Хорвоо ертөнц халаасанд багтана

Posted on Нэг дүгээр сар 10, 2013

0


Trillion-doolar-coin-debt

-АНУ нэг их наяд долларын зоос гаргах аргыг хэрэгжүүлэхээр шийдэв үү-

АНУ-д өрийн дээд хэмжээг өсгөх талаарх ээлжит маргаан айсуй. 2011 онд хууль тогтоогчид уг асуудлыг шийдэхэд зайлшгүй шаардлагатай байсан хуулиудыг баталж өгөхгүй удаасны улмаас Америкийг золтой сүйрүүлчихээгүй. Тэгээд өрийн дээд хэмжээг арайхийж тогтоолгуулсны дараа дэлхийн энэ томоохон эдийн засгаас гарсан үр дагаврууд хэдэн сарын турш хөрөнгийн зах зээлийг тогтворгүйтүүлж байсан билээ. Энэ удаад ч бас хууль тогтоогчид нэгдсэн санаанд хүрээгүй байгаа бололтой. Тухайлбал, Бүгд найрамдах нам ахиад л Ерөнхийлөгч Барак Обамаг буулгаж авах санаа өвөрлөж байна. Харин Обама энэ удаад тэдэнд буулт хийх бодолгүй байгаа ажээ.

Шинэ он гарсантай зэрэгцээд Америкт нэг их наяд долларын зоос гаргаж төрийн дансуудад байршуулснаар байсхийгээд л зээлийн дээд хэмжээг яаралтай өсгөх шаардлагаас ангижирч болох тухай санаачилга яригдаж эхэлсэн нь тус орны ардчилагчдад гэнэтийн бэлэг болов. Ер нь бол Америкт шинэ мөнгөн дэвсгэрт гаргах эрхийг Төв банкны үүргийг гүйцэтгэгч Холбооны нөөцийн системийн гишүүн болох 12 банк эзэмшдэг юм. Гэхдээ Сангийн яам ч бас янз бүрийн өртөгтэй цагаан алтан зоос гаргах эрхтэй гэж хуульд заасан байдаг ажээ. Тус яам гол төлөв бэлэг дурсгалын зоос гаргах үедээ л энэ эрхийг ашигладаг байна.

Сангийн яаманд зоос гаргах эрх бий гэдгийг хүмүүс 2011 оны зун санацгаасан юм. Тэгэхэд өөр үйл явдалтай холбогдуулан энэ асуудал босч ирсэн. Тухайн үед Барак Обама тэргүүтэй ардчилагчид Америкийн эдийн засгийг зээлийн хүүгийн өсөлтөөс аврах зорилгоор улсын өрийн дээд хэмжээг өсгөх тухай хуулийн төслийг Парламентаар батлуулахыг оролдож байсан үе байлаа. Бүгд найрамдах намынхан тэр үед үүсээд байсан нөхцөл байдлыг ашиглан төрийн тэргүүнийг зарим нэг арга хэмжээ хэрэгжүүлэхээ (тухайлбал, нийгмийн халамжийн зардлыг бууруулахаа) амлавал хуулийн төслийг батлана гэж наймаалцахыг оролдож байв.

Эцсийн эцэст хууль батлагдсан. Харин үүний өмнөхөн зарим блогчин их өвөрмөц нэгэн санал тавьж байсан нь өдгөө удирдлагын түвшинд нухацтай яригдаж байгаа тэр зүйл юм. Тодруулбал, блогчид Сангийн яаманд зоос гаргах эрх байдгийг сануулж өгөхийн ялдамд тус яам Зоосны үйлдвэрт холбогдох тушаалаа хүргүүлбэл бүр нэг их наяд долларын зоостой болох боломжтой гэсэн санаачилгыг дэвшүүлж байв. Улмаар Сангийн яам шинэ зоосоо Нью-Йоркийн нөөцийн банкин дахь дансандаа байршуулбал дансны үлдэгдлээ их наяд доллараар зузаатгах боломжтой болох бөгөөд байн байна дэгдээд байгаа маргаанаас ангижрана хэмээн блогчид үзэж байсан юм.

Гэвч тэр үед буюу 2011 онд Цагаан ордон сөрөг хүчнийхэнтэй ямар ч байсан хэл амаа олоод хуулиа батлуулж чадсан учир зоосон мөнгө гаргах тухай санаачилга тэгэсхийгээд чимээгүй болж билээ.

