Шанхай ногоон

Posted on 10 сар 7, 2013

0


Есдүгээр сарын 29-ний өглөө Хятад-ын Засгийн газар Шанхайдаа бүү хэл Хятаддаа хамгийн хөл хөдөлгөөнтэй дүүрэгт тооцогддог Пудун-д худалдааны чөлөөт бүсээ ёслол төгөлдөр нээв. 29 шоо км талбай бүхий уг бүсийг нээснээрээ тус орон эдийн засгийн либералчлалд чухал алхам хийсэн төдийгүй хэмжээгээрээ дэлхийд хоёрт ордог эдийн засгийнхаа өсөлтийг түргэсгэж чадна гэж дотоодод нь болон хилийн чанадад үзэж байна. Энэ цагаас эхлэн төслийн ирээдүй Хятадын Засгийн газрын цаашдын шийдвэрээс л шалтгаалах болно.

Худалдааны чөлөөт (онцгой) бүсүүд анх 1920-1930-аад оны үед нээгдэж байжээ. Ингэхдээ гол төлөв хөдөө аж ахуйн хувьд хоцрогдмол мужуудад хөгжлийг нь түргэсгэх зорилгоор нээдэг байв. Өнөө цагт боомт хотуудад ч бас байгуулж байна. Худалдааны чөлөөт бүст байнгын төлөөлөлтэй гадаадын компаниуд гаалийн хураамж, татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг. АНУ болон бусад тэргүүлэгч оронд худалдааны чөлөөт бүс байгуулж байсан түүх бий ч гол төлөв хөгжиж буй орнууд ийм бүс байгуулахыг зорьдог.

Шанхайн Вайгаоцао (Waigaoqiao) боомтод байгуулсан худалдааны чөлөөт бүсийн туузыг хайчлах ёслолд гадаадын хоёрхон банкны төлөөлөл оролцжээ. АНУ-ын Citigroup, Сингапур-ын DBS хэмээх хоёр байгууллага Хятадад салбар банкаа ажиллуулах эрхийг олж авсан гадаадын анхны байгууллагууд. Ийм эрхийг Вайгаоцаод байнгын төлөөлөлтэй, тэдний хууль, журамд бүрэн захирагдаж ажилладаг гадаадын компаниудад л олгодог юм. Бусад нь хамтарсан компани байгуулахаас аргагүй. Хятадууд дээрх хоёр банкийг шилж авсан уу гэвэл тийм биш аж. Гадаадын бусад компани одоогоор “тоглоомын дүрэм” тодорхой бус байгаа гэх шалтгаанаар Вайгаоцаод бизнесээ эхлүүлэхээс эмээж байгаа юм байна. Худалдааны чөлөөт бүсийн нээлтийн ажиллагааг нутгийн заншил ёсоор тансаг хийсэн ч гэлээ тэдэнд дээрх сул талыг нь мартуулж чадсангүй.

Гэхдээ байдал удахгүй өөрчлөгдөх байх. Яагаад гэвэл, хятадууд чөлөөт бүст үйлчлэх дүрэм, журмыг боловсруулахдаа нэлээд бүтээлч хандаж, энэ бүст хийх боломжгүй зүйлсийн жагсаалтыг танилцуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Жагсаалтад ороогүй бүхнийг чөлөөтэй хийж болно гэсэн үг. Энэ үүднээс нь авч үзвэл, 1970-1980-аад оны зааг дээр Дэн Сяопин-ы үед Гуандун мужийн Шенжен хотноо нээгдсэн Хятадын анхны худалдааны чөлөөт бүсийг бодвол энд хамаагүй эрх чөлөөтэй байх нь. Хятад орныг дэлхийд анх сайн талаас нь таниулж чадсан тэрхүү чөлөөт бүсээс л БНХАУ-ын аж үйлдвэрийн үсрэнгүй хөгжил эхэлж байсан. Азийн хамгийн ядуу орны нэг гэгдэж явсан улсыг эдийн засгийн агуу гүрэн болох зам ч бас эндээс л тавигдаж байсан түүхтэй.  

Либералчлах хүсэл

Хятадын өнөөгийн болон 30 жилийн өмнөх эдийн засгийн байдлыг харьцуулж харахад эдийн засгаа либералчлах гэсэн шалтгаан нь төстэй байгаа нь ажиглагдана. Хятад улсын өнөөгийн эдийн засгийн өсөлт нь яг тэр үе шигээ зогсонги байдалд ороод байгааг сүүлийн хэдэн улирлын ДНБ-ий үзүүлэлтүүд нь нотлон харуулсаар байгаа. Өчнөөн олон жилийн дараа анх удаа 8 хувь гэсэн үзүүлэлтийг ч давж чадахаа больжээ. Хөгжиж буй бусад орны хувьд ийм үзүүлэлтэд санаа зовох шалтгаан байдаггүй бол Хятадын хувьд нэн даруй шийдэх ёстой нийгмийн тулгамдсан асуудал олон байгааг харгалзан үзвэл энэ тоо арай л чамлалттай.

