“Ариунтны нутаг”-ийг эзэгнэх Хан

Posted on 1 сар 17, 2013

0


Имран Хан

-Пакистаны генерал, исламистүүд төрийн эрхэнд гаргах хүнээ олжээ-

Пакистаны Дээд шүүхээс Ерөнхий сайд Ража Первез Ашрафыг болон түүний 15 хамтрагчийг авлигын асуудалд сэжиглэн баривчлах, шүүхийн урьдчилсан сонсголд хүчээр авчрах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр тус оронд “хувьсгал” эхэлж буйг зарлан тунхагласан өдөртэй давхцан гарсан тул тун удахгүй Пакистаныг цочирдуулах шинэ шинэ үйл явдлууд гарна гэдэг нь ойлгомжтой боллоо.

Пакистан хэмээх үгийг урду хэлнээс орчуулбал “Ариунтангуудын нутаг” болох амой. Өөрөөр хэлбэл, 1947 онд Пакистан бий болж ийм нэрийг авахдаа энэ газар нутгийг шашин, ёс суртахууны хувьд цэвэр ариун хүмүүс удирдана гэдгийг бэлгэдсэн ажээ. “Ариун бус” пакистанчуудыг бүхий л аргаар шахан гадуурхдагаас үзвэл энэ нутагт ариун хүмүүс нь үнэхээр олон байдаг мэт. Гэвч ариун явдлыг дээдлэн шүтэх сэтгэл нь Пакистаныг олон асуудлаас ангижруулж чадахгүй л байна. Тодруулбал, бусад орны адил энэ улсын удирдлагад зарчимгүй хулгайчид, авлигачид, ард түмний нэрээр төрийн эрхэнд санаархсан өөдгүй хүмүүс ямагт шургалж орох юм.

Үүнийг батлах жишээ хажууханд нь байна. Тус улсын Ерөнхийлөгч, шахаанаас хувь хүртдэгээрээ ард түмний дунд “Арван хувь” гэж хочлогддог Асиф Али Зардари-г эх орноо америкчуудад худалдсан хэмээн сэжиглэдэг нь үндэслэлгүй зүйл биш. Ер нь бол энэ улс байгуулагдсан цагаас эхлэн Ерөнхий сайдын алба хашиж явсан бараг бүх хүн нь авлигад буруутгагдаж байсны улмаас хугацаагаа бүрэн дуусгасан хүн тэдний дунд нэгээхэн ч үгүй.

Өмнөх Ерөнхий сайд Юсуф Реза Гилани-г “10 хувь”-ийн Ерөнхийлөгч андынхаа бохир ажлуудыг хайцаалж байснаас гадна шүүхийг хүндэтгээгүй гэсэн шалтгаанаар ажлаас нь хөөсөн байдаг юм. Гэтэл түүний албыг залгасан Ража Первез Ашраф ч бас Ерөнхийлөгчийн төдийгүй өмнөх Ерөнхий сайдын дотны анд гэж байгаа. Үүнээс гадна Ашрафын хүү хар тамхиний наймаа явуулж байгаад үйлдэл дээрээ баригдан шоронд хоригдож байгаа.

Ерөнхий сайд Ража Первез Ашраф

Ерөнхий сайд Ража Первез Ашраф

Энэ мэтчилэнгээр Пакистаны улс төрийн хүрээг зүгээр гүйлгээд харахад л “ариун” гэх тодорхойлолтод тэнцэх хүн байхгүй байх шиг. Төрийн удирдлагаа сайнаар хэлэх иргэнийг олно гэдэг ч амаргүй асуудал байна. Иргэд нь төр засагтаа итгэхээ болиод удаж байгаа ажээ. Гэвч нэг нь явж нөгөө нь ирдэг хорвоо хойно. Пакистаны дээд албан тушаалыг горьдсон янз бүрийн угсаа гаралтай популист, эрх мэдэлд шунасан хүмүүсийн урт дараалал хэдийнэ бий болжээ.

Цэвэр ариун харагдах гэж хичээж яваа эхний бүлэг хүнд генерал, тагнуулчид багтаж байна. Тэдний оролдлого ч бүтэмжтэй яваа. Энэ том армид эргэлзэж буй хүмүүсийн амыг тэд маш чадварлагаар хамхиулж чадаж байна.

