Телевизийн түүхэн дэх хамгийн гажиг шоу

Posted on Нэг дүгээр сар 21, 2013

0


Д.Болдын Твиттер хуудаснаас авав

(Шүүмж)

“Камертон-2” шоу “амжилттай” өндөрлөлөө. Твиттерээр гартай болгон нь амаа олохгүй магтлаа. Харин Фэйсбүүкт арай ардчилсан хэлэлцүүлэг өрнөв. Хэлэлцүүлгийн гол утга нь: ирээдүйд хэрхэн цахиур хагалах нь ойлгомжгүй ахиад нэг хамтлаг гарч ирлээ гэх. Энэ шүүмжлэлийг нэг талаас ойлгож болох юм. “UBS” телевизийн “Universe Best Songs”, “25 дугаар суваг” телевизийн “Making the Band” гээд олон шоу шил шилээ даран гарч чамлахааргүй олон дуучин, хамтлаг төрүүлсэн нь үнэн. Харамсалтай нь, тэдний ирээдүй их бүрхэг байдгаар барахгүй, түрүүлсэн зарим хүнийг нь одоо эргээд санах хүн ч ховорджээ. “UBS” телевиз дээрх шоугаа дөрвөн удаа зохион байгуулж энэ хугацаанд шилдэг 100 дуучныг төрүүлээд байна. Шилдэг 25-аас эхний гурван байранд шалгарсан залуусаас бусад нь хаана, юу хийж яваа юм, бүү мэд. “25 дугаар суваг”-ийн шоуны ялагчид ч мөн ялгаагүй. Хамтлагаараа ганц нэг хит дуу гаргачихаад хэсэг хугацаанд алга болж, болж чанаргүй нэг дуу гаргаад эргээд таг болно. Дээрх хоёроос гадна “TV8” сувгаар “Monsters” гээд шоу бас сүүлийн үед жил алгасахгүй гардаг болсон. Дээр нь “ТВ9” суваг хүүхдүүдийн дунд нэг хэсэг “Гэгээн алсын одод” гэсэн шоуг явуулдаг байлаа. Сүүлдээ үзэгчид ийм олон шоунаас залхах болов. Яг энэ үед Монголын хамгийн алдартай “Камертон” хэмээх хамтлаг өөрийн нэрэмжит шоу эхлүүлж буйгаа зарласан юм.

Энэ шоу анх эхлэхдээ л “Universe Best Songs” шиг асар богино хугацаанд алдаршиж, үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг шоу болж чадаагүй юм. “UBS”-ийн энэ шоуг гарч эхлэхэд хүмүүс тун их сонирхон үздэг байсан юм билээ. Үүнийг бичигч бээр ч бас энэ нэвтрүүлгийн фен нь байж оролцогчдын нь өмнөөс догдолж явснаа нуухгүй ээ. Харин “Камертон-2” ингэж чадаагүй. Үүнд нэвтрүүлгийн бүтэц, хөтлөгчид, найруулга ч бас гологдож байсныг дурдах нь зүйтэй. Ер нь “Боловсрол” сувгийн нэвтрүүлэг дотроос хөтлөх урлаг, найруулгаараа аргагүй ялгарч чаддаг нь “50 саяын уналт”. Сүлийн үед уг нэвтрүүлгийг албан ёсны зөвшөөрлөөр явуулдаг болсноос хойш тайз засалт гэсэн давуу тал нэмэгдсэн нь сайшаалтай. Харамсалтай нь, “Камертон-2” шоуны тухайд сайшаах зүйл бараг байсангүй.

Гэлээ гэхдээ шоу өрнөдгөөрөө өрнөж байтал гэнэт алга болчихсон. Яагаад гэдгийг нь ойлгоогүй үзэгчид энэ шоуг бүр дуусчихсан юм байна гэж бодон ялагчдаар хэн хэн тодорсныг бие биеэсээ сурагладаг болсон байлаа. Гэвч мөрөө хавчсан хүмүүс л олширч байв. Тэгтэл “шоу үргэлжилнэ” гэсэн мэдээ цацагдах болж удалгүй шилдэг 16 оролцогчийн танилцуулгыг хүргэсэн нэвтрүүлэг гарч байгаад бас л алга болчихсон. Тэгж тэгж өнгөрөгч бямба, ням гаригт нэвтрүүлгээ шууд эфирээр цацаж ялагчдаа сая л нэг юм тодруулж дууслаа. Ялагчид нь үнэхээр мундаг залуус болсон, маргаан байхгүй ээ. Тэдний чадвартай хэн ч маргахгүй. Үнэхээр шилдгүүд мөн. Гэхдээ энд нэг ийм чухал асуудал байна.

