Афганистан: анхдагч шалтгаан

Posted on October 7, 2013

0


-Афганистаны тайван бус байдал юунаас үүдэлтэй вэ-

Саяхан болж өнгөрсөн хоёр хоногийн гашуудлын үеэр афганчууд 1978 оны коммунист төрийн эргэлтийн үеэр амиа алдсан мянга мянган иргэнийхээ дурсгалыг хүндэтгэв. Тэдний нэрийг саяхан олж тогтоосон юм. 35 жилийн өмнө болсон энэ хэрэг тус улсад үймээн, самуун тасралтгүй дэгдэх үндсийг тавьсан ажгуу. Коммунист төрийн эргэлтийн дараа коммунизмыг эсэргүүцэгч можахедуудын бослого гарч байсан бол дараа нь ЗХУ-ын цэргийн ажиллагаа эхэлж байв. Харин үүний дараа Афганистанд 10 гаруй жилийн турш дайн үргэлжилсэн. Тус улсад өдгөө ч буун дуу тасрахгүй байгаа билээ.

 

Буудан хороох хүмүүсийн жагсаалт

1970-аад оны сүүлчээр 5000 орчим хүн нутагтаа байхдаа амиа алдсан гэдгийг тус орны төр засаг санамсаргүй олж мэдсэн байдаг юм.

1993 онд Аманулла Осман (Amanullah Osman) хэмээх афган хүн Нидерланд-аас улс төрийн орогнол хүсчээ. Орогнол хүсэгчидтэй заавал өрнүүлдэг ярилцлагын үеэр Осман 1970-аад оны сүүлчээр Афганы тусгай албаны мөрдөн байцаах хэлтэс (Афганистаны эрх ашгийг хамгаалах хэлтэс)-ийг толгойлж байснаа үнэнээр нь өчсөн байдаг. Тэрбээр хэдэн зуун хоригдлыг байцааж байсан бөгөөд заримыг нь эрүүдэн шүүж, заримыг нь цааш харуулж явсан гэдгээ ч нуулгүй ярьжээ.

Нидерландын эрх баригчид түүний хүсэлтийг авч хэлэлцээд, татгалзсан хариу өгч байсан хэдий ч түүний амь насыг хамгаалах үүднээс эх оронд нь шилжүүлж өгөөгүй байв. Гэтэл 17 жилийн дараа буюу 2010 онд Нидерландын цагдаа, прокурорын газраас Османыг цэргийн гэмт хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэр үед цагдаа нар 2000-2001 оны үед хэвлэгдсэн нэг номноос Османы гарын үсэгтэй, нэг шоронгоос нөгөө рүү шилжүүлэх ёстой гэх хоригдлуудын нэрсийн жагсаалтыг олж үзсэн байв. Энэ нь түүнийг гэмт хэрэгтэн мөн гэдгийг нотлох нэг баримт болсон аж. Тэрхүү жагсаалтанд нэр нь дурдагдсан олон хүнийг сураггүй алга болсонд тооцдог байсан юм.

Османы хэргийг мөрдөх явцдаа прокурорууд Гамбург хотоос нэгэн настай эмэгтэйг олж уулзаж, түүнээс Афганы тусгай албадын үйлдэж байсан гэмт хэргүүдийн талаар мэдүүлэг авчээ. Мэдүүлгийн үеэр уг эмэгтэй тухайн үед цаазаар авахуулах ёстой байсан афган хоригдлуудын жагсаалт өөрт нь хадгалагдаж байгаа талаар хэлсэн байдаг. Энэ жагсаалтыг түүнд цагтаа НҮБ-д Афганистаны асуудал хариуцан ажиллаж байсан тусгай илтгэгч Феликс Эрмакора (Felix Ermacora) өгсөн байжээ. Харин Феликс тэдгээрийг ямар замаар олж авсан, яагаад заавал энэ эмэгтэйд өгөх болов, мөн яагаад нийтэд дэлгэлгүй өдийг хүргэсэн юм бэ гэдэг нь тодорхойгүй байна.  

