Болливудын киноноос ч аймаар

Posted on Нэг дүгээр сар 9, 2013

0



-Оюутан бүсгүйг хүчирхийлсэн хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна-

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын дундуур Дели хотноо оюутан охиныг бүлэглэн хүчирхийлсэн явдлыг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр маш их хэлэлцэх боллоо. 23 настай энэ бүсгүй оройн цагаар автобусанд явж байхдаа гэмт хэргийн золиос болсон юм. Үүнтэй холбоотойгоор, Энэтхэгийн Засгийн газар бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэхийг хичээж байгаа авч уг тэмцэл үр дүнгээ өгнө гэдэгт итгэх арга алга.

Хүчирхийллийн тухай мэдээллүүдэд бараг л дасчихсан байсан энэтхэг нийгмийг арванхоёрдугаар сарын 16-нд болсон онц хэрцгий гэмт хэрэг үнэхээр цочоож чадсан юм. Эмч болохоор дадлагажиж байсан Жиоти Сингх Пандей хэмээх бүсгүй тэр орой 28 настай найз залуутайгаа кино үзээд гэр рүүгээ харьж явсан байна. Хоёр залуу нийтийн унаа гэж андууран хувийн хэвшлийн автобусанд суусан ажээ. Энэтхэгийн нийслэлд улсын нийтийн унаанаас гадна хувийн хэвшлийн автобус нийтийн тээвэрт олноороо явдаг учраас ингэж андуурах нь элбэг байдаг.

Тэдний суусан автобусанд жолоочоос гадна таван залуу зорчиж явсан бөгөөд бүгд согтуу байжээ. Тэд залуу хосыг төмөр саваагаар зодсоны дараа Пандей бүсгүйг онц харгис маягаар хүчирхийлсэн аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр бол тэр эрчүүд бүсгүйг хүчирхийлэхдээ ч төмөр саваагаа ашигласан бололтой юм. Үүний уршгаар бүсгүйн гэдэс дотор маш их гэмтжээ. Бузар үйлдлээ дуусгасны дараа тэд хосыг бүрэн шалдлаад автобусны явдал дунд гаргаж шидсэн байна. Пандей бүсгүй эмнэлэгт тун хүнд байдалтай хүргэгдэж ирсэн гэсэн. Хэд хэдэн мэс засал хийлгэсний дараа эмч нар нарийн, бүдүүн гэдэсний тал хэсгийг нь тайрч авчээ. Биеийн байдал нь тийм хүнд байсан хэдий ч бүсгүй цагдаа нарт мэдүүлэг өгч чадсан байдаг.

Хэд хоногийн дараа дээрх явдлын талаар тодорхой мэдээлэл авч чадсан иргэд Дели хотын талбайд жагсаж эхлэв. Тэд төр засагтаа хандан сэжигтнээр баривчлагдаад байгаа зургаан хүнийг цаазаар авч, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдлыг таслан зогсоох талын арга хэмжээ авч явуулахыг шаардаж байлаа. Жагсаалууд нь заримдаа эмх замбараагүй болж байсан хэдий ч арван хоногийн турш идэвхтэй өрнөсөн юм. Цагдаа нар даралтат усан шүршүүр, нулимс асгаруулагч хийг ашиглан жагсагчдыг хөөж байсны зэрэгцээ нийслэлийн төвд олон нийтийн цуглаан явуулахыг хориглож, бүр төв замуудыг ч хааж байлаа.

Арванхоёрдугаар сарын 30-нд Дели хотноо болсон жагсаал

Арванхоёрдугаар сарын 30-нд Дели хотноо болсон жагсаал

Арванхоёрдугаар сарын 26-нд Пандей бүсгүйг Сингапурын эмнэлэгт шилжүүлж, тэндэхийн эмч нар түүний амь насыг аврах гэж гурав хоногийн турш тэмцсэн ч 29-ний өдөр бүсгүй нас барсан юм. Ингээд яг энэ өдөр уг гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан зургаан хүнд эрүүгийн хэрэг үүсгэв.

