй жилийн ажил нь Тагнуулын төв газартай салшгүй холбоотой явж ирсэн. Жон 2011 оны есдүгээр сарын 11-нд болсон халдлагын дараагаас Алан хядах ажиллагаатай тэмцэх үндэсний төвийг тэргүүлэх болсон төдийгүй дэлхийн номер нэг алан хядагч агсан Осама бин Ладенийг устгах ажлыг удирдан зохион байгуулсан гол хүний нэг. Арабаар чөлөөтэй ярьдаг, арабын ертөнцийг хэнээс ч илүү сайн мэддэг нь түүний давуу тал.

Жон Оуэн Бреннаны намтраас цухас дурдахад:

1955 оны есдүгээр сарын 22-нд Нью-Жерси мужийн Норд-Берген хотноо төрсөн.

1977 онд Фордхэм их сургуулийг, 1980 онд Остин дахь Техассын их сургуулийг тус тус дүүргэсэн. Араб хэлээр чөлөөтэй ярьдаг.

Тагнуулын төв газартай 25 жил хамтарч ажилласан. Ойрх Дорнодын асуудлаарх шинжээч, Саудын Арабт олон жил ажилласан нэгэн. 2001 оноос хойш Алан хядах ажиллагаатай тэмцэх Үндэсний төвийг толгойлж байгаад 2005 онд төрийн албанаас гарах болсноо мэдэгдээд аюулгүй байдлын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг “Analysis Corporation” компанийн Ерөнхий захирлаар ажиллах болсон.

Хувийн салбарт ажиллаж байхдаа ч мэргэжлийн тагнуулын байгууллагуудыг дороо нэгтгэсэн Үндэсний аюулгүй байдлын альянсын даргаар ажиллаж байжээ.

2009 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн дэргэд алан хядах ажиллагаатай тэмцэх асуудлыг эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байна. Түүний ажлын чиг үүрэгт улс орноо байгалийн онц ноцтой үзэгдэл, алан хядагчдаас хамгаалах асуудлыг удирдан чиглүүлэх ажил багтдаг юм.

“Жон өнөөдөртөө алан хядах ажиллагаатай тэмцэх бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг хариуцан удирдаж байгаа. Энэ хүн бол миний дотны найз. Ийм хүнд албыг үүрч яваад нь би их талархдаг. Тиймээс ТТГ-ын ажилтнуудад хандаж хэлэхэд, та нарыг сайн мэддэг, та нарт санаа тавьж чадах сайн удирдагчтай болох нь ээ” гэж Обама өнгөрөгч даваа гаригт мэдэгдлээ.

Өнгөрөгч арваннэгдүгээр сард Америкийн ТТГ-ын дарга Дэвид Петреус огцорсноо мэдэгдснээс хойш энэ алба эзэнгүй байгаа. Холбооны мөрдөх товчоо түүнийг нууц амрагтай байсныг илрүүлсний улмаас Петреус огцорсон билээ.

Бреннаныг томилох асуудалд бас л зарим нэг тээг бий болж мэднэ.

2008 онд ТТГ-ын дарга болох өндөр магадлалтай хүмүүсийн дунд Бреннан байсан юм. Конгрессоор батлуулах үед нэлээд хүндрэл гарна гэж эмээсэндээ Бреннан тэр үед нэрээ татсан. Үнэндээ ч Сенатын гишүүд бага Жорж Бушийн засаглалын үед бий болсон нууц гяндангуудын талаар болон хоригдлуудыг тамлаж байгаа тухай асуултуудаар Бреннаныг булах нь тодорхой байсан. Учир нь бага Бушийн үед Бреннан ТТГ-т өндөр албан тушаалуудыг эрхэлж явсан юм. Өнөөгийн Сенатын гишүүд ч бас дээрх асуултуудыг зайлшгүй тавина гэдэг нь ойгомжтой. Үүнтэй холбоотойгоор, Барак Обама Сенатын гишүүдэд хандан дээрх хоёр нэр дэвшигчийг холбогдох албан тушаалуудад нь үтэр түргэн баталж өгөхийг хүслээ.

Сонирхуулахад, Хиллари Клинтоноос Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт албыг авахаа хүлээж суугаа Жон Керри нь Оросын Догшин Иван хааны удам ажээ.