Эрдоган Османийн шинэ эзэнт гүрнийг мөрөөдөх болжээ

Posted on Арван нэгдүгээр сар 30, 2012

0



-Германы “Die Welt” сонины сэтгүүлчдийн бичсэн нийтлэл-

Туркийн Ерөнхий сайд Режеп Таип Эрдоган түүхийн өргөн цар хүрээгээр сэтгэж туркчууд өмнө нь захирч явсан газрууддаа эргэн очих ёстой гэж үзэх боллоо. Гэвч Гайхамшигт Сулейманы тухай өгүүлсэн телевизийн олон ангит кино түүний энэ үзэлтэй харшилдаж байна.

Бараг сүүлийн гурван жилийн турш барууны хэвлэлийн хэрэгслүүд Туркийн гадаад бодлогыг Османийн эзэнт гүрний бодлогыг хуулбарласан агуулгатай байгаа хэмээн тодорхойлсоор ирэв. Тодруулбал, өнөөгийн Турк орон Османийн эзэнт гүрний нөлөөгөө тогтоож явсан (захирч явсан) газруудад хандах харилцаагаа орчин үед сэргээн хөгжүүлж байх шиг. Харин Туркийн Гадаад хэргийн сайд Ахмет Давутоглу үүнийг дэмий яриа гэж тэрхүү гурван жилийн туршид залхатлаа мэдэгдсээр ирсэн.

“Дорнодыг шинээр нээсэн” явдал (зарим хүн “барууныханд нуруугаа харуулсан явдал” гэж нэрийддэг) бол ердөө нөхцөл байдлыг тогтворжуулах гэсэн үйлдэл хэмээн Гадаад хэргийн сайд мэдэгддэг. Турк улс хөршүүдийнхээ үйл хэргийн талаар сонирхож байх нь зүйн хэрэг ч гэж хэлж байв. Сонирхолтой нь, энэ улс өнөөдрийг хүртэл хөршүүдийнхээ амьдралд оролцолгүй явж ирлээ.

Түүний мэдэгдлүүд жил ирэх тусам сулхан сонсогдох болсоор эцэстээ Ерөнхий сайдын нь бодолтой харшилдаж эхлэв. Туркийн Ерөнхий сайд нээлттэй ярьдаг зангаараа өөрийн улсаа урьд өмнө Османийн эзэнт гүрний нэг хэсэг байсны хувьд бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцох болно хэмээн мэдэгдэж орхисон. Үүгээр тогтохгүй Эрдоган өнгөрөгч ням гаригт “Османчуудын эзэнт гүрнийг байгуулсан сүнс биднийг удирдаж байгаа” хэмээн мэдэгдлээ.

“Өвөг дээдэс маань байсан тэр газрууд руу бид явах ёстой”

Үүний дараа Эрдоган сөрөг хүчний зүгээс тавьж буй шүүмжлэлд хариулт өгөв. Сөрөг хүчний зүгээс “Турк улс Палестиний Газын зурваст, Хойд Африкийн Суданд болон иргэний дайны галд автагдсан Сири улсуудад юугаа алдчихаад байгаа юм бэ? Ингэхийн оронд Туркийг Европын холбоонд элсүүлэх талаар Брюссельд идэвхтэй ажиллаж байсан нь дээргүй юу?” гэсэн нэлээд зохистой шүүмжлэлийг тавьдаг. Харин Эрдоган “Өвөг дээдэс маань байсан тэр газрууд руу бид явах ёстой” гэсэн хариултыг өглөө. Ерөнхий сайд Сербиэс Каспийн тэнгис, Йеменээс Алжир хүртэлх газруудыг хэлсэн бус уу.

Хөх өнгөөр тодруулсан хэсгүүд нь Османийн эзэнт гүрэнд харьяалагдаж байсан нутаг дэвсгэр

Туркууд гадаад бодлогын талаар ямар сонин ойлголттой явдаг улс вэ. Материаллаг сонирхлыг илтгэлгүй өвөг дээдсийнхээ гэрээсэнд үнэнч байж хэдэн зуун жилийн өмнө Туркийн туг намирч байсан бүх орон руу туг далбаагаа илгээнэ гэдэг сонин л юм. Энэ тохиолдолд Косово, Албани, Босни гээд Унгар хүртэлх бүх л орнууд орох ёстой шүү дээ. Вена хотын үүдийн тухай дурсах нь ч илүүц биз ээ.

