Энэ газар манайх байсан юм

Posted on October 7, 2013

1


-Google Maps-т маргаантай газар нутгуудыг хэрхэн тусгасан байдаг вэ-

Энэ долоон хоногийн эхээр Японы эрх баригчид орон нутгийн захиргаа, улсын их сургуулиуддаа хандан цахим хуудсууддаа Google Maps-ын газрын зураг ашиглахгүй байхыг зөвлөлөө. Япон улс өөрийнхөө эзэмшил нутгаа гэж тооцдог газруудын нэршлийг Google компани газрын зурагтаа буруу тусгасан байсан нь ийм хязгаарлалт нэвтрүүлэх шалтгаан болсон ажээ. Ер нь Google компанийн цахим газрын зураг дээр улс орнуудын хил хязгаар буруу тусгагдах эсвэл нэршлүүд нь эргэлзээ төрүүлэх явдал нэг бус удаа тохиолдож байв. Испани-Марокко, Энэтхэг-Хятад, Герман-Нидерланд улсуудын хооронд газрын маргаан өдөөх эх үүсвэр нь Google болж байсан тохиолдол ч бий. Үүнээс гадна 2010 онд Google-ын алдаанаас болж Латин Америкт өргөн фронттой дайн эхлэх шахсан түүхтэй.

 

2005 онд цахим газрын зураг бий болгосон цагаасаа эхлэн Google компани тухайн улсын газар нутгийн зохион байгуулалт, хил, тэдгээрт харьяалагдах газар зүйн объектуудын нэршлийн тал дээр “илүү оновчтой бөгөөд үндэслэлтэй мэдээлэл” өгөхийн төлөө хичээсээр ирсэн хэмээн тус компанийн Google Geo салбарын шинжээч Чарли Хейл 2010 онд блогтоо бичиж байв. Энэ зорилгоо хангахын тулд зарим тохиолдолд маргалдаж буй хоёр улсын аль алиных нь хувилбарыг тусгах гэсэндээ хилийн хоёр шугам зурахаас аргагүйд хүрч байгаа аж. Харин маргаантай байгаа газруудыг цэгэн зураас болон товч тайлбар хэлбэрээр тусгасаар ирэв.

Гэвч өнөөдрийн байдлаар эдгээр тусгай тэмдэглэгээг maps.google.com хэмээх үндсэн талбар дээрээс нь л харах боломжтой байгаа. Харин харьяа домэнээс (тухайлбал, Энэтхэг-ийн maps.google.in эсвэл ОХУ-ын maps.google.ru-ээс ч юмуу) орж ирсэн хэрэглэгчид хилийн шугамыг орон нутгийн хуульд нь нийцүүлэн харуулсан хувилбараар хардаг юм.

Уг нь маргаантай газар нутгуудыг илүү оновчтой харуулсан газрын зураг хангалттай олон байдаг. Гэтэл Google Maps-ын газрын зурагнуудыг оновчтой бус гэх зэмлэхээс илүүгээр хилийн шугамыг өөрийн хүсэлдээ нийцүүлсэн хувилбараар зуруулах гэсэн гомдол Google компанийг буруутгах шалтгаан болох нь олонтаа. Тухайлбал, Оросын интернет хэрэглэгчид Абхази, Өмнөд Осети-ийн тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, хилийн зурвасыг нь Гүрж-ээс салгаж тэмдэглэж байх тухай саналыг Google-д илгээх талаар байнга хэлэлцдэг. Хайлтын системээрээ Оростоо алдартай Яндекс-ын боловсруулсан газрын зураг дээр хоёр улсыг Гүржээс салгаж тэмдэглэсэн байдаг бол Google Maps-т нэг улсаар дүрслэн харуулсан байгаа.

Палестин-ы хэрэглэгчид ч бас иймэрхүү гомдол гаргадаг. 2013 оны тавдугаар сард Google газрын зурагтаа “Палестины харьяа газрууд” гэх үгсээ засч, “Палестин” гэсэн ганц үгээр тэмдэглэх болсон хэдий ч наймдугаар сард google.ps доменыг довтолсон хакерчид даварч, Палестины газар нутагт Израиль-ийг бүхэлд нь оруулж дүрслэхийг шаардсан байв.   