Шинэ Ерөнхий сайд Ли Кэцян албаа хүлээн авсан даруйдаа эдийн засгийн бодлогыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа талаар мэдэгдэж байлаа. Өдгөө түүний санал болгосон арга хэрэгслүүдийг 1980-аад оны Америкийн “Рейганомикс”-ийн адилаар “Ликаномикс” гэж нэрийдэх болжээ. Энэ оны зургаадугаар сарын сүүлчээр Хятадын Засгийн газар болон Төвбанкнаас бага хүүтэй зээл олголтыг эрс багасгаж, олон компанийн, тэр дундаа санхүүгийн байгууллагуудын үнэт цаасны үнийг эрс бууруулж орхисон нь “Ликономикс” бодлогын эхлэл байлаа. Хятадад их наядаар тоологдотлоо өсөөд байсан хууль бус санхүүгийн систем цаашдаа эдийн засгийн тогтвортой байдалд нь заналхийлээд байсан учраас үүнтэй тэмцэх зорилгоор эхний ээлжинд дээрх арга хэмжээг нэвтрүүлсэн байв.

Ер нь Лигийн цаашдын зорилго их тодорхой байгаа. Түүний багийнхан эдийн засаг дахь дангаар ноёрхлыг багасгах, хэт халсан салбаруудын өсөлтийг зогсоох, тэдний илүүдэл өсөлтийг хөгжүүлэлт шаардагдаж буй салбар, нутаг дэвсгэрүүдэд нэмж хуваах гэсэн зорилгуудыг хэрэгжүүлэх гэж чармайж байгаа. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлж чадвал дотоод дахь эрэлт нь тогтворжиж, эдийн засагт нь тээг учруулаад байсан саар үзэгдлүүдээс ангижирч, экспортоос хараат байдлаа бууруулж чадах юм. Харин эдгээр зорилгодоо хүрэхийн тулд захиргаа-хамт олны, торгуулийн, урамшууллын эсвэл хэт өндөр шаардлага тавихгүй байх гэх зэрэг янз бүрийн арга хэрэгслийг ашиглаж таарна.

Худалдааны чөлөөт бүсийн нээлт бол сүүлийн арга хэрэгсэлд хамаарна. Хятадын Засгийн газар хамгийн хөгжилтэй дүүргийн нэгд тооцогддог Пудунд чөлөөт зах зээл хэрхэн хэрэгжихийг харах хүсэлтэй байна. Энэ дүүрэг амьжиргааны түвшин, дэд бүтцийн хөгжлөөрөө хөгжиж буй орнуудын нийслэлтэй эн дүйцэх нь байтугай зарим талаараа илүү ч байж мэднэ.

Өнөөдрийн байдлаар 25 компани худалдааны чөлөөт бүст үйл ажиллагаагаа явуулах хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Тэдний дунд Хятадын (SAIC) болон гадаадын (Porsche, Microsoft) томоохон компаниуд байна. Бизнесийн чиглэлийн хувьд Вайгаоцаод тоглоомын төхөөрөмжүүд (приставк)-ийн үйлдвэрлэл бусдаасаа илүү давамгайлах болов уу. Учир нь Хятадад тоглоомын төхөөрөмжийн үйлдвэрлэл олон жилийн турш хориотой бизнес байсаар ирсэн юм. Пудунд үйлдвэрлэсэн төхөөрөмжүүдийг улс даяар борлуулна гэж тооцвол энэ төрлийн бизнес маш их ашиг авчирна гэсэн үг. 

Санхүүгийн салбарын тухайд бол Хятадын Засгийн газар энэ бүст ажиллаж буй банкуудад хамаагүй зөөлөн хандахыг хичээх юм билээ. Бусад суурин газар ажиллаж байгаа банкуудадаа эрх баригчид хатуу хандаж, хамаагүй зээл олгуулахгүй, хөрөнгө оруулалт хийхгүй байхыг шаардаж байгаа бол худалдааны чөлөөт бүст эсрэг хандлага өрнөнө. Вайгаоцаод банкуудын олгосон зээлийн хэмжээ болон хүлээн авсан хадгаламжийн хэмжээний зохист харьцааг хятадын мөнгөний нэгжээр илэрхийлбэл нэлээд том тоо гарна гэж найдаж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ бүст зээл олголт хамаагүй чөлөөтэй явагдах учраас банкууд өндөр эрсдэлтэй төслүүдэд илүү их хөрөнгө оруулахыг зорьж, тэр хэрээрээ өндөр ашигтай ажиллана гэсэн үг юм.

Юанийг угтах эрх чөлөө

Худалдааны чөлөөт бүст өрнөх хамгийн сонирхолтой зүйл нь юанийг чөлөөт буюу хөвөгч валют болгох туршилт байх юм. Гадаадын иргэд энд худалдаа арилжаа хийхдээ Хятадын үндэсний валютыг ашиглах бол Хятадын банкууд мөнгөө гадаадын валютанд хөрвүүлэх зардал гаргалгүйгээр энэ “салхивч”-аар шууд дэлхийн зах зээлд нэвтрэх боломжийг олж авна.