Маргаан ахиад дэгдэх нь

2011 онд өрийн дээд хязгаарыг өсгөх тухай хуулийг баталсантай холбогдуулан Конгрессоос Засгийн газарт багахан “нөөц”-ийг нэмж өгсөн. Харин уг “нөөц” нь хоёрдугаар сарын дундуур, цаад тал нь гуравдугаар сар гэхэд дуусна гэдгийг мэдээллийн хэрэгслүүд дамжуулах боллоо. Энэ нь ардчилагчид болон бүгд найрамдахчуудын дунд ахиад маргаан дэгдэхийн ёр билээ. Тийм учраас өнөөх их наядын зоос гаргах санаачилга эргэн хөндөгдөх болсонд гайхах зүйл алга.

Энэ сарын 2-нд Конгрессийн гишүүн, Ардчилсан намаас сонгогдсон Жерролд Нэдлер бүгд найрамдахчуудтай ам мурийлгүй асуудлыг шийдэх боломжит хувилбарын нэг нь энэхүү зоосыг гаргах явдал мөн учраас уг асуудлыг нухацтай судалж үзэхээр болсноо мэдэгдсэн юм.

Өнөөдрийн байдлаар, энэ санаачилгыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа ганц хүн бол эдийн засгийн бүтээлүүдээрээ Нобелийн шагнал хүртсэн Пол Кругман. Энэ эрдэмтэн “The New York Times” сайт дахь өөрийн блогтоо Ерөнхийлөгч Обамаг зоос гаргах асуудлыг судалж үзэх хэрэгтэй гэж бичсэн байлаа. Америкийн Зоосны үйлдвэрийн тэргүүн асан Филип Дийл ч бас их наяд долларын зоос гаргах санаачилгыг дэмжжээ. “Gawker.com” талбарын нэгэн блогт түүний захидал нийтлэгдсэн байсан ба үүнд ийм үнэтэй зоос гаргахыг хуулиар хориглоогүй байдаг гэж онцолсон байв.

Филип Дийл Сангийн яаманд цагаан алтан зоос гаргах эрх олгох тухай хуулийн төслийг батлалцаж явсан нэгэн ч уг хуулийг төгс болоогүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг ажээ. “Тийм ээ, энэ хуулийн улмаас урьдчилан тамааглаж байгаагүй үр дагавар гарч байсан нь үнэн. Тэгвэл таамаглаж байгаагүй үр дүн харуулсан хуулийг тоолоод үзэх үү. Бараг дийлэнх хууль ийм үр дагавар үзүүлж байсан байх шүү” гэж бичсэн байлаа.

Тэгвэл ийм зоос үйлдвэрлэхийг эсэргүүцэх хамгийн түгээмэл, мөн маш ноцтой нэг үндэслэл бол санаанаасаа зохиож гаргасан ийм том мөнгө инфляцийн түвшинг эрс өсгөнө гэх явдал. Харин Зоосны үйлдвэрийн дарга асан үүнийг няцаасан тайлбар хийжээ. Хууль тогтоогчид төрийн өрийн хэмжээний хязгаарыг тогтоомогц Америкийн Төв банк их наядын зоосоо Сангийн яаманд эргүүлж өгөх аж. Үүний дараа зоосыг нэг бол устгалд оруулж, нэг бол дараа ашиглах нөхцөлтэйгөөр нөөцөнд байлгаж болно гэнэ. Харин дансны бичилтэнд тусгасан их наяд доллараа дараагаар нь хүчингүй болгох хэрэгтэй ажээ.

Энэ зоосыг эсэргүүцэх өөр ноцтой үндэслэл гарч ирэхгүй байна. Зарим нэг хүн долларын нэр хүнд унах эрсдэлтэй, мөн долларт итгэх хандлага суларна гэсэн үндэслэл дурдсан нь бий.

