Тангараг өргөх ёслол хүлээж байг ээ

Posted on 1 сар 10, 2013

0


Уго Чавес, Николас Мадуро нар

-Венесуэлийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа-

Венесуэлийн Үндэсний хурал өнгөрөгч мягмар гаригт тус улсын Дэд Ерөнхийлөгч Николас Мадурын хүсэлтийн дагуу өдгөө Кубад хавдрын эсрэг эмчилгээ хийлгүүлж буй Уго Чавесийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг хойшлуулахыг зөвшөөрлөө. Энэ шийдвэр сөрөг хүчнийхний дунд томоохон шуугианыг дэгдээсэн бөгөөд сөрөг хүчний төлөөлөл эрх баригчдаа Үндсэн хууль зөрчсөнд буруутган дахин сонгууль явуулахыг шаардсан байна.

Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод байгаа Уго Чавес тангараг өргөх ёслолдоо оролцож чадах эсэх тухай маргаан өнгөрөгч оны эцсээр дэгдэж эхэлсэн билээ. Чавес хорт хавдраа авахуулах гэж зунаас хойш гурван ч мэс заслын ард гараад байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын эхээр ээлжит удаагаа Хавана хотыг зорьсон юм. Энд шинжилгээ хийлгүүлээд хорт хавдрын эс ахиад илэрсэн тул мэс засалд орох шаардлагатай болсноо мэдэгдэж байлаа.

Ингээд арванхоёрдугаар сарын 11-нд Чавес мэс засал хийлгэсэн. Харин хоёр хоногийн дараагаар биеийн байдал нь дордож байгаа тухай мэдээллүүд түгж эхэлсэн юм. Мэс заслын дараа их хэмжээний цус алдаж, тэрийг нь зогсоох гэж нэлээд удсан гэдгийг Венесуэлийн Харилцаа холбооны сайд Эрнесто Вильегас мэдэгдэж байлаа. Чухам тэр үед л Чавесийн биеийн байдал муу байгаа учир Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолдоо оролцож чадахгүй байх гэсэн мэдээллийг сайд өгсөн. Түүнээс бол Уго Чавес Венесуэлийн Үндсэн хуульд заасны дагуу энэ сарын 10-нд тангарагаа өргөх байсан юм.

Тэгтэл өнгөрөгч сарын 16-ны өдөр Венесуэлийн Ерөнхийлөгч үүрэгт албандаа эргэж орлоо гэсэн мэдээлэл гарснаар Чавесийн тойрон хүрээлэгчдийн сэтгэл амрав. Тодруулбал, тус улсын Шинжлэх ухаан, технологийн сайд Хорхе Арреаса “команданте улс орныг удирдах зааварчилгаа өгсөн” гэх мэдээллийг хүргэж байлаа. Хэдийгээр Чавес энэ заавраа Куба дахь эмнэлгийн орон дээрээс өгсөн гэх боловч бие нь сайжирч байгаа гэсэн сайдын мэдээлэл олон хүнд найдвар төрүүлээд байсан юм.

Чингэтэл дээрх мэдээллээс хойш хоёр хоногийн дараа Вильегас сайд Чавесийн бие муудаж уушигны хатгаа туссан талаарх мэдээллийг өгөв. Ахиад хоёр долоо хоногийн дараа Куба руу нисч Чавесийг эргээд ирсэн Дэд Ерөнхийлөгч Николас Мадуро түүнийг мэс заслын дараа амьсгалын замын өвчин тусч биеийн байдал нь сайнгүй байгаа тухай мэдэгдэв. Ингэхдээ чухам ямар хүндрэл гарсан талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй юм.

Удалгүй мэдээллийн хэрэгслүүдээр ч Чавесийн бие сайнгүй байгаа тухай элдэв цуу дэгдэж эхэлсэн. Зарим хэрэгслээр Кубын эмч нар Венесуэлийн Ерөнхийлөгчийг зориудаар комд оруулахаас аргагүйд хүрсэн талаар мэдээлж байсан бол зарим нь Уго Чавесийг амьсгалын аппаратад холбосон байгаа гэцгээж байв. Эдгээр цуу яриа нотлогдохгүй байсан. Дээр нь Дэд Ерөнхийлөгч Мадуро Ерөнхийлөгчтэй биечлэн уулзсан гэдэгтээ сэтгүүлчдийг итгүүлээд байтал энэ сарын 3-нд Венесуэлийн Засгийн газраас Чавесийн бие улам дордож байгаа гэсэн шинэ мэдээллийг цацсан юм.