Улмаар шүүхийн өмнөх урьдчилсан сонсголыг энэ сарын 7-ны өдөр эхлүүлж үүнд автобусны жолооч тэргүүтэй таван хүнийг оролцуулжээ. Одоогоор ах дүү Рам Сингх, Мукеш Сингх болон Паван Гупта, Винай Шарма, Акшай Тхакур нарт цаазаар авах ял оноогоод байна. Гэхдээ дээрх таваас хоёр нь буюу Шарма, Гупта нар хуулийн байгууллагатай тохиролцоо хийж бусдынхаа эсрэг мэдүүлэг өгчээ.

Гай авчирсан тэрхүү автобусанд явж, өдгөө хүчингийн хэрэгт буруутгагдаад байгаа зургаа дахь хүн нь Мохамад Афроз юм. Дунд сургуулийн аттестатаас нь харахад, энэ этгээд 17 нас 8 сартай ажээ. Тиймээс насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр түүний хэргийг өөр шүүхээр шийдүүлэх нь гарцаагүй боллоо. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, чухам Афроз л энэ гэмт хэрэгт оролцсон хүмүүсээс хамгийн харгис авирыг гаргажээ. Чухамхүү Афроз л бүсгүйг хоёр удаа хүчирхийлж, ходоодыг нь гэмтээсэн бололтой юм. Дээрх харгис үйлдлээс гадна хосыг автобуснаас шидэх санаачилгыг ч бас Афроз гаргасан гэж цагдар нар сэжиглэж байгаа аж. Тэгсэн атал насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр цаазын ял сонсохгүй үлдэх боломжтой цорын ганц хүн нь Афроз болж байна. Учир нь Энэтхэгт насанд хүрээгүй хүүхдүүдэд дээд тал нь гурван жилийн хорих ял оноодог гэдгийг “International Business Times” мэдээллээ.

Санаачилгууд

Дээрх гэмт хэргийг мөрдөх явцад Энэтхэгийн хуулийн орчин, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад асар их дутагдал байгаа нь ил болов. Жагсагчдыг тайвшруулах зорилгоор Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх эмэгтэйчүүдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд боломжтой бүх арга хэмжээг явуулахаа амласан.

Удалгүй Засгийн газраас нь Ерөнхий шүүгч асан Жагдиш Шаран Верма тэргүүтэй тусгай комиссийг байгуулсан юм. Энэ комисс 30 хоногийн дотор хууль эрх зүйн орчныг өөрчилж, бэлгийн хүчирхийлэл болон үүнтэй төстэй гэмт хэрэг үйлдэгсдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг хүлээсэн байна. Өнөөдрийн байдлаар, Энэтхэгт бэлгийн хүчирхийлэл үйлдсэний төлөө дээд тал нь бүх насаар хорих ялаар шийтгэдэг аж. Тиймээс тус улсын Засгийн газар онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноож байх талаар хэлэлцэж эхэллээ.

Энэтхэгийн эрх баригч, нийгмийн томоохон зүтгэлтнүүдийн дунд ч бас бэлгийн хүчирхийллийн эсрэг шинэ хуулийг боловсруулж нас барсан 23 настай бүсгүйн нэрэмжит болгох санаачилга яригдаж байгаа аж. Талийгаач охины ар гэр нь уг санаачилгыг зөвшөөрсөн хэмээн мэдээлж байна.

Энэтхэгийн эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийллийн улмаас амиа алдсан бүсгүйн дурсгалыг хүндэтгэв

Энэтхэгийн эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийллийн улмаас амиа алдсан бүсгүйн дурсгалыг хүндэтгэв

Энэ бузар гэмт хэрэг Энэтхэгт төдийгүй бусад оронд ч асар их бухимдлыг төрүүлсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тус орны Засгийн газарт хандан эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангаж, гэмт хэргийн золиос болсон хүмүүст боломжтой бүхнээрээ туслахыг уриалав. Тэрчлэн Дели дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас талийгаач бүсгүйн ар гэрт эмгэнэл илэрхийлсэн байна. Парис, Лондон хотноо аж төрж байгаа энэтхэг иргэд ч бас оршин суугаа газрынхаа Энэтхэгийн ЭСЯ-ны дэргэд цуглаан зохион байгуулж төр засгаасаа яаралтай арга хэмжээ авахыг шаардлаа.