Чингэтэл эдийн засагт ямар ч хохирол учруулж чадахгүй гэх энэ аргыг эсэргүүцэх хүмүүс гараад ирэв. Бүгд найрамдах намаас сонгогдсон Конгрессийн гишүүн Грег Уолден Сангийн яамны зоос гаргах эрхийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулж Конгрессийн хэлэлцүүлгэнд оруулахаа амлаад авлаа. Гэвч Цагаан ордон эцсийн эцэст их наядын зоосоо гаргадгаараа гаргаж, санаачилгаа хэрэгжүүлчихвэл Сенатад олонхийн суудлыг ардчилагчид эзэлж буй учраас Уолдений боловсруулсан хуулийн төсөл дэмжигдэнэ гэдэг туйлын эргэлзээтэй.

Хууль, эрх зүйн профессор Обама

Учир ийм аваас Цагаан ордон өөрөө ийм шийдвэрийг хэрэгжүүлэхэд бэлэн байна уу, үгүй юу гэдэг асуудлыг тунгааж үзье. Өмнөх үйл явдлуудыг ажиглаж суухад, Ерөнхийлөгчийн захиргаа төрийн өрийн дээд хэмжээг өсгөх асуудлаа Конгрессоор дамжуулалгүй шийдүүлж байсан тохиолдол үгүй. Уг нь Обамад өмнө нь АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт, өөрчлөлтийг ашиглах боломжийг санал болгож байсан. Үүнд АНУ-ын өрийн хууль зүйн үндэслэл нь эргэлзээ төрүүлэх ёсгүй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Америк улс аливаа саад бэрхшээлээс үл шалтгаалан өрөө төлж байх ёстой гэсэн санаа. Үүнийг дагавал Ерөнхийлөгч Конгрессоос зөвшөөрөл хүсэлгүйгээр төрийн үнэт цаас гаргах зарлиг буулгах боломжтой болох юм. Гэвч энд ойлгомжгүй нэг асуудал байгаа. Өр төлөхөөс татгалзах эсвэл Конгрессийг үл тоох гэсэн үйлдлүүдийн аль нь Үндсэн хуультай илүү харшилдах вэ гэж.

Ингээд 2011 оны зургаадугаар сард Ерөнхийлөгч Обамагаас дээрх асуултад хариулахыг хүсэхэд “Би ямар Дээд шүүх биш” хэмээгээд Үндсэн хуулиар мэргэшиж профессор цол хүртэж байсан мэдлэгээ харуулахаас татгалзсан. Мөн асуултад Сангийн сайд Тимоти Гайтнер хариулахдаа эхлээд тэрхүү заалтыг бүтнээр нь уншив. Ингэхдээ “өрийн хууль зүйн үндэслэл нь” гэх үгсийг илүү өргөлттэй уншиж байснаас нь үзэхэд Сангийн сайд ч бас зардлын санхүүжилтийг Конгрессоор дамжуулалгүй шийдвэрлэх санааг дэмжиж байгаа нь ойлгогдож байлаа. Гэвч хожим Сангийн яамны цахим хуудсан дээр Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт, өөрчлөлт нь Ерөнхийлөгчид Конгрессийг үл тоох боломж олгож байгаа гэдгийг Гайтнер сайд огт хэлж байгаагүй гэсэн мэдээлэл нийтлэгдсэн байв.

Шийдвэр гаргах асуудалд ихэд болгоомжтой ханддагаараа алдаршиж “No Drama Obama” гэсэн хочийг зүүх болсон Обама ямар ч байсан тэр үед дээрх нэмэлт өөрлөлтийг ашиглаагүй билээ. Тэгвэл энэ удаад ч бас хэд л бол хэдэн их наядыг санаанаасаа зохиогоод үнэт цаас гаргах боломжийг олгож байгаа энэхүү маргаантай заалтыг ашиглана гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Яагаад гэвэл, бусад намтай наймаа хийх бодолгүй байгаа учраас Конгресс өрийн дээд хязгаарыг өсгөх асуудлыг түргэн шийдээд өгвөл өрөө ч түргэн төлж эхлэхийг хүсч буйгаа Америкийн тэргүүн өнгөрөгч долоо хоногийн эцсээр мэдэгдлээ. Тэгэхээр Обама хуулийн цоорхойг ашиглах эсвэл хэн нэгэнд буулт хийх аргуудын алийг нь ч ашиглах бодолгүй яваа юм байна. Гэвч ямар нэгэн сонголт хийх ёстой болох нь гарцаагүй билээ.

 

 

http://lenta.ru/articles/2013/01/09/coin/