Гэхдээ Чавесийн бие чухам яагаад байгааг илтгэх тодорхой мэдээлэл гарсангүй. Юутай ч энэ хүн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолдоо оролцож чадахгүйд хүрсэн талаар дотоодод нь идэвхтэй хэлэлцэж эхлэв. Сүүлдээ сөрөг хүчнээр тогтохгүй Чавесийн тойрон хүрээлэгчид ч түүнийг тангараг өргөж чадна гэдэгт эргэлзэх болсон. Харин Засгийн газраас хийж байсан мэдэгдлүүд нь “болох байлгүй дээ, харж л байя” гэсэн утгыг илтгэж байв. Үнэндээ удалгүй Засгийн газар ч бас энэ асуудлыг ийм маягаар удаагаад байж болохгүй гэдгийг ойлгож эхэлсэн юм.

Иймээс энэ сарын 4-нд Дэд Ерөнхийлөгч Мадуро Үндсэн хуулийн жижигхэн эмхтгэлийг гартаа барин мэдэгдэл хийхдээ тангараг өргөх ёслол хүртэлх хугацаанд Чавесийн бие сайжрахгүй байлаа гээд тангараг өргөлгүй Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа явуулахад нь энэ асуудал огт саад болохгүй гэлээ. Мөн тангараг өргөх ёслолыг заасан хугацаанд явуулж амжихгүй бол хугацааг нь хойшлуулж тангарагыг нь Дээд шүүхийн танхимд өргүүлж болох тухай Үндсэн хуульд заасан байгаа гэж Мадуро нэмж хэлэв. Парламентийн суудлын олонхийг Чавесийг дэмждэг хүмүүс эзэлдэг гэдгийг дурдууштай. Ийм ч учраас дөрөв хоногийн дараа тус улсын Парламент Мадурогийн гаргасан шийдвэрийг баталчихсан. Харин тэр болтол Чавесийн үүрэгт ажлыг Мадуро явуулж байх нь зүйтэй гэж Засгийн газар нь үзсэн юм. Угаасаа ч арванхоёрдугаар сарын 27-нд Уго Чавес Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ Мадурод албан ёсоор шилжүүлсэн байгаагаас гадна дахин сонгууль явагдсан тохиолдолд (эсвэл нас барсан хойно нь) өөрийг нь залгамжлах гол хүнээрээ нэрлэсэн байлаа.

Мадурогийн хийсэн тайлбар сөрөг хүчнийхэнд таалагдаагүй нь илт байв. Тэд Засгийн газар Үндсэн хуулийн заалтын утгыг санаатайгаар гуйвууллаа гэж мэдэгдээд байгаа. Үндсэн хуульд Дээд шүүхэд тангараг өргүүлэх тухай заалт байдаг ч гэлээ ёслолыг явуулах хугацааны талаар огт дурдаагүй байдаг гэж хэлж байна. Тэр утгаараа хэрэв Чавес хуульд зааснаар нэгдүгээр сарын 10-ны өдөр Парламентад юмуу Дээд шүүхэд тангараг өргөж чадахгүйд хүрвэл яг энэ тохиолдлыг бүрэн тусгасан дараагийн нэг заалт хүчин төгөлдөр хэрэгжих ёстой гэнэ. Тэрхүү заалтад шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангарагаа өргөж чадахгүйд хүрвэл дахин сонгууль явуулна гэж заасан байдаг ажээ. Харин энэ хооронд төрийн тэргүүний үүргийг Үндэсний ассамблейн буюу Парламентийн дарга хэрэгжүүлнэ гэж заасан байдаг юм байна.

