“Апофис”-оос үүдэн өрнөх жүжиг

Posted on Нэг дүгээр сар 18, 2013

0


NASA-ийн авсан зураг

-“Бурхдыг мөхөөх астероид” дэлхийн хажуугаар мэдэгдэлгүй өнгөрчээ-

Энэ сарын 9-ний өдөр “99942 Апофис” хэмээх сансрын биет (астероид) манай гаригаас 14.5 сая км зайд өнгөрөв. Маяачүүдийн “зөгнөл” биелээгүй, дээр нь шинэ жилийн баярын уур амьсгал дарагдаагүй байсан учир энэхүү үйл явдлыг хүмүүс анзааргагүй өнгөрүүлсэн гэж хэлж болно. Гэтэл энэ их чухал үйл явдал байсан. Яагаад гэвэл, 2029 онд энэхүү астероид дэлхийд дахин ойртож ирэх бөгөөд хүн төрөлхтөнд ахиад нэг “ноцтой” аюул учруулах эрсдэлтэй байгаа юм. Тодруулбал, асуудлын гол нь астероид дэлхийтэй мөргөлдөнө гэдэгт бус (угаасаа ч мөргөхгүй юм билээ), харин дэлхий мөхнө гэсэн сэдвийг дахин гаргаж ирэх шалтаг болох ажээ. Тийм ч учраас энэхүү сансрын биетэд “Бурхдыг мөхөөх Шүүх өдрийн астероид” гэсэн хочийг хүртээгээд байгаа юм.

“Апофис”

“99942 Апофис” гэсэн нэртэй астероидийг Китт-Пикийн одон орон судалгааны төвийн Рой Такер, Дэвид Толен, Фабрицио Бернарди хэмээх одон орончид 2004 оны гуравдугаар сард нээжээ. Эртний египетчүүдийн домогт өгүүлдэг Нарны бурхан Рагийн дайсан Апофис бурхнаар нэрлэсэн гэдэг ч үнэн хэрэгтээ Такер, Толен нар “Stargate SG-1” хэмээх олон ангит киног биширдэг хүмүүс гэх яриа бий. Энэхүү киноны эсрэг дүрийн баатрын нэрийг Апофис гэдэг юм. Тухайн үед уг сансрын биетийн тойргийн хэмжээг 270 орчим м гэж мэдээлж байсан бөгөөд тооцоо 60 метрээр алдсан байж болзошгүйг анхааруулж байв.

"Stargate SG-1" киноны эсрэг дүр - Апофис

“Stargate SG-1” киноны эсрэг дүр – Апофис

Харин хүн төрөлхтөн энэ сансрын биетийн тухай анх 2004 оны арванхоёрдугаар сард мэдсэн. Тэр үед эрдэмтэд астероидийн тойрог замыг илүү нарийн тооцож 2013 болон 2029 онд дэлхийд ойртож ирнэ гэсэн мэдээллийг хүргэж байлаа. Улмаар эрдэмтэд уг сансрын биетийг дэлхийд хэр зэрэг ойртож ирэхийг нь тооцоолж үзтэл хоёр дахь удаагийн ойртолтоороо дэлхийтэй мөргөлдөх магадлал нь 0.027 хувьтай гарчээ. Дэлхийн сүйрлийг зөгнөсөн иймэрхүү мэдэгдлүүд бүр хэвшил болоод байсан хэдий ч дэлхийтэй мөргөлдөх хувь нь тэг гэсэн үзүүлэлтийг харуулаагүй учраас тэр үеэс л “Апофис”-ийг хүн төрөлхтөнд хамгийн аюултай астероидоор нэрлэсэн юм. Үүгээрээ ч олон хүний анхаарлыг татаж чадсан.

