Малигээс Сомали хүртэл

Posted on Нэг дүгээр сар 15, 2013

0


Францын нисэх хүчин Малигийн тэнгэрт

 

-Саяхан болсон үйл явдлаас Франц улс Африкт нөлөөтэй хэвээр байгаа нь харагдлаа-

Өнгөрөгч долоо хоногийн эцсээр Францын тагнуулын алба Сомали улсад тусгай даалгавар гүйцэтгэжээ. Францын элитийн салаа алан хядагчдаас өөрийн андаа суллаж авахыг оролдсон ч чадаагүй байна. Уг ажиллагааг нэгэн цагт Францын колони явсан Мали улсын хойд хэсгийг туйлын үзэлтнүүдээс чөлөөлөх нэлээд өргөн цар хүрээг хамарсан байлдааны ажиллагааны үеэр явуулжээ.

Сомалид

Тусгай ажиллагааг өнгөрөгч бямба гаригт шилжих шөнө хэрэгжүүлсэн байна. Францын Тагнуулын төв газраас (DGSE) удирдан явуулсан уг ажиллагааны зорилго нь гурван жил хагасын өмнө алан хядагчдад хулгайлагдсан өөрийн ажилтнаа суллан авахад оршиж байв.

DGSE-ийн ажилтан Дени Алекс (Denis Allex) нь 2009 оны долоодугаар сарын 14-нд хүний хулгайн золиос болсон юм. Босогчид түүнийг хамтрагч Марк Обриерийн (Marc Aubriere) хамт Могадишу хотын зочид буудалд байхад авч явсан байдаг. Албан ёсны мэдээллээр бол Францын уг хоёр ажилтан Сомалийн түр Засгийн газрын урилгаар тэнд ес хоноод байжээ. Энэ хоёр Сомалийн хүчний байгууллагад, тэр дундаа мэргэжил нэгт тагнуулч нөхөддөө сургалт явуулах төлөвлөгөөтэй байсан аж. Тэд зочид будалд буухдаа хуурамч нэр дээр өрөө захиалж өөрсдийгөө сэтгүүлч гэж танилцуулсан байсан ч нэмэр болсонгүй. Тэднийг “Аль-Каеда” бүлэглэлтэй холбоотой туйлын үзэлтнүүд хулгайлж улмаар Алекс нь “Аль-Шабааб”-ын дайчдад, Обриер нь “Хизб аль-Ислам” бүлэглэлийн гарт орсон ажээ. Эхэндээ франц эрчүүдийг хулгайлах болсон шалтгаан нь тодорхойгүй байлаа. Дээр нь наймдугаар сарын үеэр Обриер алан хядагчдаас оргож чадсан нь хэргийг улам ээдрээтэй болгож орхисон. Тухайн үед Обриерийг хэлэлцээ хийж, мөнгө төлсний хүчинд суллаж авсан гэх албан бус мэдээллүүд гарч байсан ч хэн ч нотолж чадаагүй. Хэрэг явдал ингэж өрнөсөнд уурссан “Аль-Шабааб”-ын дайчид Алексийг тагнуул хийж, “Аллахын дайснуудад тусламж үзүүлж явсны” нь төлөө нэн даруй цаазлана гэж амлаж байв.

Гэхдээ тэд Алексийг цааш харуулаагүй. Үүний оронд удалгүй олон янзын шаардлага ирэх болсны дотор Францыг Сомалигийн түр Засгийн газарт үзүүлж буй цэрэг, улс төрийн дэмжлэгээ зогсоож, цэргийн зөвлөхүүдээ эгүүлэн татаж, байлдааны хөлөг онгоцуудынхаа байршлыг сольж Сомалигийн эргээс аль болох хол байлгахыг тушаасан байлаа. Мөн төд удалгүй интернетэд дээрх шаардлагуудыг өөрийн биеэр хэлж буй Алексийн дүрстэй бичлэгүүд цацагдаж эхэлсэн юм. Хамгийн сүүлд цацагдсан бичлэг дээр Алекс өнөөгийн Ерөнхийлөгч Франсуа Олландад хандаж үг хэлсэн байв. Тэрбээр Ерөнхийлөгчөө алан хядагчидтай хэлэлцээр хийхийг гуйж байсны сацуу Францаар тогтохгүй хилийн чанадад өрнүүлж буй исламын эсрэг бодлогоосоо татгалзахыг уриалсан байлаа.