Яг үнэндээ бол Турк улс Балканы хойгт ашиг сонирхлоо өргөжүүлэхэд маш бага анхаарал хандуулж байгаа. Гэхдээ тус бүс нутагт Фетхуллах Гюлений нэрэмжит сургуулиудаа байгуулж, мөн эдийн засгийн дарамттай тодорхой хэмжээгээр холбогддог ч гэсэн эдийн засгийн харилцаагаа хөгжүүлж байгаа зэргээс нь харахад Турк улс тэрхүү сонирхлоо өргөжүүлж байгаа нь үнэн. Энэ нь Турк улсыг нэг бүс нутгийн, магадгүй бүр дэлхий нийтийн “таталцлын төв” болгох тухай Давутоглугийн ярьж байсан бодлогын нэг хэсэг нь бололтой. Энэхүү онолын үүднээс авч үзвэл, зөвхөн Ойрх Дорнод бус Балканы хойг дээрх орнууд ч бас тэр төвийг “тойрон эргэлдэх гаригууд” нь байх бололтой.

Түүхэн ялалтуудын тухай амттай дурсамж

Шинэ Османийн бодлогоо бататгахын тулд Эрдоган сүүлийн үед христ гүрнүүдийг байлдан дагуулж явсан түүхэн ялалтуудын талаар дурсан ярих дуртай болжээ. Тэрбээр ойролцоогоор хоёр сарын өмнө залуусыг 1071 онд Византийн эзэнт гүрнийг байлдан дагуулахад шийдвэрлэх ялалтыг авчирж, Анатолияд (Бага Азид) хүрэх замыг нээж өгсөн Алп-Арсланаас (1063-1072 онд сельжукчуудын султан агснаас) үлгэр дуурайл авахыг уриалсан юм.

Эрдоган үүгээр зогссонгүй бас нэг тулааныг эргэн санах болов. “Биднийг Думлупынарын зовлонг эдлэгчдийн сүнс хөтөлж байгаа” гэх боллоо. Эрдоган 1922 онд Туркийн чөлөөлөх дайнтай зэрэгцээд грекчүүдийн эсрэг явуулсан тулааны тухай ярьж байх шиг байна. Дэлхийн I дайны дараа Грек улс барууны гүрнүүдийн зөвшөөрлөөр Туркийн зарим хэсгүүдийг бүсэлсэн байсны улмаас тэрхүү тулааныг явуулсан түүхтэй.

Энэ бүхний эцэст Эрдоган Османийн тухай түүхэнд сэтгэл зүрхээ зориулж юм л бол байлдааны тулаануудыг эргэн дурсдаг болсон нь харагдана. Харамсалтай нь түүний жишээ болгон татаж байгаа байлдаанууд нь Османийн эзэнт гүрний үетэй ямар ч холбоогүй билээ.

Манцикерт хот орчмын тулаанд оролцсон тэр үеийн туркуудыг сельжукчууд гэдэг байсан бөгөөд тэдний байгуулсан ялалт Османийн эзэнт гүрэн байгуулагдахаас өмнөх үед хамаатай. 1922 онд Туркийн босогчдыг Ататурк толгойлж явсан. Чухамхүү энэ л хүн орчин үеийн Турк орныг үндэслэж халифат, султанат гэсэн төрийн байгуулалтуудыг нэвтрүүлсэн юм.

Олон ангит киног дагасан шүүмжлэл

Ингэлээ гээд Турк аль нэг улс руу халдах гэж байна гэж ойлгож болохгүй гэдгийг Эрдоган тод сануулсан. Гэхдээ “бидний тэвчээрт хязгаар бий” тул Турк улс “элдэв заналхийллээс өөрийгөө хамгаалах ёстой” гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Сайн ажиглавал, османчуудын талаар сөрөг бодолтой явдаг туркуудээс ч хамгаалах нь гэсэн дүгнэлтийг хийж болно. Тодруулбал, өнөөдөр Гайхамшигт Сулейманы талаар өгүүлсэн олон ангит кино гарч байна. Гайхамшигт Сулейман нь 16 дугаар зууны үед Унгарыг байлдан дагуулж цэргүүдийнхээ хамтаар Вена хотын үүдэнд тулж очиж чадсан султан билээ.