Дари хэлээр бичигдсэн энэхүү жагсаалтад 4785 хүний нэр бий (эндээс англи орчуулгыг нь харж болно). 1978-1979 оны хэлмэгдүүлэлтийн үеэр төрөл садан нь сураггүй алга болсон гэх нэгэн эмэгтэй цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ тэр үед цаазаар авах хүмүүсийг урт, урт эгнээгээр жагсаан, автомат буугаар шүршиж хороодог байсан талаар дурсан ярьжээ. Цэргүүд ингэж хороосон цогцсуудаа бөөнд нь нүхэнд хийж, бульдозероор булдаг байсан бөгөөд амьсгаагаа хурааж амжаагүй зарим хүнийг амьдаар нь булж байсан аж.

1970-аад оны сүүлчээр Афганы удирдлага хэлмэгдүүлэлт явуулж байсан гэдэг нь угаасаа хэнд ч нууц биш байсан юм. Коммунистуудын явуулж байсан хэлмэгдүүлэлтийн уршгаар тухайн үед 50 мянга орчим хүн амиа алдсан гэж BBC News агентлаг мэдээлж байв.

Афганистаны олонх иргэн өнгөрсөн он жилүүдийн турш коммунист төрийн үед сураггүй алга болсон төрөл садангаа эрж хайсаар байсан. Харин Гамбург хотын иргэнээс олж авсан баримтыг нийтэлсний ачаар өдгөө зарим нь найдвар тээх шаардлагагүй болсныг ухаарч, үр ашиггүй эрлээ зогсоох буй за.

Улаантнуудын хийсэн төрийн эргэлт

Араасаа их хэлмэгдүүлэлтийг дагуулсан 1978 оны төрийн эргэлт нь үүнээс өмнөх 10 жилд өрнөсөн олон үйл явдлын үр дүн байсан юм. Тус орныг Захир-Шах удирдаж байх үед салангид оршиж байсан коммунист хүчнүүд 1965 онд нэгдэхээр шийдэж, улмаар Афганистаны Ардын Ардчилсан нам (АААН)-ыг байгуулжээ. Дэлхийн II дайны дараа ЗСБНХУ өмнөд хил орчимдоо нөлөөгөө бэхжүүлэх зорилгоор Афганистаны вант засагтай нягт хамтран ажиллаж байсан хэдий ч АААН-д энэ нь дорвитой нэмэр болж чаддаггүй байв.

1967 онд нам дотор хоёр жигүүр мэндэлсэн нь намын хүч тарамдахад хүргэсэн байдаг. “Хальк” буюу “Ард Түмэн” гэсэн нэртэй жигүүрийнхэн Афганистаныг ЗСБНХУ-ын хэмжээнд үтэр түргэн хүргэхийн төлөө дуугардаг байв. Харин “Парчам” буюу “Туг” хэмээх хоёр дахь жигүүрийнхэн өөрчлөлт, шинэчлэлүүдийг аажмаар явуулах ёстой гэж үздэг байжээ.

1973 онд өрнөсөн үйл явдлын үеэр АААН өөрийгөө таниулан харуулах сайхан боломжийг олж авсан байдаг. Тэр үед Захир-Шахын үеэл дүү, мөн хүргэн нь болох Мохаммед Дауд төрийн эрхийг гартаа оруулахаар шийдсэн байв. Дауд 1963 он хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Афганистаны аж үйлдвэрийг сайтар хөгжүүлж, Москватай дотносох чиглэлийг баримталдаг байжээ. Энэ нь АНУ-ын нөлөөнд оршиж байсан хөрш Пакистан улстай таагүй харилцаатай болох шалтгаан болсон байснаас гадна шахтай ам мурийх, улмаар Ерөнхий сайдын албан тушаалаас огцроход нь хүргэсэн байдаг.