Тэгж байтал энэхүү астероидоос үүдэн гарч болзошгүй үр дагаврыг тооцоолсон судалгааг удалгүй олон нийтэд танилцуулав. Америкийн Сансар судлалын агентлагийн тооцоогоор, энэ астериод дэлхийд унавал 510 мегатонн тротил бодис дэлбэрсэнтэй эн дүйх доргилтыг үүсгэх ажээ. Баримжаа өгөхийн тулд нэг жишээ дурдахад, 1883 онд Индонезид Кракатау галт уулын дэлбэрэлтийн хүч 200 орчим мегатонн тротиллийн дэлбэрэлттэй дүйцэж байсан гэдэг (Хирошимад болсон цөмийн дэлбэрэлтээс 200 мянга дахин хүчтэй байсан гэсэн үг. Орч). Галт уулын дэлбэрэлтийн улмаас цунами үүссэн байдаг бөгөөд агаар мандлын дээд давхрагуудад их хэмжээний тоосонцор дэгдсэн байсан тул хэсэг хугацаанд тэнгэр улаанаар туяарч байсан ажээ. Гэсэн хэдий ч үлэг гүрвэлүүдийг устгаж чадсан тэр хэмжээнд хүрээгүй нь ойлгомжтой.

2029 онд Апофис унах магадлалтай газруудыг улаан цэгээр тэмдэглэсэн нь

2029 онд Апофис унах магадлалтай газруудыг улаан цэгээр тэмдэглэсэн нь

Энэ цагаас хойш “Апофис”-ийн тухай мэдээ тасралтгүй дуулдах болов. Оросын сансрын мэргэжилтнүүд хүртэл тэнгэрийн энэ эрхэст анхаарал хандуулах болсон. Улмаар 2009 оны арванхоёрдугаар сард тухайн үед “Роскосмос”-ын тэргүүнээр ажиллаж байсан Анатолий Перминов “Оросын эрдэмтэд нэгэн систем боловсруулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд уг систем дэлхийг ч “Апофис”-оос аварч чадна” хэмээн мэдэгдэж байлаа. Ингэхдээ тэрхүү системийн талаар Перминов дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй юм. Ердөө л “Математик тооцоонуудыг үндэслэж үзэхэд… дээрх сансрын биеттэй мөргөлдөх эрсдлийг зайлуулж чадах сансрын тусгай төхөөрөмжийг заасан хугацаанд нь барьж байгуулах боломж бий гэдэг нь харагдсан” хэмээж байв.

Аюулыг зайлуулах аргууд

Ерөөс тэнгэрээс урилгагүй ирэх гээд байгаа зочинтой тэмцэх аргыг бодож олсон цор ганц хүн нь Перминов биш байлаа. “Апофис”-ийг нээсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх найман жилийн хугацаанд дэлхийг уг биеттэй мөргөлдөх эрсдлээс аврах үй түмэн арга, санаачилга танилцуулагдаад байгаа.

Хамгийн түгээмэл нь цөмийн зэвсэг ашиглах арга юм. Оросын эрдэмтэд ч бас энэ аргыг дэмждэг учраас “Хавх” нэртэй системийг боловсруулж байгаа. Тэнгэрийн эрхсийн ойролцоо цөмийн төхөөрөмж дэлбэлэхэд цацраг нь (сансарт агаарын хүчтэй урсгал буюу цохилтын давалгаа гэж байдаггүй) тэрхүү эрхсийн гадаргууны тодорхой хэсгийг хайлуулж чадна гэж эрдэмтэд таамагладаг. Ингэснээр тухайн биетийн жин багасна. Мөн хуурмаг буюу реактив эсэргүүцэл бий болох учраас тэрхүү биет тойрог замаасаа түлхэгдэн гарах аж. Ер нь бол ганц удаагийн дэлбэлэлтийг бага хэмжээтэй бүлэг цөмийн цэнэгээр орлуулах боломж бас бий.