Тэгвэл газар нутгийн маргааныг өөрт ашигтайгаар шийдүүлэх гэсэн Хятад-ын эрх баригчдын хүсэл бусдыгаа хол хаяна. 2010 оны аравдугаар сард хятадууд Google Maps-ын эсрэг Map World хэмээх нэртэй өөрсдийн боловсруулсан цахим газрын зургаа нэвтрүүлж байв. Хятадын эрх баригчид Map World-оо удахгүй дэлхийн геодези, зураг зүйн салбарт жинхэнэ тэсрэлт хийнэ гэдэгт найдаж байлаа. Сайтыг үүсгэн байгуулагчид ч бас цахим газрын зургаа найдвартай, алдартай брэнд болгож чадна гэдгээ заавал батлан харуулна хэмээн амлаж байв.

Гэсэн хэдий ч гурван жил болоход дэлхий нийт Хятадын зураг зүйн бүтээлд ганц удаа л анхаарлаа хандуулсан гэж хэлж болно. Тодруулбал, интернетэд tianditu.cn сайт нэвтэрч эхэлсэн тэр сард Хятадын газрын зургийн мэргэжилтнүүд Энэтхэгийн Аруначал-Прадеш мужийг 1.3 сая хүн амтай нь өөрийн харьяандаа багтаан оруулсан байсан нь илэрч билээ. Тэр бүү хэл, 2011 онд Энэтхэгийн Гужарат мужид болсон хөрөнгө оруулагчдын бага хурлын үеэр Хятадын төлөөлөгчдийн тарааж байсан хэвлэмэл газрын зураг дээр ч бас Аруначал-Прадеш мужийг Хятадын харьяа газар нутагт оруулж дүрсэлсэн байжээ. Энэтхэгийн сэтгүүлчид энэ талаар Хятадын Элчин сайдаас тодруулж асуухад нөгөөх нь тэдэнд “амаа хамхих”-ыг тушаасан гэдэг.

Ийнхүү зарим улс орон хилийн зурвасыг нь эргэж харах талаар Google-ээс цуцалтгүй хүссээр байгаа бол зарим нь тус компанийн зүгээс гаргасан техник алдааны улмаас нэг бол газар нутгийнхаа нэг хэсгийг алдаж, эсвэл нэмж шинэ газартай болж байсан тохиолдол гарч байв. 2010 онд Испани-ийн нутаг дэвсгэрт албан ёсоор тооцогддог Перехиль арал Google Maps-т Марокко улсын бүрэлдэхүүн газар гэж тэмдэглэгдсэн байлаа. Ер нь бол 1956 оноос эхлэн энэ арал хоёр улсын газар нутгийн маргааны бай болсоор ирсэн байдаг юм. 1956 онд Испани улс Мароккод тусгаар тогтнол олгох тухай гэрээндээ энэ арлын тухай огт дурдаагүй байсан учир Перехиль өнөөг хүртэл албан ёсоор вант улсын харьяа нутаг дэвсгэрт тооцогдож байгаа.

Хөлбөмбөгийн талбайгаас ялихгүй том, хад асга бүхий энэ өчүүхэн газрын талаар Испани, Мароккогийн иргэд хүртэл анх 2002 оноос л мэддэг болсон гэхэд хилсдэхгүй. Тэр үед Мароккогийн цагдаа нар Перехиль арал дээр очсон байдаг. Тэд хууль бус наймаачдыг барих зорилгоор тэнд очиж эрлийн ажил явуулж байсан хэмээн Мароккогийн эрх баригчид мэдэгдэж байсан ч тун удалгүй тэдний оронд цэргүүд хүрэлцэн ирж, сургалтын хуарангаа байгуулсан байв. Ингээд 2002 оны долоодугаар сарын 18-ны өдөр “Recuperar Soberania” (Эрх мэдлээ эгүүлэн сэргээх) хэмээх нэртэй ажиллагааны хүрээнд Испанийн арми арлыг хяналтандаа оруулж чадсан байдаг. Нэг сая евро зарцуулан байж эгүүлж олж авсан Испанийн харьяа энэ л жижигхэн арлыг Google найман жилийн дараа Мароккогийн бүрэлдэхүүнд оруулсан байх нь тэр. Тиймээс Испанийн Засгийн газрын зүгээс тавьсан албан ёсны шаардлагын дагуу 2010 онд Google зохих өөрчлөлтүүдийг нь тусгаж байлаа .