Дуад 1973 онд Захир-Шахыг огцруулсныхаа дараа Засгийн газрыг толгойлох болж, эцэст нь Ерөнхийлөгч ч болж чадав. Гэвч энэ удаад ЗСБНХУ-тай дотно харилцаатай явснаа үл ойшоон, харин ч улсаа Москвагийн нөлөөллөөс гаргахын төлөө ажиллах болсон байв. Үүний зэрэгцээ Дауд эрх мэдлийг төвлөрүүлэх ажлыг эхлүүлснээр Афганистан улс яваандаа ганц намын системд орчихов. Даудад төрийн эрх мэдлийг авахад нь чадлаараа тусалж явсан АААН ийм нөхцөлд үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрсэн байлаа.

Ингээд 1978 онд үл таних хүмүүс АААН-ын “Парчам” жигүүрийн нэг удирдагчийн амийг бүрэлгэсэн нь Ерөнхийлөгч Дауд, коммунистуудын дунд том маргаан дэгдэх үндсийг тавьсан байдаг. Коммунистууд намын гишүүнийг нь цааш харуулсан хүмүүсийн ард гомдол тээсэн Дауд байгаа гэж таамаглан эсэргүүцлийн цуглаан өрнүүлэх болов. Гэвч цуглааны үеэр маш олон хүнийг баривчилж байсан тул коммунистуудад элэгтэй армийн хүчнүүд 1978 оны дөрөвдүгээр сарын 28-нд Ерөнхийлөгчийн ордныг довтолж, Даудыг цааш харуулсан байдаг.

Ийнхүү Бүгд найрамдах ардчилсан Афганистан улс гэж нэрлэгдэх болсон орны төрийн толгойд АААН-ыг үүсгэн байгуулагч, “Хальк” жигүүрийн удирдагч Нур Мохаммад Тараки гарч ирэв. Тэрбээр юун түрүүнд “Парчам” жигүүрийнхнийг улс орны удирдлагаас шахан зайлуулж, ЗСБНХУ-тай нягт хамтран ажиллах чиглэлийг баримтална гэдгээ зарлаад нийгэм-эдийн засгийн шинэчлэлийг эрчимтэй явуулж эхэлжээ. Гэвч эдгээр шинэчлэл нь нийгмийн бүхий л давхрагын хүмүүсийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг байв. Нэн ялангуяа хувийн өмчид байгаа газрыг хүчээр булаан авч, бусдад үнэгүй шилжүүлэх Таракигийн бодлого афганчуудыг маш их бухимдуулж, хэдэн зууны туршид бие даан амьдарч ирсэн омгуудын удирдагч нарын эрхэнд шууд халдсан үйлдэл байсан юм. Үүнээс гадна ислам шашинт афганчуудад шашны асуудалд нь хөндлөнгөөс оролцох гэсэн АААН-ын бодлого огт таалагдахгүй байв. Сургууль соёлд зайлшгүй хамрагдах, эмэгтэйчүүдэд эрх тэгш байдал олгох гэх зэрэг төрөөс тавигдсан янз бүрийн зорилтууд ислам шашинтнуудын уламжлал, үнэт зүйлстэй нь илт сөргөлдөж байлаа. Байдал нэгэнт ийм дээрээ тулсан учир орон нутагт амьдардаг иргэд хэдэн зуунаар уламжлагдан ирсэн амьдралын хэв маягаа өөрчлүүлэхгүй гэсэндээ төрийнхөө эсрэг босч эхлэв. 1979 оны дунд үе гэхэд Афганы ихэнх хэсэг үймээнд автсан байсан тул төр засгийн зүгээс буруу номтнуудыг үй олноор нь баривчлах шийдвэрээ бүрэн утгаар нь хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Төгсөшгүй дайн

