500 жил арчлуулаагүй дэлхийн цорын ганц цэцэрлэгт хүрээлэн

Posted on October 7, 2013

1


Марти Пярсинен тэргүүтэй Хельсинкийн их сургуулийн хэсэг археологич Бразиль-ийн Акри мужид малтлага явуулж байгаа бөгөөд дэлхийн хөгжилд оролцож явсан боловч бидний үл мэдэх соёл иргэншлийг нээсэн тухайгаа саяхан зарлав. “Шинэ соёл иргэншил” гэдэг үгсийг өдөр бүр сонсоод байдаг зүйл биш. Гэхдээ Амазоны сав газар явуулж байсан археологийн судалгаануудыг үндэслэж үзвэл энэ нь тийм ч шинэ, содон мэдээ биш юм.

Хэдэн ширхэг хэлтэрхий

Пярсинен тэргүүтэй археологичид анх Амазоны сав газрын алдартай геоглифуудыг малтаж байжээ. Геоглиф гэдэг нь 4 метрээс дээш хэмжээтэй, газрын хөрсийг ухаж бий болгосон дүрсийг хэлдэг. Ийм дүрснүүд гол төлөв их том хэмжээтэй байдаг учраас тэднийг зөвхөн агаар мандлаас л бүтнээр нь харах боломжтой. (Дэлхий дээр маш олон геоглиф байдаг бөгөөд хамгийн алдартай нь Англи-ийн Оксфордшир гүнлэгийн Уффингтон хэмээх газар орших шохойн чулууны уулан дээрх цагаан морины дүрс юм. Орч.  зураг)

Малтлага хийх явцдаа археологичид шавар эдлэлийн хэлтэрхий маш олныг гаргаж авчээ. Амазон нутгийн эртний соёл иргэншлийн үед хүний гараар бүтээгдэн, бидний үед хүрч чадсан цорын ганц бүтээл нь эдгээр шавар хэлтэрхий учраас шаврын төрөл зүйлийг нь судалж байж тухайн соёл иргэншлийг тодорхойлох шаардлагатай болоод байгаа юм. Юутай ч, Пярсинен нарын олж илрүүлсэн хэлтэрхийнүүд дэлхий дээр урьд өмнө олдож байсан эд зүйлстэй огт адилгүй байгаа учраас үл мэдэх соёл иргэншил олсон гэж зарлахад хангалттай баримт болжээ.

Гэтэл Амазоны сав газраас ийм төрлийн нээлт хийх нь өдгөө тийм ч ховор үзэгдэлд тооцогдохоо больсон үе. Яагаад гэвэл, Амазоны иргэншлийн тухай түүхийг ярихад хүн эндэхийн ойтой хэрхэн тэмцэж байсан талаарх түүх болж хувирдаг. Жишээ нь, Амазоны хүмүүс бүхий л хүчээ дайчлан байж ойн хэсэг газрыг цэвэрлээд, өөрийн хэрэгцээндээ ашигладаг байжээ. Тэднийг энэ газраа орхиод явсны дараа хэдхэн жилийн дотор дээр нь мод ургачихдаг байсан аж. Энэ сав газрын геоглифуудад яг л ийм явдал тохиосон. Эдгээр геоглифыг манай эриний 1-13 дугаар зууны үед бүтээсэн байдаг бөгөөд анхандаа тусгаарлагдсан байгууламж (хамгаалалтын хана эсвэл шашны зан үйл явуулах цогцолбор ч юмуу)-ийн хэлбэртэй байжээ. Хүмүүс ашиглахаа болиод, тухайн газрыг орхиж явсны дараа геоглифуудыг ойн шугуй “бүрхээд” авсан аж.