Хоёр дахь бүлэгт шашны чиглэлийн олон төрлийн хөдөлгөөн, байгууллагуудыг багтааж болно. Эдгээр хоорондоо шашны үзлээр талцан бие биенийхээ дээр гарахыг хичээнэ. Тэдний энэ зүтгэл нь ихэнхдээ буудалцаан, дэлбэрэлт, чулуу нүүлгэх үйлдлээр төгсдөг. Хэн нь илүү ариун бэ гэдгийг харуулахыг хичээж байгаа нь тэр. Энэ тэмцлээс шашны цөөнхүүд гол төлөв шахагдаж гардаг.

Гурав дахь бүлэгт нь өдгөө Пакистанд ихэд алдаршиж байгаа “Шударга ёсны төлөө хөдөлгөөн” нам багтана. Улс төрийн энэ хүчний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг харвал, үндсэрхэг үзлийг дэврээсэн, цэргийн хүчийг шүтсэн, исламист бодлогыг хөхиүлэн дэмжсэн, социализм болон еврейчүүдийг үзэн ядсан сэтгэлээ “авлигын төлөөх өршөөлгүй тэмцэл” гэх уриагаар халхавчилсан гээд хорвоо дээрх бүх зүйлийг хольсон цуглуулга юм байна.

Дээрх бүлгүүд гурвуулаа ямар нэгэн шалтгаанаар өнөөгийн удирдлагадаа өс санаж яваа нь ажиглагдлаа. Тухайлбал, генералууд Ерөнхийлөгчөө америкчуудын гараар могой барьж тэднээс салахын түйс болж байсныг мартдаггүй учраас шазуур зуун занаж яваа. Харин өнөөгийн Засгийн газар тэдний эрх мэдлийг хязгаарласан нь үнэхээр таалагдахгүй байгаа.

Тэгвэл исламистүүд Пакистаныг ирээдүйдээ “эрээ цээрээ алдсан, баруунжсан” орноор бус дундад зууны үеийн сургаалийг баримталж төр шашныг хослуулан яг энэ хэвээр замнаж яваа орноор мөрөөдөн төсөөлдөг.

Харин “Шударга ёсны төлөө хөдөлгөөн” нам болон түүний удирдагч Имран Хан зүгээр л төрийн эрхийг гартаа оруулахыг санаархаж явна. Ханы тухайд тусгайлан хэдэн зүйлийг онцолж дурдах нь зүйтэй. Энэ хүн цагтаа англи эмэгтэйчүүдийн нүдийг хужирлаж, Пакистаны крикетийн үндэсний шигшээ багийг ахалж явсан бол өнөөгийн хэл яриа нь өөрийн эрхгүй Адольф Гитлерийг санагдуулдаг юм. Гэсэн хэдий ч үндсэрхэг үзэл, социализмийн үнэр ханхалсан түүний үгсийг иргэд нь бүрэн дэмжиж байгааг хэлэх нь зүйтэй.

Пакистаны улс төрийн хүрээнийхэн ноднин жилийг тун чимээгүй өнгөрөөлөө. Хэн ч илүү хөдөлгөөн хийсэнгүй. Тэд төрийн эрхийг гартаа оруулах тэмцэлд бэлдэн хүчээ нөөж байжээ. Ингээд энэ оны эхээр жинхэнэ тулааныг эхлүүллээ.

Төрийн удирдлагаа “хулгай, тансаглалд живэх шахаж байгаа” гэх илчилсэн мэдэгдлүүдээрээ пакистанчуудын танил болсон ислам шашны номлогч Тахирул Кадри Засгийн газар, орон нутгийн эрх баригчдыг огцрох шаардлагыг тавих зорилгоор үзэл санаа нэгт нөхдөө дагуулан нийслэлийг чиглэсэн жагсаалыг өрнүүлэв. Өмнө нь мэдэгдэж байсан шигээ сая хүнийг жагсааж чадаагүй боловч (Исламабадад 20 орчим мянган хүн л хүрч чадсан) олон хүн татагдан оролцож байсан тул Кадригийн үйлдэл улс төрийн хүрээнийхнийг үнэхээр бухимдуулж чадсан юм. Дээдчүүл ингэж хүлээж авсанд урамшсан Кадри Пакистанд арабын орнуудын жишгээр хувьсгал эхэлж буйг зарлан тунхаглав.

Өнөөгийн Засгийн газар худалдагдсан төдийгүй ямар ч нэр хүндгүй болсон учраас ирэх тавдугаар сараас өмнө явагдах ёстой Парламентийн ээлжит сонгуулийг удирдан зохион байгуулах эрхгүй гэж Кадри үзэж байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор, Кадри Шилжилтийн үеийн түр Засгийн газар байгуулахыг шаардлаа. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд өнөөгийн Засгийн газрыг хүчээр огцруулах болно гэж заналхийллээ.