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Дели хотын жагсаалуудыг, мөн хэргийг мөрдөж байгаа явцыг цаг алдалгүй мэдээлж байхдаа талийгаач бүсгүйг “Энэтхэгийн охин” гэж нэрийдэж байв. Талийгаач бүсгүйн нэрийг анх гадаадын хэвлэлүүд олон нийтэд дэлгэсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Уг нь Энэтхэгт гэмт хэргийн золиос болсон хүмүүсийн тухай мэдээллийг олон нийтэд зарлахыг хуулиараа хориглосон байдаг учраас дотоодын мэдээллийн хэрэгслүүд бүсгүйн нэрийг нууцлаад байсан юм. Тэгтэл энэ сарын эхээр талийгаач бүсгүйн 53 настай эцэг нь Английн “The Sunday People” сонинд өгсөн ярилцлагадаа охиныхоо нэрийг хэлчихсэн. Ингэх болсон шалтгаанаа “бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бусад эмэгтэйг зоригжуулахын тулд” охиныхоо нэрийг хэлж байна гэж тайлбарласан байв. Гэвч Пандейгийн эцэг сүүлд дээрх мэдээллээ няцааж дээрх сонинд охины нэрийг зарлах эрх өгөөгүй гэж мэдэгдсэн юм.

Эм хүний хүндхэн хувь заяа

2011 онд Энэтхэгт бэлгийн хүчирхийллийн 24 мянган тохиолдол бүртгэгдсэн байдаг агаад энэ төрлийн гэмт хэрэг жилээс жилд өссөөр байгаа аж. Сүүлийн 20 жилийн дотор гэхэд л энэ төрлийн гэмт хэргийн гаралт хоёр дахин нэмэгдсэн байна. Бэлгийн хүчирхийллийн золиос болсон эмэгтэйчүүдийн 94 хувь нь хүчирхийлэгчээ мэддэг байсан нь ийм гэмт хэргийг гол төлөв хөрш зэргэлдээ амьдардаг эсвэл садан төрлийн холбоотой хүмүүс үйлддэг болохыг батлан харуулж байгаа юм.

Үүнээс гадна 2011 онд гарсан ийм төрлийн гэмт хэргийн 11 хувь нь нийслэл Дели хотод бүртгэгджээ. Тэр утгаараа Дели нь Энэтхэгийн төв хот гэхээсээ илүүтэй “хүчирхийллийн төв” болж хувирсан байна. 11 сая хүн амтай энэ хотод 2011 онд бэлгийн хүчирхийллийн 568 гэмт хэрэг бүртгэгдсэн байхад хамгийн олон хүнтэй (12.5 сая) Мумбайд “ердөө” 218 тохиолдол гарчээ.

Бараг 18 цаг тутамд бэлгийн хүчирхийллийн тохиолдол бүртгэгдэж байгаа гэсэн аймшигтай үзүүлэлтийг харуулж яваа Дели хот энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд хүчирхийлэлд өртөх өндөр магадлалтай гэх хүмүүсийг хүчирхийлэл үйлдэх магадлалтай гэх хүнээс тусгаарлах арга замыг хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, метроны галт тэрэг бүрт эмэгтэйчүүдэд зориулсан тусгай зүтгүүрийг гаргасан байгаа гэдгийг “Associated Press” мэдээллээ. Үүнээс гадна цагдаагийн зарим хэлтэст, тэр дундаа Нью-Делийн их сургуулийн дэргэдэх хэлтэст дан эмэгтэй цагдаа нар ажиллах болсон байна.