Амазоны сав газрын геоглифуудыг анх 1970-аад оны үед илрүүлсэн байдаг. Тэр үед Амазоны чийглэг, ширэнгэн шугуйн моднуудыг аж үйлдвэрийн салбарт ашиглах зорилгоор их хэмжээгээр унагаж эхэлжээ. Үүний улмаас шугуйн хэмжээ багасч, нүцгэрч үлдсэн хэсгүүдийн газрын хөрсөн дээр маш том дүрсүүд товойж харагдах болсон нь онгоцоор яваа хүмүүст илүү тод ажиглагддаг байв. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Амазон мөрний сав газар даяар, нэн ялангуяа түүний баруун хэсэг (тэр дундаа Акри муж)-ээс хэдэн зуун геоглиф олдсон бөгөөд эрдэмтэд нийтдээ хэдэн мянгаар тоологдох геоглиф бий гэж таамагладаг. Харин хүн төрөлхтөнд танигдаагүй хэчнээн төрлийн шавар Амазонд байгааг хэн ч үл мэднэ.

Амазоныг “ойгүйжүүлэх хөдөлгөөн” өдгөө ч үргэлжилж байна. Акри муж ширэнгэн шугуй байсан газруудаа малын бэлчээр болгосоор л, үүний ачаар Бразиль улс дэлхийд үхрийн махны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч гэх цолоо улам бататгасаар л, харин экологичид Амазоны ер бусын экосистемийг устгаж буй явдалд төр засаг, бизнес эрхлэгчдийг буруутгасаар, шүүмжилсээр л… Тэгэвч эрдэмтэд эдгээр сөрөг үйл ажиллагааны “ачаар” эртний соёл иргэншлийн ул мөрийг нээсэн. Мөн уг нээлтээ үндэслэн Амазоны сав газар бидний боддог шиг тийм ч онгон, зэрлэг газар байгаагүй юм байна гэх онолыг дэвшүүлээд байгаа билээ.

Нүүдэлчид

Амазоны хөрс үржил, шимгүй. Түүн дээр ургаж байгаа ой нь л хөрсөндөө нэг ёсны бордоо нь болж өгдөг. Харин моднуудыг нь унагаавал ердөө хоёрхон жилийн дотор хур бороо хөрсөн дэх ялзмаг, эрдсүүдийг нь урсгачихдаг учраас тэр газарт нь ямар ч ургамал ургах нөхцөлгүй болдог. Гэхдээ нүцгэн газрыг тэр хэвээр нь орхивол хэдхэн жилийн дотор мод багсайн ургаж, ойн шугуй бий болдог тул газар тариалан эрхлэх боломж бүрддэг аж. Эртний Европ-ын судруудад 17-18 дугаар зууны үеийн Амазоны индианчуудыг тариалан эрхлэхдээ газрыг түймэрдэж бордох аргыг өргөн ашигладаг байсан талаар дурдсан байдаг. Тодруулбал, тэд шугуйн хэсэг газрыг модноос нь чөлөөлж, хөрсийг нь шатааснаар энэ газартаа хэдэн жилийн турш тариалангийн аж ахуй эрхлэх боломжийг олж авдаг байжээ. Яваандаа хөрсний үржил, шим нь муудаад ирэхээр хүмүүс ойн нөгөө хэсэг рүү нүүж, бас л модыг нь унагаж, хөрсийг нь шатаах маягаар тариалангийн аж ахуйгаа залгуулдаг байжээ. Олон жилийн дараа өнөөх анхныхаа газартаа ч газар тариалан эрхлэх боломжтой болно. Учир нь энэ хугацаанд ойн моднууд хөрсийг нь сэргээж чадсан байдаг байна.