Тэгэвч Кадрид байлдааны бэлэн байдлаа шалгах шаардлага гарсангүй. Өнөөх “хувьсгал” зарласан өдөр нь Пакистаны Дээд шүүхээс Ерөнхий сайд Ража Первез Ашрафыг болон түүний 15 хамтрагчийг авлигын асуудалд сэжиглэн баривчлах, шүүхийн урьдчилсан сонсголд хүчээр авчрах шийдвэр гаргаадхав. Ерөнхий сайдыг өмнө нь Ус, цахилгаан хангамжийн сайдаар ажиллаж байхдаа авлигын гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэж байгаа аж. Кадриг дэмжигсэд дээрх мэдээг бөөн баяраар угтан авч хэсэг бүлгээрээ бүжиглэцгээн, Бурхан тэнгэртээ талархал илэрхийлж байсны сацуу гэнэт олж авсан амжилтаа тэмдэглэн бие биедээ баяр хүргэцгээж байлаа. “Хувьсгал”-ыг тунхагласан, Ашрафыг баривчилсан гэсэн хоёр үйл явдал хугацааныхаа хувьд санамсаргүй давхцсан байж болох юм. Амьдралд юу эс тохиодог билээ дээ. Гэвч ажиглагчдын олонх нь үүнийг энгийн нэг давхцал гэж үзэхгүй байна. Үнэндээ ч Ерөнхий сайдыг огцруулахыг хүсээд байгаа хүмүүсийн дунд их тод холбоо ажиглагдаж байгаа.

Номлогч Тахирул Кадри дэмжигсдийнхээ хамт

Номлогч Тахирул Кадри дэмжигсдийнхээ хамт

Номлогч Кадри төр шашныг хослуулан удирдах үзлийг дэмжигч исламист мөн боловч цэргийнхэнтэй дотно харилцаатай гэдгийг мэдэхгүй хүн байхгүй. Цэргийн эргэлтийн ачаар төрийн эрхийг гартаа оруулж чадсан Первез Мушарраф генералыг Ерөнхийлөгч болоход нь Кадри Парламентад орж нэлээд боломжийн ажилласан байдаг юм. Мушарраф генерал өдгөө ч цэргийнхний дунд нэр хүнд сайтай хэвээрээ. Угаасаа цэргийнхэн Пакистаныг 10 орчим жил удирдахдаа харьцангуй тогтвортой хөгжүүлж чадсан юм. Гэлээ гэхдээ армийн дээдчүүл Дээд шүүхтэй маш дотно холбоотой байдаг төдийгүй энэ байгууллага Зэвсэгт хүчний ерөнхий штабын нэг хэлтэс нь аятай ажилласаар ирсэн.

Ингээд бодохоор, нийслэлийг чиглэсэн жагсаал, Ерөнхий сайдыг шүүхэд дуудсан зэрэг үзэгдэл нийлээд цэргийн нэг ажиллагаа шиг харагдах боллоо. Улмаар Кадри номлогч болон түүний тарьсан шуугиан нь “ард түмний бухимдал”-ыг харуулахыг уриалан дуудсан нэг ёсны халхавч гэдэг нь ойлгогдож эхэллээ. Харин Ерөнхий сайдыг баривчлах Дээд шүүхийн шийдвэр нь хууль ёсны арга хэрэгслээр эх орноо зэрлэг хувьсгалаас аврах төгс үйлдэл байлаа. Цаашдаа генералууд Дээд шүүхийн шийдвэрт ихэд гайхсан дүр эсгэж ард түмэн, Дээд шүүхийн хүслийг хүндэтгэн “хулгай хийхийн дон туссан” Ашрафыг Засгийн газрын тэргүүнээс огцруулах нөхцлийг нь хангаж өгч байгаа мэт аяглана. Түр Засгийн газрыг томилж сонгууль ч явагдана. Ингээд өнөөгийн Ерөнхий сайдаас бусад нь сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдрах болно.

Харин Мушаррафыг чин сэтгэлээсээ дэмждэг, нэгэн цагт Кадритай хамт Парламентийн гишүүн болж явсан өнөөх Имран Хан яах бол. Сүүлийн үед түүний намын нөхөд нь ч, өөрөө ч ус балгасан мэт дуугүй явах болсонд пакистанчууд ихэд гайхаж сууна. Гэтэл Имран Хан үнэн хэрэгтээ дээрх бүх үйл явдлыг маш анхааралтай ажиглаж цаг нь ирэхээр ил гарах санаатай байгаа юм.