Харин Францын Батлан хамгаалах яамны ажилтнуудын хэлж буйгаар, тэд дайчидтай хэлэлцээр хийхийг оролдож байсан ч ямар ч үр дүн гараагүй гэв. Иймээс эцэст нь хүч хэрэглэхээс аргагүйд хүрсэн ажээ.

Ингээд шөнийн харанхуйгаар халхавч хийсэн хэдэн нисдэг тэрэг тусгай ажиллагаанд оролцогсдыг Сомалийн өмнөд хэсэгт буулгасан байна. Энэхүү ажиллагааг хөндлөнгөөс ажиглах үүргийг Америкийн тагнуулын онгоц гүйцэтгэжээ. Тэгтэл алан хядагчид байлдааны бэлэн байдалд байсан учир тусгай албаны ажилтнуудыг хүрэлцэн ирмэгц ширүүн тулаан өрнүүлсэн байна. Тулааны эцэст алан хядагчдаас 17 хүн, францын талаас 2 хүн амь үрэгджээ.

Францчууд анхандаа тусгай багаас нэг хүн амь алдаж, нөгөө нь сураггүй алга болсон гэж мэдээлж байсан. Удалгүй “Аль-Шабааб”-ын төлөөлөгчид хүнд шархтай нэг франц эрийг баривчилсан ч өнгөрөгч даваа гаригт тэр хүн нас барсан гэж мэдэгдлээ.

Ажиллагааны гол зорилго болох Алексийн тухайд мэдээлэл тун бага байна. Елисейн ордонд болохоор түүнийг нас барсан гэж мэдээлж байгаа. Харин дайчид түүнийг “тун удалгүй устгана” гэж амлаж байгаагаас үзэхэд амьд байж магадгүй юм.

Дени Алекс. Фото: (c)AFP

Малид

Сомалид явуулсан тусгай ажиллагаа нь Францын цэргүүд Африк тивийн баруун хэсэгт өргөн цар хүрээтэй кампанит ажиллагаа явуулж байсан үетэй цаг хугацааны хувьд давхцсан. Өнгөрөгч хавар тус улсад төрийн эргэлт гарсныг далимдуулан “Аль-Каеда” бүлэглэл хойд хэсгийг нь эзлэн аваад байсан төдийгүй сүүлийн үед дайчид нь байлдааны идэвхтэй үйл ажиллагаа явуулаад байсан учраас Франц улс цэргийн хүчнээ оруулжээ. “Ансар ад-Дин”, “Баруун Африкийн эв нэгдэл, жихадын төлөө хөдөлгөөн” гэсэн бүлэглэлүүдийн туйлын үзэлтэй дайчид Мали улсын өмнө зүгийг чиглэн стратегийн чухал холбогдолтой Мопти хотын тийш явж байв. Энэ хотоос Малигийн нийслэл Бамако хот руу шууд хүрч болдог учраас тун ноцтой асуудал болоод байсан.

Чухам энэ үед нь Францын цэргүүд яаралтай нэвтрэн орж исламистүүдийн замд саад болов. Африкийн орнууд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шийдвэрээ гаргаж өгөхгүй удаад байсан нь француудыг түргэн авахад хүргэсэн юм. Эхний хоёр нь Малид энхийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг аль эрт боловсруулсан байсан хэдий ч энэ оны есдүгээр сард эхлүүлэхээр хойш тавиад байсан билээ.