Ерөнхийдөө ийм соёлыг нүүдлийн соёл иргэншил гэж нэрлээд байгаа юм. Нүүдлийн соёл иргэншлээс ул мөр гэхээр юм төдийлөн үлдээгүй байдаг тул археологичдод бараг юу ч олддоггүй. Гэтэл Эртний Амазоны индианчууд ахуйдаа шавар эдлэлийг өргөн хэрэглэж, мөн ямар нэгэн байгууламж босгож, тэр нь геоглиф хэлбэрээр бидний үед хүрч чадсан гэдэг бол маш том аз юм. Эдгээр геоглиф нь суурин амьдралтай иргэншлийн үлдээсэн ул мөр яавч биш. Учир нь геоглифуудаас хүний шарил ер олдоогүй. Харин булш байгаа нь энд хүн амьдарч байсныг гэрчлээд байгаа юм. Ер нь эрт дээр үед Амазоны бүс нутагт хагас нүүдлийн овог, аймгуудаас гадна өөр омгууд ч бас амьдарч байсныг сүүлийн 20 жилд хийгдсэн судалгаанууд гэрчилдэг.

Хар шороо

Археологичид Амазоны сав газар даяар үржил шимтэй буюу дан хар шорооноос бүтсэн, тус бүр нь дунджаар 20 га хэмжээтэй газар олон байгааг илрүүлжээ. Энэ газруудын ойролцоогоос эртний шавар бүтээл зайлшгүй гарч ирээд байгаа нь нэгэн цагт энд хүн амьдарч байсныг илтгэдэг.

Хар шороо (португалиар terra preta) бол гайхамшигтай зүйл юм. Ийм хөрсийг л хүмүүс “саваа зоосон ч ургаж орхино” гэж ярьдаг. Хар шороо нь үнс, ялзмаг, азот, фосфор болон бусад эрдэс бодисоор туйлын баялаг, бичил биетнүүдээр “буцалж” байдаг хөрс юм. Газрын хамгийн үржил шимтэй давхрагад тооцогддог энэ хөрсний зузаан нь 2 метр хүрдэг тул хур бороонд урсдаггүй, богино хугацаанд (жилд 1 см хүртэл хэмжээгээр) нөхөн сэргээгддэг онцлогтой.

Хамгийн гайхалтай нь, хар шороо бол байгалиас заяасан зүйл биш юм. Үүнийг хүмүүс бий болгожээ. Хэдэн зуун, хэдэн мянганы туршид хүмүүс газрын хөрсийг бордож, дээр нь мод ургахаас хамгаалж, үр тариа ургуулан, улмаар Амазоны сав газарт амьдарч байсан сая орчим (!) хүнийг хүнсээр хангаж байжээ.

Эртний Амазон

1542 онд Франсиско де Орельяна тэргүүтэй Испани-ийн 50 гаруй дайчин бригантин хөлгөөр Амазон мөрнийг туушид нь туулсан түүхтэй. Доминикан-д санваартан явсан Гаспар де Карвахаль хэмээх цэрэг эр энэхүү аяллынхаа талаар бичиж үлдээсэн гайхалтай тэмдэглэлдээ аялагчдын замд Амазоны сав газарт өндөр хөгжилтэй, хүн ам ихтэй улс оршиж байгааг илтгэх хот, тосгод, зам болон бусад байгууламж алхам тутамд тааралдаж байсан талаар дурссан байдаг. Тухайн үед де Орельяна, Гаспар санваартан нарын домог шиг ярианд бараг хэн ч итгээгүй гэдэг. Магадгүй, энэ хоёр тухайн улсын баялгийн талаар хэтрүүлэн ярьснаараа өөрсдийгөө дөвийлгөн харуулах эсвэл дараагийн шинэ аялалдаа санхүүжилт олж авах санаа агуулж байсныг үгүйсгэх аргагүй юм.

Чингэтэл хагас зуун хүрэхгүй хугацааны дараа Амазон мөрний сав газар бараг эзэнгүйдсэн байв. Учир нь испаничууд энэ хооронд индианчуудаас хядахыг нь хядаж, заримыг нь боол болгон авч явсан байснаас гадна уг бүс нутагт урьд хожид гарч байгаагүй халдварт өвчнүүд дэгдэж байсантай холбоотой байжээ. Европчуудтай харьцуулахад энэ нутгийн уугуул иргэд цэцэг мэтийн халдварт өвчинд үнэндээ дархлаа суугаагүй хүмүүс байсан нь ойлгомжтой.