Сөрөг хүчний зүгээс тавьсан энэ шаардлагад Венесуэлийн католик сүм ч бас нэгдээд авав. Сүмийн ахлах номлогч Диего Падрон “Улс төрийн ашиг сонирхлын үүднээс Үндсэн хуулийг өөрчлөөд байгаа нь ёс зүйгүй үйлдэл” гэж мэдэгдээд амжлаа. Сүмийн номлогчид өөрсдийгөө улс орны удирдлагын асуудалд тэр бүр оролцоод байх ёсгүй гэж үздэг ч Үндсэн хуулиар оролдож байгаа ноцтой үйлдэлд дуугүй суугаад байж чадсангүй гэж Диего Падрон тайлбарлав.

Дээрх бүх эсэргүүцлийг Засгийн газар тоосонгүй. Харин Ерөнхий Прокурор Силиа Флорес сөрөг хүчний тавьсан шаардлагад хариулахдаа Уго Чавес бол “шинээр сонгогдсон” бус “дахин сонгогдсон” Ерөнхийлөгч учир тэдний дурдаад байгаа заалтыг хэрэгжүүлэх боломжгүй гэлээ. Учир ийм аваас нэгдүгээр сарын 10-нд түүний бүрэн эрхийн хугацаа дуусахгүй, харин ч Үндсэн хуульд зааснаар бүрэн эрхийг нь 90 хоногийн хугацаагаар Дэд Ерөнхийлөгчид нь шилжүүлнэ гэсэн дүгнэлтийг Флорес гаргасан байна. Түүний дүгнэлтийг төрийн удирдлагын бусад төлөөлөл ч бас дэмжиж тангараг өргөх ёслол бол ерөнхийдөө ёс төдий зүйл, улс орны эрх ашиг үүнээс чухал гэцгээлээ. Тэгж байтал энэ сарын 8-ны өдөр Венесуэлийн Дээд шүүх Парламентийн дарга Доисдадо Кабельог Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн мэдэгдлийг хийснээр байр сууриа илэрхийлсэн гэж хэлж болно. Харин яагаад татгалзаж байгаа тухайгаа тайлбарлаагүй юм.

Парламентийн дарга Кабельогийн хувьд Ерөнхийлөгч заавал тангараг өргөх шаардлагагүй гэж үздэг хүмүүсийн нэг бөгөөд эртээд сүмийнхнийг мэдэгдэл хийхэд “2002 онд Чавесийг Ерөнхийлөгчийн албанаас нь огцруулах ажилд идэвхтэй оролцож явсан тэр номлогчид өнөөдөр ч бас төрийн эсрэг мэдэгдэл хийж сууна” гээд шүүмжлээд авна лээ.

Чавесийн биеийн байдал үнэндээ ямархуу хэмжээнд байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй ч түүний тойрон хүрээлэгчдийн хийж буй мэдэгдлүүдээс үзэхэд тэд Ерөнхийлөгчөө эргэж ирнэ гэдэгт итгэлтэй байгаа бололтой. Ялангуяа дахин сонгууль явуулахыг эрс эсэргүүцэж байгаа байдлаар нь ингэж дүгнэж болохоор байна. Хэрэв Венесуэлийн удирдагч өвчнөө ялан дийлж чадахгүй бол тэд энэ мэдээллээ удаан нууцлаад байж чадахгүй биз ээ. Өнөөдөр хуулийн цоорхойг ашиглан дэнжигнэж яваа Засгийн газар нь Чавесийг бие барвал зуурч барих зүйлгүй болох учир дахин сонгууль явуулахаас өөр аргагүйд хүрэх нь гарцаагүй.

Ер нь бол Венесуэлийн Засгийн газар нөхцөл байдлыг тогтвортой байлгах үүднээс л ийн хичээж яваа нь ажиглагдаж байна. Үүний нэг шалтгаан нь сөрөг хүчний эвслийг толгойлж байгаа Миранда мужийн дарга Энрике Каприлестэй өрсөлдөх чадвартай нэр дэвшигч байхгүй гэдэгтэй холбоотой байж болох. Уго Чавесийн залгамжлагчаар нэрлэгдээд байгаа Мадуро хүртэл Каприлесийг сөрж зогсч чадахгүй л болов уу. Учир нь Бурхан түүнд Чавесийн адилаар өрсөлдөгчөө ялан дийлэх авьяасыг заяагаагүй билээ.

 

http://lenta.ru/articles/2013/01/09/chavez/

 

 

Advertisements