Тулааны явцад ялалт хэн хэний нь талд ээлжлэн шилжиж байлаа. Малийн цэргүүд Францын нисэх хүчний тусламжтайгаар давшилтаа өргөн цар хүрээтэй эхлүүлсний ачаар алан хядагчдаас 100 хүнийг нь цааш харуулж, Кона хотыг эгүүлэн авч чадав. Гэвч даваа гаригт исламистүүд Засгийн газрын цэргүүдийг араас нь гэнэдүүлэн довтолж маш хүчтэй цохилт үзүүлснээр тэднийг Диабали хотоос шахан гаргажээ. Францын цэргүүд нисдэг тэрэгний жолоочийг эс тооцвол онцын хохирол амсаагүй байна. Харин алан хядагчид Францаас хариугаа авч “зүрхэн тус газар нь цохилт үзүүлнэ” гэж амлалаа.

Францчуудын тооцооллоор байлдааны ажиллагаа хэдэн долоо хоног үргэлжлэх аж. Өнөөгийн байдлаар, франц цэргүүд Африкийн орнуудаас болон Англиас дэмжлэг ирэхийг хүлээх зуураа хамгаалалтыг бэхжүүлэх тал дээр санаа тавин ажиллаж байна. Англи улс тээврийн онгоцуудаа илгээнэ гэж амласан. Гэхдээ цаашдаа бусад орны дэмжлэг ч францчуудад хэрэг болно. Өөрөөр хэлбэл, НАТО-ийн гишүүн орнуудаас гадна хүчний бусад байгууллага үүнд татагдан орж болох бөгөөд ийм ноцтой асуудлыг Парис дангаараа хариуцахыг хүсэхгүй байгаа юм.

Шинжээчдийн үзэж буйгаар, Франц улс Африк тивийн орнуудтай онцгой харилцааг хөгжүүлж чадсан ажээ. Африкийн зарим орон өмнө нь тус улсын колони байсан бөгөөд эдний харилцааг “Франсафрик” гэж албан бусаар нэрлэсээр ирсэн. Жил өнгөрөх тусам энэхүү харилцаанд бага сага өөрчлөлт орж байсан хэдий ч агуулга нь огт өөрчлөгдөж байгаагүй гэж мэргэжилтнүүд үздэг. Өөрөөр хэлбэл, Франц улс өнөөг хүртэл хар тив дэх эдийн засаг, улс төрийн ашиг сонирхлоо хамгаалсан хэвээр байгаа бөгөөд тус бүс нутагт тэргүүлэгч гүрэн нь болохыг эрмэлздэг ажээ. Үүнээс илүү Франц улс Африкт тогтоосон ноёрхлоосоо татгалзах бодолгүй байгаагаар барахгүй улам өргөжүүлэх санаатай байгаа гэнэ. Тийм ч учраас өмнө нь Италийн колони явсан Ливи улсад өрнүүлсэн НАТО-ийн байлдааны ажиллагааг Николя Саркози удирдаж байсныг энэ л үүднээс үнэлж дүгнэх хэрэгтэй ажээ. Өнөөдөр Сомалид өрнүүлсэн тусгай ажиллагааг ч бас энэ үүднээс дүгнэх ёстой юм байна. Яагаад гэвэл, Сомали улсын нутаг дэвсгэр нэгэн цагт Англи, Итали улсын хяналтад байсан билээ.

Гэвч Африкийн орнуудад өрнөж буй дайн тулаанд оролцохыг тэгтлээ их хүсээд байгаа Олландын зүтгэл өөрийн нь эсрэг эргэнэ гэх газаргүй. Малид цэргийн ажиллагаа эхлүүлэх түүний санаачилгыг Парис эерэгээр хүлээн авч Ерөнхийлөгчөө бас тийм ч сулхан биш, амаргүй хүн юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч Сомалид явуулсан тусгай ажиллагаа нь амжилт дагуулаагүйд Олланд маш их шүүмжлэлийг хүртээд байгаа. Үүнээс гадна Францад эдийн засгийн хямрал удаан хугацаанд үргэлжлэх аюул өдөр ирэх тусам улам хүчтэй мэдрэгдээд байгаа учраас Ерөнхийлөгч нь гадаад бус дотоод асуудалдаа бүх анхаарал, хүчин чадлаа хандуулах ёстой болох нь. Ингэвэл сонгогчид ч гэсэн түүний зүтгэлийг илүү өндрөөр үнэлэх биз ээ.

http://lenta.ru/articles/2013/01/14/afrique/