Агаар мандалд цөмийн дэлбэрэлт ингэж харагдана

Агаар мандалд цөмийн дэлбэрэлт ингэж харагдана

Өнгөрөгч зургаадугаар сард Английн одон оронч Кристи Мэддок, Масимилиано Васили нарын боловсруулсан арга ч бас дээрх зарчимд суурилсан байв. Тэд дэлхийн тойрогт лазерийн их буугаар тоноглогдсон хиймэл дагуулуудын бүлэглэл үүсгэхийг санал болголоо. Аюултай астероидүүдийг лазерийн туяагаар нэгэн зэрэг буудвал тэдгээрийн гадаргуу ч хайлна, тойрог замаасаа ч гарах аж. Саяхныг болтол лазерийн туяа ашиглах арга үр ашиг багатайд тооцогдож ирсэн. Яагаад гэвэл, эрдэмтэд үүний тулд лазерийн маш том төхөөрөмж барих шаардлага тулгарна гэж үздэг байлаа. Харин дээрх Английн эрдэмтэд олон тооны жижиг лазераар ч бас яг ижил үр дүнг хүртэх боломжтой гэдгийг нотлон харуулсан.

2008 оны есдүгээр сард Австралийн Куинслендийн их сургуулийн оюутан Мэри Д’Суза “Space Generation Advisory Council” хэмээх байгууллагаас зохион явуулсан “Апофис”-ийг аюулгүй болгох шилдэг төслийн уралдаанд түрүүлж байлаа. Энэ бүсгүй уг “Апофис”-ийн нэг хэсгийг Америкийн “DuPont” гэх химийн компанийн үйлдвэрлэдэг гэрэл ойлгогч хальсаар ороох саналыг дэвшүүлсэн байдаг. Ингэж ороож чадвал “YORP үзэгдэл”-ийн хүчээр тэнгэрийн эрхсийн тойрог замыг өөрчлөх боломж бүрдэх аж.

“YORP үзэгдэл” – Ярковский, О’Киф, Радзиевский, Пэддэкийн үзэгдлийн товч нэр. Нарны гадаргуун жигд бус  халалтын улмаас астероидийн тэнхлэгээ тойрон эргэх хурд өөрчлөгдөх үзэгдэл. Үүнд астериодийн хэлбэр болон гадаргууны гэрэл ойлгох чадвар чухал ач холбогдолтой байдаг.   

Тэгвэл өнгөрөгч онд Массачусетсийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд Д’Суза бүсгүйн дэвшүүлсэн аргын хариуд өөрсдийн хувилбарыг санал болгожээ. Америкийн эрдэмтэд астероидийн нэг хэсгийг цагаан будгаар бүрэх саналыг дэвшүүлэв. Үүний тулд астероидийг чиглүүлэн пэйнтболын (будгаар бууддаг буу) маш олон үрлэн сумыг нэгэн зэрэг буудаж будган үүл үүсгэх боломжтой аж. Гэхдээ энэ тохиолдолд тэнгэрийн эрхсийн гадаргаас ойсон цацрагийн хэмжээг нийлбэр цацрагийн хэмжээнд харьцуулж тооцох боломж л бүрдэх юм (альбедо).

Үүний оронд таталцлын хүчийг ашиглах арга арай илүү бодитой санагдана. Зарим эрдэмтэн “Апофис” рүү асар том соронзон төхөөрөмж хөөргөвөл таталцлын хүчээр тойрог замыг нь санаснаараа өөрчлөх боломж бүрдэнэ гэж үздэг. Тухайлбал, 2009 онд Английн эрдэмтэд 10 тонн жинтэй төхөөрөмж хөөргөж “Апофис”-оос дээш 48 метрийн өндөрт орших тойрог замд оруулах саналыг дэвшүүлж байлаа. Мөн онд “NASA”-ийн харьяа Реактив хөдөлгөөн судлах лабориториос сансар руу 1 тонн орчим жинтэй хиймэл дагуул хөөргөж “Апофис”-оос 150 метрийн зайд тойрон эргэлдүүлэх саналыг тавьж байв. Энэ тохиолдолд аюулт астероидийн хурд хоногт 0.22 орчим микроноор саарах боломж бүрдэх аж.