“Muhtesem Yüzyil” (“Гайхалтай зуун”) гэх нэртэй энэ киног ОХУ, Грек болон Зүүн-Өмнөд Европ, Арабын бүс нутаг гээд нийтдээ 22 орны цэнхэр дэлгэцээр гаргаж байна. Гол дүрийн баатрууд болох султаны эхнэр, эгчид нь Германд амьдардаг турк гаралтай жүжигчин Мерьем Узерли, Сельма Эргеч нар тогложээ. 2011 оны нэгдүгээр сард энэхүү олон ангит кино дэлгэцнээ мэндэлсэн үед Турк дахь үндсэрхэг үзэлтэй мусульманчууд уг киног эрс шүүмжилж байсан юм.

Түүхэнд мөнхөрсөн хүмүүсийн хайр дурлал, ордон дахь хуйвалдаан болон төрийн эрхийн төлөөх тэмцлийг харуулсан нь тэд нарт огт таалагдаагүй. Эрдоган ч бас султаныг ийм баатарлаг бус, завхай байсан гэдгээр нь хүлээн авч дийлсэнгүй. Аргагүй ээ, Ерөнхий сайд түүний талаар ярихдаа “эмээл дээр 30 жилийг өнгөрөөсөн хүн шүү дээ” гэж хэлж байж билээ.

Тийм учраас түүний бодлоор ард түмэн тэдний үнэт зүйлсээр тоглож зүрхэлж байгаа тэрхүү хүмүүст хуулийн хариуцлагаар далайлгах ёстой ажээ. “Бид зохих ёсны байгууллагуудад нь мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Одоо шүүхийн шийдвэрийг л хүлээж байна” хэмээн Эрдоган мэдэгдсэн. Зохих ёсны байгууллага гэдэгтээ Туркийн шүүхийн хараат бус байгууллагыг хэлж байгаа бололтой.

Хоцрогдсон, үндсэрхэг сэтгэлгээ

Дэлхийн 150 сая үзэгч энэхүү олон ангит киног хүлээн авч үзэж байна. Түүхийн нэрт профессор Халил Берктай уг киног “халтуур”, “савангийн дуурь” учраас түүхийн бодит үнэнтэй огт хамаагүй гэдгийг нь тодотгож өгсөн юм.

“Отто фон Бисмаркийг ийм маягаар харуулсанд германчууд гомдох ёстой юу? Тэгвэл XIV Людовикийг яаж харуулсанд францчууд бас гомдох ёстой болж байна уу? Арслан зүрхт Ричардыг мөн ийн харуулсанд англичууд гомдох уу? Дэлхийд хэнбугай ч урлагийг ийм явцуу утгаар хүлээж авдаггүй юм” гэж түүхч тайлбарлалаа.

Түүний үзэж буйгаар, хоцрогдсон, үндсэрхэг сэтгэлгээний нөлөөлөл л уг кинотой холбоотой янз бүрийн маргаан дэгдээхэд хүргээд байгаа аж. “Ерөнхий сайд киноны продюссер, телевизийн эздүүдэд заналхийлж байгаа явдал нь хяналт тогтоох гэсэн оролдлого шиг харагдаж байна” хэмээн Берктай тэмдэглэн хэлэв.

Харин Эрдоган энэ киног үнэхээр ноцтой гэж үзэж байгаа нь илт байна. Цаашдаа османчуудын талаар хошигносон өнгө аястай зүйл ярихгүй байх ёстой гэлээ. Дашрамд сонирхуулахад, 1842-1918 онд амьдарч байсан II Абдул Хамид султан учиргүй том хамартай нэгэн байжээ. Тийм учраас сонин хэвлэлд “хамар” гэсэн үг дурдахыг хориглож байсан гэдэг. Эрдоган ч бас үнэрлэх эрхтнээ илүү өөлж харах хэрэгтэй болсон байх шүү.

Туркийн Ерөнхий сайд Режеп Таип Эрдоганыг энэ сард ХБНГУ-д айлчлахад нь Берлиний мянга мянган иргэн түүний бодлогыг эсэргүүцэн жагссан юм

 

 

http://www.inosmi.ru/world/20121128/202738625.html