Google Maps-ын техник алдаанаас эхтэй “газар нутгийн маргаан”-ыг ийнхүү тайван замаар зохицуулах боломж тэр бүр тохиогоод байдаггүй. Бас л 2010 онд эдний зурагт тусгагдсан “ялихгүй жижиг алдаа”-наас үүдэн Никарагуа, Коста-Рика улсууд дайтах дээрээ тулж байсан юм.

Хоёр орон Сан-Хуан голын эзэмшлийн асуудал дээр эртнээс маргасаар ирсэн улс. 2009 онд энэ маргаанаа таслуулах зорилгоор хоёр улс НҮБ-ын Олон улсын шүүхэд хандаж байв. Улмаар энэ шүүхээс Коста-Рикад Сан-Хуан голоор чөлөөтэй зорчих эрх, харин Никарагуад голоор зорчиж яваа бүх хөлөг онгоц, зорчигчдыг нь шалгаж байх эрхийг тус тус олгож байв. Гэтэл 2010 оны арваннэгдүгээр сард Никарагуа улс Коста-Рика руу цэргүүдээ оруулж, голын дунд орших арлыг цэвэрлэж эхэлжээ. 50 орчим цэрэг тус арал дээр сургалтын түр хуарангаа байгуулж, ойг нь огтолж байв. Тухайн үед Google Maps-т энэ арлыг Никарагуагийн бүрэлдэхүүнд оруулан тусгасан байсан нь Никарагуагийн зүгээс ийнхүү “эзлэн түрэмгийлэх” үйлдэл гаргах шалтгаан нь болсон байлаа. Тэдний үйлдэлд бухимдсан Коста-Рикагийн эрх баригчид асуудлыг хүчээр шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхэд Никарагуагийн армийн төлөөлөгчид “Биднийг эзэмшил газар нутгаа эзэлж авсан гэж буруутгаад байгаад гайхаж байна” гэх утгатай хариу мэдэгдлийг хийж байв.

Хожим Google компани АНУ-ын Төрийн департаментын баримтуудыг үндэслэн газрын зураг дээр ийм алдаа гаргасан байсан нь тогтоогдсон. Тиймээс дээр өрнөсөн хэрэг явдлын дараахан Google алдаагаа залруулсан байсан хэдий ч 2011 онд НҮБ-ын Олон улсын шүүхээс гаргасан шинэ шийдвэрийн ачаар л хоёр улсын хоорондын маргаан намжиж байсан түүхтэй. Энэ шийдвэрээр хоёр улсын аль аль нь Сан-Хуан голын арал дээр очих, тэнд элдэв ажил зохион байгуулах эрхээ хасуулсан юм.

Харин Google Maps-ын талаарх Японы эрх баригчдын мэдэгдлүүд өнөөдөр тогтоод байгаа нөхцөл байдлыг өөрчилж чадах нь юу л бол. Өмнөд Курилын арлуудын эзэмшлийн асуудал одоог болтол шийдэгдэж чадаагүй байгаад Google-ын буруу ч гэж юу байх вэ. Гэлээ гээд улс гүрнүүд интернетэд хэн нэгэн хүн тэдний хүсэлд үл нийцэх зүйл бичсэн байвал жирийн хэрэглэгчдийн адилаар бас л гомдож, гоморхдог билээ.

http://lenta.ru/articles/2013/09/30/googlemaps/