Кадригийн зохион явуулсан жагсаал, Дээд шүүхийн шийдвэр зэрэг үйл явдал өрнөсний дараа Хан ганцхан удаа л мэдэгдэл хийсэн. Тэрбээр Засгийн газрыг эсэргүүцэж байгаа багийг дэмжиж байгаагаа ойлгуулаад Ерөнхий сайдыг шүүхэд өгөхийг шаардсанаас гадна сонгогчдын саналыг луйвардаад байгаа Ерөнхийлөгчийг огцруулах ёстой гэж мэдэгдсэн. Түүнчлэн Кадригийн “хувьсгалчид”-ын зүгээс тавьсан орон нутгийн засаг захиргааг татан буулгах шаардлагыг дэмжин үүнийг биелүүлээгүй тохиолдолд өөрийн хүн хүчээ хавсаргахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Энэ үгийн дараа эвлүүлдэг тоглоомын бүх хэсэг байр байрандаа очлоо. Үүнээс Пакистаны арми болон исламистүүд Ханыг төрийн тэргүүнд залах санаа агуулж байгаа нь тодорхой харагдлаа.

Авлигатай холбоотой шуугиан, “хувьсгал” энэ тэрээс залхан аюулгүй аж төрөх баталгаагүй болсон, ядуурлын ирмэгт тулж нийтээрээ тогтворгүй байдалд ороод байгаа Пакистаны сонгогчид тавдугаар сар гэхэд аврагчаа сонгосон байна. Тэрхүү аврагч нь үндэсний хэмжээний бахархал болсон, авлигатай эрс тэмцэгч, ядуус болон өвчтэй хүмүүсийг хамгаалан тэтгэдэг, ислам шашинтай, армийг бэхжүүлэх чадвартай, сөхөрсөн улсаа босгож ирэх чадалтайгаас гадна энэтхэг, америк, израильчүүдэд урамтай нь аргагүй шанаа өгч чаддаг хүн байх учиртай. Тиймээс Имран Хан сонгуулиас өмнө энэ дүр төрхөнд нийцэхийн тулд боломжоороо хичээж явна. Крикетийн үндэсний шигшээ багийг ахалж явсныхаа хувьд Хан үндэсний бахархал мөн үү гэвэл тийм. Буяны хэдэн сангаараа дамжуулан өвчтэй зовлонтой хүмүүсийг тэтгэж байсан уу гэвэл бас тийм.

Гэхдээ сонгуульд Хан ялалт байгуулвал Пакистаныг маш аюултай чиглэлд хөгжүүлэх эхний алхам болох юм. Ирээдүйд Пакистан улс цэргийн бодлого, шашны үзэл хосолсон национал-социализмийн замаар замнаж эхэлнэ. Энэ бол хэзээ ч дэлбэрч мэдэх аюултай бодисийн холимог юм. Дээр нь Пакистан цөмийн зэвсэгтэй орон учир байдал эвгүйтэж мэднэ.

Гэхдээ Ханы мөрөөдлөө биелүүлэх замд нэг саад бий. Өнөөгийн Ерөнхий сайд Ашраф өөрийг нь баривчлах шийдвэр хууль бус учир Дээд шүүхийн шаардлагыг дагах бодолгүй байгаагаа илэрхийллээ. Ашрафын туслах ч бас шүүх засаглалыг армитай хуйвалдан Пакистаны удирдлагын эсрэг гар нийлж ажиллаж буйг эсэргүүцсэн мэдэгдэл хийв. Засгийн газрын өнөөгийн тэргүүний ард Пакистаны өмнө зүгийн баячууд, тус орны санхүү, аж үйлдвэрийн маш том бүлэглэл олон бий. Тийм учраас Ашраф тэмцэл өрнүүлэлгүйгээр шүүхэд бууж өгөх бодолгүй байх шиг байна.

Хэрэг явдлын учиг лхагва гаригийн их үдийн алдад тайлагдах ёстой. Энэ өдөр Дээд шүүх Засгийн газрын тэргүүнийг дуудсан байгаа. Харин Ашрафын очих эсэх нь тэр цагт харагдана. Хэрэв очихгүй бол цаашдаа ямар үйл явдал өрнөж болох талаар Пакистаны ажиглагчид хүртэл таамаглахаасаа зүрхшээж сууна. Аргагүй дээ, “Ариунтны нутаг”-т юм юм л болдог хойно.

 

http://lenta.ru/articles/2013/01/15/paklife/

 

Advertisements