Сүүлийн үеийн мэдээллүүд

“Апофис”-той учрах дараагийн уулзалт нэлээд хэдэн жилийн дараа тохионо гэж байгаа боловч хүн төрөлхтөн түүнтэй “дайтахад” үндсэндээ бэлэн болсон байна. Дээр нь энэ сарын 9-нд болсон ойртолт шинжлэх ухааны салбарт маш олон үр дүнг авчирлаа.

Дэлхийгээс 14.46 сая км зайд өнгөрсөн “Апофис”-ийг сансар судлалын “Хершель” хэмээх хиймэл дагуул тасралтгүй ажигласан байна. Түүний дамжуулсан мэдээллийн ачаар эрдэмтэд “Апофис”-ийн гадаргууны хэмийн зураглалыг бүтээж чаджээ. Нэгэнт энэ биетийн гэрэлтүүлэх хэмжээ нь тодорхой учраас одон орончид дээрх зураглалын дагуу “Апофис”-ийн альбедог ч тооцоолж чадсан байна.

“Хершель” – дуран авай бүхий энэхүү хиймэл дагуулыг Өмнөд Америкт орших Францын Гвиана мужаас 2009 оны гуравдугаар сарын 14-нд хөөргөсөн юм. Төхөөрөмжийн төв толиний тойрог нь 3.5 м байгаа нь “NASA”-ийн хөөргөсөн “Хаббл” дурангийн тойргоос нэг метрээр өргөн гэсэн үг. “Хершель” дуранг инфра улаан туяатай, субмиллиметр хэмжээст орчинд ажиллахад ашигладаг ажээ.   

Үүнээс гадна эрдэмтэд “Апофис”-ийн тойргийн хэмжээг өмнө нь 20 хувиар дутуу тооцоолсон байсныг илрүүлж хэрэндээ том нээлт хийлээ. Өнөөгийн шинэчлэн тогтоосон хэмжээ нь 325+(-)15 м болсон байна. Гэхдээ хэрэв уг биетийн жин нь бүх хэсэгтээ жигд, тогтвортой байдаг гэвэл 70 хувийг нэмж тооцох ёстой гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ.

"Апофис"-ийн гадаргууны хэмийн зураглал

“Апофис”-ийн гадаргууны хэмийн зураглал

Тэнгэрийн эрхсийнхээ хувиар “Апофис” эрдэмтдийн анхаарлыг татдаггүй гэж хэлж болохгүй. Учир нь дэлхийд ойртож ирдэг тэнгэрийн өөр эрхсүүд байдаг хэдий ч эрдэмтдэд астероидүүдийг байгаа орчинд нь судлах агуу боломжийг чухамхүү “Апофис” л олгож байгаа юм. Үүнээс гадна энэ биетэд хүний ухаанаас хальсан ер бусын зүйл байхгүй, жирийн нэгэн астероид билээ.

Гэлээ гэхдээ 16 жилийн дараа мэдээллийн хэрэгслүүдийг нөмрөх хийрхэлийн эхний шинж тэмдэг өнөөдөр ч гэсэн ажиглагдаж байна. Өдгөө шинэчлэн тогтоогоод байгаа үзүүлэлтүүдийг үндэслэн Оросын “Рен-ТВ” суваг, магадгүй “Первый канал” ч бас баримтат кино бүтээж үзэгчдийн хүртээл болгосноор хүмүүс “Бурхдыг мөхөөх Шүүх өдрийн астероид” улам аюултай болсныг олж мэдэх биз ээ. Тэр дундаа маяачүүдийн он тоололд итгэн ертөнцийн мөхлийг амьсгаа даран хүлээж байсан хүмүүст ч бас нэгэн шинэ сэдвийг үүсгэх шалтаг болох биз. Харамсалтай нь, хүний мунхаг үзэл саруул ухаанаа ямагт дийлж явах юм даа. Ядаж байхад пейнтболын сумаар ч, таталцлын хүчээр ч, мөн шударгаар хэлэхэд, цөмийн зэвсэг дэлбэлээд ч хүмүүсийн толгойноос тэнэглэлийг авч хаяж болохгүй юм даа.

http://lenta.ru/articles/2013/01/14/apophis/