“Шинэ Камертон”-д дуулах хувь тавилангаа олж авсан Баярмандах, Оргил, Замбалгарав нар залууст хэдийнэ танил болсон дуучид. Оргилын хувьд “Франц үнсэлт” киноны дуунаас гадна бас бус ганц нэг дуугаараа олны танил болсон дуучин. “Камертон”-ы залуусын хэлдгээр, үнэхээр сэтгэлээсээ сайхан дуулдаг залуу. Харин Баярмандах, Замбалгарав нар анх “Universe Best Songs” наадамд оролцож байснаараа олонд танил болсон залуус. Замбалгарав ахынхаа “Мотив” хамтлагт хааяа дуулдаг байсан гэж ярьж байсныг санаж байна. “Universe Best Songs” наадмын үеэр энэ нь үнэхээр мэдрэгдэж байсан. Баярмандахыг бодвол хоолой нь хамаагүй задарсан, нүүр хагарсан, харваас мэргэжлийн дуучин гэдэг нь илт байсан. Тиймдээ ч Замбалгарав “Universe Best Songs” наадамд бүдрэлгүй явсаар шилдэг 25-ын нэг болж байв. Харамсалтай нь, Баярмандахт ийм аз гийгээгүй билээ. Энэ наадамд тэрбээр хоёр жил дараалан оролцсон. Даанч дандаа дөрөвдүгээр шатнаасаа хасагддаг байлаа. Баярмандах үнэхээр ховорхон гоё басс хоолойтой залуу. Сонсоод л баймаар… Бас бахархмаар… Иймд “Камертон-2” шоунд орж ирэхэд нь баярласан хүн цөөнгүй байсан биз ээ.

Ерөөс шоу эхлэхэд л “Ойлгомжтой, энэ гурав ялна” гэсэн бодол, итгэл, хүлээлт маань эндүүрэл байсангүй. Үнэхээр ч энэ гурав яллаа. Гэхдээ би энэ шоуны төгсгөл арай өөр байгаасай гэж битүүхэндээ хүсч байсан. Яагаад гэвэл, Д.Болд “Бид нэг мэдсэн чинь уянгын дууны маш олон хамтлагтай болсон байна. Шинэ хамтлаг маань тэднээс тэс өөр байх ёстой гэж бид үзсэн” гэж хэлсэн болохоор… Үүнтэй холбоотойгоор Солонгосын “Big Bang”, “SS501” маягийн хамтлаг гарах нь гэсэн таамаглал үзэгчдийн дунд нийтлэг байсан. Гэтэл “Камертон”-ыхон энэ бодлоосоо ухраад эргээд уянгын дууны бас нэг хамтлаг төрүүлчих шиг боллоо. Ялагч Зоригоос бусад нь өөр урсгалын дуу дуулж, дуулангаа бүжиглэнэ гэхээр үнэндээ төсөөлөгдөхгүй юм. Гэхдээ энэ ч бас чухал асуудал биш юм.

Хамгийн чухал асуудал нь бүтэн жил үргэлжилсэн энэ шоунд маш их мөнгө заран байж эцсийн дүндээ угаас нэг хамтлаг байсан залуусыг шалгаруулчихлаа. Монголын бүү хэл дэлхийн телевизийн түүхэнд ийм гажиг шоу ер байгаагүй дээ. Хайран цаг хугацаа, хайран ивээн тэтгэгчдийн хөрөнгө мөнгө. “3+1” гэсэн хувилбарыг шалгаруулснаар “Камертон”-ы залуус энэ төсөлд хамтран зохион байгуулагчдаар оролцсон байгууллагуудын мөнгийг зүгээр л салхинд хийсгэж орхилоо. Баярмандах, Замбалгарав, Оргил гурав “Soul Beat Crew” гэсэн хамтлагийг үүсгээд “С1” телевизээр гарч байсныг мэдэхгүй хүн бараг байхгүй биз ээ.

Яах вэ, тэдэнд сайн менежмент, ивээн тэтгэгч байгаагүй байж магад. Тиймдээ ч энэ шоуг зорьсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л тэдний хамтлаг яагаад ч гэсэн цойлоод гарч ирэх боломжтой байсан. Ийм магадлал бүр 100 хувь байлаа. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй байх. “Камертон-2” шоунд энэ гурвыг давж гарах хүн алга гэдгийг мэдсэн даруйдаа “Камертон”-ыхонд өөр хүмүүсийг сонгох ганц л гарц байсан. Гэвч тэгсэнгүй. Тэд дэндүү өндөр үнээр дээрх гурвыг сонгочихлоо. Анхнаасаа шоу биш 1-2 үе шаттай шалгаруулалтыг л зарлах байсан юм. Харин нэгэнт шоу болгоод үргэлжлүүлээд явсных Баярмандахын оронд Сүх-Эрдэнэ гэхчилэн насаар арай бага залуусыг сонгосон бол Ариунаа гавьяатын мөрөөддөг “дуулангаа бүжиглэж чаддаг” хамтлаг төрүүлэх боломж байсан гэдгийг эцэст нь онцолж хэлэхийг хүслээ.

Posted in: Нийтлэл