Гэхдээ бэлгийн хүчирхийллийн асуудал бол Энэтхэгийн эмэгтэйчүүдийн амьдралд учирч байгаа зөвхөн нэг л бэрхшээл нь юм. Олон янзын судалгааны дүнгүүдээс харж байхад, энэ улсын эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь хэт дорой түвшинд хэвээрээ яваа юм байна. Өнгөрөгч зун гэхэд л “Их 20”-д багтдаг орнуудын чансааны үзүүлэлтээр зөвхөн Энэтхэгт л эмэгтэйчүүд хамгийн дорой амьдралтай байгаа нь харагдсан. Энэ оронд эмэгтэйчүүдээ боол болгож худалдах, охидоо 10 настайд нь хадамд гаргах, бүсгүйчүүдийг зарцлах гэх зэрэг үеэ өнгөрөөсөн уламжлал өнөөг хүртэл амь бөхтэй оршиж байгааг Английн “TrustLaw” хэмээх агентлагаас явуулсан санал асуулгад оролцсон нэр бүхий шинжээч, судлаач нар дурдсан байна.

Үүнээс гадна эмэгтэйчүүд нь жирэмсэлнийхээ дараа охинтой болно гэдгийг мэдмэгцээ ургаа авахуулах явдал элбэг гарч байгааг статистикийн мэдээллээс харагдлаа. Эхо оношлогооны технологи хөгжиж байгаагийн хэрээр жирэмслэлтийг таслах үзэгдэл нэн аюултай түвшинд хүрчээ. Тухайлбал, 1961 онд Энэтхэгт долоон нас хүртэлх 1000 хүү тутамд 976 охин ногддог байсан бол 2011 онд охидын тоо 914 болж буурчээ. Судлаач нар дээрх шалтгааныг Энэтхэгт 1961 оноос хойш ураг төрөл барилдахдаа охины талын инжийг хориглох шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн ч гэлээ хүргэний талд их хэмжээний мөнгө өгөх уламжлал амь бөхтэй оршсон хэвээр байгаатай холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, энэтхэг айл хүүтэй байх нь илүү ашигтай гэдгийг илтгэж байгаа юм.

Энэтхэгийн эмэгтэйчүүдийн аж амьдрал ямар дорой байгааг статистик мэдээллүүд батлаад байгаа учраас Пандей бүсгүйд тохиолдсон золгүй явдал Энэтхэгт бухимдал төрүүлснийг гайхмаар. Тэр бүү хэл, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө том том уриа лоозон дэвшүүлж буй өнөөгийн нөхцөлд хүртэл бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг саарсангүй. Бас нэг хэрэг гараадахлаа. Тодруулбал, энэ сарын 4-нд Дели хотын ойролцоох Ноида хотод 21 настай үйлдвэрийн ажилтан бүсгүй бүлэг этгээдэд хүчирхийлүүлсний улмаас нас барсан тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдав. Эцэг нь охиноо сураггүй алга болсон талаар баасан гаригт мэдээлэхэд цагдаа нар охиныг нь найзуудтайгаа хамт яваа биз гээд тоогоогүй аж. Гэтэл өнгөрөгч бямба гаригт түүний цогцсыг олжээ. Тиймээс эдгээр цагдаа нарын албан тушаалыг түр хугацаагаар түдгэлзүүлээд байгаа талаар тус улсын мэдээллийн хэрэгслүүд дамжууллаа.

Дээрх гэмт хэрэгтэй холбоотойгоор Ноида хотод ч бас эмх замбараагүй байдал үүсч эхэлсэн байна. “Би-би-си” агентлагийн мэдээлж буйгаар, цагдаа нар уг хэрэгт гурван хүнийг сэжиглэж байгаа бөгөөд хоёрыг нь баривчилж чадсан аж. Гурав дахь этгээд нь сураггүй алга болсон бололтой.

http://lenta.ru/articles/2013/01/08/rape/