1979 оны арванхоёрдугаар сард ЗСБНХУ Афганистанд цэргүүдээ оруулав. Тараки өмнө нь ч Москвагаас цэргийн тусламж хүсч байсан гэдэг. Харин оросууд байдал арай ч цэрэг, шийдэм дээрээ тулчихаагүй байлгүй гэж бодон удаа дараа татгалзсан хариу өгдөг байжээ. Чингэтэл Афганистаны төрийн толгойд Таракигийн хамтран зүтгэгч, орлогчоор нь ажиллаж байсан Хафизулла Амин гарч ирэхэд байдал эрс өөрчлөгдөв. Тэрээр ямар замаар төрийн эрхийг гартаа оруулсан бэ гэдэг нь одоо ч маргаан дагуулсаар байгаа. Юутай ч, Таракийг Амины тушаалаар баривчилж, хороосон гэдэг дээр олон хүн санал нийлдэг. Харин хороох болсон шалтгааны тухайд нэгдсэн тайлбар одоо ч алга.   

Судлаачдын дэвшүүлсэн нэг хувилбараар бол Тараки өөрийнхөө замаас Аминыг зайлуулах гэсэндээ түүнийг албан тушаалаас нь буулгасан байсан нь Аминд таалагдаагүй гэх. Өөр нэг хувилбараар бол Тараки Москвагийн тушаалаар Амины аминд халдах ажлыг зохион байгуулж байсныхаа хариуд Аминаас ийм цээрлэл хүртсэн гэх. Кремлийн зүгээс Аминыг афганы бүх зовлонгийн анхдагч шалтгаан нь гэж үздэг байсан хэмээн ярьдаг. Харин бас нэг хувилбараар бол Москва эсрэгээрээ Амины аминд халдах ажил өрнөж байгаа талаар өөрт нь сэрэмжлүүлэг хүргэж, түрүүлж цохилт үзүүлэх боломжийг нь олгосон гэж хэсэг судлаач үздэг.

Дээрх хувилбаруудын аль нь зөв бол гэдэг нь тодорхойгүй хэдий ч Москва болон Афганистаны шинэ удирдлагын хооронд найрсаг харилцаа тогтож чадаагүй нь үнэн юм билээ. Оросууд Аминыг барууны орнуудад найр тавьж буйд буруутган, түүнийг Америкийн тагнуулч гэж хүртэл нэрлэж байсан байдаг. Түүнчлэн Амины явуулж буй хэлмэгдүүлэлт Афганистаныг бутаргах эрсдэлтэй гэдгийг Кремль сайн ойлгож байв. Эцэстээ Аминд дургүй байдал нь дээд цэгтээ тулахад Кремль өөрт талтай хүнээр Аминыг солих ажиллагааг зохион байгуулахаар шийджээ. Ингээд тэд Таракиг төрийн эрхэнд гармагц Чехословакийг зорьсон АААН-ын “Парчам” жигүүрийн удирдагч асан Бабрак Кармалийг сонгосон байдаг. 

Чингээд 1979 оны арванхоёрдугаар сарын 27-нд Оросын тусгай албаны дайчид Кабул дахь Ерөнхийлөгчийн ордныг эзлээд авчээ. Тусгай ажиллагааны үеэр Амин алуулсан байдаг. Гэвч Афганы төрийн тэргүүнийг солих зорилгоор явуулсан тусгай ажиллагаа үүгээр дуусаагүйгээр үл барам Оросын арми дараах есөн жилийг Афганы нутаг дээр байлдаж өнгөрүүлсэн түүхтэй. Оросын арми Афганистанд байрлаж байгаа гэх хүчин зүйл уг нь тус улсыг тогтвортой байдалд оруулах ёстой байтал эсрэгээрээ оросууд можахедуудын зогсолтгүй довтлох бай нь болж байв. Дээр нь Москваг Афганистанаас гадна Ойрх Дорнодын бүс нутагт хяналтаа тогтоохыг оролдож байна гэж хардсан АНУ түүнийг эсэргүүцэгч хүчнүүдийг санхүүжүүлэх болов. Эцсийн дүндээ Оросын арми ялагдаж сүйд болоогүй ч дайснуудынхаа хүчийг жаахан ч атугай сулруулж чадалгүйгээр 1989 онд Афганистанаас гарч байлаа.