Юутай ч, Амазоны сав газраас геоглифуудыг олсон явдал, мөн хар шорооны үүсэл болон 20 дугаар зууны хоёрдугаар хагаст хийсэн археологийн нээлтүүд зэрэг нь де Орельяна, Гаспар санваартан нарын яриаг тодорхой хэмжээгээр үнэмшилтэй болгож чадаж байна гэж итгэлтэй хэлж болно. Археологич Бетти Меггерс хэмээх агуу эмэгтэй Амазон мөрний доод урсгалын сав газраас булш олж илрүүлсэн бөгөөд дотор нь өөд болоочдыг гоёмсог шавар вааранд хийж оршуулсан байжээ. Энэ олдворын ачаар манай эриний эхний 1500 жилд Амазоны сав газарт амьдарч, хөгжин цэцэглэж байсан нарийн зохион байгуулалттай соёл иргэншлийн талаарх таамгийг баталж чадлаа.

Хэний ч мэдэхгүй энэ улс нь хоорондоо замаар холбогдсон хэд хэдэн хот, мөн маш олон тосгодоос бүрддэг байжээ гэж таамаглаж байгаа. Мөн суурин газар бүртээ цагираг үүсгэн барьсан модон байшингуудын голд нийтийн байраа босгодог байжээ. Үл ойлгогдох шалтгаанаар бидний үед эсэн мэнд хүрч, одоо Амазоны сав газарт амьдарч байгаа индианчуудын омгуудад суурин газрааийм маягаар байгуулах уламжлал өдгөө ч хадгалагдан үлдсэн байна. Харин геоглиф харагдаж байгаа газруудыг эрт дээр үед шашны зан үйл гүйцэтгэдэг талбай байсан болов уу гэж таамаглаж байгаа.

Дээр дурдсанчлан энэхүү соёл иргэншлээс археологичид тийм ч олон зүйл илрүүлээгүй байгаа. Гэхдээ эдгээрийн тусламжтайгаар энэ улс хэр том газрыг эзэгнэж байсныг дүгнэж болж байгаа бол ямар улс байсныг нь хэлэхэд харин хангалттай баримт болж чадахгүй байна. Пярсинен тэргүүтэй археологичдын Акри муж дахь геоглифууд дундаас олдсон олдворууд нь ч бидэнд Амазоны геоглифуудыг юунд зориулж босгосон бэ гэсэн асуултад хариулт өгч чадахгүй байгаа хэдий ч эртний соёл иргэншлийн хамарч байсан хүрээний талаарх ойлголтод үнэтэй хувь нэмэр орууллаа.

Дашрамд сонирхуулахад, Амазон мөрний сав газраас хийсэн сүүлийн үеийн нээлтүүдийн талаар нэлээд зоригтой тайлбар яригдаад байгаа. Үүгээр бол Амазоны чийглэг ширэнгэн ой нь өөрөө (!) эртний соёл иргэншлээс үлдсэн хамгийн чухал ул мөр ажээ. Өөрөөр хэлбэл, олон зууны туршид ой модыг огтолж шатаан газар тариаланд ашиглаж, мөн үр жимс өгдөг модыг ялган тариалахын зэрэгцээ зэрлэг амьтан, загасыг хүртэл ялган үржүүлж, хар шороог ч бий болгосон гэх шалтгаануудыг тоочвол манай гаригийн хамгийн алдартай ой маань хүн гэдэг амьтны тусламжтайгаар босчээ гэж дүгнэж болохоор байна. Энэ үүднээс үзвэл Амазоны ширэнгэн ойг цэцэрлэгт хүрээлэн гэж нэрлэж болох юм байна. Тэр дундаа сүүлийн 500 жилийн хугацаанд нэг ч арчилгаа аваагүй цэцэрлэгт хүрээлэн болж таарах нь. Арчлуулж байгаагүй мөртлөө ямар үзэсгэлэнтэй газар гэж санана…

http://lenta.ru/articles/2013/09/23/civil/