Юанийг хөвөгч валют болгох явдал бол Хятад, түүний худалдааны түншүүд, мөн дэлхийн санхүүгийн байгууллагуудын өмнө тулгарч буй эмзэг асуудал юм. Энэ явдал биеллээ олж чадвал тэр дороо асар том зах зээл бий болох учраас дэлхийн санхүүгийн байгууллагууд юанийг бушуухан хөвөгч валют болгохыг хүсч байна. Хөвөгч валют эзэмшихийн давуу талуудыг Бээжинд ч бас маш сайн ойлгож байгаа. Юанийн эрэлт маш их, түүнийг худалдан авах чадвар өндөр байна гэдгийг харгалзан үзвэл юанийг хөвөгч болгочихвол дэлхийн хамгийн нөөц ихтэй валют болох бөгөөд тэр хэрээр Хятад улс эдийн засгийн хүч, тогтвортой байдлыг олж авах юм.

Гэвч сул талууд давуу талын үргэлжлэл байдаг гэх үг бий. Юань гэх чөлөөт валют бий болсноор түүнийг дамлах боломж хязгааргүй болно гэсэн үг. Валютын ченжүүд ханшийг нь эрс хөөргөснөөр ганц өдрийн дотор дийлэнх экспортыг ашиггүй болгож орхино гэдгээс Хятадын Засгийн газар эмээж байна. Хэрэв ийм явдал тохиовол дэлхийн зах зээл тэр бүхнийг тэнцвэржүүлж байх зуур Хятадын эдийн засгийн өсөлт ноцтойгоор удааширч болохоос гадна яваандаа жилдээ аравхан хувийн өсөлтийг харуулж, өнөөгийн түвшиндээ буцаж буух эрсдэл бий. Үүнээс гадна валютын эргэлтийг чөлөөтэй болгох тусам араас нь “халуун” хэрэгслүүдийн асар том урсгал орж ирж, зах зээл дээр хэд хэдэн төрлийн хөөс бий болох эрсдэлтэй. Ингэснээр эдийн засгийн бодлогыг тогтворжуулах гэсэн Хятадын бодлого эсрэгээрээ биелэх аюултай юм.

Ийм ч учраас Бээжин юанийг чөлөөт валют болгох тал дээр нэлээд болгоомжтой хандаж, эхний удаад зөвхөн худалдааны чөлөөт бүст туршиж үзэх гэж байгаа нь энэ юм.

Өрсөлдөгчид айдаст автаж байна

Худалдааны чөлөөт бүс нээсэн тухай мэдээллийг Хонг Конг-д их болгоомжтой хүлээн авлаа. Улс төр талаасаа Хятадын бүрэлдэхүүнд багтдаг ч өөрийн гэсэн мөнгөний нэгжтэй, хараат бус эдийн засгийн бодлоготой гээд олон давуу талыг эзэмшдэг энэ хот-улс Вайгаоцаог “хараат бус хот” болж хувирах вий гэдгээс эмээж байж мэдэх юм.

Хонг Конгийн иргэд хуучин Британийн вант улсад харьяалагдаж байсан, өдгөө хараат бус амьдралтай гэдгээрээ хэчнээн ч бахархаж болох боловч үнэн хэрэгтээ өнөө цагт энэ хот-улсын эдийн засгийн үндсэн үүрэг нь Хятад руу нэвтрэх үүд хаалга болоход оршиж байгаа юм. Тодруулбал, Хятадын гадаад худалдааны асар олон тооны гэрээ хэлцэл, гадны хөрөнгө оруулалт зэрэг нь Хонг Конгоор дамжин байгуулагдаж байгаа. Энэ ч утгаараа Хонг Конг нь Хятаддаа амьжиргааны хамгийн өндөр түвшинтэй хотын нэгд ордог. Вайгаоцао энэ хот-улсын амьдралд ноцтой хохирол учруулж чадна гэдэг нь одоо ч харагдаж байна. Тухайлбал, Хонг Конгод явж заншсан уран зургийн дуудлага худалдаа Шанхай руу нүүх гэж байгаа тухай сураг дуулдаж эхэллээ.

Шанхай хотын удирдлага худалдааны чөлөөт бүсийг Хонг Конгод хохирол учруулна гэх янз бүрийн цуу яриаг няцааж, Хонг Конгийг эртнээс нааш нэр хүнд сайтай, зөвхөн хуулиа дээдлэх зарчмыг хэрэгжүүлдэг гэх зэрэг маргашгүй олон давуу талтай хэмээн мэдэгдэв. Гэхдээ худалдааны чөлөөт бүс бий болсны горыг Хонг Конг их олон жилийн дараа л мэдрэх байх гэдгийг үгүйсгэх аргагүй. Юутай ч, Хятад руу нэвтрэх хоёр дахь хаалга нээгдэж чадлаа. Харин энэ хаалга хэр зэрэг том дэлгэгддэг бол гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.  

http://lenta.ru/articles/2013/09/30/freezone/

Advertisements