Афганистанд явуулсан зөвлөлтийн тусгай ажиллагааны үеэр хэчнээн хүн амь үрэгдсэн талаарх тодорхой тоо байдаггүй. ЗСБНХУ-ын хувьд 15 000 орчим иргэнээ, Афганы арми 55 000 орчим хүнээ алдсан гэж дүгнэсэн нь бий. Тэр үед Афганы армийн цэргүүд байнга оргож босдог байсан тул армийн хохирлыг нарийн тооцоолоход хүндрэлтэй байжээ. Амь үрэгдсэн энгийн иргэд болон можахедуудын тоог эх сурвалжууд янз бүрээр мэдээлсэн байдаг. Юутай ч, тэдний тоо 600 000-2 саяын хооронд хэлбэлзэж байна. Тухайн үеийн статистик тооцоолол дэндүү ядмаг мэдээлэл агуулж байсан учир тэдний дундаас хэд нь можахед, хэд нь энгийн иргэн байсныг хэлэх арга алга.

Зөвлөлтийн цэргүүд Афганистаныг орхин гарснаар энэ улсад дайн зогсоогүй юм. Гурван жил харьцангуй намжмал байдалтай байсны дараа 1992 онд хээрийн цэргийн ахлагчид зөвлөлтийн удирдлагуудад талтай эрх баригчдаа огцруулснаар хоёр тал 1996 он хүртэл хоорондоо байлдав. Энэ хугацаанд ойролцоогоор 60 000 хүн амь үрэгдсэн байдаг. 1996 онд талибууд Афганистаны төрд гарч ирснээс хойш тэдний байнд гол төлөв энгийн иргэд өртөх болсон. Чухам хэчнээн иргэн амь үрэгдсэн нь тодорхойгүй ч НҮБ-аас талибанчуудыг дор хаяж 15 удаа цуст яргалал явуулсан гэж мэдээлж байв.

Афганистанд өрнөж байгаа өнөөгийн тэмцэл нь 2001 оноос эхлэлтэй. Тэр үед “Талибан” бүлэглэл “Аль-Каеда”-ийн тэргүүн агсан Осама бин Ладен-ыг шилжүүлж өгөхөөс татгалзсаны хариуд НАТО цэргүүдээ оруулж байлаа.

Үүнээс хойш 12 жилийн хугацаанд Афганистанд хэдэн арван мянган хүн амь үрэгдсэнээс 19 мянга орчим нь энгийн иргэд байв. Талибанчууд хэчнээн тооны дайчнаа алдсан гэдэг нь тодорхойгүй ч арав ба түүнээс дээш мянгаар яригдана гэсэн таамаглал бий. Харин эвслийнхэн 3000 гаруй хүнээ алдсан аж. Зөвлөлтийн цэргүүдийн адилаар НАТО-гийн ажиллагааг ч бас амжилттай яваа гэж хэлэх арга байхгүй. Учир нь тэднийг давшилж орж ирсний дараахан талибанчууд хамаг юмаа хаяж, Пакистан руу зугтан гарсан ч удалгүй эргэн ирж, өнөөг хүртэл янз бүрийн алан хядах ажиллагаа явуулан барууны цэргүүдийн чадлыг барж сууна. Тиймээс НАТО 2014 онд төлөвлөсөн ёсоороо Афганистанаас цэргүүдээ гаргавал энэ нь олон жил үргэлжилж байгаа дайны зөвхөн нэг үе шат дууссаны илэрхийлэл л болох байх.

Ийнхүү 35 жилийн өмнө орон даяараа коммунистуудыг эсэргүүцэн боссон үймээнээс Афганистаны өнөөгийн дайн эхэлсэн түүхтэй билээ.   

http://lenta.ru/articles/2013/10/03/mourning/